Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 000153

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Т.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Даваадалайд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1038 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Т.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Б.Даваадалайд холбогдох,

 

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Даваадалайгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа, хариуцагч Б.Даваадалай, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Т.Мөнхтуяа нь 2004 оноос Б.Даваадалайтай гэр бүл болж 2005 онд хүү Д.Далайбаяр төрсөн. Амьдарч байх хугацаандаа хэрүүл зодоон удаа дараа үүсч хамт амьдрахад хэцүү болсон. Одоо нөхөр Б.Даваадалай нь гэр бүлтэй болсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол нэхэмжлэлээ нэмэгдүүлэх болно” гэжээ.

Хариуцагч Б.Даваадалай шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Миний бие Т.Мөнхтуяатай хамтран амьдарч байсан бөгөөд амьдарч байх хугацаандаа үргэлж хэрүүл хийж, намайг салаад өг гэж үргэлж хэлдэг байсан. Т.Мөнхтуяа нь сэтгэлээ урвуулж өөр хүнтэй явалдаж, амьдралдаа хуурамч байдал үүсгэж гэр орондоо ирэхгүй удаан хугацаагаар алга болдог байсан. Т.Мөнхтуяа нь хөдөө гэртээ ирэхгүй байнга ямар нэгэн шалтаг хэлж ирэхгүй байсаар байгаад салсан. Хааяа ирэхээр үргэлж хэрүүл маргаан үүсгэнэ. 1 жилийн өмнө гэр малаа авч явсан. Хэл ам хийхгүй бол дахиж юм нэхэж зовоохгүй, элдэв зүйл гуйхгүй гэж амладаг байсан. Хэрэв хэл ам хийвэл мал ахуйг чинь 3 хуваалгаж, чамайг яаж ийж байгаад чадна гэж заналхийлдэг байсан. Тэр үед хүүгээ чи өсгө, өөрөө өсгө би чиний хүүгээр яах юм гэж хэлж байсан. Хүүгээ чи өсгөх ёстой гэж байнга утсаар ярьж, хүүдээ хувцас тоглоом зэрэг хэрэгцээний зүйлсийг авч өгөхөөр үргэлж голж, өө сэв хайдаг байсан. Т.Мөнхтуяа нь зан аашны хувьд тогтворгүй, олон ааштай, ах дүү нар нь архи уудаг, хэрүүл маргаан хийдэг тогтворгүй хүмүүс байдаг. Т.Мөнхтуяа нь хүүхдийн зан ааш эвдэж, хараа хяналтгүй байлгаж тоглоомын газраар үргэлж тоглуулж, сурлага хүмүүжилд нь анхаарал хандуулдаггүй тул миний бие ганц хүүгээ өөрөө өсгөх хүсэлтэй байна. Миний бие хуурай ам гэдэг газар ах дүү нарын цөөн хэдэн мал маллан амьдардаг. Тогтмол орлогогүй учир хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөх боломжгүй” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1038 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.Далайбаярыг эх Т.Мөнхтуяагийн асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.Далайбаярыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Даваадалайгаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Улсын            тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжпэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Даваадалайгаас 47.744 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Даваадалай давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэгч Т.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй хүүхдийн тэтгэлэг гаргуулах хариуцагч Б.Даваадалайд холбогдох хэргийн шийдвэрийг гаргахдаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна гэж иргэн би үзэж байна.

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа бид хоёрын дундаас төрсөн хүү Д.Далайбаярын асрамжийн талаар маргаж байхад үүнийг анхааралгүй шууд шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн байна. Тухайлбал хүү Д.Далайбаяр нь шийдэх санал авах насанд хүрсэн байхад хүүхдийн саналыг хуульд заасан журмын дагуу авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. 38.6, Гэр бүлийн тухай хуулийн заалтыг тус тус зөрчжээ.

Би хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэдэг үүднээс хүүгээ авна гэж байгаа юм биш, хүү маань надтай хамт амьдарна гэдэг бөгөөд хүү сургуулиа тарахаар надтай хөдөө мал дээрээ гарч ирдэг. Т.Мөнхтуяа болохоор би мал дээр байж чадахгүй, би төвд байна гээд надаас салсан гэдгийг шүүхэд удаа дараа хэлж байсан.

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа нь надтай хамт амьдарч байх хугацаандаа хэд хоногоор хамаагүй алга болдог байсан,сүүлдээ ажилд орсон нэрээр гэртээ алдаг оног ирж хонодог зэрэг нь хүүхдийн хүмүүжил эрх ашигт муугаар нөлөөлж байгаа гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.

Т.Мөнхтуяагийн одоо амьдарч байгаа хашаа байшин нь манай ээжийн өмч хөрөнгө юм. Би малтай хөдөө амьдарч байгаа ч гэсэн хэрэгцээний мах сүү, эд зүйлийг нь өөрийнхөө бололцооныхоо хирээр хангаж өгдөг гэдгийг анхаарч үзээгүй зэрэг хэт нэг талыг барьсан, хүүхдийн эрх ашгийг илт хохироосон шийдвэр болжээ.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2016/01038 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                           ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа нь хариуцагч Б.Даваадалайд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа хариуцагч Б.Даваадалайд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг хамт  шийдвэрлэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болон  хариуцагч асрамжийн талаар маргаантай байгааг тодруулаагүй, мөн сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлыг шийдвэрлэсэн нь хүүхдийн асрамжийн талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа шийдвэрийн  Тогтоох хэсэгт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.Далайбаярыг эх Т.Мөнхтуяагийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасан “...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”, 40.2.-т заасан “...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...”, 118.4.-т заасан “...үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...”, гэсэн заалтуудыг зөрчжээ.

Шүүх  хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэж байгаа бол Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д  заасан шаардлагыг хангаж байж асрамжийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар 1038  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б.Даваадалайгаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Даваадалайн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР