Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00302

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/04491 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******д холбогдох,

хохирол 293,083,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

***** нь***** сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***** дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг *****анд байрлах 0.76 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авсан.

Гэтэл***** сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг үндэслэн газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон.

Манай компани газар ашиглах эрхээ авснаас хойш газрын төлбөрт 2017 онд 23,080,000 төгрөг, 2018 онд 10,032,000 төгрөг, 2019 онд 10,032,000 төгрөг, нийт 45,144,000 төгрөгийг төлсөн.

Мөн "*****" ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "*****, геодезийн ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг шилжүүлсэн. "*****" ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр "Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж төлбөрт 190,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн "*****" ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Барилгын эскиз зураг төслийг гүйцэтгэх" гэрээ байгуулж төлбөрт 45,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн "*****" ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр "Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж ажлын хөлсөнд 6,339,380 төгрөг төлсөн.

Хариуцагч нь маргаан бүхий газарт ашиглах эрх анхнаасаа олгох ёсгүй байсан гэж маргаж өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгосноор нэхэмжлэгчид дээрх байдлаар 293,083,380 төгрөгийн хохирол учраад байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс олгох ёсгүй газрыг олгосноос үүссэн үр дагавар хохирлыг нэхэмжлэгч хуулийн этгээд буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн.

Иймд хохирол 293,083,380 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар газар ашиглах эрх хүчингүй болсон тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т зааснаар газар ашиглагч этгээд буюу нэхэмжлэгч нь ашиглаж байсан газраа чөлөөлж, 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрыг ашиглаагүй гэх үндэслэлээр газрын төлбөрийг болон бусад гаргасан зардлыг буцаан шаардах эрхгүй. Гурван шатны захиргааны хэргийн шүүх газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тушаалыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Татварын тухай хуульд зааснаар газрын төлбөрөө нэхэмжлэгч төлөх ёстой. Тиймээс газрын төлбөрийг шаардах үндэслэлгүй. Газар ашигласан хугацаандаа энэ зардлуудаа гаргасан тул хохирол гаргуулах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу хариуцагч*****наас 247,939,380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,144,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,623,370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,397,647 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь *****анд байрлах 0.76 га газрыг огт ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дүгээр зүйлд заасан "газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэсэн" зүйл байхгүй.

Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйл 10.2 дахь хэсэгт "Газрын төлбөрийн орлогын зохих хувийг төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулна" гэж хуульчилсан. Тиймээс газрын төлбөр нь төрийн орлого болохоос газрын төлбөрийг хүлээн авч буй захиргааны байгууллагын орлого биш бөгөөд манай байгууллагын эзэмшсэн газар нь байгалийн унаган төрхөө алдаагүй нөхөн сэргээх шаардлагагүй газар юм.

Мөн тус газрын төлбөрийн зарим хэсэг нь газар ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн төлбөр юм.

Газар ашиглах эрх дуусгавар болсонтой холбоотой тухайн газрын төлбөрт төлсөн зардал болох 45,144,000 төгрөгийг бүхэлд нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын хууль бус эс үйлдэхүйн улмаас *****-д учирсан хохирол гэж үзэн гаргуулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Иймд шийдвэрт 45,144,000 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагчаас 247,939,380 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь газар ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр цуцалсан нь хохирол хариуцах үндэслэл болохгүй бөгөөд бодит зардал гэх 247,939,380 төгрөгийн зардал нь зайлшгүй гарах зардал биш болно.

Нэхэмжлэгч нь өөрийн үзэмж, хүсэл зоригийн дагуу зарцуулсан зардал, төлбөрийг хариуцагч байгууллага хариуцах үндэслэлгүй. Шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Манай байгууллага нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулаагүй болно.

Иймд шийдвэрийн 247,939,380 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд өгсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Газар ашиглах хугацаанд газрын төлбөрийг төлсөн тул гомдол үндэслэлгүй гэжээ.

 

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр***** сайдын тушаалаас болж учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг заасан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо баримтаар нотолсон. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг бүхэлд нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч*****д холбогдуулан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 293,083,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоох, нотлох баримтын хуваарилалт хийхдээ алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3.***** яамны сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн ***** дархан цаазат газрын *****анд 0,76 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон боловч энэ тушаалаа 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалаар дээрх олгосон газар нь усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

 

3.1. Нэхэмжлэгчийн***** яамны сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0868 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Ийнхүү шийдвэрлэхдээ захиргааны хэргийн шүүхээс захиргааны байгууллага өөрийн алдаатай шийдвэрийн үр дагаврыг засч, нэхэмжлэгчид олгосон газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь усны дэглэм зөрчигдөхөөс сэргийлэх, байгалийн унаган төрхийг хадгалах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо нийцсэн, харин ийнхүү үүссэн үр дагавар, хохирлыг нэхэмжлэгч хуулийн этгээд буруутай албан тушаалтнаас нэхэх эрхтэй гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ үйл баримтыг дахин нотлохгүй.

 

3.2. Эдгээр үйл баримтад үндэслэн Байгаль орчин, уур амьсгалтын өөрчлөлтийн яам нь газар ашиглах эрх олгохдоо тухайн газар нь давхцалтай эсэхийг шалган тогтоох үүргээ биелүүлэлгүй хожим газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тул үүнээс үүсэх гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагчийн зүгээс захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр газар ашиглах эрх олгосон шийдвэрээ цуцалсан нь үндэслэлтэй болохыг тогтоосон гэж гэм буруугийн талаар маргасан.

Гэвч Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт усны онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглахыг хориглосон байхад уг хэм хэмжээг 2015 онд зөрчиж нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон үйлдлийг хариуцагч гаргасан тул үүнээс үүдэн гарсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хожим өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон нь нэгэнт учирсан гэм хорыг арилгах үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

4. Ийнхүү хариуцагч нь өөрийн хууль зөрчиж гаргасан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгах үүргийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хүлээж байна.

Гэхдээ нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд хариуцагч хариуцах тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангана.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо нотлох баримтын хуваарилалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хийж чадаагүй, мөн газрын төлбөр шаардсан шаардлагад үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

 

4.1. Нэхэмжлэгч нь тухайн газар дээр аялал жуулчлалын зориулалтаар буюу *****ны хойд талд ресортын барилга барихаар төлөвлөж, барилгын эскиз болон ажлын зураг боловсруулах, зураг төслийн магадлал хийлгэх гэрээг ***** ХХК-тай, инженер, геологийн судалгаа хийлгэх гэрээг ***** ХХК-тай байгуулсан байна.

Эдгээр гэрээнд заасан ажлын үр дүн гарсан болох нь Улаанбаатар хотын ерөнхий архитектураар батлуулсан *****-ийн ресортын барилгын эскиз зураг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, *****ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт зэргээр тогтоогдсон.

Хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь ашиглаж буй газартаа барилга байгууламж барих эрхгүй гэж тайлбарлаж буй боловч Улаанбаатар хотын ерөнхий архитектураар 2015 онд батлуулсан *****-ийн ресортын барилгын эскиз зургийг зөвшөөрч***** яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга зөвшөөрч гарын үсэг зурсан, энэ дагуу холбогдох барилгын зургийн ажлууд хийгдсэн байх тул дээрх татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

4.2. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй.

4.2.1. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 45,600,000 төгрөгийн хөлсөөр ресортын барилгын эскиз зургийг боловсруулахаар ***** ХХК-тай гэрээ байгуулсан боловч уг ажлын хөлсийг төлсөн талаарх нотлох баримт шаардлага хангахгүй учир холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

Учир нь энэ талаарх бэлэн мөнгөний орлогын баримтууд нь огноо бүрэн бичигдээгүй буюу хэзээ төлөгдсөн төлбөр болох нь тодорхойгүй.

4.2.2. Мөн ***** болон ***** ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ресортын барилгын ажлын зургийг боловсруулах ажлыг 190,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон байх ба уг гэрээний хөлс 190,000,000 төгрөг бодитоор төлөгдсөн болохыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан баримтаар нотолж чадаагүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Тухайлбал,

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Т.*****аас Д.****д 35,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр С.*****гоос Д.****д 50,000,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөг шилжүүлсэн нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний хүрээнд хийгдсэн болох нь тогтоогдохгүй. Д.**** нь ***** ХХК-ийг төлөөлж мөнгийг хүлээн авсан эсэх, тухайн компанитай ямар харилцан хамааралтай талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Бэлэн мөнгөний орлогын баримтаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 5,000,000 төгрөг, 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 10,000,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 50,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийн төлбөрийг бодитоор төлөгдсөн гэж дүгнэхгүй. Хэдийгээр ***** сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар батлагдсан санхүүгийн анхан шатны бүртгэлийн баримтад бэлэн мөнгөний орлогын баримт багтах боловч энэ нь бодитоор төлөгдсөн болох нь мөнгө тушаагчийн тушааж буй мөнгөний эх үүсвэрийн талаарх баримт, мөнгө хүлээн авагчийн нягтлан бодох бүртгэлийн тайланд туссан байдал зэрэг бичгийн бусад баримтаар тогтоогдож байж нотлох баримтын үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлагыг хангах ёстой.

Мөн гэрээний төлбөрт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөгт тооцож ***** барилгын оффис талбайг ***** ХХК-д хүлээлгэн өгч төлбөр төлсөн болох нь нотлогдохгүй. Өөрөөр хэлбэл, оффисийн зориулалттай ямар хэмжээтэй талбайг хэзээ, хэрхэн бодитоор хүлээлгэж өгсөн талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй, бэлэн мөнгөний орлогын баримт нь энэ үйл баримтыг нотлохгүй.

4.2.3 ***** ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан инженер, геологийн судалгаа хийлгүүлэх гэрээний төлбөр төлөгдсөн баримт хэрэгт авагдаагүй, уг төлбөр төлөгдсөн болохыг ***** ХХК-ийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн төлөгдсөн гэж дүгнэхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Мөн ***** ХХК-ийн албан бичиг нь бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй байгааг дурдвал зохино.

4.2.4. Нэхэмжлэгч ***** нь ресортын барилгын зураг төсөлд магадлал хийлгэх ажлын хөлсөд 6,339,380 төгрөгийг "*****" ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний дагуу *****д шилжүүлсэн болох нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон тул энэ шаардлагыг хангана.

4.2.5 Нэхэмжлэгчийн гаргасан газрын төлбөрт 45,144,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангана.

Хэрэгт авагдсан баримтаар ***** нь газар ашигласан хугацааны төлбөрт 2017-2019 онд 45,144,000 төгрөг төлж барагдуулсан болох нь тооцоо нийлсэн акт, банкны орлогын баримтуудаар тогтоогджээ.

Энэхүү газрын төлбөрийн төлөх үндэслэл нь хариуцагчийн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсгийг зөрчиж нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл,***** яамны сайд хориглосон газарт ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгоогүй бол дээрх газрын төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүрэг үүсэхгүй байсан тул холбогдох нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

 

4.3. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчаас 51,483,380 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 241,600,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэлийг хангасан хэмжээнд өөрчлөлт орж буй тул тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг мөн өөрчилнө.

 

4.4. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг зарим хэсгийг хангахдаа болон хариуцагчийн гэм бурууг тогтооход иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзан үзсэн болно.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/04491 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 247,939,380 гэснийг 51,483,380 гэж, 45,144,000 гэснийг 241,600,000 гэж,

2 дахь заалтад 1,397,647 гэснийг 415,367 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 383,671 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ