| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0462/Э |
| Дугаар | 497 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 497
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Эрдэнэчимэгийн Э.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911007580440 тоот хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын дотор засал, чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 4, аав, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 2-13 тоотод оршин суух, урьд:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 252 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэчимэгийн Э.Т /РД- НБ85112611/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар сургуулийн автобусны буудлаас “ХМК-Хайлааст” чиглэлийн автобусанд сууж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн автобусны буудал дээр буухдаа хохирогч Ж.Гийхнарангийн халааснаас “Самсунг жи 7” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 403.670 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "... 32-ийн автобусны буудлаас хорооллын чиглэлийн ХМК гэсэн автобусанд голын хаалганы ойролцоо зогсож байхад хаалганы чиглэлд буруу харчихсан охин зогсож байсан бөгөөд халаасандаа утсаа хийчихсэн чихэвчээр дуу сонсоод байх шиг байсан юм. Харин би халааснаас гар утсыг нь авчихсан зогсож байгаад автобусны буудал дээр зогсох үед гар утаснаас нь чихэвчийг нь салгаад тухайн гар утсыг халаасандаа хийгээд автобуснаас буусан юм...", "...явуулын хүнд гар утсыг 200.000 төгрөгөөр зарсан юм...", "би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 42х/
насанд хүрээгүй хохирогч Ж.Гийхнарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед хичээлээ тараад явж байхдаа 18 цаг 30 минутын үед хичээлээ тараад "Ханын материал - 3, 4 дүгээр хороолол “Хайлааст” гэсэн чиглэлийн автобусанд суугаад өөрийнхөө куртикны халаасанд гар утсаа хийгээд чихэвчээр утаснаасаа дуу сонсоод явж байсан юм. Тухайн үед би өөрийнхөө баруун гарыг куртикныхаа халаасны гадна талаас нь дараад явж байсан бөгөөд 17-ийн автобусны буудлаас 3 буудал яваад 39 дүгээр сургуулийн буудал хавьд очиход миний гарыг 1 хүн түлхээд миний сонсож байсан дуу тасарсан. Тухайн үед автобусны дунд хаалган дээр зогсож байсан бөгөөд дуу сонсогдохгүй тасархаар нь гэнэт утсаа байна уу гээд халаас дарж үзэхэд байхгүй байсан...", "...Утас дугарахаа болиод би хаалгаруу эргэж харахад нэг эрэгтэй хүн бууж байгаа харагдсан бөгөөд би дагаад буух гэсэн боловч автобус хаалгаа хаагаад хөдлөөд явчихсан. Хажуудаа зогсож байсан хүний утсыг гуйж өөрийнхөө утасруу залгасан чинь утсыг эрэгтэй хүн аваад 39 дүгээр сургууль дээр ирээд утсаа ав гэж хэлсэн. Би дараагийх нь буудал дээр бууж буцаад 39 дүгээр сургуулийн буудал руу гүйж очсон боловч ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд гэррүүгээ хариад утасруугаа залгасан боловч утас маань холбогдохгүй байсан юм...", ".. автобуснаас бууж байхад нь би араас нь харсан. Ногоон өнгийн куртика өмссөн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
насанд хүрээгүй гэрч Ц.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед миний хажуугаар шүргээд буухаар нь эргээд харсан чинь 1 эрэгтэй л хүн байсан. Өөр зүйл санахгүй байна. Гийхнарангийн утсыг аваад л миний хажуугаар шууд гүйгээд буусан юм шиг байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,
хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13х/, Дамно ХХК-ний “Самсунг жи 7” гар утсыг 403.670 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Тийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор сэм далд аргаар насанд хүрээгүй хохирогч Ж.Гийхнарангийн хаалаасанд басан “Самсунг жи 7” загварын гар утасыг хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны хохирогч Ж.Гийхнаранд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 19х/ тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Тт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх оногдуулж, урьд 2 удаагийн хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, ял шийтгүүлж хорих ял эдлээд суллагдсанаас хойш удалгүй дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээг шүүх оногдуулж шийдвэрлэв.