Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 4531

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/04531

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу А.Амарын гудамж, Петровис ХХК-ийн байр, “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг 309 тоотод байрлах, “Монгол Дайвин” ХХК-д холбогдох 6 576 930 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад                                                                                                       

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “НИК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол дайвин ХХК” өөрийн компаний үйл ажиллагаанд зориулж НИК ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь НХС-аас 2015 оны 10-р сард 3.255.000 төгрөгийн шатахуун авч төлбөрийг төлөөгүй, мөн Дорнод аймаг дахь НХС-аас 2015 оны 9,10-р саруудад 10.726.420 төгрөгний шатахуун авч 4.930.000 төгрөгний төлбөр 3 321 930 төгрөгний төлбөрийг төлөөгүй ба нийт 6.576.930 төгрөгний шатахууны өрийг төлөөгүй байна. НИК ХХК-ийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 3-р сарын 25-нд ... “шатахууны төлбөрийг 2016 оны 4-р сард багтаан барагдуулах болно.” Гэсэн албан бичиг өгсөн байдаг. Гэвч Монгол дайвин ХХК нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгний төлбөр төлөөгүй манай компанийг хохироож байна. Иймд “Монгол дайвин” ХХК-иас шатахууны төлбөрийн үлдэгдэл 6.576.930 төгрөг албадан гаргуулж өгнө үү гэжээ .

 

Хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй нэхэмжлэгч "НИК" ХХК-ийн "Монгол дайвин" ХХК-д холбогдуулан "Худалдах худалдан авах гэрээ"-ний үүрэгт 6 576 930 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. "Монгол дайвин" ХХК нь өөрийн компаний санаачлан шилжүүлж байгаа "Атмор-24 төсөл", Улсын төсвийг хөрөнгө оруулалтаар хийгдэж ажилд зориулан "НИК" ХХК-ийн орон нутаг дахь шатахуун түгээх станцуудаас 2015 оны 09-р сарын 18-ны өдрөөс 2015 оны 11-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 14 418 730 төгрөгийн шатахууныг зээлээр худалдан авсан авсан байна. Энэхүү төлбөрөөс 2015 оны 09-р сарын 29-ний өдөр 7 841 800 төгрөгийг төлж өнөөдрийн байдлаар 6 576 930 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Бидний зүгээс дээрх өр төлбөрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаас орж ирэх санхүүжилтээс шийдвэрлэхээр төлөвлөж байсан боловч Монгол улсын хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хямралт нөхцөл байдлын улмаас улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Иймд бид дээрх нэхэмжпэлийн шаардлагыг бүрхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орж ирэх эхний санхүүжилтээс уг төлбөрийг төлж барагдуулахаа албан ёсоор илэрхийлж байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “НИК” ХХК нь “Монгол дайвин” ХХК-д холбогдуулан 6 576 930 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Монгол дайвин” ХХК нь “НИК” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 6 576 930 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6 576 930 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 181 төгрөгийн 60 590,5 төгрөгийг улсын төсвөөс, 60 590,5 төгрөгийг хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч “НИК” ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                      Р.АЛТАНТУЯА