Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00313

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/04959 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ***** тоот тушаалд өөрчлөлт оруулж, 15 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 108,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл иргэний нисэхийн салбарт 18 жил, 3 сар, 25 хоног ажилласан.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.7.6-д заасны дагуу 19-25 жил хүртэл ажилласан бол 25 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор тусгагдсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс холбогдох материалыг бүрдүүлсэн.

Харамсалтай нь хөдөлмөрийн дотоод журмын 8.7.5-т зааснаар 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосон. Энэ үйлдэл нь *****гийн эрх ашиг, хууль ёсны сонирхлыг зөрчиж байна.

Иймд холбогдох тушаалд өөрчлөлт оруулж, 15 сарын дундаж цалинтай тэнцэх 108,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэмж олгох тушаал гаргахдаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.7.5-т заасныг үндэслэсэн. Тус заалтад 12-19 жил хүртэл ажилласан бол 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно гэж заасан бөгөөд энэ нь хариуцагчийн ажилласан хугацаатай таарч байгаа.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *****гийн *****т холбогдуулан гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ***** тоот тушаалд өөрчлөлт оруулж, 15 сарын дундаж цалинтай тэнцэх 108,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд эргэлзээтэй асуудал гарвал ажилтанд ашигтай байдлаар шийдвэрлэх зарчмыг зөрчсөн.

***** нь иргэний нисэхийн салбарт ажилласан байдлыг Иргэний хуулийн 72 дугаар зүйлд зааснаар тооцоолж үзэхэд ажилласан хугацаа 18 жил бүтэн дуусаж, 19 дэх жил эхлээд 3 сар 24 хоног ажилласан.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилласан жилийг тооцохдоо тухайлбал удаан жил ажилласан жил, өндөр насны тэтгэвэр тогтоох хугацааг тоолохдоо нэг аргаар тоолоод нэг удаагийн тэтгэмжийг олгох ажилласан жилийг тоолохдоо өөр аргаар тоолоод байгаа нь шударга бус.

Анхан шатны шүүх ... жил хүртэл гэдэг үгийг огт авч үзээгүй жилд гэсэн утгаар ойлгож хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон.

Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журамд 19 дэх жилийг 217-228 сарын хооронд ойлгохоор тусгасан байдаг ба нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй 221 сар төлсөн.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.7.6-д заасны дагуу 19-25 жил хүртэл ажилласан бол 25 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох шаардлагад ажилласан жил нь хүрээгүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ***** нь *****т холбогдуулан тухайн салбарт ажилласан хугацааг буруу тооцоолсон үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ***** тоот тушаалд өөрчлөлт оруулж, 15 сарын дундаж цалинтай тэнцэх 108,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалтын дагуу 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/132 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, *****г ээлжийн ахлах нислэгийн хөдөлгөөний удирдагчийн ажлаас чөлөөлсөн.

***** нь иргэний нисэхийн салбарт 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 18 жил 3 сар 23 хоног ажилласан байна.

 

3.1. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ***** дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын 8.7.5-д зааснаар нэхэмжлэгчид 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгожээ.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж зөв тогтоосон.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч нэг удаа олгоно, мөн зүйлийн 82.3 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно гэж заасан.

 

4.1. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн а/05 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 8.7-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд *****, түүний харьяа салбар, нэгжид ажилласан жилээс хамааруулж ... 8.7.5-д 1-19 жил хүртэл ажилласан бол 10 сарын, 8.7.6-д 19-25 жил хүртэл ажилласан бол 25 сарын .... дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуульд заасан хувь хэмжээнээс нэмэгдүүлэн олгохоор тогтоосон байна.

Хэрэгт хариуцагч хуулийн этгээдийн хөдөлмөрийн дотоод журам хэвлэмэл товхимол байдлаар авагдсан ч бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй. Гэхдээ хэргийн оролцогчид уг баримтад заасан маргаанд хамаарал бүхий зохицуулалтын үнэн зөв, эргэлзээтэй эсэхэд маргахгүй гэдгээ давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлнэ.

 

4.2. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.7.6-д 19-25 жил хүртэл ажилласан бол гэж заасан нь 19 жил 1 хоног ажилласан байх нөхцөлийг шаарджээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримтуудаар тэрээр 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд иргэний нисэхийн салбарт ажилласан.

Үүнийг Иргэний хуулийн 72-73 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмаар тооцоход 18 жил 3 сар 23 хоног болсон нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.7.5-д заасан 1-19 жил хүртэл ажилласан ажилтны авах 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох нөхцөлд хамаарчээ.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо 19 дэх жил эхлээд 3 сар 24 хоног ажилласан гэх үндэслэлийг заасан боловч дээрх хугацаа тоолох журмаар тооцвол нэхэмжлэгч нь 19 жил ажиллаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 18 жил 11 сар 30 хоног ажилласны дараа 19 дэх жил эхлэх байсан.

Түүнчлэн сараар тоолоход 228 сар ажилласан тохиолдолд 19 жил ажилласан нөхцөлд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн ажилласан сар нь 220 сар болно.

 

4.3. Иймд нэхэмжлэгчид хөдөлмөрийн дотоод журмын 8.7.6-д заасан 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах эрх үүсээгүй, хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хөдөлмөрийн дотоод журамд заасан нөхцөлөөр олгосон байна.

 

5. Анхан шатны шүүх хугацаа тоолох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/04959 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ