Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0036/З |
Дугаар | 377 |
Огноо | 2017-05-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 377
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: С.М,
Хариуцагч: *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “*** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх“, нэмэгдүүлсэн шаардлага “2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан. Улсын Их Хурлын сонгуулийн дараа Засгийн газар өөрчлөгдөөд Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтсийг нэгтгээд, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тушаал гаргаж манай хэлтэст ажиллаж байсан 30 хүнээс 25 хүнийг нэг тушаалаар халсан бөгөөд үүнд миний бие багтаж байгаа. Тушаал гарах үед *** дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дотоод хяналт, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Миний ажиллаж байсан ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд албан тушаал 3 болсон байгаа. Миний хувьд тухайн албан тушаалдаа эргэж ажиллахыг хүсч байна”
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*** дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэст 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих төсөл хөтөлбөрийн мэргэжилтний албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс дотоод хяналт, шинжилгээ үнэлгээ, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт зохих ажил, мэргэжлийн туршлага хуримтлуулсан. 2013 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд мөн оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Ажиллаж байх хугацаандаа 2013, 2014, 2015 онд Хөдөлмөрийн яам болон бусад байгууллагаас зохион байгуулсан шаталсан, сертификатжуулсан сургалтуудад хамрагдан өөрийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж ажилласан.
Ч.М нь *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал (түр орлон гүйцэтгэгч)-ыг хүлээж авснаас хойших хугацаанд хэлтсийн нэг ч мэргэжилтэнтэй уулзаж, ажил байдалтай биечлэн танилцалгүй, бүтэц орон тоонд орсон өөрчлөлтийн талаар урьдчилан мэдэгдэлгүйгээр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тушаал гарган төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаал Төрийн албаны тухай хуулийг зөрчиж гарсан гэж үзэж, Төрийн албаны зөвлөлийн даргад 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гомдлоо гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1180 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад асуулга тавьсан боловч хариу ирүүлээгүй учир тус зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1320 дугаар албан бичгээр шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасныг удирдлага болгон холбогдох мэдээлэл өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хугацааны өмнө мэдэгдэл өгөөгүй, Төрийн албаны
тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт хийж, түүний нийгмийн баталгааг хангах талаар хуульд заасан арга хэмжээ аваагүй байна. Уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасны дагуу захиргааны актад тавигдах шаардлага, 40.4-д заасны дагуу бодит нөхцөл байдлыг огт заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу ажил хүлээлцсэн өдрүүдийг ажилласан өдөрт оруулж тооцоогүй зэрэг зөрчилтэй байна.
Нэхэмжлэгч маань 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр халагдсан бөгөөд энэ хугацаанд 3 жил 8 сар ажилласан байдаг. *** дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс шуурхай зөвлөгөөнөө 3 дахь өдөр хийдэг бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хэлтэс болон хороонд ажилладаг хүмүүс бүгд цуглахад тухайн үеийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.М “Бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж, хоёр хэлтсийг нэгтгэж байгаа учраас тодорхой хүмүүсийг хална. Улмаар хүмүүсийг сонгон шалгаруулж авна” гэсэн мэдэгдэл хийсэн байдаг. 2016 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд ажиллаад өөрсдийн ашиглаж байсан эд зүйлийг *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн няравт өгөх тухай мэдэгдэл хийсэн. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд ажилласан байдаг. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны орой 19 цаг өнгөрсний хойно хүмүүсийг зааланд цуглуулж, тушаал танилцуулан гарын үсэг зуруулсан байдаг. Үүнээс үзэхэд Ч.М дарга ямар нэг шалгалт аваагүй, уулзаагүй байдаг.
Ч.М даргын баталсан 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар тус хэлтсийн албан хаагчдыг шинэ бүтэц, орон тооны дагуу томилж чөлөөлсөн байдаг. Гэтэл тус тушаал нь зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоог баталсан байдаг ба ямар нэгэн албан хаагчийг халсан, өөрчилсөн талаар шийдвэр байдаггүй. Бидний гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн нь буруу гэдэг асуудлыг хөндөөгүй ба зөвхөн *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст дотоод хяналт, шалгалт, үнэлгээ, үйл ажиллагааны тайлан хариуцсан ажилтан С.Мг буруу халсан, буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Учир нь *** дүүргийн хэлтсийн дарга өөрийнхөө орон тоо батлах эрхгүй. Тэгэхээр *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг буруу шийдвэр гэж үзэж байгаа.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан байдаг. Тэгэхээр энэ заалттай холбогдуулаад авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ...” гэж заасан байдаг ба үүнийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа. Энэ заалттай холбогдуулаад Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 17-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх, олноор нь халсан бол 45 хоногийн өмнө мэдэгдэх заалтыг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлахдаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгэн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна” гэсэн байдгийг огт хэрэгжээгүй юм.
Тухайн захиргаа төрийн албанаас чөлөөлөгдсөн ажилтнуудын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1.2-т “Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа юм.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2.1-д “20 буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, З1.1-д “Захиргааны байгууллага, захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй” гэсэн эдгээр заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна.
*** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэсэн байдаг. Гэтэл энэ нь буруу бөгөөд тус хуулийн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна” гэж тодорхой заасан байгаа.
Хөдөлмөрийн хэлтэс гэж байхад байсан дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтнууд, ажлын байрны тодорхойлолт болон шинэ ажлын байрны тодорхойлолтыг харахад нэг их өөрчлөлт ороогүй байдаг ба орсон өөрчлөлт нь халамжийн асуудал хариуцах тухай байдаг. Орон тоо нь 3 болж нэмэгдсэн нь ямар нэгэн байдлаар давхцсан зүйл харагдахгүй байгаа юм.
Үүнийг тодруулж хэлэхэд Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 15-д “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч тухайн албан хаагчийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан, эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. Ийм учраас ажлын байрны тодорхойлолтыг харахад нэг нь халамжийн асуудлаа хариуцаад нөгөө нь хөдөлмөрийн асуудлаа хариуцаж байгаа учраас өөрчлөлт ороогүй байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэж эдгээр хүмүүсийг ажлаас чөлөөлсөн нь буруу юм. Тухайлбал Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчим байх ёстой. *** дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь төрийн байгууллага бөгөөд Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх ёстой юм. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.6 дахь заалтуудад тусгасан зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байгаа.
*** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаал нь илт хууль бус, илт алдаатай байдаг. Тухайлбал Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хууль 2015 оны 6 дугаар сарын сүүлээр батлагдсан. Судлах тодорхой хугацаа олгосон. Улсын Их Хурлын Сонгуулийн дараа
шинэ бүтэц, орон тоо батлагдсаны дараа *** дүүргийн шинэ Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх, судалж мөрдөх талаар бүх дарга нарт өгсөн төлөвлөгөө гаргасан байдгийг Ч.М дарга мэдэж байх ёстой. Гэтэл энэ нь хэрэгжсэнгүй гэж үзэж байгаа.
Маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад С.Мг чөлөөлсөн заалт байдаг. Гэхдээ түүний албан тушаалыг бичээгүй байдаг. С овогтой Мг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байдаг. Гэтэл энэ хүн тодорхой албан тушаал эрхэлж байсан атал албан тушаалыг огт дурдаагүй. Мөн С овогтой М гэсэн байдаг. Гэтэл түүний овог нь Б юм” гэв.
Иймд Иймд *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн блон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын агентлагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болгон зохион байгуулсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалын хавсралтаар орон тооны дээд хязгаарыг 70 гэж баталж өгснөөр 30 ажлын байрны орон тоо цөөрсөн. Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар хэлтсийн алба хаагчдыг шинэ бүтэц, орон тооны дагуу томилж, чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн С.Мг ажлаас чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр хэлтсийн шинэ бүтэц, орон тооны тушаалыг танилцуулан, бүтцийн өөрчлөлт болон орон тоо хасагдсан талаар мэдэгдэн сонсгол хийсэн.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Энэ хуулиар зохицуулаагүй зүйлийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан байдаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад төрийн албан хаагчийг ажлаас халагдсан үед зохицуулсан тодорхой заалт байдаг учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэр зохицуулалтыг баримтлах шаардлагагүй юм.
Тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг баримтлаагүй гэдэг. Уг заалтаар эрх бүрий албан тушаалтан хэнийг авч ажиллуулах талаар сонгох эрхийг олгосон заалт юм. Нэхэмжлэгч тал тус заалтыг баримтлаад, сонгон шалгаруулалтын талаар буруу зүйл ярьдаг. Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөлөөс шалгалт авахаас бусад тохиолдолд төрийн албаны шалгалт авахыг хориглосон байдаг. Тэгэхээр мэргэшсэн албан хаагчийг авч ажиллуулах чиглэлийг баримталсан.
Шинээр ажлын байрны тодорхойлолтод чухал шаардлагатай буюу нийгмийн ажилтан, эдийн засагч, статистикч хүмүүсийг ажиллуулахаар болсон байдаг. Хоёр хэлтэс нэгдэхэд Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр хариуцсан хяналт байсан байна. Харин Халамжийн хэлтэст халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 2 байсан. Шинэ бүтэц, орон тоогоор 3 хяналтын мэргэжилтэн батлагдаж ирсэн. Өнөөдөр хяналтын 3 мэргэжилтэн ажиллаж байгаа. Гэхдээ 1 хяналтын мэргэжилтний орон тоон дээр хяналт бүрдүүлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байгаа. Нөгөө 2 мэргэжилтэн нь байгууллагын хөдөлмөр, халамжийн асуудлыг хариуцсан хяналтын үйл ажиллагаа явуулдаг.
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй талаар ярьж байна. Гэтэл тус хуулийн 28.1.5-д “Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэж заасан байдаг. Мөн 84 дүгээр зүйлд “Захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллага” гэж тодорхойлсон ба 84.1.2-т “Дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Энэ нөхцөлд сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заасан байдаг. Учир нь Засгийн газраас шинэ бүтэц байгуулагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтсийг нэгтгээд Хөдөлмөр, халамжийн хэлтэс болгоод, 30 орон тоо хасагдсан байгаа. Орон тоо хасагдах талаар бүгд 2-3 сарын өмнө мэдэж байсан.
Захиргааны актад бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд дараах тохиолдолд энэ хуулийн 40.4-т заасан шаардлага хамаарахгүй гэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.2 дахь заалтад “Хаяглагдсан этгээд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол...” гэж заасан байдаг. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс бодит нөхцөл байдалд 2-3 сарын өмнө ажлаас чөлөөлөгдөх талаар мэдэгдэж байсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч С.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс “*** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
*** дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 1 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Мг *** дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Дотоод хяналт-шинжилгээ үнэлгээ, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, мөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Дотоод хяналт-шинжилгээ үнэлгээ, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтэний албан тушаалаас чөлөөлөгджээ.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/653 дугаар захирамжаар дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон зохион байгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоог батлахад нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр буюу Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтэний орон тоо хасагдаагүй хэвээр батлагдсан.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/129 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 3.2-т “... хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг сайдын зөвшөөрснөөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батална” гэж зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн А/11 дүгээр тушаал болон *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 тушаалаар тус тус *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоог батлахдаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоо 3 байхаар баталсан байна.
*** дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтсийн чиг үүрэг нийлж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон зохион байгуулагдсан боловч аль аль чиг үүрэг хасагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаал, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхад нэхэмжлэгч С.Мг *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдөн зохион байгуулагдсан гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу “төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэсэн зохицуулалтыг зөрчжээ.
Иймд *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаал тушаалыг хүчингүй болгож, С.Мг өмнө нь эрхэлж байсан *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, дэвтэрт нь зохих бичилт хийх үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгч С.Мгийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 10, 11, 12 дугаар саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.М *** дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Маркетинг хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасны дагуу татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Мг *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Мгийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 10, 11, 12 дугаар саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч *** дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН