Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 00222

 

 

 

 

 

 

 

 

2015 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/00222

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дархан-уул аймгийн Дархан сум, 12-р баг, 16-р байрны 109 тоотод оршин суух, Зэвсэгт хүчний 322- ангийн захирагч ажилтай, регистр ХЕ69031079, Ундарга овогт Гарамын Насанхүү,

 

Нэхэмжлэгч: Дархан-уул аймгийн Дархан сум, 12-р баг, 16-р байрны 109 тоотод оршин суух, 18-р сургуульд багш ажилтай, регистр ЗЮ68080362, Дуутан овогт Жадамбын Ундармаа нарын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 15-р байрны 29 тоотод  оршин суух, Сөүл салонд үсчин ажилтай, регистр ТЕ81100407, Боржигон овогт Юмцэрэнгийн Энхзаяа,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 40Д байрны 42 тоотод оршин суух, Чингис шар айраг ХХК-д менежер ажилтай, регистр ТЕ80060512, Боржигон овогт Юмцэрэнгийн Дархантулга нарт холбогдох  үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, байр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг  хүссэн хэргийг  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Насанхүү, Ж.Ундармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд /үнэмлэх 1961/, хариуцагч Ю.Энхзаяа, Ю.Дархантулга, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /үнэмлэх 0808/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов..                                                                                                    

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2001 онд Дархан-Уул аймагт Зэвсэгт хүчний холбооны шинэ анги байгуулагдаж, бид гэр бүлээрээ амьдрахаар очсон. Тэгээд телевизээр 16-р байрны 109 тоот 2 өрөө байрыг зарна гэсэн зар явж байсны дагуу Энхзаяа,  Баянжаргал гэх хүмүүстэй уулзсан. Тус байранд хүн амьдраагүй хоосон байсан бөгөөд бид ярилцааад 1 050 000 төгрөгөөр байрыг худалдаж авахаар Энхзаяатай тохирсон. Гэтэл цахилгаан, ус, дулааны төлбөр 692 000 төгрөг байгаа, үүнийг байрны үнийн дүнгээс хасч тооцно гэж хэлсэн. Байрны ордер нь түр зуур ломбарданд байгаа, таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл 357 000 төгрөгийг авна гэж тохирсон. Гэтэл Оюун гэдэг хүн миний байрыг суллаж өг гэж шүүхэд  намайг хариуцагчаар татсан. Энхзаяа нь энэ байрыг Оюун гэдэг хүнд залилуулсан гээд бид хамт хөөцөлдөж байсан. Энхзаяатай 2004 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Бид энэ байранд 14-15 жилийн хугацаанд оршин сууж байна. Харин хариуцагч Ю.Энхзаяа нь байрны гэрчилгээг бидний нэр дээр шилжүүлж өгөөгүй байж 2015 оны 8-р сарын 18-ны өдөр төрсөн ах Ю.Дархантулгатаа “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэгдэх гэрээ”-гээр шилжүүлсэн байна. Иймд энэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ю.Энхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, тохиролцоо гэж үзэж байна. Би 2 ахтай. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ю.Дархантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 16р байрны 109 тоот сууцыг 1986 онд ашиглалтад орснос хойш би аав Д.Юмцэрэн, ээж Ш.Тогтуур, ах Ю.Бямбатулга, дүү Ю.Энхзаяа нарын хамт амьдардаг байсан. Энэ байрыг миний аавд Дархан-уул аймгийн Эрүүлийг хамгаалах газраас 1986 онд өгсөн. Миний ээж Тогтуур 2000 онд зуурдаар, аав Юмцэрэн 2001 онд өвчнөөр нас барсан. Аавын ажил явдал дууссаны дараа ах бид хоёр тус тусын ажил руугаа явж, харин дүү Энхзаяа хадмындаа амьдархаар болоод байраа аавын төрсөн дүү Д.Өлзийхүү, нөхөр Баянжаргал нарт хүлээлгэж өгсөн. Байр зарах нэг ч зар өгч байгаагүй. Насанхүү, Ундармаа нар нь хөдөөнөөс шилжиж ирээд орон байргүй явж байхдаа Баянжаргал ахтай таарч, манай байранд түр суухаар орсон байсан. Энхзаяа энэ байрыг худалдах ямар ч эрхгүй. Тухайн үед юмны учир сайн мэдэхгүй, ах нар нь байхгүй үед нотариатч дээр очиж хуурч мэхлэн гэрээ хийсэн байх. Нотариатаас эх хувийг шүүлгэхэд архивт байхгүй байсан. Харин Оюун гэдэг хүн манай байрыг залилан мэхэлж өөрийн нэр дээр болгосон байсныг олон жил шүүхээр хөөцөлдөж шүүхийн шийдвэрээр дүү Энхзаяагийн нэр дээр болгож авсан. Ийм маргаантай байгааг Насанхүү, Унармаа нар мэдэж байсан. Тэгээд бид 3 ярилцаад айлын бага хүү гэдэг утгаараа би бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Насанхүү, Ж.Ундармаа нар нь Ю.Энхзаяа, Ю.Дархантулга нарт холбогдох орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй гэж дүгнэлээ.

 

Ю.Энхзаяа нь 2001 оны 11-р сарын 25ны өдөр Ж.Ундармаад Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р багийн 16-р байрны 109 тоот байрыг  1 050 000 төгрөгөөр худалдах, байрны үнээс ус, дулаан, цахилгааны төлөгдөөгүй өр 692 000 төгрөгийг хасч тооцохоор тохирч, байрны гэрчилгээ маргаантай байгаа, гэрчилгээ шилжүүлэн өгсний дараа төлбөрийг эцэслэн шилжүүлэхээр /хх 11/ тохирчээ. 

 

Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл...нотариатаар гэрчлүүлэх, 110-р зүйлийн 110-р зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болгохоор зохицуулжээ.

 

Харин Х.Энхзаяа, Ж.Ундармаа нарын худалдахаар тохирсон байр нь худалдаж байгаа талын өмчлөлд байгаагүй, эзэмших эрхийн маргаантай байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, нотариатч нь Нотариатын тухай хуулийн 31-р зүйлийн 31.1.1 дэх хэсэгт зааснаар нотариатын үйлдэл хийхээс татгалзахаар байхад 2004 оны 4-р сарын 28-ны өдөр гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нь хууль зөрчсөн байна.

 

Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09-р сарын 12-ны өдрийн А/12 тоот шийдвэрээр маргаж буй дээрх сууцыг У.Оюунд олгосон 32785 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг, Улсын бүртгэлийн Ү-2003007723 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 00197324 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Энхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх ба шийдвэр хүчин төгөлдөр /хх 27-30, 54-57/ байна.

 

Х.Энхзаяа нь хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхийг бүртгүүлсэн, улмаар 2015 оны 08-р сарын 18-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ”-гээр Ю.Дархантулгат шилжүүлж, Ю.Дархантулга нь 2015 оны 08-р сарын 21-ний өдрийн 000427713 тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөгч /хх 51-52/ болжээ.

 

Ю.Дархантулгыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл үнэн зөв бөгөөд бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Х.Энхзаяа, Ж.Ундармаа нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл байхад гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Ундармаа, Г.Насанхүү нар нь дээрх байранд 2001 оноос амьдарч байгаа, хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлсөн, одоо төлбөр тооцоогүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй,  Д.Юмцэрэнгийн ОСА-ын контортой байгуулсан гэрээ, нас барсны гэрчилгээ, паспорт, Х.Энхзаяагийн өв залгамжлах эрхийн гэрчилгээ зэрэг баримтын талаар талууд маргаагүй /хх 6, 7, 12-15/, Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11-р сарын 07-ны өдрийн 1417 тоот шийдвэрээр У.Оюуны нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн /хх 17-19/, гэрч Д.Өлзийхүүгийн мэдүүлэг нь У.Оюуны нэхэмжлэлтэй хэрэгт хамааралтай /хх 62/ байна.  

Хэргийн 8, 10 дахь хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх ба 40 сая төгрөгний үнэ бүхий байрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээний үнээс тооцож дутуу төлсөн 287 750 төгрөгийг нэхэмжлэгч нараар нөхөн төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ю.Энхзаяа, Ю.Дархантулга нарын хооронд байгуулагдсан 2015 оны 08-р сарын 18-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2001 оны 11-р сарын 25-ны өдрийн Ю.Энхзаяа, Ж.Ундармаа нарын хооронд байгуулсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р багийн 16-р байрны 109 тоот сууцыг худалдах, худалдан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн Г.Насанхүү, Ж.Ундармаа нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэхь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Насанхүү, Ж.Ундармаа нараас 278 750 /хоёр зуун далан найман мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай. 

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА