Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 508

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Г.Ш, Э.Э,

нарийн бичгийн дарга Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Цоохор овогт Ганбаатарын Г.Ш, Энхт овогт Эрдэнэбаатарын Э.Э нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911003730625 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 23-ны Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14-474 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Цоохор овогт Ганбаатарын Г.Ш /РД: УП89092358/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 27-ны Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14-474 тоотод оршин суух, урьд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Энхт овогт Эрдэнэбаатарын Э.Э /РД: УП89032782/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Ш, Э.Э нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ш нь Э.Этэй бүлэглэж  2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 14-474 тоотод хохирогч С.Батхуягтай маргалдаж, улмаар зүүн нүд, зүүн ташаа хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь "зүүн зовхины цус хуралт зүүн ташааны цус хуралт, хуйхны зулгаралт, духны нөсөө" бүхий хөнгөн хохирол учруулсан,

Э.Э нь Г.Штай бүлэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэйн 14-474 тоотод С.Батхуягтай маргалдаж, улмаар баруун гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь "баруун гуянд шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 шүүгдэгч Г.Шын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Батаа бид барьцалдаж аваад би Батааг цохисон. Энэ үед манай эхнэр хажуугаар орж ирээд Батааг хутгалсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 49х/,

шүүгдэгч Э.Энх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн:  "...Г.Ш Батхуягтай барилцаад Г.Ш Батхуяг 2 нэг нэгийгээ нүүр лүү 2-3 удаа цохилцоод байсан тэгээд би хашаагаар орилоод байхаар нь хутга аваад Батхуягийн гуя руу нь дүрчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45х/,

хохирогч С.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Унтаж байхад миний хөлнөөс хүн чирсэн бөгөөд сэрээд хартал Чөөгий, Баяраа хоёр миний хоёр хөлнөөс нэг нэгээр нь барьчихаад шууд гэрээс чирээд гарсан, би чирэгдэж гараад "та 2 яаж байгаа юм бэ" гэж хэлтэл Баяраа "чи яах гэж ирсэн юм бэ" гэхээр нь би "би чиний хүргэн ах чинь биз дээ" гэтэл Баяраа "та 2 салчихсан биз дээ, миний хүргэн ах гэж юу байдаг юм" гэж хэлээд миний зүүн ташаа, зүүн зовхи руу 1-2 удаа цохисон. Энэ үед Чөөгий миний араас тэвэрчихсэн, харин Баяраа өшиглөж, цохиод байсан, тэгтэл баруун хөл нэг эвгүй болоод явчихаар нь газар уначихсан Чөөгий, Баяраа хоёр намайг түшээд гэр лүү оруулсан, би гэр лүү ороод хөлөө хартал өмд цус болчихсон байхаар нь би өмдөө доош шувтлаад хартал баруун гуяны ар хэсгээр баруун, зүүн талаар цус гарсан, гишгэж явахаар цус олгойдож гарч байсан. Тэгээд Номинчимэг. Э.Э нар нь хөл угаагаад боочихъё гээд байхаар нь би боолгуулаагүй Баяраа "ингэж болохгүй, цагдаа дуудъя" гэж хэлээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирж байхад Баяраа "чи цагдаа нар ирэхээр юу гэж хэлэх гэж байна вэ?, Э.Э тэнсэнтэй байгаа, дээрээс нь жирэмсэн шүү дээ чи яах гэж байна" гэж хэлсэн, тэгтэл цагдаа нар орж ирээд юу болсон талаар асууж тодруулахад нь Баяраа очоод "намайг гудамжинд хутгалуулаад орж ирсэн" гэж хэлсэн тэгээд би тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг ороод гуян дээрээ 3 оёдол тавиулсан. Гэмтлийн эмнэлгээс гараад явж байхад цагдаа нар залгаад хэрэг болсон газраа заагаад өг гэхээр нь би худлаа заагаад өгчихсөн Баяраа хэлсэн шиг гудамжинд хутгалуулсан гэж худал мэдүүлэг өгсөн. Тэгээд би 1 дүгээр сарын 30-ны өдөр гэмтлийн эмнэлэг дээр судас холбох хагалгаанд орсон..." гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №1742 дугаартай дүгнэлтэд: “...С.Батхуягийн биед баруун гуянд шарх, зүүн зовхи, зүүн гуя, зүүн ташаанд цус хуралт, хуйханд зулгаралт, духанд нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 35х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №387 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд:         "...Үзүүлэгч С.Батхуяг нь ГССҮТ-д "Баруун гуяны судас мэдрэлийг гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх" 4 хоног хэвтэн хэвтэн эмчлүүлсэн байна. 2019-01-31-ний өдөр шархыг шалгаж гэмтсэн эдийн сэргээх мэс засалд орсон ба баруун гуяны ар дотор талын булчин тасарсан байсныг сэргээжээ. Дээрх шинэ нөцөл байдал нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Батхуягийн биед учирсан баруун гуяны шарх нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Зүүн зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 37-38х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Г.Ш, Э.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Ш, Э.Э нарыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул тэдгээрт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.