| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0294/Э |
| Дугаар | 466 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 466
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Энхтуул
хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч С.Санжаажамц,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Гэрэлцэцэгийн Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811033150039 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Бизнесс пойнт” ХХК-ийн захирал, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48-1024 тоотод оршин суух хаягтай /Иргэний үнэмлэхний хаяг: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон 1-10 тоот/, урьд 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 161 дүгээр зүйлийн 161.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 6 жилийн хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялын 3 жилийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хассан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гэрэлцэцэгийн Г.М /РД: УХ77022891/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: Хашааны хаалга хаалттай манай эхнэрийн машин халхалсан байдалтай байсан. Хэргийн газрын нөхөн үзлэгийг 14-30 хоногийн дараа хийхдээ миний эхнэрийн машины хажууд хохирогчийн машиныг байрлуулж байгаад хийсэн юм. Хохирогч тухайн үед харсан бол холбогдох байгууллагад хандах ёстой байсан. Манай хашаанд хохирогч болох Ц.Ганцэцэг гуйж амьдардаг байсан. Энэ хүмүүсийн эзэмшлийн машин биш надад ажил хийж өгснийхөө хөлсөнд машины урьдчилгааны мөнгийг өгсөн юм. Хохирогчийн нэхэмжилж байгаа 435.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалан дараа дараагийн арга хэмжээг авах болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хэт нэг талыг харж яллах талын нотлох баримтыг бүрдүүлсэн. Хохирогч Ц.Ганцэцэг манай ажлын хоёр хүн рүү Г.Мг гүтгээд өгөөч гэж хэлээд 20.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Нэг дор хоёр машин эвдрэхэд зөвхөн хохирогч болох Ц.Ганцэцэгийн машины эвдрэлийг шалгасан юм. Хохирогч нь миний эхнэрт танай нөхрийг шорон руу нь дахин явуулна гэх байдлаар удаа дараа хэл амаар доромжилсон. Миний хувьд 435.000 төгрөгийг төлөх боломж байгаа хэдий ч төлөх шаардлага байхгүй би буруугүй тул энэ хэргийг бодитоор шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурагчийн 48-1024 тоот болох өөрийн оршин суудаг хашааны гаднах талбайд байсан хохирогч Ц.Ганцэцэгийн эзэмшлийн 97-92 УНҮ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашины жолооч талын толь, буферийн дээд сетка, буфер зэргийг эвдэж гэмтээн, нийт 435.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
хохирогч Ц.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...... Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 48-1024 тоотод нөхөр Батбаяр болон 2 хүүхдийнхээ хамт амьдардаг бөгөөд манай хашаанд бас манай дүү Нямдаваа болон түүний нөхөр Г.М, ээж Цолмон нар тус тусдаа амьдардаг юм. Хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би өөрийн нөхөр Батбаярын хамт өөрсдийн “Приус-30” загварын 97-92 УНҮ улсын дугаартай машинтайгаа гэртээ ирсэн чинь яг хаалганд тулгаад нэг саарал өнгийн машин тавьсан байсан. Одоо сонсоод байхад Г.Мгийн авчирсан машин гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр машинаа оруулж чадахгүй зайгүй байсан болохоор хашааныхаа гадна машинаа тавиад гэртээ ороод байж байтал орой 00.00 цагийн үед Г.М гадаа орилоод байх шиг байсан. Нөхөр бид хоёр гэрийн хаалгаар гараад амбаарынхаа цонхоор харсан чинь манай машиныг усны саваар толь руу нь цохиод, урд гуперийг нь өшиглөөд байсан. Нөхөр бид хоёр Г.М согтуу байсан болохоор хэрүүл болно гэж бодоод гэрээсээ гараагүй юм. Тэгээд маргааш өглөө босоод харсан чинь миний машины зүүн талын толийг хагалж гэмтээсэн, мөн урд гупер нь хагарсан, доод сетик нь голоороо хугарсан байсан. Намайг үүдний амбаарын цонхоор харах үед Г.М өөрийнхөө байшингийн хажуу талд байх 20 литрийн усны саваар машины толь хэсгийг цохиж байсан санагдаж байн. Гэхдээ тэр сав усгүй байх шиг байсан, их л хөнгөхөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17х/,
гэрч Ц.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12.00 цагийн үед гэртээ байж байгаад өөрийн найз Бямбажаргалтай хамт хотын төв рүү явсан. Манай найз машинтай явж байсан болохоор би өөрийн 29-84 УБП улсын дугаартай машинаа хашааны дотор талд үүдэнд үлдээгээд яараад явчихсан юм. Тэгээд орой 23.00 цагийн үед гэртээ ирсэн чинь манай эгчийн “Приус-30” загварын машин хашааны хаалганы гадаа байж байхаар нь би гэртээ орсон. Удалгүй манай нөхөр Г.М жоохон халамцуу ирсэн бөгөөд жолоочоороо машинаа бариулсан. Тэгсэн чинь хашааны үүдэнд манай эгчийн машин байж байхаар нь машинаа гадаа тавиад гэрт орж ирээд унтсан. Тэгээд өглөө боссон чинь манай эгч болон түүний нөхөр нь танай нөхөр манай машиныг өчигдөр эвдэлсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
гэрч М.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэрэг болсон өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн эхнэрийн хамт өөрсдийн “Приус-30” загварын 97-92 УНҮ улсын дугаартай машинтайгаа гэртээ 20.00 цагийн үед ирсэн чинь яг хаалганд тулгаад нэг саарал өнгийн машин тавьсан байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр машинаа оруулж чадахгүй зайгүй байсан болохоор ирэхээр нь оруулна гэж бодоод гадаа тавьсан ба хадам ээжээс Г.М, Нямдаваа нар хаашаа явсан талаараа асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд би орой 00.00 цаг хүртэл хүлээгээд байж байгаад нойр хүрээд унтсан ба нэг мэдсэн чинь гадаа Г.Мгийн дуу гараад байхаар нь гэрийнхээ хаалгаар гараад амбаарын цонхоор харсан чинь Г.М согтуу байсан ба машин өшиглөөд байх шиг байсан. Тэгэж байхдаа жоотуугаар цохиогүйн их юм шүү гээд орилоод гэртээ орсон. Тэр үед би согтуу хүнтэй уулзаад нэмэргүй гэж бодоод унтсан ба өглөө босоод машин дээрээ очсон чинь зүүн талын толь нь хагарсан урд талын хэсэг нь бас хагарч гэмтсэн байхаар нь очоод хаалгыг нь тогшсон чинь унтаж байсан. Г.М өөрөө их агсан хүн. Тэрийг нь мэддэг болохоор очоод хэрэггүй гэж бодсон юм. Тэглээ ч машиныг маань арай ч ийм болгоно гэж төсөөлөөгүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,
Хэргийн газар болон авомашинд үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13х/, Хөрөнгө даатгалын үнэлгээний баримт /хх-ийн 42х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Мг хохирогч болох хадам эгч Ц.Ганцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний эд хөрөнгө болох автомашины эд ангийг эвдэж гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ганцэцэгт нийт 435.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан “Ашид Билгүүн” ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 42х/ баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Мгаас нийт 435.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Мд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүх тохирох ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэв.