| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2020/03340/И |
| Дугаар | 210/МА2025/00370 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00370
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04786 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ГХОХХК-д холбогдох,
177,406,985 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
473,450,661 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хариуцагчтай 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 42 дугаар бүхий Дулааны эрчим хүч, цэвэр бохир ус болон борооны усны шугам хоолойг шилжүүлэх, өөрчлөх, бүтээн байгуулалтын ажлын хавсралт гэрээг байгуулан ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээнд заасны дагуу чанарын баталгааны 5% буюу 28,930,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй.
Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын баруун талын гүүрэн гарцын төслийн хүрээнд дараах гэрээнүүдийг байгуулан дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2018-01 тоот гэрээний дагуу 1,673,869,040 төгрөгийн ажил гүйцэтгэж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэвч гэрээ байгуулснаас хойш 1,566,100,000 төгрөгийн санхүүжилтийг авсан ба үлдэгдэл 107,769,040 төгрөгийг шилжүүлээгүй.
Мөн гэрээний нэмэлтээр Ф800 дулааны шугам зөөж шилжүүлэх ажлыг 131,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлаас 6,550,000 төгрөгийн чанарын баталгааны үлдэгдлийг өгөөгүй.
2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2018-01-нэмэлт-01 тоот Дулаан, бохир ус, ус түгээх болон борооны усны шугам хоолойг зөөн шилжүүлэх барилгын ажлын нэмэлт гэрээ байгуулж, гэрээний дагуу 88,185,600 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэвч үүнээс 75,824,100 төгрөгийн санхүүжилтийг авсан ба үлдэгдэл 12,361,500 төлбөрийг төлөөгүй. Мөн дээрх ажлын хүрээнд буюу цэвэр усны Ф325, Ф215 шугам зөөж шилжүүлэхэд нэмэлтээр 21,400,000 төгрөгийн зардал гарсныг өгөөгүй.
Мөн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2018-01-нэмэлт-03 тоот Дулаан, бохир ус, ус түгээх болон борооны усны шугам хоолойг зөөн шилжүүлэх барилгын ажлын нэмэлт гэрээний дагуу 141,165,750 төгрөгөөр хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн боловч 25,844,538 төгрөгийг одоог хүртэл шилжүүлээгүй.
2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2018-11-нэмэлт-04 тоот Дулаан, бохир ус, ус түгээх болон борооны усны шугам хоолойг зөөн шилжүүлэх барилгын ажлын нэмэлт гэрээ-г байгуулж 125,500,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн ч 26,709,700 төгрөгийн төлбөрийг шилжүүлээгүй. Энэ гэрээнд нэмэлтээр 8,990,000 төгрөгийн зардал гарсныг төлөөгүй.
2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2019-10 тоот гэрээгээр 1,030,000,000 төгрөгийн ажил хийхээс 974,224,250 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэвч 727,100,000 төгрөгийн санхүүжилтийг авсан ба үлдэгдэл 247,124,250 төгрөгийг шилжүүлээгүй. Энэ гэрээнд нэмэлтээр 92,130,000 төгрөгийн зардал гарсан байх тул уг зардлыг гаргуулна.
Мөн захиалагч хугацаандаа хөлс төлөөгүйгээс ажлыг гүйцэтгэхийн тулд банкнаас зээл авсны хүүд 84,184,864 төгрөг төлж хохирол учирсан.
1.2. Нийтдээ манай компани 3,848,167,240 төгрөгийн ажлыг хийж хүлээлгэн өгсөн ба шүүхийн шатанд хүлээн авсан санхүүжилтээ тооцоход 3,754,945,119 төгрөг болсон.
Иймд үлдэгдэл санхүүжилт 93,222,121 төгрөг, хохиролд 84,184,864 төгрөг, нийт 177,406,985 төгрөг гаргуулж өгнө үү.
1.3. Байгуулсан гэрээний хүрээнд тус компани 3,848,167,240 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байхад хариуцагч хийсэн ажлыг 3,291,494,458 төгрөг гэж тооцож байгаа нь үндэслэлгүй. Манай гүйцэтгэсэн ажлын хөлс бүрэн төлөгдөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Нийтдээ 6 гэрээ байгуулснаас 3,764,945,119 төгрөгийн ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлсөн. Харин тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл 3,291,494,458 төгрөг байх тул хариуцагчийн хувьд 473,450,661 төгрөгийн авлагатай юм.
92,130,000 төгрөгийн нэмэлт ажлын хувьд талууд бичгээр харилцан тохиролцсон баримтгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ нотлохоор өгсөн баримтуудыг ажил хүлээлцсэн акт гэж үзэх боломжгүй.
Мөн нэхэмжлэгчийн хүү төлж хохирол учирсан гэх үндэслэлээ нотлохоор Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг баримтаар гаргаж өгсөн боловч зарцуулалт нь өөр байгаа.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
2.2. ***** ХХК-иас 3,291,494,458 төгрөгийн ажлыг хүлээж авсан, гэтэл ажлын хөлсөнд 3,764,945,119 төгрөгийг шилжүүлэн өгсөн.
Иймд ажлын гүйцэтгэл болон хөлсний зөрүү 473,450,661 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ***** ГХОХХК-иас 177,406,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ***** ХХК-иас 48,715,723 төгрөг гаргуулж хариуцагч ***** ГХОХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 424,734,938 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.467.920 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,844,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 401,528 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. *****ийн гүүрний борооны ус зайлуулах шугам сүлжээ хийх гэрээт ажлыг гүйцэтгэж дуусгаад 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр санхүүгийн гүйцэтгэлээ бичсэн ба ингэхэд 92,130,000 төгрөгийн дүн бүхий нэмэлт ажил хийгдсэн байсан тул 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн ерөнхий инженер ** болон Инженерийн албаны дарга *****, Инженер ** нар нэмэлт ажлын гүйцэтгэлийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
Эдгээр ажилтнууд нэмэлт ажлын гүйцэтгэлд гарын үсэг зурахдаа бичсэн саналууд нь тухайн ажлууд дотроос аль нэгийг нь эргэж хянах тухай буюу худгийн ажлыг хянах ажил нь гүйцэтгэлд орохгүй гэх мэт байхад шүүх бүхэлд нь тооцоонд аваагүй нь үндэслэлгүй.
*****ийн гүүрний ажлын хувьд манай гүйцэтгэсэн ажил 1,617,165,905 төгрөг, Замын цагдаагийн гүүрний ажлын хувьд шүүхээс 2,181,193,491 төгрөгийн ажил хийсэн гэж үзсэн. Нийт гүйцэтгэсэн ажлын үнийн дүн 3,798,359,396 төгрөг болох бөгөөд 3,672,058,376 төгрөг авсан тул үлдэгдэл 126,301,020 төгрөгийн санхүүжилтийг манайх авах ёстой.
4.2. ***** ХХК нь нэгэнт эхлүүлсэн гэрээт ажлыг дуусгаж үлдэгдэл санхүүжилтээ авч өр төлбөр, ажилчдын цалин хөлсийг барагдуулах үүднээс Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн гэрээ байгуулан 450,000,000 төгрөгийн зээл авч 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 84,184,864.20 төгрөгийн хүүг хий төлж алдагдал хүлээсэн. Иймд 84,184,864.20 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Мөн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх үедээ **-ийн гаргасан №В24-30 дугаартай Шинжээчийн дүгнэлт тайланг огт харгалзан үзээгүй.
Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс илүү хөлсийг төлсөн. Зээл авсан нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоогүй, энэ талаарх баримт байхгүй. Нэмэлт ажил хийсэн болох нь баримтаар нотлогдоогүй, хэрэгт авагдсан баримт нь нэмэлт ажлын баримт биш.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ***** ХХК нь ***** ГХОХХК-д холбогдуулан нэмэлт ажлын хөлс төлөөгүй, санхүүжилтийг зохих хугацаанд олгоогүйн улмаас хохирол учирсан үндэслэлээр 177,406,985 төгрөг гаруулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажлын хөлс илүү олгосон гэж 473,450,661 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч ***** ГХОХХК нь Улаанбаатар хотын *****ийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг сэргээн засварлах болон Замын цагдаагийн газрын баруун талд шинэ гүүр барих төслийг хэрэгжүүлэхдээ ***** ХХК-тай гэрээ байгуулж дулаан, ус хангамж, ариутгах татуурга болон борооны ус зайлуулах шугам сүлжээг зөөж шилжүүлэх, барих ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн байна.
3.1. *****ийн гүүрний төслийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2017-11 тоот гэрээ, үүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2017-42 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасан 578,600,000 төгрөгийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн /1хх 9-20, 21-38/.
Мөн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2019-10 тоот гэрээнд заасан 1,030,000,000 төгрөгийн ажлаас 946,435,905 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь талуудын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн актаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх энэ ажлын хүрээнд нэхэмжлэгч нь гэрээнд заагдаагүй 92,130,000 төгрөгийн нэмэлт ажил хийсэн болох нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн.
Учир нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн огноотой 92,130,000 төгрөгийн үнэ бүхий нэмэлт ажлын актад захиалагч талын инженерүүдийн хятад хэл дээр бичсэн бичвэрийн орчуулга, түүнд туссан агуулгыг дүгнэвэл уг 92,130,000 төгрөгийн ажил нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2019-10 тоот гэрээнд зааснаас тусдаа нэмэлт ажил биш, харин дээрх гэрээний хүрээнд хийгдсэн ажил болох нь тогтоогдсон /1хх 138-164, 2хх 31-43/.
Түүнчлэн захиалагч байгууллагын инженер ****, ***** нар нь ажлын үнийг тусад нь тооцохгүй гэж актад бичсэн, мөн актад дурдсан ус зайлуулах хоолойн барилгын ажил нь 946,435,905 төгрөгийн ажлын гүйцэтгэлд орсон ус зайлуулах хоолойны барилгын ажлаас тусдаа хийгдсэн буюу гэрээний зураг төсөлд хамрагдаагүй ажил болохыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул холбогдох гомдлыг хангахгүй.
Иймд *****ийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг сэргээн засварлах төслийн хүрээнд нэхэмжлэгч нь 1,525,035,905 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
3.2. Замын цагдаагийн газрын баруун талд шинэ гүүр барих төслийн хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2018-01 тоот гэрээнд заасан 2,223,000,000 төгрөгийн ажлаас нэхэмжлэгч нь 1,673,869,040 төгрөгийн үнэ бүхий ажлыг хүлээлгэн өгч, энэ гэрээнд заагдаагүй Ф800 дулааны шугам зөөж шилжүүлэхэд 131,073,100 төгрөгийн ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн байна /1хх 44-65, 74-90, 92, 93-98, 2хх 24-27, 2хх 170-180/.
Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-01-нэмэлт-01 тоот гэрээнд заасан болон нэмэлт ажлын хүрээнд 109,585,600 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2018-01-нэмэлт-03 тоот гэрээний дагуу 141,165,750 төгрөгийн, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2018-01-нэмэлт-04 тоот гэрээний дагуу 118,000,000 төгрөгийн ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн /1хх 99-135, 2хх 42/.
Дээрх байдлаар Замын цагдаагийн газрын баруун талд шинэ гүүр барих төслийн хүрээнд нэхэмжлэгч нь 2,181,193,491 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэжээ.
Анхан шатны шүүхийн энэхүү үйл баримтын дүгнэлтэд зохигч гомдол гаргаагүй.
3.3. Хэрэгт авагдсан банкны дансны хуулга, ***** ХХК-ийн захирал Ц.****н хүү *гийн БНХАУ дах юаны данс руу хийсэн шилжүүлэг, ажлын хөлсөнд тооцож дизель түлш олгосон баримт зэрэгт үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчид 3,754,945,119 төгрөгийн ажлын хөлс төлсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон /1хх 195-236, 2хх 66-92, 176/.
Нэхэмжлэгч нь 82,886,743 төгрөгийн дизель түлшийг хариуцагчаас хүлээн авсан болохоо зөвшөөрсөн боловч уг төлбөрийг тооцооллын хувьд нийт ажлын хөлсөнд оруулахгүй гэж гомдол гаргасныг хангах үндэслэлгүй.
Учир нь 82,886,743 төгрөгийн үнэ бүхий дизель түлш нь хариуцагчаас хүлээн авсан ажлын хөлсөнд хамаарахгүй болохыг нэхэмжлэгч хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлоогүй. Түүнчлэн энэхүү төлбөрийг хариуцагч суутгасан гэж нэхэмжлэгч тайлбарлахдаа ямар үүргийн гүйцэтгэлийн суутгал болохыг тодорхойлж, холбогдох үйл баримтыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж тогтоохын зэрэгцээ холбогдох нотлох баримтын хуваарилалтыг үндэслэл бүхий хийсэн байна.
4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
4.1. *****ийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг сэргээн засварлах болон Замын цагдаагийн газрын баруун талд шинэ гүүр барих төслийн хүрээнд нэхэмжлэгч нь 3,706,229,396 төгрөгийн үнэлгээ бүхий дулаан, ус хангамж, ариутгах татуурга болон борооны ус зайлуулах шугам сүлжээг зөөж шилжүүлэх, барих ажлуудыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн, үүний хөлсөнд 3,754,945,119 төгрөг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.
Иймд захиалагч нь гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн ажилд тохирох харилцан тохиролцсон хөлсийг бүрэн төлсөн тул дутуу төлөгдсөн ажлын хөлс гэж нэхэмжилсэн 93,222,121 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.
Мөн энэхүү үндэслэлээр буюу захиалагч нь гүйцэтгэгчид 48,715,723 төгрөгийн ажлын хөлс илүү төлсөн нь тогтоогдсон тул үүнийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 424,734,938 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.2. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо шинжээч **-ийн хийсэн үнэлгээг харгалзан үнэлээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Хэдийгээр шинжээч нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт гаргасан байгаа боловч энэхүү шинжилгээ хийх үндэслэл болсон баримт нь үнэн зөв, эргэлзээгүй талаарх дүгнэлт хийгээгүй.
Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд *****ийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг сэргээн засварлахад нэхэмжлэгч нь 92,130,000 төгрөгийн нэмэлт ажлыг хийгээгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид ажлын хөлсөнд 3,754,945,119 төгрөг төлсөн гэх үйл баримтыг шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэйгээр тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.
5. Нэхэмжлэгч нь захиалагч хугацаандаа санхүүжилтийг олгоогүйгээс банкнаас зээл авч хүү төлсөн үндэслэлээр хохирол 84,184,864 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн.
Уг нэхэмжлэлээ нотлохоор хэрэгт баримтаар гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нь 450,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан, мөн авсан зээлийг хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажилд зарцуулсан баримтгүй.
Энэ нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх нэхэмжлэгч хохирлоо баримтаар нотлоогүй, хариуцагч төлбөр төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс хохирол учирсан нь тогтоогдоогүй гэж үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгчээ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,288,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ