Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0052

 

                        “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн

                                гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Я.А, хариуцагч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 871 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Н ф к ББСБ” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 871 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д заасныг тус тус баримтлан “Н ф к ББСБ” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0055527 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д “банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн ... бол хууль бусаар олсон мөнгөн хөрөнгө, орлогыг хурааж, ... хуулийн этгээдийг 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан ба эрх бүхий албан тушаалтан уг зөрчилд манай банк бус санхүүгийн байгууллагыг шалгаж байгаа тохиолдолд манай ББСБ-ын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн эсэхийг шалган тогтоох үүрэгтэй гэж ойлгож байгаа.

Гэтэл салбар нээсэн гэх тус байршилд "Н л” ХХК, “Н а” ХХК, “Н м” ХХК гэх эдгээр компаниуд нь хуульд заасны дагуу өөрсдийн салбарыг нээн ажиллуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт мөн тодорхой дурдсан байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан баримтаар “"Н л” ХХК, “Н а” ХХК, “Н м” ХХК гэх компаниудын Сонгинохайрхан дүүрэг дэх салбарууд нь нэхэмжлэгч “Н ф к ББСБ” ХХК-н лого бүхий зээлийн гэрээг ашигласан болох нь тогтоогдсон гэж шүүхийн шийдвэрийн үндэслэлд маш толорхой дурдсан байна. Уг үйл баримтаас “Н ф к ББСБ” ХХК нь өөрийн салбарыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр нээгээгүй, харин манай ББСБ-ын гэрээг нэр дурдсан хуулийн этгээдүүд ашиглаж байсан болох нь тодорхой байна.

Мөн санхүүгийн тайлангийн бусад пассив хэсэг дэх салбар хоорондын тооцооны өглөг дансны тайлбарыг гаргахдаа 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 7,6 тэрбум төгрөгийн өглөг байдлаар санхүүгийн зохистой харилцааны тайланд бүртгэсэн гэсэн тухайд эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудасанд манай ББСБ-ыг яг ямар нотлох баримтыг үндэслэн буруутгаж байгаа талаар нотлох баримтыг тусгайлан нэрлэж заагаагүй.

Эрх бүхий албан тушаалтан нь өөрөө 7,6 тэрбум төгрөгийн өглөг нь манай салбар хоорондын өглөг бус харин “Нэткапитал финанс корпораци” ББСБ ХХК-ийн “Нэткапитал авто” ХХК-д төлөх ёстой төлбөр болохыг мэдэж байсан, мөн манай компанийн гаргасан тайлбар нь үндэслэл бүхий болохыг мэдсээр байсан атлаа зөрчил үйлдсэн гэм буруутайд тооцож шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

“Н ф к ББСБ” нь Сонгинохайрхан дүүрэгт өөрийн салбарыг нээсэн нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрээр шийтгэлийн хуудсыг үндэслэл бүхий болсон гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д зааснаас үзвэл салбар төлөөлөгчийн газрыг Санхүүгийн зөвшөөрөлтэйгээр нээх тухай зохицуулалт байна. Манай хувьд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт салбарын үйл ажиллагааг нээхээр зөвшөөрөл хүссэн хүсэлтийг холбогдох баримтын хамт хуульд нийцүүлэн хүргүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү хүсэлтийг маань шийдвэрлээгүй байна. Сүүлд энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахад тус газраас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 7/2853 дугаар албан тоогоор “зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсний дараа танай байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг дахин хянаж шийдвэрлүүлэх боломжтой болно” гэх хариуг ирүүлээд байгаа ба манай компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог зөвшөөрөлгүйгээр нэг ч салбарыг нээгээгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх нь дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, манай компанийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Бид Монгол Улсын Зар сурталчилгааны тухай хуулийг өөрийн үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг. Тийм ч учраас “Н ф к ББСБ”-ын хаяг, рекламыг Сонгинохайрхан дүүргийн 29- дүгээр хороо, Москва хороолол, 121а байранд байрлуулахдаа тус байрны СӨХ-оос зөвшөөрөл авч байршуулсан бөгөөд зохих төлбөрийг тогтмол төлсөөр өнөөдрийг хүрсэн байна. Гэтэл энэхүү хууль зөрчөөгүй үйл ажиллагааг манай ББСБ-ыг зөрчил үйлдсэнд буруутгахдаа үндэслэж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх нь ийнхүү хэргийг шийдвэрлэснээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дах хэсэгт заасны дагуу “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг болон нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй ба Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0055527 дугаар шийтгэлийн хуудсаар “Н ф к ББСБ” ХХК-ийг банк бус санхүүгийн байгууллагын салбарын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн зөрчил гаргасан хэмээн Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн 40,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, “...эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ...ББСБ-ын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна” хэмээн “Н ф к ББСБ” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр нээнэ”, хэрэв банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн бол Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус хуульчилжээ.

Хэрэгт авагдсан авагдсан зээлийн гэрээ, фото зураг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон банк бус санхүүгийн байгууллагын мэдээллийг ашиглан зээлдэгчийн мэдээллийг авах зорилгоор мэдээлэлд нэвтэрсэн үйлдэл, Санхүүгийн тайлангийн бусад пассив хэсэг дэх салбар хоорондын тооцооны өглөг дансны тайлбарт “...салбар хооронд авлага /өглөг/ 2019 оны 05 дугаар сарын 27-ны байдлаар 7,608,782,979.21 төгрөг...” гэснээс үзэхэд гомдол гаргагч “Н ф к ББСБ” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт зөвшөөрөлгүй өөрийн салбарыг нээн ажиллуулж байсан болох нь тогтоогдсон, дээрх нотлох баримтуудад үндэслэн “Н ф к ББСБ” ХХК-ийг зөвшөөрөлгүй салбар нээн ажиллуулсан хэмээн торгох шийтгэл оногдуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“Н ф к ББСБ” ХХК-ийн хаяг, рекламыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 121а байранд байрлуулахдаа тус байрын СӨХ-оос зөвшөөрөл авч байршуулсан, энэхүү хууль зөрчөөгүй үйл ажиллагааг зөрчил үйлдсэнд буруутгахдаа үндэслэж байгаа нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд маргааны тохиолдолд гомдол гаргагч нь салбарын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй дүүрэг, хороонд салбарын үйл ажиллагаа эрхэлж, өөрийн ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор зарын самбар байршуулсан нь тогтоогдсон байх тул энэхүү үйл ажиллагааг хууль зөрчөөгүй гэж үзэхгүй.

Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Сонгинохайрхан дүүрэгт салбарын үйл ажиллагаа нээхээр зөвшөөрөл хүссэн хүсэлтийг холбогдох баримтын хамт хуульд нийцүүлсэн хүргүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ хүсэлтийг шийдвэрлээгүй” гэх гомдол нь маргааны тохиолдолд шууд хамааралгүй бөгөөд энэ талаарх буюу хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан маргах эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээтэй талаас үнэлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 871 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                Д.БАТБААТАР

                                 ШҮҮГЧ                                                                          С.МӨНХЖАРГАЛ

                                 ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ