Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 4621

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/04621

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр, “Петровис” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р  хороо, Дунд гол, өөрийн байр, “АТА трейд” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 9 572 105 501 төгрөг гаргуулах,

 

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 6-р байрны 15 тоотод оршин суух, регистр УХ65090609, Бавуу овогт Балжиннямын Алтанцэцэгийн “Петровис” ХХК-д холбогдох 2012 оны 10-р сарын 24-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 2 307 802 723 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагатай хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэмүүжин, С.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Алтанцэцэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Дугармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч М.Бадрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Петровис ХХК нь “АТА трейд” ХХК-ны санхүүгийн бэрхшээлд туслах зорилгоор Investcom Establishment ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 сая ам долларыг 6 сарын хугацаатай сарын 0,9 хувь, жилийн  11 хувийн хүүтэй, сар бүр хүү төлөх нөхцөлтэйгээр зээлсэн. Ингээд Петровис ХХК-нь АТА трейд ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дамжуулан зээлдэх зээлийн гэрээ байгуулж, 2007 оны 8 дугаар сарын 30-аас 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 0,9 хувь, жилийн 11 хувийн хүүтэйгээр сар бүр хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн 2 сая ам долларыг 2007 оны 8 дугаар сарын 31-ны өдөр АТА трейд ХХК-ний Чингис хаан банкны дансанд 1 991 743,62 ам доллар, Капитрон банкны дансанд 8 256 038 ам доллар нийт 2 сая ам доллларыг шилжүүлсэн. АТА трейд ХХК нь Investcom Establishment ХХК-ны зээлийг дамжуулж авсны хувьд 2 зээлийн гэрээний сар бүрийн хүүний хэмжээ адил байсан тул хүүгийн төлбөрийг Петровис ХХК-наар дамжуулахгүйгээр шууд Investcom Establishment ХХК-руу шилжүүлж байсан. Өөрөөр хэлбэл, Петровис ХХК нь зээлийн хүүг аваад Investcom Establishment ХХК-руу шилжүүлэх хооронд зардал нэмэгдэж байсан болохоор АТА трейд ХХК нь шууд шилжүүлж байсан. Ингээд АТА трейд ХХК авсан зээлээ анх тохиролцсон хугацаа болох 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Петровис ХХК-нд төлөөгүй.  Тийм учраас Петровис ХХК нь Investcom Establishment ХХК-руу цааш нь төлөх боломж үүсээгүй.  Иймээс Investcom Establishment ХХК-аас хугацаа хэтэрсэний улмаас ам доллар нь евротой харилцах ханшийн зөрүү үүссэн. 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Петровис ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаад үндсэн зээлийн буцаан төлөлт болох 2 155 608 ам доллар болгож өөрчилсөн. Ингээд зээлийн хугацаа 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан. Харин зээлийн хүүг сарын 1.2 хувь, жилээр 14.4 болгож өөрчилсөн. 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болоход АТА трейд ХХК нь мөн зээлээ төлөөгүй. АТА трейд ХХК нь зээлээ төлөхгүй байсан учраас Петровис ХХК- нь Investcom Establishment ХХК-нд төлөх байсан үндсэн зээл 2 155 608 ам долларыг 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн. Дараа нь Петровис ХХК-нь АТА трейд ХХК-тай  2009 оны 02 дугаар сарын 23-аас 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл дамжуулан зээлдэх гэрээг сунгахдаа зээлийн хүүгээ 1 сарын 2 хувь буюу жилийн 24 хувь болгож өөрчилсөн. 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдөр АТА трейд ХХК нь мөн зээлээ төлөөгүй. Тийм учрааас зээлийн хугацааг 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан тохиролцоог 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийсэн. Гэтэл 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр АТА трейд ХХК нь  зээлээ төлөөгүй учраас 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээгээ дахин сунгаад 2011 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааг сунгасан.  Ингэж сунгахдаа зээлийн хүүг 1 сарын 1,5 хувь, алдангийн хэмжээг 0,5 хувь болгон тохиролцсон. 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр талууд тооцоо нийлж АТА трейд ХХК нь 194 000 155.82 доллар, 6 971 583 төгрөгийг төлснийг баталгаажуулж, үлдэгдэл 4 673 693.79 ам доллар болох дүнг тохиролцсон. Үүнээс хойш 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин тооцоо нийлсэн. Тооцоогоор АТА трейд ХХК-ны төлсөн төлбөрийг 569 000 188 ам доллар, үлдэгдэл нь 4 204 198 ам доллар гэж тохиролцсон. Үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл  2 155 608 доллар, хүүгийн төлбөр 647 000 198 ам доллар, алданги 1 490 400 ам доллар болсон. Ингээд шүүхэд сүүлийн тооцоо нийлсэн дүнгээрээ 4 204 198 ам.долларыг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2012 оноос 2014 онуудад зээлийн хүүгийн төлбөрийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т заасныг үндэслээд 838 529 ам долларыг нэмж нэхэмжилсэн. Энэ үнийн дүнг  задлах юм бол  2014 онд үндсэн зээлээ  төлөөгүй тул жилийн 13,3 хувь болсон. Энэ  хүүний хувь нь Монгол улсын Үндэсний статистикийн хорооноос 2014 оны 01 дүгээр  сар, мөн  2015 оны 1 дүгээр сард гаргасан Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал гэсэн өдөр тутмын танилцуулгаас зээлийн валютын мэдээлэл, банкны валютын жилийн хүү дунджаар хэд байсныг тооцоолж 2012 онд 13.3 хувь, 2013 онд 12.8 хувь, 2014-онд 12.8 хувь байсан нь харагдана. Үүнийг үндэслээд 2012 онд 13,3 хувь буюу 286 000 695 ам доллар, 2013 онд 12,8 хувь буюу 275 000 917 ам доллар, 2014 онд 12,8 хувь буюу 275 000 917 ам доллар нийтдээ 838 000 529 ам долларын хүүг нэмж нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн нийт дүн нь 5 042 727 ам доллар буюу Монгол банкны ханшаар тооцож 9 572 105 501 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Шүүхэд 2015 оын 9 дүгээр сарын 08-ны өдөр 42 155 ам долларыг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байсан, түүнээсээ татгалзсан байгаа. Шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхлээд талуудын гэрээ байгуулсан талаар яръя. Гэрээ байгуулах үндэслэл нь Б.Алтанцэцэг нь НИК компани байхаас нь гадаад харилцааг нь хариуцан ажиллаж байгаад Петровис компани болоход ч мөн ажилласан. Энэ утгаараа АТА трейд ХХК-нд 2 сая ам долларыг 2007 онд олгосон байдаг. Үүнийгээ гэрээний үндэслэлд маш тодорхой бичсэн ба бизнесийн үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хямралыг даван туулахад тусалсан гэж байдаг. Тухайн үед Б.Алтанцэцэг нь газар худалдан авсан байсан тул зээлийн асуудлыг шийдэж өгнө гэсэн асуудал яригдсан. Түүнээс биш Петровис ХХК-нь АТА трейд ХХК-ны хооронд ямар нэгэн бизнесийн холбоо байхгүй. Гэрээ байгуулах энэ нөхцөлийг зайлшгүй харж үзэх шаардлагатай байна. Түүнээс гадна Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 6 сарын хугацаагаар өгсөн, энэ зээлийг  тухайн үед  Investcom Establishment ХХК-наас зээл авсан тухай асуудал хэрэгт бол байдаг. Энэ гэрээний хугацааг л сунгаад явсан байдаг. Үүргээ биелүүлэхгүй бол гэрээг цуцлах боломжтой байсан, гэтэл Алтанцэцэгийг ажиллуулахыг тулд гэрээг сунгаад байсан байдаг. Гэрээ нь бодитой байхыг шаарддаг, хариуцагч АТА трейд ХХК-ны хувьд 2 сая ам доллар л авсан. Тийм учраас хүү, алданги, тооцож байгаа бол энэ үнийн дүнгээс тооцох байсан. Түүнээс биш дансаар оруулж, ашиглаагүй 155 000  ам долларыг нэмж тооцож байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан тооцоо нь бүхэлдээ буруу, үүнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үндэслэлээр маргалдаж байна. Үүнээс гадна үндсэн гэрээгээ 5 удаа сунгасан байдаг. Ингэж сунгахдаа хугацааны хувьд дандаа алдаатай явж байсан. Зээлийн гэрээг 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сунгасан. Тэгвэл 2008 оны 2-р сарын 28-наас хойш ямар ч гэрээгүй байсан гэсэн үг. Энэ хугацаанд хүү тооцож болохгүй. Яагаад гэхээр зээлийн гэрээний хүүг зөвхөн бичгээр байгуулсаны үндсэн дээр тооцно гэсэн байдаг. Тийм учраас энэ хүү бодсон асуудал нь угаасаа буруу байсан байна. Мөн алдангийн асуудал яригдаж байна. Хариуцагч талын төлсөн 569 187 000 төгрөгийг хүүнд хасч тооцсон байдаг. Петровис ХХК-нь өөрөө мөнгө хүүлдэг байгууллага биш. Зээлийн гэрээний төлбөрийг яаж төлөх талаар  гэрээний 1.2-1.3-т заасан. Мөн Иргэний хуулийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал хүү, үндсэн зээл хоёрыг нийлүүлээд анз тооцсон байдаг. Мөн Иргэний хуулийн 216.4-т заасны дагуу нэгэнт хугацаандаа мөнгө төлж чадаагүй бол эхлээд үндсэн үүрэг тооцогдох ёстой. Тэгэхээр нэгэнт зээлийн гэрээ нь 2011 оны 12 дугаар сарын 30-ны  өдөр дуусгавар болж байгаа учраас 2012, 2013, 2014 онуудад төлөгдсөн мөнгийг үндсэн зээлээс хасах ёстой байсан. Ингээд үндсэн зээл нь 1 430 812.18 доллар, зээлийн хүү 896 684.46 доллар болж байна. Бид нар  гэрээ байгуулсан огноог, сунгасан хугацаа хоорондын бүх хүүг тооцвол ийм үнийн дүн гарч байна. Мөн 2012-2014 оныг дуустал зээлийн хүүг “ҮСТГ”-ийн банкны зээлийн хүүгээр тооцож нэхэмжлэл гаргасан байдаг.  Нэхэмжлэлд дурьдсан алданги 1 401 400 ам.долларыг 2 155 608 ам.доллар дээр 647 доллар нэмээд алданги гэж гаргасан. Түүнээс гадна 2009 оны гэрээн дээр анх удаа барьцааны зүйл гэж орж ирсэн байдаг. Хуульд заахдаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр болдог. Энэ зээлийн гэрээгээр барьцааны гэрээ хийгдээгүй. Мөн барьцааны хөрөнгө нь АТА трейд ХХК-нд хамааралгүй эд хөрөнгийг битүүмжилсэн байдаг. Манай талаас одоо төлөх боломжтой зээлийн үлдэгдэл 1 430 812.18 ам доллар, зээлийн хүү, алданги  836 684.46 доллар төлөх байсан гэж үзэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч А.Дугармаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Петровис ХХК, АТА трейд ХХК-ний хооронд гарсан зээлийн гэрээний маргаантай хэрэгт Б.Алтанцэцэгийн эрх ашиг хөндөгдөж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байна. Петровис ХХК болон АТА трейд ХХК-ний хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний тухайд хувьцаа эзэмшигч, иргэн, АТА трейд ХХК-ны гүйцэтгэх захирлын хувьд Б.Алтанцэцэгийн эрх зүйн байдлыг нь харилцан адилгүйгээр тодорхойлж, гарын үсэг зуруулснаас гадна барьцааны 2009 оны 2-р сарын 20-ны өдрийн гэрээгээр иргэн Б.Алтанцэцэгийн эзэмшлийн газрыг барьцаалсан байдаг. Хэрэгт авагдсан 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн   Петровис ХХК-иас АТА трейд ХХК-нд олгосон зээл, зээлийн хүүгийн тооцоо нийлсэн актад Петровис тос ХХК-ний тооцоо нэрээр 2011 оны 12 дугаар сарын 31-ны өдөр  42 155.82  ам доллар, бусад  152 ам доллар гэж тайлбарлаад АТА трейд ХХК-ны зээлийн өр төлбөрт Б.Алтанцэцэгийн хувьцааг 1250 төгрөгөөр тооцож авсан байдаг. Энэ нь хавтаст хэргийн 44 дэх хуудсанд авагдсан байна. Үүнтэй холбоотойгоор 2012 оны 12-р сарын 24-ний өдрөөс Петровис тос ХХК-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Петровис ХХК болсон. Мөн Петровис тос ХХК-ны хувьцаа эзэмшигч Б.Алтанцэцэг нь 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулахдаа Петровис ХХК-тай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ гэрээнээс үүдэлтэй маргаанд Петровис ХХК хариуцагч байх ёстой. Энэ хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 5, 6 дугаар зүйлээс харвал Петровис тос ХХК-ний бүх эрхийг Петровис  ХХК эдлээд хэрэгжүүлээд явна гэж заасан байдаг. Эдгээр үндэслэлээр Петровис ХХК-нд дараах шаардлагуудыг гаргаж байна. Б.Алтанцэцэг нь 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Петровис тос ХХК-ныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаж, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн. 2004 оын 3 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар Петровис тос ХХК нь хуулийн этгээдийн чадамжтай болсон. Б.Алтанцэцэг нь эн компаний 333 ширхэг хувьцаа буюу 21.7 хувь, Петровис ХХК 1140 ширхэг буюу  75 хувийг , Т.Сүхбаатар 50 ширхэг буюу 3,3 хувийг эзэмшсэн. Ингээд 2012 оны 10-р сарын 24-нийг хүртэл хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндөхгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Харин 2012 оны 10-р сарын 24-нд Б.Алтанцэцэг нь өөрийн хүсэлтээр, бичгийн хэлбэрээр Петровис ХХК-д хувьцаагаа худалдах, компаний эрх шилжүүлэх саналыг гаргаагүй, Петровис  ХХК нь байнга өрөө төлөхийг шаарддаг байсан, зээлээ төлж чадахгүй байгаа сул дорой байдлыг ашиглаж гэрээнд гарын үсэг зуруулсан нь ердийн түвшний зан суртахууны хэм хэмжээ, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн хэлцэл болсон. Петровис тос ХХК нь Петровис компаниас хамааралтай болсон. Мөн энэ өдөр Петровис тос ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй, хуралд Алтанцэцэг оролцоогүй. Петровис тос ХХК болон Петровис ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурал, нэг өдөр, нэг өрөө тасалгаанд, нэг цагт хуралдсан байдаг. Гэтэл энэ бол 2 өөр хуулийн этгээд, өөрийн гэсэн дүрэмтэй, хувь нийлүүлэгчид нь өөр өөр этгээд байдаг. Сүхбаатар дүүргийн тойргийн  144 дугаартай нотариатч гэрээг гэрчилсэн байдаг, гэтэл архивт огт хадгалагдаагүй байна. Тэгэхээр эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэх байсныг хангалгүйгээр гэрээ байгуулсан гэж үзнэ. Мөн ногдол ашгаа авах эрхийг хязгаарласан байдаг. 2007 оныг дуустал ногдол ашгаа авч байсан. 2006 онд 30 сая төгрөг, 2007 онд 71 сая төгрөг гэх мэтээр хувьцааны үнэ, ашиг өсч байсан. Харин хэрэгт авагдсан баримтын хүрээнд 2008-2015 оны Б.Алтанцэцэгийн ногдол ашгийг Петровис ХХК авсан, яагаад гэхээр, худалдах, худалдан авах гэрэний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлээд тэр хувьцаатай холбоотой бүх эрх үүргийг Петровис компани шилжүүлж авсан. Энэ гэрээ нь мөн дүр үзүүлэн хийсэн гэрээ. Энэ гэрээний 5 дугаар зүйлд зааснаар гэрээний үйлчлэх хугацааг талууд гарын үсэг зурсан өдрөөс худалдан авагч хувьцааг бусдад шилжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, гэрээний талууд энэ гэрээд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх, чин хүсэл эрмэлзэлгүй байсан гэдэг нь энэ гэрээний 5, 6 дугаар зүйлд зааснаас тодорхой байна. Ийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зйүлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.1-т  заасан үнэн санаанаасаа хэрэгжинэ гэж хийсэн хэлцэл бол биш, хайхрамжгүй, хөнгөмсгөөр найдаж хийсэн хэлцэл юм.  Энэ гэрээний 1.4-т зааснаар хувьцаа худалдах үнийг 24 446 200 төгрөг гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан 228-229 хуудсанд байгаа баримтаар хувцааны үнийг 328 910 000.61 төгрөгөөр шинэчлэн тогтоогоод, өөрийн хөрөнгийг 503 981 000 төгрөгөөр хэмжээгээр 2012 оны 12 дугаар сарын  09-ны өдөр бүртгүүлсэн байдаг. Тэгэхээр нэгж хувьцаанд ногдох хувьцааны үнэ 73 412 000 төгрөг болж байна. 2013 онд 113 төгрөгөөр үнэлэгдэж байсан хувьцааны үнэ нь өсөөд, ашиг нь нэмэгдсэн хэрнээ, нэгж хувьцааны үнэ 73 412 000 төгрөгөөр буурч 24 сая төгрөгөөр худалдаад байгаа нь эргэлзээтэй байна. Үүнээс харвал, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлыг алдагдуулсан, 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4 –т заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Эдгээр үндэслэлээр хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хараат бус хөндлөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 2008 оны ногдол ашиг 43 600 000 төгрөг, 2009 оны 117 300 000 төгрөг, 2010 оны 220 500 000 төгрөг, 2011 оны 386 000 000 төгрөг, 2012 оны 303 800 000 төгрөг нийт 1 071 400 000 төгрөгний ногдол ашиг, үүнээс АТА трейд ХХК-ны зээлийн төлбөрт тооцсон 42 155 долларыг Монгол банкны ханшаар тооцож хасаад 1 012 564 623 төгрөгийг гаргуулна.  2013 , 2014 оны ногдол ашгийг жич нэхэмжлэхээр хангаж өгнө  үү. Мөн Петровис тос ХХК-ний хувь эзэмшигч  Б.Алтанцэцэгийн 21.7 хувийн хувьцааны үнийг шинжээчийн тогтоосон 1 295 238 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Петровис ХХК-иас нийт 2 307 802 723  төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч өмгөөлөгч М.Бадрал бие даасан шаардлагат гаргасан тайлбартаа:  Петровис ХХК иргэн Б.Алтанцэцэг хоёрын хооронд 2011 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ Петровис тос ХХК-ны 333 ширхэг хувьцааг худалдсан. Энэ зээлийн гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж байгаа нь үндэсгүй. Гэрээг хийх болсон шалтгаан нь Б.Алтанцэцэг Петровис ХХК-ний дэд захирлаар ажиллаж байгаад 2008 оны 7 дугаар сарын 01-нд ажлаасаа чөлөөлөгдсөн. Петровис ХХК-д ажиллахаа больсонтой холбоотойгоор Петровис тос ХХК-ны эзэмшиж байгаа хувьцааг Петровис ХХК-нд шилжүүлж авах саналыг 2008 онд тавьсан. Тухайн үед Б.Алтанцэцэг нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас 2008 оноос хойш Б.Алтанцэцэг нь Петровис ХХК-ны хувьцаа эзэмшигчдийн хуралд орогүй, ногдол ашиг аваагүй. 2008 онд хийгдэх хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хойшилсоор 2012 онд хийгдсэн байгаа. Тэрнээс зээл төлөгдөхгүй байснаас гэрээ хийсэн зүйл байхгүй. Хувьцааны үнийг хэт доогуур үнэлсэн, гэрээнд албадан гарын үсэг зуруулсан үйлдэл байхгүй, харин хоёр тал харилцан хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурагдсан. Хувьцааны үнийг зээлийн төлбөрт шилжүүлэхийг Б.Алтанцэцэг зөвшөөрсөн. Өнөөдөр 42 000 долларыг шилжүүлэхийг зөвшөөрч байна. Анх Петровис ХХК нь иргэн Б.Алтанцэцэгийг Петровис ХХК-ныг анх байгуулагдах үед оруулсан хөрөнгийг  буцаан өгөх санал тавьсан. Энэ хөрөнгийг тооцох юм бол 24 446 200 төгрөг болсон. Гэвч Б.Алтанцэцэг нь 21.7 хувийн хувьцааны үнийг бүрэн хийгээгүй, 8.8 хувийг ОХУ-ын иргэн төлж ногдол ашгаа авч байсан. Ингээд 13.6 хувийн хувьцааны хөрөнгийг  Б.Алтанцэцэг нь өөрөө хийсэн байдаг. Гуравдагч этгээдийн зүгээс энэ хэлцэл дүр үзүүлэн, үнэ санаанаас бус, хөнгөмсгөөр найдаж хийсэн хэлцэл гэж яриад байна. Б.Алтанцэцэг ажлаасаа гарч цаашид ажиллахгүй болсонтой холбоотой гэрээ хийсэн. Улсын бүртгэлд иргэн Б.Алтанцэцэг нь Петровис тос ХХК, Петровис ХХК-ны хувьцаа эзэмшигч биш болсон мөртлөө цаанаа үйл ажиллагаанд нь оролцоод ногдол ашиг авахаар тохирсон нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр ингэж ногдол ашиг авах эрх Б.Алтанцэцэгт байхгүй. Мөн Б.Алтанцэцэгийн хувьцааг шилжүүлж авах үедээ бусад хувьцаа эзэмшигчид санал болгох байсан гэж байна. Петровис тос ХХК нь Петровис ХХК, Б.Алтанцэцэг, Т.Сүхбаатар гэсэн 3 хувьцаа эзэмшигчтэй байсан. Петровис ХХК нь Б.Алтанцэцэг, Т.Сүхбаатар нартай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Мөн одоо 2008 оноос Петровис ХХК-наас ногдол ашиг болох 1 012 564 623 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. 2008-2012 он хүртэл Б.Алтанцэцэг нь хувьцаа эзэмшигч байсан. Энэ хугацаанд Б.Алтанцэцэг нь Петровис тос ХХК-иас нэхэмжлэх ёстой байна.  Петровис ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 24-нд 2 сарын дараа өөрийн эзэмшиж байсан 100 хувийн хувьцааг бусдад шилжүүлсэн. Мөн Петровис тос ХХК-ны хувьцааны үнэ нь одоо Петровис ХХК-нд байхгүй. Ингээд хувьцааны үнийг авна гэдэг шаардлага нь өөрөө  2012 оны 10 дугаар сарын 24-ний гэрээг үндэслээд байгаа юм уу, энэ гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус гээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байна. Үүнийг Б.Алтанцэцэг өөрөө тайлбарлах байх. Энэ гэрээний хувьд 2008 онд ажлаас гарсан үед тохирсон тохиролцоо 4 жилийн дараа хэрэгжсэн, нотариатч гэрээгээ бүртгээгүй нь түүний хариуцлага. Иймд гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Петровис” ХХК нь “Ата трейд” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 9 572 105 501 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл, Б.Алтанцэцэг нь “Петровис” ХХК-д холбогдох 2012 оны 10-р сарын 24-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 2 307 802 723 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4 362 578 184 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

“Петровис” ХХК нь Лихтенштейний вант улсын Investcom Establishment компанитай 2007 оны 08-р сарын 27-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж 2 сая ам долларыг 6 сарын хугацаатай, жилийн  11 хувийн хүүтэй, сар бүр хүү төлөх нөхцөлтэйгээр /хх 54-56, 59-62/, гэрээг Монгол улсын хууль тогтомжийн дагуу тайлбарлан хэрэгжүүлэхээр тохирчээ. 

 

“Петровис” ХХК-нь “АТА трейд” ХХК-ний үйл ажиллагаанд учирч буй санхүүгийн бэрхшээлийг даван гарахад туслах зорилгоор Investcom Establishment компаниас зээлсэн 2 сая долларыг “АТА трейд” ХХК-д зээлүүлэхээр 2007 оны 8-р сарын 30-ны өдөр “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулж, 6 сарын хугацаатай, жилийн 11 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, 2 174 205 600 төгрөгийн үнэ бүхий “АТА трейд ХХК-ний 12888 м.кв бүхий үйлдвэрийн барилга, 366 774 954 төгрөгийн тоног төхөөрөмж барьцаалахаар тохирсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахаар тохирсон гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч  нь гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч мөнгийг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдүүлэгч нь 2007 оны 8-р сарын 31-ний өдөр Чингэс хаан банкны дансанд 1 991 743,62 ам доллар, Капитрон банкны дансанд 8 256 038 ам доллар нийт 2 000 000 долларыг /2-р хавтас 25/ шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй, харин зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад буюу 2008 оны 2-р сарын 28-ны өдөр зээл 2 000 000 доллар, хүү 108 000 доллар нийт 2 108 000 долларыг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Талууд 2008 оны 10-р сарын 8-ны өдөр 08/73 тоот “Дамжуулан зээлийн гэрээний нэмэлт гэрээ” хийж, гэрээний 2.1 дэх хэсэгт ...зээлдэгч нь 1 466 400 еврог 2 155 608 доллар буюу 1 еврог 1.47 долларын ханштай байхаар зээлийг ам.доллар болгон өөрчлөх, зээлийн хүүг 14.4 хувь болгож гэрээний хугацааг 2008 оны 2-р сарын 28-ны өдрөөс 2008 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар /хх 11-12/ тохирсон байна.

 

 Харин талууд хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр хийсэн хэлбэрээр гэрээний хугацаа дуусахаас өмнө сунгах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тохироогүй байх ба хугацаа дууссанаас хойш буюу 2008 оны 10-р сарын 8-ны өдөр нэмэлт гэрээ хийж хугацаа, гүйцэтгэх үүргийн талаар тохирсон нь үндэслэлгүй. Эдгээр нь 2016 оны 07-р сарын 01-ний өдрийн Нийслэлийн архивын газарт хадгалагдаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 196 дугаартай нотариатч Л.Отгонбаярын бүртгэл, дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр /3-р хавтаст хэрэг, хх 80/ тогтоогдсон байна.

 

Зээлдэгч үндсэн болон хариу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээр үүрэг гүйцэтгүүлэгчид Иргэний хуулийн 219-р зүйлд заасан шаардах эрх үүсэхээс гадна  үүргээ гүйцэтгээгүй зээлдэгчийн зээлийн хүүг нэмэгдүүлэн тогтоосон, Петровис ХХК-ниас Investcom Establishment компанид евро болон долларын ханшийн зөрүүг тооцож үүргээ гүйцэтгэсэн үйл баримтыг зээлдэгч АТА трейд ХХК-ний гүйцэтгэх үүрэгт оруулан тооцож 2 155 608 000 долларын үндсэн үүргийг гүйцэтгүүлэхээр тогтоосон нөхцөл байдлууд нь зээлдэгч зээлийн гэрээний зүйлийн талаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Петровис ХХК нь 2009 оны 02-р сарын 23-ны өдөр Investcom Establishment ХХК-нд 2 155 608 ам долларыг төлсөн нь зээлдэгчийн хувьд үүргээ гүйцэтгэсэн үйл баримт бөгөөд харин АТА трейд ХХК нь 155 608 долларыг Петровис ХХК-нд төлөх үүрэггүй. Өөрөөр хэлбэл, Петровис ХХК нь 155 608 долларыг АТА трейд ХХК-д шилжүүлээгүй, зээлдэгч мөнгийг ашиглаагүй байна.

 

Нөгөө талаас, 2009 оны 02-р сарын 23-ны өдрийн 09/10 тоот “2007 оны 07/01 тоот зээлийн гэрээний 2 дахь удаагийн нэмэлт гэрээ”, 2009 оны 05-р сарын 25-ны өдрийн 09/10/А тоот “2009 оны 09/10 тоот зээлийн гэрээг сунгах тухай гэрээ”, 2009 оны 10-р сарын 23-ны өдрийн 09/10/Б тоот “2009 оны 09/10 тоот зээлийн гэрээг 2 дахь удаагаа сунгах тухай гэрээ”, 2009 оны 12-р сарын 30-ны өдрийн 09/11 тоот “Зээлийн гэрээг сунгах тухай гэрээ” /хх 13-27/-үүд нь 2008 оны 10-р сарын 8-ны өдөр 08/73 тоот гэрээний адилхан нөхцлөөр зээл төлөх хугацааг сунгасан, хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

 

Эдгээрээс дүгнэвэл, зээлдэгч “АТА трейд” ХХК-тай хийсэн дээрх гэрээнүүдийг сунгагдсан гэх үндэслэлгүй, эдгээр гэрээний дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэггүй, нөгөө талаас, 2-р хавтаст хэргийн 20-23 дахь талд авагдсан 2009 оны 02-р сарын 23-ны өдрийн 09/10 тот “Барьцааны гэрээ” нь нотариатаар гэрчлэгдэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч энэ нь хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохгүй  гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.5 дахь хэсгийг үндэслэн 2012-2014 оны зээлийн хүүд 838 529 ам долларыг нэхэмжилжээ.

 

Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ “Монгол улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2014, 2015 оны Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал сэтгүүлд нийтлэгдсэн банкны валютын зээлийн хүү”-г үндэслэл болгосон байх ба  2012 онд долларын зээлийн хүү 13.3 хувь, 2013 онд 12.8 хувь, 2014 онд 12.8 хувиар тооцсон байна.

 

Харин банкны валютын зээлийн хүүг иргэд хоорондын зээлийн хүү гэж тооцохгүйгээс гадна Петровис ХХК болон АТА трейд ХХК-ний хооронд байгуулагдсан зээлийн гэрээг зохих журмаар сунгагдаагүй гэж дүгнэсэн тул 2012-2014 оны хүү тооцогдох үндэслэлгүй.

Зээлдэгч АТА трейд ХХК гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 2 000 000 доллар, хүү 108 000 доллар нийт 2 108 000 долларыг төлөөгүй байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, үүнээс хариуцагчийн үүргийг тодорхойлох нь зүйтэй. 

 

Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар тооцож, хариуцагч АТА трейд ХК нь 2 000 000 /үндсэн зээл/ – 569 188 /төлсөн, талууд маргаагүй/ = 1 430 812 + 108 000 /хүү/ = 1 538 812 + 769 406 /алданги/ = 2 308 218 $ х 1890 ₮/Монгол банкны ханш/ = 4 362 578 184  төгрөгийг  төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Хэдийгээр талууд 2014 оны 12-р сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн /хх 51-52/ боловч зээлдэгчийн төлөх төлбөрийн талаар хариуцагч маргасан байна. 

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 9-р сарын 08-ны өдөр нэмэгдүүлсэн 42 155 долларын шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, хариуцагч гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хохирол гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

                               Бие даасан шаардлагын талаар:

 

Б.Алтанцэцэг нь “Петровис” ХХК-д холбогдох 2012 оны 10-р сарын 24-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 2 307 802 723 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.

 

“Петровис”ХХК, иргэн Б.Алтантцэцэг, П.Сүхбаатар нар нь 2004 оны 3-р сарын 1-ний өдөр “Петровис тос” ХХК-ийг 179 569 952 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж, Б.Алтанцэцэг нь нийт хувьцааны 21.7 хувь буюу 333 ширхэг, Петровис ХХК нь 75 хувь буюу 1140 ширхэг, Т.Сүхбаатар 3,3 хувь буюу 50 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр тохирч, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр /хх 149-158/ үйл ажиллагаа явуулжээ.

 

Хувьцаа эзэмшигч Б.Алтанцэцэг нь 2012 оны 10-р сарын 24-ний өдөр Петровис ХХК-тай “Хувьцаа худалдах, худалдан авах” 12/13 тоот, “Компаний эрх шилжүүлэх тухай гэрээ” 12/13 тоот /хх 162-163/ гэрээ байгуулж, нэг хувьцааны үнийг 73 412 төгрөгөөр тооцож 333 ширхэг хувьцааны үнийг 24 446 200 төгрөгөөр худалдах, энэ хувь хэмжээгээр компаний эрхийг шилжүүлэхээр тохирсон байна.

 

Тухайн асуудлыг “Петровис тос” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 10-р сарын 24-ний өдрийн хурлаар  хэлэлцэн шийдвэрлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр хэргийн 160-161 дэх талд авагдсан бөгөөд хуралд Петровис ХХК-ний ерөнхий захирал Д.Энхчимэг, Петровис тос ХХК-ний хувьцаа эзэмшигч Б.Алтанцэцэг, П.Сүхбаатар оролцож, хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Наранцацралт хөтөлсөн  байна.

 

Гуравдагч этгээд Б.Алтанцэцэг нь эдгээр хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа үндэслэлээ “... би хувьцаа худалдах хүсэлт, санал гаргаагүй, Петровис  ХХК нь АТА трейд компанийг байнга өрөө төлөхийг шаарддаг, зээлээ төлж чадахгүй байгаа байдлыг ашиглаж гэрээнд гарын үсэг зуруулсан, хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй, хуралд оролцоогүй, нэгж хувьцааны үнийг 73 412 төгрөг байгаагүй, нотариатаар ороогүй, нэг цаг минутад, нэг өрөөнд Петровис ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурал болж, хувьцааг худалдаж аваагүй” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

 

“Петровис тос” ХХК нь 2008 оны 02-р сарын 26-ны өдрийн 01 тоот хувь нийлүүлэгчдийн хурлын “Компаний нэгж хувьцааны үнийг нэмэх тухай” тогтоолоор нэгж хувьцааны үнийг 328 910.61 төгрөгөөр тогтоож, компаний өөрийн хөрөнгийг 503 891 061 төгрөг /хх 159/ болгосон байна.

 

Компаний тухай хуулийн 34-р зүйлийн 34.1.1 дэх хэсэгт “энгийн хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх” эрхтэй бөгөөд  хуралд оролцож санал өгөөгүй нь, хурал хуралдаагүй болох нь тухайн өдрийн тухайн цаг минутад Петровис ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурал энэ мөчид хуралдаж, нэг хүн хурлын тэмдэглэл хөтөлсөн, хувьцаа эзэмшигчид нэг өрөөнд хуралдаж Петровис тос ХХК-ний асуудлыг шийдвэрлэсэнтэй холбоотой, өөрөөр хэлбэл, тухайн цаг минутад Петровис ХХК-ний хувьцаа эзэмшигчид буюу Ж.Оюунгэрэл, Ч.Давааням, Д.Туяа, Д.Энхмаа, Д.Эрдэнэчимэг нар тухайн асуудлаар хуралдсан байх үндэслэлгүй, хариуцагч үүнийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, аль ч хурлын тэмдэглэлд хэн юу хэлсэн, ямар саналтай байсан нь тусгагдаагүй, түүнчлэн хувьцаа худалдаж авах, гарын үсгийн эрх олгох тухай 12/13 тоот шийдвэрт хувьцаа эзэмшигч Д.Энхмаа гарын үзсэг зураагүй /хх  213/ зэргээс дүгнэвэл хурал хуралдаагүй, оролцоогүй гэх гуравдагч этгээдийн шаардлага  үндэслэлтэй байна. 

 

Нөгөө талаас,  гуравдагч этгээдийн Петровис тос ХХК нь 2008 онд ногдол ашиг 43 600 000 төгрөг, 2009 онд 117 300 000 төгрөг, 2010 онд 220 500 000 төгрөг, 2011 онд 386 000 000 төгрөг, 2012 онд 303 800 000 төгрөг нийт 1 071 400 000 төгрөгний ногдол ашиг хуваарилсан гэсэн үндэслэлийг нэхэмжлэгч няцаагаагүй, түүнээс гадна нэхэмжлэгч нь АТА трейд ХХК-ны 2014 оны 12-р сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн актад Петровис тос ХХК-ний ногддол ашиг 42 155 доллар, бусад 152 000 долларыг зээлдэгчийн өр төлбөрт тооцсон нь тооцоо нийлсэн актад тусгагдсан, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд түүнээсээ татгалзсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэвэл  хувьцаа эзэмшигчид олгогдох ногдол ашгийг энэ хэмжээгээр тооцож байсан гэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн Петровис тос ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компаний тухай хуулийн 64, 65, 66, 68, 74-р зүйлд заасан журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

Нөгөө талаас, хувьцааны үнэ 1 295 238 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг нэхэмжлэгч няцаагаагүй, хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрхийг зөрчиж АТА трейд ХХК-ний зээл төлөх үүргийг Петровис тос ХХК-ний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгт хамааруулж хувьцаанд ногдох ашгийг зээлд тооцсон, Петровис ХХК нь Петровис тос ХХК-ний толгой компаний хувьд давуу эрх эдэлж хувьцаа эзмшигчийн эрхийг зөрчсөн, 2012 оны 12-р сард хувьцааг бусдад шилжүүлсэн нь хохирлыг арилгахад саад болохгүй, 2008-2012 оны Петровис тос ХХК-ний санхүүгийн тайлан баланс /хх 2-р хавтас хэрэг, 37-68/, Петровис тос ХХК-ний ТУЗ-ийн 2010 оны 03-р сарын 23-ны өдрийн 1 тоот тогтоол /хх 101-102, 104-110/,  2008-2012 оны 3-р улирлын санхүүгийн тайлан баланс, 2012 оны жилийн эцсийн тайлан баланс /2-р хавтас хэргийн 37-67, 104-110/, Петровис тос ХХК-ний 2010 оны 03-р сарын 23-ны өдрийн 1 тоот ТУЗ-ийн 1 082 559 692.66 төгрөгийн ашиг хуваарилсан тогтоол /хх 101-102/, гэж дүгнэлээ.

 

Харин  Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.4-т заасан “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр найдаж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн агуулга тогтоогдоогүй” гэж дүгнэлээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь бие даасан шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “ногдол ашгаа Петровис тос ХХК-иас нэхэмжлэх байсан, Б.Алтанцэцэг  нь Петровис ХХК-д ажилд орсноор  Петровис тос ХХК-ний хувьцаа эзэмших эрх үүссэн, ажлаас гарснаас хувьцаагаа буцааж өгөх  болсон” гэж тайлбарладаг, Петровис ХХК-ний ерөнхий захирлын 2008 оны 10-р сарын 17-ны өдрийн 174 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх 204/ нь зэрэг үндэслэл нь хувьцаагаа худалдах, компаний эрхээ шилжүүлэх үндэслэл болохгүй, ийм хэлцэл хийх хүсэл зориг байсан, гэрээ байгуулах гэрээний эрх чөлөөт  байдал байсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

 

Нөгөөтэйгүүр, Петровис ХХК нь “Петровис тос” ХХК-ний толгой компаний хувьд охин компаний хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчих, ногдол ашгийг бусдын өр төлбөрт тооцох зэргээр эрх ашгийг зөрчиж байсан нь тогтоогдсон тул  ногдол ашгаа гаргуулах, хувьцааны үнэ гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

1-р хавтаст хэргийн 70-116 дугаар талд авагдсан АТА трейд ХХК-ний тайлан баланс, ажил гүйцэтгэх гэрээнүүд нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамжид гаргасан гомдолтой холбоотой,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “АТА трейд” ХХК-иас 4 057 706 618 /дөрвөн тэрбум тавин долоон сая долоон зуун зургаан мянга зургаан зуун арван найм/ төгрөг гаргуулж “Петровис” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу  5 514 398 883 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56-р зүйлийн 546.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан   Б.Алтанцэцэг болон “Петровис” ХХК-ний хооронд байгуулагдсан 2012 оны 10-р сарын 24-ний өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах” 12/13 тоот, “Компаний эрх шилжүүлэх тухай гэрээ” 12/13 тоот гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “Петровис” ХХК-иас 2 307 802 723 /хоёр тэрбум гурван зуун долоон мянга найман зуун хоёр мянга долоон зуун хорин гурав/ төгрөг гаргуулж Б.Алтанцэцэгт олгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1,56.2,  60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Петровис ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 760 130 төгрөг, хариуцагч АТА трейд ХХК-иас төлсөн 475 014  төгрөг, Б.Алтанцэцэгээс төлсөн 11 696 964 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, АТА трейд ХХК-иас 20 446 483 төгрөг гаргуулж Петровис ХХК-д, Петровис ХХК-иас 11 696 964 төгрөг гаргуулж Б.Алтанцэцэгт, 237 507 төгрөг гаргуулж АТА трейд ХХК-д тус тус олгосугай.

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

          

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА