Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 324

 

Ц.Батжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор О.Баасанхүү,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбаатарын өмгөөлөгч Я.Баатар,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Батжаргал, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Батжаргалд холбогдох эрүүгийн 2016 2400 1045 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Харчин овгийн Цээсүрэнгийн Батжаргал, 1981 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч  мэргэжилтэй, “Яармаг” ХХК-д харуул, арьс тоологч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 1 дүгээр гудамжны 20б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХИ81040415/,

Ц.Батжаргал нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Интермед” эмнэлгийн зүүн хойд замд 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 06 цагийн орчим “Hyundai Sonata-5” загварын, 44-68 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3а, 9.1 дэх заалтуудыг зөрчсөнөөс хохирогч Ё.Баярыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Ц.Батжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Батжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ц.Батжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Ц.Батжаргалын эзэмшлийн “Hyundai Sonata-5” загварын 44-68 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн болохыг дурдаж, хэрэгт хураагдсан В ангиллын №643012 дугаартай Ц.Батжаргалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Батжаргалаас 8.534.835 /найман сая таван зуун гучин дөрвөн мянга найман зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбаатарт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ц.Батжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Батжаргал давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр, 3 хүүхдүүдтэйгээ амьдардаг. Ганцаараа ажил хийж, цалингийн зээлд сард 570.000 төгрөг төлдөг учир хохирлыг бүрэн төлж чадаагүй. Одоо хохирол, төлбөрийн үлдэгдэл болох 8.534.835 төгрөгийг төлж байгаа. Иймд гэр бүлийн аргагүй байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгөхийг хүсэж байна...” гэжээ.

Ялтан Ц.Батжаргалын өмгөөлөгч Б.Мөнхзаяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Ц.Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбаатар нь 12.728.835 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүний өмгөөлөгч Я.Баатар шүүх хуралдаанд оролцохдоо баримттай 11.241.335 төгрөг байгаа, үүнээс Ц.Батжаргалын зүгээс оршуулгын зардал болох 4.194.000 төгрөгийг төлсөн тул одоо 7.047.335 төгрөгийг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн. Гэтэл уг шийтгэх тогтоолд дурдсанаар үлдэгдэл 8.534.835 төгрөг гэж дурдсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг шүүх бодитойгоор дүгнээгүй байна. Тухайлбал Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал” болон холбогдох зардал хоёрыг зааглан ялгаж дүгнэхгүйгээр холбогдсон бусад зардал буюу талийгаачийн ар гэрийнхэн зан заншил, итгэл үнэмшлээ хэрэгжүүлэхэд гаргасан зардлыг шууд хохиролд нэгтгэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал...” болох 4.194.000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж болох хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байна.

Ц.Батжаргал нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний бага хүүхэд нь 11 сартай тул эхнэр нь хүүхдээ хардаг. Тиймээс ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг юм.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 1 дүгээр гудамжны 20Б тоотод орших хашаа байшин нь зээлээр худалдан авсан бөгөөд зээлийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр дуусгавар болно. Тухайн хашаа байшинг зээлээр худалдан авах урьдчилгаа мөнгөө бэлдэхийн тулд 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан юм. Цалингийн зээлийн төлбөрт сар бүр 570.000 орчим төгрөг төлөөд гар дээрээ 180.000 төгрөгийг авч таван ам бүл тэжээдэг тул хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг өдий болтол өгч чадаагүй байсан.

Ц.Батжаргал нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Дээрх байдлын улмаас нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй байгаа тул эхний ээлжид оршуулгын зардал болох 4.194.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 8.534.835 төгрөгийг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 1 дүгээр гудамжны 20Б тоотод байх хашаа байшинг зээлээр худалдах, худалдан авах гэрээ дууссаны дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 1-ний дотор банк болон банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж төлөхөө талийгаачийн эхнэр болон хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид санал тавьсан боловч хүлээж аваагүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Батжаргалд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбаатарын өмгөөлөгч Я.Баатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан байх тул хэвээр үлдээх хүсэлтэй байна...” гэв.

Прокурор О.Баасанхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

            Ц.Батжаргал нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Интермед” эмнэлгийн зүүн хойд замд 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 06 цагийн орчим “Hyundai Sonata-5” загварын, 44-68 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3а, 9.1 дэх заалтуудыг зөрчсөнөөс хохирогч Ё.Баярыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Гэрч Б.Энхзаяагийн “...2016 оны 12 дугаар сарын 3-ны өглөө 5 цаг 40 минутын орчимд нөхөр Ц.Батжаргал бид 2 ажлаасаа хоцрох гээд гэрээсээ гарсан. Тэгээд ““Hyundai Sonata-5” загварын, 44-68 УНХ улсын дугаартай автомашиныг нөхөр Ц.Батжаргал жолоодон, би жолоочийн хажуугийн суудал дээр суугаад бид хоёр Хан-Уул дүүргийн нутаг, Тэмээтэй хөшөөний зүүн талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгээр явж байтал гэнэт баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй нэг хар юм автомашины баруун урд талд тулаад ороод ирсэн. Тэгэхээр нь би “юу вэ” гээд хэлэхийн завдалгүй нөхөр автомашиныхаа хүрдийг зүүн гар тал руугаа дартал автомашины урд хар юм “түс” гээд мөргөгдөөд газар унасан. Тэгээд  хартал хүн байх шиг байсан. Бид хоёр сандраад нөхөр шууд автомашинаасаа буугаад нөгөө мөргүүлсэн хүн дээр очиж тэврээд суучихсан. Харин би тэр хооронд 103 болон 102 дугаарт дуудлага өгсөн. ...Өглөө 06 цагийн орчим осол болсон болохоор хөдөлгөөн сийрэг, цаг агаар тогтуун, үзэгдэх орчин харанхуй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй байсан эсэхийг анзаараагүй, зам хальтиргаа гулгаатай байсан...” /хх-64-65/ гэх мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр их тархины зүүн бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх хурц цусан хураа, их болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн няцрал, орой ба суурь ясны шугаман болон хэлтэрхий үүсгэсэн хугаралууд, хуйх, чамархайн булчинд цус хуралт, шарх, зүүн 3-5 дугаар хавирганы хугарлууд, уушигны няцрал, өвчүү ясны хугарал, нүүр, мөчдөд цус хуралт зулгаралт бүхий гэмт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш үйлчлэлээр үүсэх, нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь элэгний өөхлөлт, цөсний чулуужих өвчин бүхий архаг хууч өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй болно. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж, хавагнаж нас баржээ. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна...” гэсэн 2221 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-68-76/,

            Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 44-68 УНХ улсын дугаартай, “Нyundai sonota 5” загварын цагаан өнгөтэй, БНСУлсад үйлдвэрлэгдсэн, 44-68 УНХ улсын дугаартай KMHEN41MP6A221499 арлын дугаартай суудлын автомашиныг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15.47 цагаас 16.26 цаг хүртэл MNS4598:2011  Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартыг шалгуур болгон MNS5011:2003 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгахад: +5мм/, зүүн урд дугуйн тоормосны хүч 1.9кН, баруун урд дугуйн тоормосны хүч 1.7кН, тоормосны хүчний зөрүү нь 10.53% (стандартаар <20%), зүүн хойд дугуйн тоормосны хүч 1.1кН, баруун хойд дугуйн тоормосны хүч 1.0кН, тоормосны хүчний зөрүү нь 9.09%(стандартаар <30%) байгаа нь тоормосны системийн ажиллагаа хэвийн байв. Харин автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ 20.4 мм/м (стандартаар <+5мм), зүүн их гэрлийн тусгалын чадал 0сd гэрэл хол дээрээ (стандартаар 10000-2250000cd), ерөнхий байдал өнгө үзэмж тэнцэхгүй зэрэг эвдрэл гэмтэл нь MNS4598:2011 стандартын шаардлагыг хангахгүй болно...” гэсэн 16/52907 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-86-89/,

            Техникийн шинжээчийн “...44-68 УНХ улсын дугаартай, “Х.Сонота-5” загварын автомашины жолооч Ц.Батжаргал нь Монгол Улсын ЗХД-ийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ үүнд: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замдаа явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон…”. 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ё.Баяр нь Монгол Улсын ЗХД-ийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн 10 тоот шинжээчийн дүгнэлт /хх-93-95/,           

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2, 3-6/, цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-17, 18-20/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-22, 23-24/, хохирлын баримтууд /хх-39-59/, хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-132/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-133/, “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний тайлан /хх-134-136/, ялтан Ц.Батжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Ялтан Ц.Батжаргалын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Ц.Батжаргал, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нар нь давж заалдах шатны шүүхэд “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Ц.Батжаргал нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, ялтан Ц.Батжаргалын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялтны гэм бурууд тохирсон ба гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан Ц.Батжаргал, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Батжаргал, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.ДАВААСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ