Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00314

 

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/05091 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, *******, ******* нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 155,865,046.75 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ***** ХХК, ***** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч ***** ХХК болон *****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдэгч ***** ХХК болон *****, ***** нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, ***** тоот хаягт байршилтай бараа материал, тоног төхөөрөмж, *****ын өмчлөлийн ***** дүүрэг, 7 дугаар хороо, ***** дүгээр хороолол, 7 байр, 180 тоот хаяг байршилтай, 40 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нар нь үндсэн зээлд 7,628,567.26 төгрөг, зээлийн хүүд 7,359,500.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 40,713.4 төгрөг, нийт 15,028,780.75 төгрөг төлсөн ба гэрээний хавсралт дахь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн. Зээлдэгчээс зээл төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөөгүй.

Иймд үндсэн зээлийн төлбөрт *****2,371,432.74 төгрөг, хүүгийн төлбөрт 40,475,296.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,997,317.68 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 155,865,046.75 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тал шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ***** ХХК, ***** нараас 155,865,046.75 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *****-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ***** ХХК, ***** нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *****ын өмчлөлийн Улаанбаатар хот, ***** дүүрэг, 7 дугаар хороо, ***** дүгээр хороолол, 7 байр, 180 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*****дугаартай үл хөдлөх хөрөнгө, ***** ХХК, ***** нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт, ***** тоот хаягт байршилтай бараа материал, тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,165,427 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** ХХК, ***** нараас улсын тэмдэгтийн хураамж 1,165,427 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч ***** ХХК болон *****ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэмэгдүүлсэн хүү 2,997,317.68 төгрөгийг тооцсон тооцоолол нь буруу, үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрээс нэмэгдүүлсэн хүүг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Нэмэгдүүлсэн хүү тооцох талаар гэрээнд заасан. Хуульд заасан хувь хэмжээний хүрээнд нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** ХХК болон *****, ***** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл *****2,371,432.74 төгрөг, хүү 40,475,296.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,997,317.68 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 155,865,046.75 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

 

3. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу ***** нь 120,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар ***** ХХК, *****т олгожээ.

Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ***** ХХК, ***** нар нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт, ***** тоот хаягт байрлах бараа материал, тоног төхөөрөмжийг, ***** нь эрхийн улсын бүртгэлийн Ү-*****дугаартай, ***** дүүрэг, 7 дугаар хороо, ***** дүгээр хороолол, 7 байр, 180 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцыг барьцаалсан.

 

3.1. Гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нар нь үндсэн зээлд 7,628,567.26 төгрөг, хүү 7,359,500.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,713.4 төгрөг, нийт 15,028,780.75 төгрөг төлсөн байх ба 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс зээлийн эргэн төлөлтийг хуваарийг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 17, 22-ны өдрүүдэд үүргийн зөрчлөө арилгахыг хариуцагч нарт мэдэгдсэн.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэрээний 2.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

 

4.1. Зээлдэгч нар нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс зөрчсөн, зөрчил арилгахыг зээлдэгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцэж байна.

 

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, хувь хэмжээний талаар мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй тул тэдгээрээс үндсэн зээл *****2,371,432.74 төгрөг, хүү 40,475,296.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,997,317.68 төгрөг, нийт 155,844,046.75 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэгдүүлсэн хүүгийн шаардах эрхэд хамаарах зохицуулалтыг баримтлалгүй орхигдуулсныг залруулж өөрчлөлт оруулна.

Хариуцагч нар нь нэмэгдүүлсэн хүүг хангасан хэсэгт гомдол гаргасан боловч чухам ямар тооцооллын үндсэн дээр эс зөвшөөрч буй байр суурь тодорхойгүй, анхан шатны шүүхэд энэ талаар маргаагүй тул гомдлыг хангахгүй.

 

4.3. Үүргийн зөрчилтэй холбогдон гарсан нотариатын зардал 21,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхээс хангасан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн. Уг зохицуулалтыг шийдвэрт орхигдуулсан байх тул мөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

5. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангасан шийдэлд зохигч гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *****6 дугаар зүйлийн *****6.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах үүднээс хөдлөх эд хөрөнгийн барьцааны талаарх анхан шатны шүүхийн алдаатай эрх зүйн дүгнэлтийг залруулж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

5.1. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж заасан.

Өөрөөр хэлбэл, талууд барьцааны гэрээ байгуулж байгаа тохиолдолд барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заах ёстой.

Харин 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулахдаа барьцаалагч *****, барьцаалуулагч ***** ХХК, ***** нь бараа материал, тоног төхөөрөмжийг жагсаалтаар барьцаалахаар харилцан тохиролцсон боловч чухамхүү ямар тоо хэмжээтэй, ямар төрлийн хөдлөх эд хөрөнгө барьцаалсан талаар жагсаалт үйлдэгдээгүй, шүүхэд холбогдох баримтыг ирүүлээгүй.

Энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***** дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг алдагдуулсан.

Өөрөөр хэлбэл, ямар тоо хэмжээтэй, ямар төрлийн хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нь тодорхойгүй учир шүүхийн шийдвэрийн энэ хэсэг биелэгдэх боломжгүй. Нотолгооны хуваарилалтаар дээрх нөхцөл байдлыг шүүхийн өмнө нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

Иймд Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт, ***** тоот хаягт байршилтай бараа материал, тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5.2. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тул анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хангасан нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцэж байна.

Хариуцагч ***** нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний шаардлагын хариуцагч байхад анхан шатны шүүх түүнийг хариуцагч гэж үзэх боломжгүй гэж алдаатай дүгнэсэн байгааг залруулж дүгнэж байна.

 

6. Хөдлөх эд хөрөнгийн барьцаанд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, мөн анхан шатны шүүхэд илүү төлөгдсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй, хариуцагч нараас гаргуулах тэмдэгтийн хураамжийг илүү тооцоолсон зэрэг үндэслэлээр улсын тэмдэгтийн хуваарилтанд өөрчлөлт орно.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/05091 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 453.1 гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***** ХХК, ***** нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *****ын өмчлөлийн Улаанбаатар хот, ***** дүүрэг, 7 дугаар хороо, ***** дүгээр хороолол, 7 байр, 180 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*****дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

***** ХХК, *****ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт, ***** тоот хаягт байршилтай бараа материал, тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,165,427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

хариуцагч ***** ХХК, *****аас 1,007,475 төгрөг, улсын орлогоос 87,752 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****-д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *****9 дүгээр зүйлийн *****9.4, *****9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ