Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00371

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05155 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******д холбогдох,

гэм хорын хохиролд 239,668,613 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 1983-1984 оны үед товлолт дархлаажуулалт хийлгэх үед бохир тариурын улмаас элэгний В вирусны халдвар авсан. Төр засгийн шахалтаар 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр вероцелл вакцин 1 тун, 05 дугаар сарын 25-ны өдөр 2 дахь тун хийлгэсэн.

Эрүүл мэндийн *наас баталсан вероцелл вакцин хийж болохгүй эсрэг заалттай өвчний жагсаалтад К73 байна. Олон улсын ангилал, Эрүүл мэндийн сайдын баталсан элэгний вирус эмчилгээний заавраар элэгний В, Д вирустэй өвчин нь К73 гэсэн кодтой байдаг.

2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ковид-19 өвчин туссан цагаас эхлэн холбогдох эмчилгээг хийлгэсэн боловч улам муудсаар байсан тул Нэгдүгээр эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасагт хандахад түргэн явцтай элэгний цирроз/цахилгаан цирроз гэж үзэн яаралтай элэг солиулах шаардлагатайг зөвлөсөн.

Миний биеийн байдал дараалал хүлээж чадах эсэх нь эргэлзээтэй, өндөр халуунтай, бөөр болон цөсний суваг асуудалтай байсан тул элэг солиулах хагалгааг Монгол улсад биш Энэтхэг улсын Фортис эмнэлэгт 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хийлгэсэн.

Надад тохиолдсон дээрх үйл баримт нь эмнэлгийн байгууллагын эмч, сувилагч нарын буруутай үйл ажиллагаанаас болсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу өөрт учирсан хохирлыг*****наас шаардана.

Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний зардал, элэг солиулах хагалгааны төлбөрт 140,668,613 төгрөг, 79 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа бөгөөд 5 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тул мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу сэтгэл санааны хохиролд 99,000,000 төгрөг, нийт 239,668,613 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч бохир тариурын улмаас элэгний В вирусийн халдвар авсан гэж байгаа боловч дархлаажуулалт хийлгэсэн байгууллага, хамрагдсан цаг хугацаа, вакцины нэр, тун хэмжээ тодорхойгүй, тухайн үед хэн гэдэг ажилтан тарьсан болох, тариур бохир байсан эсэхийг тогтоосон үйл баримт байхгүй.

Хэрэв вакцины эсрэг заалттай байсан бол нэхэмжлэгч хяналтад байдаг эмчээрээ эсрэг заалттай талаар бичиг хийлгүүлээд вакциныг хийлгэхгүй байх боломжтой. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вакцинжуулалтын албаны дарга гэрчээр мэдүүлэхдээ В, Д вирустэй хүнд вакцин хийж болохгүй гэсэн заалт байхгүй, В, Д вирустэй хүн бүрийг архаг явцтай гэж хэлэх боломжгүй. Харин элэгний В, Д вирустэй хүн ковид тусвал үхэлд хүрэх аюултай учраас амь насыг аврах үүднээс хамгаалж энэ вакциныг хийлгэж болно гэж мэдүүлсэн.

Нэхэмжлэгчид вероцелл вакциныг хэн гэдэг эмч хийсэн нь тодорхойгүй. Манайх нэгдсэн бодлогоор хангаж байгаа ч нэхэмжлэгчийн вероцелл вакциныг хийлгэсэн **** дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь *ны харьяа байгууллага биш, орон нутгийн харьяа байгууллага юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар*****наас 38,665,660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 201,002,953 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,356,293 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 351,278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Гэрчийн мэдүүлгээр миний бие 1982-1983 оны үед шприцний шар буюу бохир зүү тариураар вакцин юмуу тарилга хийлгэх явцдаа вирусийн халдвар авсан гэдэг нотлогдсон.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээс харахад В вирусээр халдварлагдсан шар өвчнийг эм эмнэлгийн багаж хэрэгслээр дамжин авах боломжтойг тодорхой дурдсан байдаг, хэдийгээр нотлох баримт дутуу ч гэсэн хариуцагч тал тухайн үйл баримтыг няцааж чадаагүй.

2003 онд 2-р төрөх эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх явцдаа Д вирусийн халдвар авсан байх магадлалтай, 2009, 2013 онд хүүхдүүдээ төрүүлэхдээ вирусийн шинжилгээ өгсөн байдаг боловч Д вирусийн шинжилгээг ерөөсөө өгч байгаагүй зэрэг байдлаас дүгнэхэд 2003 онд миний бие В вирус идэвхэжсэн биш Д вирусийн халдвар авсан байсан гэдэг нь тодорхойлогдож байна.

Нотлох баримтуудаас харахад миний бие 2 удаагийн гепатитын вирусийн халдварыг дандаа эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж авсан бөгөөд ковид-19 вакциныг тариулсны дараа биеийн байдал эрс муудан тогтворгүй болсныг шинжилгээнүүдээс харж болохоор байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан байхад нэхэмжлэгчийг буруутай гэж үзэж нэхэмжилсэн төлбөрийн 1/3-ийг хангасан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 201,002,953 төгрөгөөс 102,002,953 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Эрүүл мэндийн *ны ямар буруутай үйлдэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан нь тодорхойгүй байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дархлаажуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д зааснаар иргэн эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах эрхтэй байхаар заасан ..." гэж үзсэн. Энэ эрхээ иргэн хэрэгжүүлж өөрийн өвчний онош, мэдээллээ бүрэн гаргаж өгөн, хяналтын эмчээсээ эсрэг заалттай тул хийлгэхгүй байх албан ёсны бичиг авсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Вакцины үйлдвэрлэгчээс өгсөн зааврын эсрэг заалтын тохиолдолд гепатит В, Д вирустай хүнд хийхгүй гэсэн заалт байхгүй. Нэхэмжлэгчийн өвчин нь архаг болсон эсэх, хүнд хэлбэрт шилжсэн эсэх талаарх эмнэлгийн байгууллагын дүгнэлт, онош баримтгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаас 38,665,660 төгрөгийг ямар аргаар тооцож гаргасан болон гэм хор учруулсан этгээд, гэм буруугийн шалтгаант холбооны талаар тодорхой дурдаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд өгсөн нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Эмнэлгийн байгууллага вероцелл вакцин хийж болохгүй эсрэг заалттай байхад нэхэмжлэгчид вакцин хийснээс болж гэм хор учирсан нь тогтоогдсон.***** нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар энэ гэм хорын хохирлыг хариуцах ёстой. Иймд гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ***** нь*****д холбогдуулан эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж элэгний В, Д вирус авч, улмаар вероцелл вакцин хийлгэсний улмаас элэг солиулж эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний зардал 140,668,613 төгрөг, сэтгэл санааны хохиролд 99,000,000 төгрөг, нийт 239,668,613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт тогтоогдоогүй, вакцин тарьсан болон хохирол учирсан асуудалд шалтгаант холбоо байхгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх хариуцагчийн гэм хор учруулсан гэх үйлдэл, эс үйлдэхүй болон нэхэмжлэгчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөөгүй, энэ үйл баримтад хамаарах нотлох баримтын хуваарилалтыг зөв хийгээгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч *****ыг элэгний В, Д вирусийн оноштой өвчтэй буюу Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/288, 2021 оны А/183, А/241 тоот тушаалд зааснаар вакцин хийлгэж болохгүй эсрэг заалттай байхад нь **** дүүргийн Эрүүл мэндийн төв 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Синофарм үйлдвэрийн коронавирусийн эсрэг вероцелл вакцины 1 дүгээр тунг, 05 дугаар сарын 25-ны өдөр 2 дугаар тунг хийж дархлаажуулалтад хамруулсан байна.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/33, 03 дугаар сарын 10-ны өдрийн А/119, 03 дугаар сарын 12-ны өдрийн А/125, 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/183, 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/241, 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/272, мөн 2021 оны А/296, А/297, А/335, А/391, А/564, А/642, 2022 оны А/01 тоот тушаалуудаар***** нь Монгол улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг баталж, удирдлага зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахын зэрэгцээ коронавирусийн эсрэг вакцинаар хүн амыг вакцинжуулах хуваариуд, вакцин тус бүрийг хэрэглэх зааврыг тухай бүрт баталж, хэрэгжилтийг хянаж байжээ.

 

3.1. Ийнхүү вероцелл вакцин хийлгэсний дараа нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр коронавируст халдварын өвчнөөр өвчилж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр HBV +HDV related LC, CTP-B, ascitis, acalculous cholecystirtis, Meld 23 оношоор элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж элэгний төвөөс онош тавигдсанаар 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Энэтхэг улсын Нойда хотын Фортис эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон.

 

3.2. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдсон болно.

 

4. Нэхэмжлэгч нь **** дүүргийн Эрүүл мэндийн төвд коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаанд хамрагдсан боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэн*****д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Энэ тохиолдолд эмнэлэг, эмнэлгийн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь урьдчилан тогтоогдсон байж гэм хорын хохирол шаардах эрх үүснэ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан үйл баримт тогтоогдсоны дараа тухайн гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйд гэм буруугүй болохоо нотлох үүрэг хариуцагчид ногдоно.

 

4.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас элэгний В, Д вирус өвчин авсан болох нь тогтоогдсонгүй.

Энэ талаарх гэрч *****гийн мэдүүлэг бусад бичгийн баримтаар үнэн зөв, эргэлзээгүй болох нь тогтоогдоогүй тул зөвхөн гэрчийн мэдүүлгээр дээрх үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэхгүй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэл, гомдол гаргахдаа дээрх өвчин хэрхэн халдварласан талаар тайлбарласан боловч гэрчийн мэдүүлгээс өөр баримт гаргаж өгөөгүй.

 

4.2. Харин нэхэмжлэгч *****ыг элэгний В, Д вирусийн оноштойгоор хүнд хэлбэрийн архаг өвчтэй буюу вакцин хийлгэж болохгүй эсрэг заалттай байхад нь эмнэлгийн байгууллага коронавирусийн эсрэг вероцелл вакцины 2 тунг 2021 оны 04-05 дугаар сард хийж, дархлаажуулалтад хамруулсан үйл баримт тогтоогдсон.

Харин уг вакцин хийсний улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал муудаж 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр элэг шилжүүлэн суулгах онош тавигдаж, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон нь шалтгаант холбоотой болох нь баримтаар тогтоогдсон байх ёстой. Энэ үйл баримтыг нотолгооны хуваарилалтаар нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

 

4.3. Хэдийгээр эмнэлгийн байгууллага эсрэг заалт бүхий өвчтэй хүнд вакцин хийсэн байх боловч чухамхүү вакцин хийсний үр дагавар, уршгаас шалтгаалж нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй байна.

Учир нь вакцин хийлгэсний дараа нэхэмжлэгч нь коронавируст халдварын өвчнөөр давхар өвчилсөн, мөн вакцин хийлгэснээс 1 жил 7 сарын дараа элэг шилжүүлэн суулгах онош тавигдсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч элэгний цирроз өвчнөөр өвчилсөн нь элэгний В, Д вирус өвчний архагшил, эмгэг үр дагавар, коронавируст халдварын өвчний сөрөг үр дагавар, эсхүл вакцины нөлөө зэрэг аль үйл баримтаас шалтгаалсан шалтгаант холбоо хэргийн баримтаар эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй.

Өмнө дурдсанчлан энэхүү шалтгаант холбоо, хохирол учирсан үйл баримтыг нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдож байгаа. Хэрэв уг үйл баримт тогтоогдсон тохиолдолд хариуцагч гэм буруугүй гэдгээ нотлох ёстой байсан.

 

4.4. Вакцин тариулсан болон коронавируст халдварын өвчнөөр өвчилсний дараа нэхэмжлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 28, 07 дугаар сарын 26-ны өдрүүдэд өгсөн шинжилгээгээр эрүүл мэндийн зарим үзүүлэлт урд өгч байсан шинжилгээнээс өссөн байх боловч энэ нь зөвхөн вакцины сөрөг нөлөө гэж дүгнэх баримтгүй.

 

4.5. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн байгууллагын эсрэг заалттай байхад вакцин хийсэн үйлдэл болон нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул анхан шатны шүүх зохигчийн хүсэлтээр эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцсэн байгааг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05155 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *****ын хариуцагч*****д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 239,668,613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 667,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 351,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ