Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 503

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч П.Я,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Пүрэвдоржийн П.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014310612 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Жинхэнэ Уянга ХХК"-д жолооч ажилтай. ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 65 дугаар гудамжны 765 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Пүрэвдоржийн П.Я /РД: УХ93101218/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч П.Я нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Я нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурагчийн 65 дугаар гудамжны 765 тоотод өөрийн эхнэр хохирогч Ж.Долгормаатай гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь "хүзүүнд зулгаралт, зүүн нүд, эрүүнд, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч П.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...", "...би эхнэртээ хандаад хүний машиныг яаж байгаа юм гээд нэг удаа алгадсан, дахиад гэртээ орьё гэхэд орохгүй байхаар нь хоёр гарыг нь зөрүүлээд чирээд орсон...", Би Э.Долгормаагийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

хохирогч Э.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 05 дугаар сарын 12-ны 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явж байтал надруу мессэж бичээд хувцас хунар шатаана; фейсбүүкийн чатан дээр чинь авч явах гэж байгаа юмыг чинь тавьлаа шүү гээд байсан ба би хариу бичилгүй эргээд очтол гэртээ байж байсан. Тэгээд би чи яахаараа хүний хувцасыг шатааж фейсбүүкээр хэнрүү юу бичих гээд байгаа юм гээд уурлаад тэгвэл би чиний машиныг чинь шатаана гээд нэг шүдэнз аваад гартал ардаас гарч ирээд намайг түлхэхээр нь би П.Яг нэг алгадсан ба намайг зөрүүлээд зүүн хацар хэсэгт 2 удаа алгадаад намайг боож унагаад үх гээд намайг дээрээс дараад байсан. Тэгээд би тавиулах гээд дийлэхгүй болохоор нь газраас чулуу аваад шидтэл машиных нь зүүн талыг оночихсон юм. Тэгээд намайг чирээд хашааруу чирч оруулаад гэрийн хажууд байдаг жижиг дугуйнуудаас аваад миний нуруу хэсэгт 3, 4 удаа цохисон ба модон байшинруу ард дагзаар хэд хэдэн удаа мөргүүлсэн. Би цагдаа дуудах гээд утсаа гаргаад иртэл миний утсыг булааж авах гээд байсан. ба би утсаа өгөөгүй юм. Тэгээд би хашаанаасаа гүйж гараад цагдаа дуудах гэтэл П.Я машиндаа суугаад явах гэхээр нь машиных нь урд зогсоод чи яах гээд байгаа юм гэтэл чи өөрөө яах гээд байгаа юм гэхээр нь би явуулахгүй цагдаа дуудсан гэж хэлтэл миний утсыг булааж авах гээд байхаар нь би аавынхаа гэрийн гадаа буусан юм... Миний зүүн хацарлуу 2 удаа алгадсан, миний хоолойг боогоод, хашааруу чирч оруулаад нурууруу дугуйгаар 2,3 удаа цохисон мөн модон байшинг 3, 4 удаа мөргүүлсэн..", "...хамт 7 жил орчим амьдарч байгаа хүмүүсийн хооронд үл ойлголцох асуудал гаралгүй яахав хааяа нэг маргалдаад цохиж авч байсан удаа байгаа энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Мөн эмнэлгийн тусламж авч байсан удаа байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5866 дугаартай дүгнэлт: "...Э.Долгормаагийн биед хүзүүнд зулгаралт, зүүн нүд, эрүүнд, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 16х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч П.Яг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.