| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/03616/И |
| Дугаар | 210/МА2025/00312 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00312
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ***** дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05069 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******, *******.
хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1880 дугаар шийдвэрээр *****аас 676,****2,764 төгрөг гаргуулж *****-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ***** дүүргийн 1 дүгээр хороо, **** /16030/ Энгельс гудамж, **** дугаар байр, 115 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, 100.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ***** дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам гудамж, ***** дугаар байрны 17 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, 82.93 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулсан.
Хоёр дахь албадан дуудлага худалдаанаас өмнө ***** миний бие 100.51 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ****8,000,000 төгрөгөөр, 82.93 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 107,000,000 төгрөгөөр тус тус иргэн *****од худалдахаар гэрээ байгуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72.2, 72.3, 72.1-д заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдахаар тохиролцсон.
Уг худалдах, худалдан авах гэрээгээ хүргүүлсэн боловч хүлээж авалгүйгээр албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгүүдийг оруулан гуравдагч этгээдэд худалдан борлуулсан.
Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *****, ***** нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцсон.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай *****ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хоёр дахь албадан дуудлага худалдаа 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болохоос өмнө төлбөр төлөгч ***** нь иргэн *****той худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Иргэн ***** болон төлбөр төлөгч нар нь хүсэлтээ бичгээр хариуцагчид хүргүүлэн, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд хөрөнгийн үнийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.
Гэтэл хоёр дахь албадан дуудлага худалдаа болоод өнгөрсний дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хариу мэдэгдэх хуудсаар хөрөнгийн үнийг төлөх данс зэрэг мэдээллийг хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт төлбөр төлөгч албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ гэж заасан ч уг эрхээ эдэлж чадаагүйд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах төлбөр төлөгчийн эрх зөрчигдөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр одоо болтол биелэгдэхгүй байна. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***** оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****т холбогдуулан өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрхээр хангаагүй үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх хариуцагч *****т холбогдуулан иргэний хэрэг үүсгэж холбогдох ажиллагааг явуулсан атлаа шийдвэрт хариуцагчийг Банкны төлбөр барагдуулах газар гэж тодорхойлсон нь техникийн шинжтэй алдаа байх тул үүнийг энэ дүгнэлтээр залруулав.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01880 дугаар захирамжаар *****аас 673,559,890 төгрөг гаргуулан *****-д олгохоор шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох ***** дүүргийн 1 дүгээр хороо, **** /16030/ Энгельс гудамж, **** дугаар байр, 115 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, 100.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ***** дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам гудамж, ***** дугаар байрны 17 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, 82.93 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 06, 08-ны өдрүүдэд хураан авсан байна.
3.1. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан төлбөр төлөгч *****ы нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *****дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ***** дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/22, 4/23 тоот тогтоолоор ***** дүүрэгт байршилтай, 100.51 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 177,365,829 төгрөгөөр,
***** дүүрэгт байршилтай, 82.93 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 148,030,000 төгрөгөөр 2024 оны 04 дүгээр сарын ****-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн боловч худалдан борлогдоогүй.
Үүний дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/21 тоот тогтоолоор шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар бууруулж тооцон, 100.51 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг ****6,689,878 төгрөгөөр, 82.93 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 105,736,000 төгрөгөөр 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.
3.3. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болсон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдож, дуудлага худалдаа эрхлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/20, 6/21 тоот тогтоолоор дуудлага худалдааны ялагч болох *****, ***** нарт өмчлөх эрхийг шилжүүлсэн.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэргийн үйл баримтад нийцүүлэн үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэжээ.
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдлэх болохыг заасан.
Хэрэгт авагдсан баримтаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах, зарлах ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бие даан худалдах эрхийг хариуцагчийн зүгээс хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй.
4.2. Нэхэмжлэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдахаас өмнө буюу 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн *****од өөрийн болон хамтран өмчлөлийн ***** дүүрэгт байршилтай, 100.51 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг ****8,000,000 төгрөгөөр, ***** дүүрэгт байршилтай, 82.93 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 107,000,000 төгрөгөөр худалдах гэрээг бичгээр байгуулсан.
Гэвч хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээрх худалдах, худалдан авах гэрээний нийт дүн 235,000,000 төгрөг төлөгдөөгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд орж ирээгүй.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан хөрөнгийг албадан худалдахаас өмнө энэ хуулийн 72.1-д зааснаас илүү үнээр худалдахаар гэрээ байгуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ гэх нөхцөл хангагдаагүй байна.
4.3. Мөн нэхэмжлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг бие даан худалдан борлуулах талаар гаргасан хүсэлтэд хариуцагч нь хоёр дахь албадан дуудлага худалдааны ялагч тодорсны дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хариу өгсөн нь дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Учир нь энэхүү хариу өгсөн өдөр хүртэлх хугацаанд төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулж, төлбөрийг хариуцагч руу шилжүүлэх нь нээлттэй байсан.
5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны **** дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05069 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ