| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 104/2024/00774/И |
| Дугаар | 210/МА2025/00356 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00356
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 104/ШШ2024/00706 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
22,030,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
16,050,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *****, ***** нараас ***** дүүргийн 8 дугаар хороо, ***** дугаар байрны 5 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 92,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 22,030,000 төгрөгийг шилжүүлсэн.
Орон сууцандаа ороод байж байтал ус алдаад болохгүй болохоор нь ***** рүү залгаж, дээд айлаас чинь ус алдсан байна гэхэд, шинэ байранд орж байгаа юм чинь засвар хийхээр зүгээр болчих байх гэж хэлсэн. Гэтэл эхний борооноор ариун цэврийн өрөө, коридорын дээврээс ус орж ирсэн. Хөрш айлуудаасаа асууж үзтэл дээд айлаас ус алдсан биш дээврээр дамжин манай байр руу ус ордог түүнээсээ дамжаад орон сууцны хонгилд ус хуримтлагддагийг мэдсэн.
***** нь надад анхнаасаа ус гоождог эд хөрөнгийн доголдолтой орон сууцыг худалдсан байсан. 2024 оны 05 дугаар сараас хойш гэрээгээ цуцалж мөнгөө авъя гэхэд, өгнө гэсээр одоог хүртэл өгөөгүй.
Иймд зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 22,030,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
1.2. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний 4.1, 4.2, 4.5-д заасан үүргийг хариуцагч зөрчсөн. Анхнаасаа эд хөрөнгийн доголдолтой байсан орон сууцыг бидэнд худал мэдээлж худалдсан. Эд хөрөнгийн биет байдлын доголдолтой орон сууц шилжүүлсэн учир гэрээнээс учирсан хохирол шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сараас гэрээгээ цуцалъя гэж яриагүй бөгөөд анх орон сууцанд орохдоо засвар хийгээд орно гэсэн боловч засвар хийгээгүй. Хэрэв 2024 оны 04-05 дугаар сард ус гоожсон гэж байгаа бол яагаад 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөнгө шилжүүлсэн юм бэ. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр л гэрээ цуцлах асуудал яригдсан.
Нэхэмжлэлдээ засвар хийсэн гэж бичсэн боловч засвар хийгээгүй, борооны ус гоожсон гэдэг нь хуучин байсан зүйл юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.2. Гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэсний дагуу 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс сөрөг нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл тооцоход нийт 55 хоногийн алданги 11,550,000 төгрөг болно.
Мөн манайх орон сууцаа оросуудад сарын 1,200,000 төгрөгөөр түрээсэлж байсан бөгөөд 2024 онд ***** дүүрэгт 2 өрөө орон сууцны нэг сарын түрээсийн төлбөр 1,000,000-1,200,000 төгрөг байсан. Хэрэв худалдан авагч тал гэрээний үүргээ зөрчөөгүй байсан бол байраа бусдад түрээслээд 4,500,000 төгрөгийн ашиг олох байсан.
Гэрээний оролцогч талууд гэрээний үүргээ зөрчвөл гэрээний 5.3-т зааснаар нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Иймд нийт 16,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эх оронч овогт ***** *****, * овогт ***** ***** нараас 22,030,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овогт Бөх***** *****д олгож, хариуцагч *****ийн гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдсэн алданги 11,550,000 төгрөг, олох ёстой байсан орлого 4,500,000 төгрөг, нийт 16,050,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *****ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *****, ***** нараас 269,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****д олгож, хариуцагч *****ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Гэрээний талууд тухайн байрны доголдол гэх зүйлийн талаар мэдэж байсан бөгөөд худалдан авагч талаас тухайн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгч байрны үнийн дүнгээс засвар хийх 8,000,000 төгрөгийг хасч тооцон гэрээ хийсэн.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт "эд хөрөнгө худалдан авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана" гэж заасан. Нэхэмжлэгчийн доголдол гээд байгаа нөхцөл байдал нь тэднийх уг байрыг худалдаж авснаас хойш үүссэн болох талаар нэхэмжлэгч нотлоогүй байхад доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу.
Харин худалдагч талын зүгээс нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний 3.6, 5.1, 5.3, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар *****аас гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага, өөрт учирсан хохирол, олох ёстой байсан орлогоо шаардах нь зөв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч З.Ганчимэг нь нэхэмжлэгч талаас нотлох баримт шалгуулахаар шүүхэд гаргаж өгсөн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байсан атлаа хариуцагч талаас нотлох баримт шалгуулахаар гаргасан хүсэлтийг удаа дараа хангахгүй, үндэслэлгүй татгалзаж нөгөө талд илт давуу байдал олгож байсан
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Шийдвэр үндэслэлтэй гарсан. Худалдагч доголдолтой орон сууц худалдсан нь баримтаар тогтоогдсон тул анх шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэгч шаардах эрхтэй. Гэрээнээс татгалзсан тул алданги тооцох үндэслэлгүй, мөн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул хариуцагч нь хохирол шаардах эрхгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****, ***** нарт холбогдуулан доголдолтой орон сууц худалдсан үндэслэлээр гэрээнээс татгалзаж 22,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нар нь худалдсан орон сууцны доголдол тогтоогдоогүй, гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, алданги 11,550,000 төгрөг, хохирол 4,500,000 төгрөг, нийт 16,050,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *****, ***** нар нь *****д ***** дүүрэг, 8 дугаар хороо, ***** дугаар байрны 5 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцыг 92,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг хуваарийн дагуу төлүүлэхээр харилцан тохиролцсон ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нарт 22,030,000 төгрөг төлсөн.
Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
3.1. Харин зохигчийн маргаж буй гэрээнээс татгалзах үндэслэл болсон үйл баримтын талаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлж үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүйг залруулах нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тохиолдолд маргаан бүхий үйл баримтыг нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдоно.
3.2. Хариуцагч нь орон сууцыг анх хүлээлгэн өгөхөд ус алдсан нөхцөл байдал байсантай нэхэмжлэгч танилцаад хүлээн авсан гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй. Иймд хэрэгт авагдсан орон сууцны шинж чанар, элэгдэлтэй холбоотой гэрэл зургийн үзүүлэлтийг нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авснаас хойших нөхцөл байдлыг нотолсон гэж дүгнэхгүй.
Мөн хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд буюу нэхэмжлэгчийн тухайн орон сууцыг эзэмшиж байх хугацаанд орон сууцны биет байдлын доголдлоос шалтгаалж ус алдсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Үүнийг нотлохоор нэхэмжлэгчийн гэрчээр асуулгасан Б.***** нь тухайн байранд амьдардаг боловч гэрээний зүйл болох 5 тоот орон сууцны хөрш биш бөгөөд мэдүүлэгт дурдсан үйл баримт нь өөр бусад баримтаар үнэн зөв, эргэлзээгүй болох нь тогтоогдоогүй учир үнэлэхгүй.
3.3. ***** дүүргийн Чандмань ***** ОНӨААТҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 351 тоот албан бичигт ***** дугаар байрны дээврээс ус нэвчиж хонгилд хуримтлагдсан байсныг соруулсан гэж дурдсан. Гэхдээ нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцаар дамжиж дээврийн ус байрны хонгил руу нэвчсэн гэх үйл баримт, шалтгаант холбоог нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
4.1. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас анх ус алдсан нөхцөл байдал бүхий орон сууцыг харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдан авсан учир хариуцагч талыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдсан гэж дүгнэнэ.
Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
4.2. Гэхдээ 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах саналыг хариуцагч хүлээн зөвшөөрч орон сууцыг буцаан авсан тул талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан байна.
Нэгэнт талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Иймд анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний төлбөрт хүлээн авсан 22,030,000 төгрөгийг буцааж гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн гэрээнээс татгалзахад талууд зөвхөн хүлээн авсан гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэгтэй, мөн энэ тохиолдолд гэрээний тохиролцоо хэрэгжихгүй буюу гэрээнд зааснаар алданги тооцохгүй тул алданги 11,550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4.3. Анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан хохирол 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн, гэхдээ холбогдох эрх зүйн дүгнэлтийг өгөхдөө хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг залруулан дүгнэх нь зүйтэй.
Нэгэнт нэхэмжлэгч эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзаагүй, харин гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон.
Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар өөрийн орон сууцыг бусдад хөлсөлж олох байсан орлогыг шаардах эрхтэй.
Гэхдээ 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд тухайн орон сууцыг бусдад хөлслүүлснээр 4,500,000 төгрөг олох байсан гэх сөрөг нэхэмжлэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Учир нь энэ шаардлагад холбогдуулж бусад иргэд хооронд байгуулсан 2 орон сууц хөлслөх гэрээг баримтаар хэрэгт өгсөн байх боловч эдгээр гэрээ байгуулсан хугацаа нь сөрөг нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамааралгүй, хөлслүүлж буй орон сууцны талбайн хэмжээ, байршил зэрэг нь маргааны зүйл болж буй орон сууцнаас зөрүүтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхгүй.
5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн эрх зүйн дүгнэлтийг залруулан дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 104/ШШ2024/00706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ