| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 152/2022/00001/И |
| Дугаар | 224/МА2025/00005 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 224/МА2025/00005
Л.Г-ын нэхэмжлэлтэй,
00 дугаар анги болон Л.О нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00498 дугаар шийдвэртэй,
Л.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч 00 дугаар анги болон Л.О нарт холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б /цахимаар/, хариуцагч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Л.Г-ыннэхэмжлэлийн шаардлага: бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие М аймаг, У сум, Х дүгээр баг,, 1/1 дугаар байр, Г тоот хаягт байрлах, 36 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 111 дугаартай, гэрчилгээний 00 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг хууль ёсоор өмчлөх эрхтэй. Үүнийг Монгол Улсын Улсын бүртгэлийн газраас албан ёсоор гэрчилж гэрчилгээ олгосон байдаг. Миний бие анх 1999 онд тус байрны үнэ болох 800,000 төгрөгийг Ж.Ш-д төлсөн боловч байрны ордерийг хүнд өгсөн гээд нэр дээрээ шилжүүлэн авч чадаагүй байж байгаад 2008 оны 3 дугаар сард даралт харваж эмчлүүлж байгаад 2009 онд Р хот руу нүүх шаардлага гарсан. Тухайн үед ажиллаж байсан 00 дугаар ангийн жижүүр Д.Д-т онгоц нисэх болсон тул байрны түлхүүрээ үлдээсэн. Ингээд олон жил эмчилгээ хийлгэж байгаад байрны өмчлөлийн асуудлаар шүүхээр орж миний бие Ж.Ш-д 2003 онд 228,022 төгрөг нэмж төлсөн ба 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тус орон сууцыг өмчлөх эрхтэй болсон.
2021 оны 12 дугаар сарын эхээр өөрийн байрандаа амьдрахаар М аймагт очиж Л.Ог миний орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад чөлөөлж өгөхгүй гэсэн. Уг байрны өмчлөлийн асуудлаар тухайн үед ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй, Хилийн цэргийн ангид орон сууцаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд орон сууц хүлээлгэж өгсөн ямар нэгэн баримт байхгүй.
Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 106.2-д "Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" гэж, мөн зүйлийн 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, ...бусад тохиолдолд нүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу Л.О, түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдийн хууль бус эзэмшлээс миний орон сууцыг бүхэлд нь албадан чөлөөлж, Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байр чөлөөлөх ажиллагааг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай аав Г.Г нь М аймгийн У сумын дугаар багт байрлах 1/1 дугаар айлын Г тоотод оршин суудаг байсан. Тухайн орон сууцыг 1999 онд иргэн Ж.Ш-гаас худалдаж аваад 2009 он хүртэл амьдарч байсан. 2008 онд ажлаа хийж явахдаа одоогийн Б боомтод даралт харваж, хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан. Тухайн үед тэтгэврийн нас нь болоогүй байсан учраас хэлж ярих чадвараа алдсан байсан ч ажлаа хийж байсан. Тухайн үеийн ангийн захирагч чи ажлаа хийж чадахгүй, хэлж, бичиж чадахгүй байна, байнгын эмчилгээнд явдаг ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажлаа өг гэдэг байдлаар дарамталж байсан. Удалгүй Б цэргийн ангид томилогдоод 5 өнчин хүүхдээ тэжээхийн тулд, мөн нэгдсэн эмнэлэгтээ ойрхон байх үүднээс тушаал бууруулж ч хамаагүй Р хот дахь анги руу шилжүүлээд өгөөч гэх хүсэлтээ гаргаж, Б-ын цэргийн ангид шилжин ажилласан. Аав минь 2011 онд тэтгэвэрт гарсан. Шилжин явахдаа ангийн жижүүрээр тэр өдөр гарч байсан Д.Д гэдэг хүнд байрныхаа түлхүүрийг хүлээлгэж өгөөд би эргэж ирээд байранд орно, ашиглаж байж болно гэдгийг захиад явсан. 00 дугаар анги байгууллагын санхүүгийн баримтдаа уг байрыг бүртгээд яваад байсан учраас уг байрыг байгууллагын өмч гэж хууль бусаар эзэмшиж бусдад буюу албан хаагч нар түрээсэлж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг зах зээлийн хамгийн бага хэмжээний дүнгээр тооцож 21,800,000 төгрөг нэхэмжилсэн. Иймд хариуцагч Л.О болон 00 дугаар ангийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, хариуцагч 00дугаар ангиас түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч 00 дугаар ангитай нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байхгүй болно. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн анхны өмчлөгч Ж.Ш гэх хүнтэй өр төлбөрийн асуудалтай байсан тул 2013 онд өр төлбөрөө барагдуулсны дагуу дээрх иргэнээс маргаан бүхий байрыг худалдан авч Улсын бүртгэлийн газарт холбогдох бүх материалаа бүрдүүлж хүсэлт өгснөөр уг орон сууцыг нэхэмжлэгч Г.Г гэж үзээд 111 дугаартай гэрчилгээ олгогдсон байдаг. 00дугаар анги нь нэхэмжлэгч талтай ямар нэгэн худалдах-худалдан авах гэрээ байхгүй атлаа ганц түлхүүр үлдээгээд явсныг ашиглаж тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласаар байгаа, өөрийн данс тооцоондоо бүртгэн авч одоог хүртэл албан хаагчдаа амьдруулж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Л.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар 00 дугаар ангийн захирагчийн орлогч, С албаны даргаар томилогдон одоог хүртэл тус ангид ажиллаж байна. Тус 2 өрөө орон сууцанд 2020 оны 7 дугаар сараас одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд тус байр нь 00 дугаар ангийн албаны мэдлийн орон сууц тул иргэн Г.Г-оос гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: 00дугаар анги нь иргэн Г.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Г.Г нь 1998-2009 оны хооронд 00дугаар ангид захирлын орлогч, соёл албаны дарга, захирагчийн орлогч, ар тал хангалтын даргаар тус тус ажиллаж байсан. 1999 онд Г.Г нь цэргийн хүнсэнд мал өгнө гээд тус ангиас бэлэн мөнгө авсан бөгөөд С сумын Б багийн зусланд зусаж байсан хүргэнээсээ 3 тэмээ авсан байдаг. Тухайн үед 2 тэмээ нь 1 км хүрэхгүй газар яваад буцаж зугтан өөрийн сүрэгтээ нийлснийг тэмээний эзэнд хэлээд 1 тэмээг цааш авч явсан. Улмаар оны эцэс болж тооцоо хийхэд Г.Г нь манай байгууллагад өртэй гарч, уг өрөндөө 2 өрөө орон сууцаа өгөхийг хүлээн зөвшөөрч өгсөн. 1999 оны өвөл манай албанаас орон сууцны зөрүү 300,000 төгрөгийг өгсөн ба нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэл болон тайлбартаа хэлсэн байдаг. Энэ байр манай ангийн дансанд 1999 оноос одоог хүртэл 24 жил болж байна. Тухайн үед 00 дугаар ангид Г.Г нь даргын зөвлөлийн гишүүн, удирдах албан тушаалд ажиллаж байр эзэмших эрхтэй албан тушаалуудыг хашиж байсан тул тэрээр ажлаа хийж байх хугацаандаа албаны байрандаа амьдарч байгаад 2009 оны 6 дугаар сард шилжин явахдаа байраа хүлээлгэн өгсөн.
Уг байранд 2009 оноос хойш 00 дугаар ангийн албан хаагчид гэрээний дагуу амьдарч байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч нь маргаан бүхий байрыг анх худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг шилжүүлэн авсан бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно. Хэдий худалдан авсан байрыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн ч тухайн үед нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авч чадаагүй байсан тул эзэмших эрхийг шилжүүлэн өгөхдөө өмчлөх эрхийг шилжүүлж өгч чадаагүй байна. Нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны өмчлөгч Ж.Ш гэх хүнээс 2014 онд шилжүүлэн авч одоо тус байрны хууль ёсны өмчлөгч болсон. Хариуцагч болох 00 дугаар анги нь маргаан бүхий байрны эзэмших эрхийг хуулийн дагуу буюу худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр илээр шударгаар олж авсан бөгөөд байрыг өөрийн хөрөнгийн адил шударгаар тасралтгүй 24 жилийн хугацаанд эзэмшсэн байх тул Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах эрх бүхий этгээд байна. Иймд тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу уг байрны өмчлөх эрхийг 00дугаар ангид шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00498 дугаар шийдвэрээр:
- Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч 00дугаар анги болон Л.О нарт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хариуцагч 00 дугаар ангийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч Г.Г-од даалгаж,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,650 төгрөгөөс илүү төлсөн 14,500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 337,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч 00 дугаар ангийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Г-оос 70,200 төгрөг гаргуулан хариуцагч 00 дугаар ангид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Маргаан бүхий орон сууцыг Г.Г нь иргэн Ж.Ш-гаас 1999 онд худалдан авсан боловч худалдагч Ж.Ш нь М аймгийн орон сууц хувьчлах товчооны 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус орон сууцыг хувьчлан авч улмаар Г.Г-оос өөрийн орон сууцыг буцаан авахаар Увс аймаг дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч тус шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэрээр нэгэнт талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул байрыг Ж.Ш-д эргүүлэн олгох үндэслэлгүй гэж дүгнэн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 228.022 төгрөгийг Г.Г-оос гаргуулан Ж.Ш-д олгохоор шийдвэрлэжээ. Уг маргаанд гаргаж байсан өрөндөө өгсөн гэх тайлбарыг шууд нотлох баримтаар үнэлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед хариуцагч байраа өгөхгүй гэж маргаж байсан тул өрөндөө өгчихсөн гэх тайлбарыг гаргаж байсан болохоо тайлбарладаг. Мөн өрөндөө өгсөн гэдгийг яагаад бүрмөсөн өгсөн агуулгаар дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Гэтэл бодит байдал дээр бүрмөсөн өгөөгүй харин ч барьцаа байдлаар өгсөн болох нь өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл баримтуудаар тогтоогдсон байна.
Г.Г нь 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сум дундын 24 дүгээр шүүхэд хандан М аймгийн У сумын дугаар баг, дугаар байрны айлын орон сууцны Г тоот 2 өрөө орон сууцыг Хилийн цэргийн эд хөрөнгийн дансанд 700.000 төгрөгийн барьцаанд авсныг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байсан. Уг нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа 'би тэмээний унийг төлөхгүй ..гэхэд х/ч М та төлөхгүй бол ажлаасаа халагдана, цэргийн амьдрал хэцүү шуу гэж хэлэхэд нь надад амьдарч байгаа байрнаас минь өөр юу ч байхгүй бол үүнийг авдаг юм байлгүй гэж хэлсэн. Гэхдээ миний орон сууцыг авна гэж бодоогүй. би байраа өгөхгүй, тэмээг алдсан эзнийг нь тогтоож төлүүлнэ гэхэд ямар ч байсан танай байрыг дансанд авлаа гэсэн юм тэр үед би шинээр ажилд орсон байсан тул халагдахаас айгаад юу ч хэлж чадаагүй юм гэсэн тайлбар гаргаж байжээ. Эдгээр тайлбараас түүний хүсэл зориг нь орон сууцаа төлбөртөө бүрмөсөн тооцон өгөх хүсэл зориггүй байсан болохыг харуулж байна. Мөн тэрээр Ж.Ш-аас 1999 онд авсан уг байрандаа 2009 он хүртэл амьдарч байсан юм.
Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 229 тоот шийдвэрээр Г.Г нь цэргийн ангид нийлүүлсэн тэмээний 600.000 төгрөгөөр орон сууцыг Ж.Ш-гаас худалдан авсан мөн тэмээгээ алдсан тул орон сууцыг цэргийн ангид шилжүүлэн өгсөн болохыг дурдаад, эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 76 тоот магадлалаар хэвээр үлдээсэн байна.
Дээрх шийдвэр магадлалыг хянасан Улсын дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 489 тоот тогтоол гарсан ба уг тогтоолоор шийдвэр магадлалыг хэвээр үлдээсэн. Хэдийгээр шийдлийг хэвээр үлдээсэн боловч Г.Г-ын гаргасан М аймгийн У сумын дугаар баг, дугаар байрны айлын орон сууцны Г тоот 2 өрөө орон сууцыг Хилийн цэргийн эд хөрөнгийн дансанд 700,000 төгрөгийн барьцаанд авсныг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь гэрээний үүрэгтэй холбоотой маргаан байна гэж дүгнэсэн гэж үзэхээр байна.
Мөн Улсын дээд шүүхээс цэргийн ангийг орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй буюу яагаад эзэмших болсон талаарх үйл баримтыг буюу Г.Г-ыг нийлүүлж алдсан тэмээнийхээ төлбөрийг төлөх үүрэгтэй байсан болохыг, энэ үүргээ биелүүлж чадаагүй учраас цэргийн анги орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримтыг л дүгнэсэн гэж үзэж байна. Урьд нь зөвхөн 700,000 төгрөгийн өрөндөө барьцаалчихсан барьцаанаас чөлөөлүүлье буюу гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг маргааныг л шийдвэрлэсэн байна.
Харин одоогийн хэлэлцэж буй хэрэг маргаан нь 2014 онд шийдэгдсэн хэргээс өөр агуулга бүхий шаардлагатай хэрэг маргаан болохыг шүүх анхаарсангүй.
Иймд Г.Г-оос хариуцагч 00 дугаар ангид холбогдуулан орон сууцыг 700,000 төгрөгийн барьцаанд авсныг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн шүүхээс орон сууцыг өрөндөө өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэрч Д.Д нь би албаны байр хүлээж аваагүй энэ талаар мэдэхгүй гээд, өмчлөх эрхийг яагаад Г.Г шилжиж явах үедээ цэргийн ангид шилжүүлээгүй талаарх асуултад би албан тушаалын хувьд албаны байр хариуцаж байгаагүй тул энэ талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн бол гэрч Л.Б мэдүүлэхдээ 3 тэмээг Г.Г-ын дүүгийнхээс авсан бөгөөд хоёр тэмээ буцаад явсан. Жилийн эцсээр хоёр тэмээг авах болоход тэмээ байхгүй болчихсон байсан учраас Г.Г дээр толбор үүсгэсэн. Төлбөртөө орон сууцаа ангид өгсөн гээд Юу гэж хэлээд өгсөн вэ гэх асуултад мэдэхгүй би 2001 оноос хойш ажилласан учраас өмнөх асуудлыг мэдэхгүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл Л.Б нь 1999 онд Г.Г-ыг орон сууцаа өрөндөө өгсөн, зөрүү мөнгө авсан мэтээр мэдүүлж байснаа 2001 оноос цэргийн ангид ажилласан тул өмнөх үйл явдлыг мэдэхгүй гэж байгаа нь түүний мэдүүлэг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй, ойлгомжгүй байна.
Мөн гэрч В.М хоёр тэмээний өрөнд орон сууцаа өгсөн тухай мэдүүлээд Тэмээний үнэ болон байрны зөрүү болгож хэдэн төгрөг өгсөн бэ гэхэд асуултад ямар байсан 5 билүү 3 тэмээний мөнгө гээд мөнгө өгсөн хэдийг санахгүй байна, Идшинд зарцуулна гэж өгсөн гэж мэдүүлжээ.
Гэрчүүдийн дээрх мэдүүлгээр Г.Г-ын 700,000 төгрөгийн барьцаанд орон сууцны эзэмших эрхийг цэргийн ангид шилжүүлэн өгсөн гэх тайлбар давхар нотлогдож байна. Харин талууд орон сууцны өмчлөх эрхийг бүрмөсөн шилжүүлэн өгөхөөр тохирсон эсэх, эсхүл тэмээний төлбөрөө төлөх хүртэлх түр хугацаанд орон сууцаа цэргийн ангид барьцаалан түр эзэмшүүлэхээр тохирсон эсэх, эсхүл 700,000 төгрөгийн төлбөрт тооцох хугацаанд эзэмшиж өрийг цайруулахаар тохирсон уу гэдгийг тодорхой мэдүүлээгүй, нотолж чадаагүй байна.
00 дугаар анги маргаан бүхий орон сууцыг Г.Г-оос 2 тэмээний оронд авсан талаарх ямар акт ч байхгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ байхгүй, мөн орон сууцны өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна.
Нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлэн гэрчилгээ авсан бөгөөд уг өдрөөс эхлэн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болжээ. Өөрөөр хэлбэл энэ өдрөөс эхлэн түүний өмчлөгчийн хувьд хэрэгжүүлэх өмчлөх эрхтэй холбоотой аливаа маргаан үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн байна.Г.Г-ын бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.4-д хамаарахгүй байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхээр байна. Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өмчлөх эрх үүссэнээс хугацаа болох 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул энэ талаарх дүгнэлт үндэслэлгүй.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 150.1-т заасныг үндэслэсэн байна.
Иргэний хуулийн 105 дугаар зүйл нь гэрээний үүрэгтэй ямар ч хамаарахгүйгээр эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах зохицуулалт буюу тухайн эд хөрөнгө бусдын өмч болоогүй байх ёстой бөгөөд түүнийг олон этгээдүүд оор өөрсдийн өмч гэж үзэж байгаа тохиолдолд 10 жилээс дээш хугацаагаар эзэмшсэн нь давуу эрхтэй болохыг заасан байна. Гэтэл маргаан бүхий орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдсэн Г.Г-ын өмч.
Нэгэнт хуульд заасан үндэслэл журмын дагуу өмчлөх эрх нь үүсч өмчилж байгаа этгээд байгаа тохиолдолд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар бусад этгээд 10 жилээс дээш эзэмшсэн үндэслэлээр өмчлөх эрхийг олж авиа гэдэг ойлголт байхгүй юм.
Иймд Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00498 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо 3 гол үндэслэлд дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч Г.Г цэргийн ангид байраа бүрмөсөн өгсөн бөгөөд худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өгсөн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Маргаад байгаа үйл баримтыг 10 жилийн өмнө шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр тогтоолтой гэж үзсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн байсан.
Анхан шатны шүүх маргаан бүхий байрыг яагаад бүрмөсөн цэргийн ангид өгсөн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байгаа. Харин ч бодит байдал дээр өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл баримтуудыг үзвэл, Г.Г-ын хүсэл зориг бүрмөсөн өгөх биш байсан бөгөөд талуудын хооронд худалдан худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байгаа юм. Гэрээний эрх зүйн харилцаа үүсэж байгаа тохиолдолд талуудын хүсэл зориг нэгдсэн байх ёстой. Гэтэл Г.Г-той яагаад ийм маргаан үүсгээд яваад байгаа вэ гэхээр гурван тэмээ аваад хоёр тэмээ нь алга болчихсон учир хоёр тэмээний өр авлагад өөрийн орон сууцыг барьцаалсан. Миний орон сууцыг цэргийн анги барьцаанд аваад үлдсэн гэдэг зүйлийг яриад байгаа юм. Түүний тайлбар үндэслэлтэй юм уу гээд үзвэл 2014 онд Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа би байраа өгөхгүй, алдсан эзнээр нь төлүүлнэ гэхэд ямар ч байсан танай байрыг дансанд авлаа гэж хэлэхээр нь би шинээр ажилд орсон учир юу ч гэж тайлбарлаж чадаагүй гэж тайлбарласан. Г.Г байраа бүр мөсөн өгөх байтугай төлбөрт тооцож өгсөн ч гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүхээс 2014 онд өөрийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбар бус өөр хэргийн тайлбарт дурдсан тайлбарыг үндэслэл болгосон байсан. Тэр нь Ш, Г.Г нарын хооронд шүүдэлцэж байх үеийн тайлбарыг үндэслэл болсон байсан. Ш нь Г.Г-од зарсан байраа буцааж авах гэж үзэхээр нь Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа би наад байрыг чинь цэргийн ангид өгсөн байгаа гэж хэлсэн байдаг. Энэ нь Ш-д байраа алдахгүй гэж үзсэндээ хэлсэн байгаа юм.
Хэрэв тухай нь үед Г.Г цэргийн ангид байраа өгсөн бол цэргийн анги нь хууль ёсны өмчлөгч гэж гэрчилгээ гаргуулж авах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Энэ нь захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлалаар тогтоогдсон үйл баримт учир дахин тайлбар хэлэх шаардлага байхгүй. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхээс хэргийн үйл баримтыг дүгнэж үзсэн байгаа. 700,000 төгрөгийн барьцаанаас чөлөөлүүлье гэж байгаа боловч тэмээгээ алдаад өр төлбөртэй байсан нь үнэн юм байна. Алдсан тэмээний үнэнд таны байрыг цэргийн анги эзэмшиж ашиглаж байгаа тул хууль бус гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байгаа юм. Өмчлөх эрхийн маргаан тухайн цаг үед явагдаагүй байгаа. Өнөөдрийн маргааны гол агуулга нь өмчлөх эрхтэй холбоотой шаардах эрх үүсэж байгаа учир хэрэг маргааныг өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Анхан шатны шүүхээс гэрч нарын мэдүүлгийг үндэслэсэн байгаа. Гэрчүүдийн мэдүүлгээр Г.Г-ын 700,000 төгрөгийн барьцаанд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авч эзэмшиж байгаа нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог.
Гэрч Д, Б, М-ын нарын мэдүүлгээс үзвэл орон сууцны өмчлөх эрхийг бүр мөсөн өгөөд байгаа юм уу, тэмээний үнэд түр хугацаанд барьцаанд өгөөд байгаа юм уу гэдгийг тодорхойлж чадаагүй байна. Иймд гэрч нарын мэдүүлгийг үнэлж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхгүй гэж үзсэн байдаг. Өмчлөх эрх 110 дугаар зүйлд зааснаар үүсдэг. Цэргийн ангийн хувьд өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж ирүүлээгүй бөгөөд талуудын хооронд гэрээ хэлцэл үйлдэгдээгүй. Цэргийн ангийн зүгээс өөрсдийн өмч гэж тайлбарлаад байгаа боловч энэ талаарх баримт байдаггүй. Зөвхөн өөрсдийн хөрөнгөний бүртгэл гаргаж өгсөн боловч энэ нь өмчлөх эрх үүссэн гэж үзэх боломжгүй юм.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар 10 жилийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал үүсэх болно. Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан тайлбартай холбоотой асуудлыг дурдсан боловч шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд эзэмшиж ашиглаж байгаа учир Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхтэй гэж үзсэн байгаа. 10 жилийн хугацаанд эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө нь бусдын өмч гэдгийг анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйл нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар энэ хэрэг өмнө нь шийдвэрлэгдсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс уг хэрэг маргааныг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч талаас өмчлөх эрх үүссэн үеэс буюу 2014 оноос хөөн хэлэлцэх хугацаа тооцох ёстой гэдэг зүйл яриад байдаг. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т эзэмшигч ямар тохиолдолд өмчлөгч гэж тооцогддог вэ гэхээр гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийг өмчлөгч гэж тооцогддог гэж хуульчилсан.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу шаардах эрх хэзээнээс үүсэх вэ гэхээр эрх нь зөрчигдсөн үеэс буюу эрх зөрчигдсөн тухайгаа мэдэх боломжтой байсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан байдаг. Тиймээс 1999 онд маргаан бүхий байрыг 00 дугаар ангид шилжүүлсэн үеэс тоолох юм бол 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2009 онд дууссан байгаа юм.
Нэхэмжлэгч Б дүүрэг рүү шилжих үеэс эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзвэл, хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлье гэдэг нэхэмжлэлийн шаардлага гарах 10 жилийн хугацаа 2019 онд дуусгавар болчхож байгаа юм. Нэхэмжлэлийг 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг заавал өмчлөгч этгээд гаргах ёстой биш, хууль ёсны эзэмшигч ч гэсэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд тухайн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад явах боломжтой байдаг. 24 жилийн хугацаанд нэхэмжлэгч Г.Г нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй байдаг. Энэ хүн өвчин зовуурь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй юм уу гээд хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2020 онд эмчилгээ хийлгэсэн баримт байдаг болохоос өмнө 24 жилийн хугацаанд өөр байдлаар эм тариа эмчилгээ хийлгэж байсан баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хүсэл зоригийн дагуу худалдах худалдан авах ажиллагаа тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа бол хуулийн заалтын дагуу хүсэл зоригийг илэрхийлэх боломжгүй юм. Талууд 1999 онд тохиролцоод байраа шилжүүлж мөнгийг өгсөн гэдэг дээр аль ч тал маргахгүй байгаа. 1999 онд болсон асуудлыг 2002 онд батлагдсан хуулийн дагуу шийдвэрлэх боломжгүй.
Барьцааны гэрээний үүргийг хангуулах зорилгоор байр шилжүүлсэн бол тэмээний үнэ 700,000 төгрөгийн үнэ төлж чадахгүй учир байраа өгье гэхээр уг байрны зах зээлийн ханшид 700,000 төгрөг хүрэлцэхгүй байгаа учир зөрүү мөнгийг өгье гэдэг байдлаар 00 дугаар ангиас зөрүү 300,000 төгрөгийг нэмэлтээр өгсөн. Нийт уг байрны өртөгт 1,000,000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.
Өр төлбөрөө төлж чадаагүйн улмаас байрны өмчлөх эрхийг 1999 онд 00дугаар ангид шилжүүлсэн бөгөөд Г.Г нь энэ байрыг худалдан авсан Ш гэх хүнээс уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг маргааны үеэр гаргуулж авсан байдаг. Нэхэмжлэгч шаардах эрхтэй байхын тулд эзэмшилд шилжсэн процесс хууль бус байх ёстой. 24 жилийн хугацаанд 00 дугаар анги энэ байрыг албаны байрын зориулалтаар ашиглаж өөрийн данс бүртгэлд бүртгэж хууль бусаар эзэмшсэн процесс байх ёстой юм.
Г.Г өөрөө зөвшөөрч үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн учир 00 дугаар анги маргаан бүхий байрыг ашигласан гэх үйл баримт хэргийн үйл баримтаас харагдаж байна.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд худалдах худалдан авах гэрээгээр тодорхойлоод явж байгаад өмчийн эрхзүй буюу Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар шаардсан гэдэг зүйлийг яриад байгаа. Худалдан худалдан авах гэрээний дагуу үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж шаардах гэхээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал дууссан байдаг. Нэг тал нь өмчлөх эрхийг олж авч чадахгүй, нөгөө талд өмчлөх эрх байгаа боловч эзэмших эрхийг олж авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэх боломжгүй ч гэсэн тухайн өмч хөрөнгийг хуулийн дагуу шударгаар эзэмшсэнийхээ хувьд өмчлөх эрхийг олж авах давуу эрхтэй байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 152/ШШ2024/00498 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч Л.О болон 00 дугаар ангид холбогдуулан, М аймгийн У сумын Х дүгээр баг,, 1/1 дугаар орон сууцны Г тоот байрыг Л.О болон 00 дугаар ангийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 00 дугаар ангиас түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
3. Хариуцагч Л.О болон Хилийн цэргийн 00-р анги нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч, үндэслэлээ, маргаан бүхий байр нь хилийн 00 дугаар ангийн албаны мэдлийн орон сууц тул иргэн Г.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлан, орон сууцны өмчлөх эрхийг 00-р ангид шилжүүлэхийг Г.Г-од даалгахыг хүссэн сөрөг шаардлага гаргаж маргажээ.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч 00 дугаар анги болон О.Он нарт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 21,800,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна.
5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
5.1. Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Л.О болон 00 дугаар ангид холбогдуулан, М аймгийн У сумын Х дүгээр баг,, 1/1 дугаар орон сууцны Г тоотбайрыг 00 дугаар анги болон уг байгууллагын ажилтан Л.О нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ:...Ж.Ш-аас 1999 онд дээрх орон сууцыг 800,000 төгрөгөөр худалдан авсан. 2008 оны 3 дугаар сард миний бие даралт харваж эмчлүүлж байгаад 2009 онд Р хот руу шилжин ажиллахаар явахдаа тус ангийн жижүүр Д.Д-т орон сууцны түлхүүрээ үлдээсэн. Ингээд олон жил эмчилгээ хийлгэж байгаад нутагтаа ирж, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тус орон сууцыг өмчлөх эрхтэй болсон. 2021 оны 12 дугаар сарын эхээр өөрийн байрандаа амьдрахаар М аймагт очиж Л.Ог миний орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад чөлөөлж өгөхгүй гэсэн. 00 дугаар анги уг орон сууцыг олон жил албан хаагчид түрээсэлж байсан тул тодорхой хэмжээний хөлс төлнө гэж бодсон тул түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулна гэж, харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан үндэслэлээ: ...Г.Г нь 1998-2009 оны хооронд хилийн 00 дугаар ангид захирлын орлогч, соёл сурталчилгааны албаны дарга, захирагчийн орлогч, ар тал хангалтын даргаар тус тус ажиллаж байсан. Г.Г нь 1999 онд цэргийн хүнсэнд мах нийлүүлнэ гээд тус ангиас бэлэн мөнгө авсан боловч манай байгууллагад мал болон мах хүлээлгэж өгөөгүй. Улмаар оны эцэс болж тооцоо хийгдэхэд Г.Г нь манай байгууллагад өртэй гарч, уг өрөндөө 2 өрөө орон сууцаа өөрөө хүлээн зөвшөөрч өгсөн. 1999 оны өвөл манай албанаас орон сууцны үнийн зөрүүд 300,000 төгрөгийг Г.Г-од өгсөн ба нэхэмжлэгч ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, нэхэмжлэл болон тайлбартаа энэ талаар дурдсан байдаг. Энэ байр нь манай ангийн дансанд 1999 оноос одоог хүртэл 24 жил болж байна. 2009 оны 6 дугаар сард шилжин явахдаа байраа хүлээлгэн өгсөн. Уг байранд 2009 оноос хойш 00 дугаар ангийн албан хаагчид амьдарч байна гэж тус тус тайлбарлан маргажээ.
Талуудын тайлбар, мэтгэлцээнээс үзэхэд, нэхэмжлэгч Г.Г нь иргэн Ж.Ш-гаас худалдан авсан М аймгийн У сумын Х дүгээр баг,, 1/1 дугаар орон сууцны Г тоот байраа 1999 онд өөрийн ажиллаж байсан 00 дугаар ангид өр төлбөрт тооцон өгч, улмаар уг албаны байрандаа амьдарч байгаад 2009 онд Р хот руу шилжин явахдаа байраа тус цэргийн ангийн эзэмшилд шилжүүлэн өгсөн эсэх үйл баримттай холбоотой буюу уг байрны өмчлөлтэй холбоотой маргасан гэж үзэхээр байна.
5.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, мөн зүйлийн 106.2-т зааснаар өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г.Г нь М аймгийн У сумын Х дүгээр баг,, 1/1 дугаар орон сууцны Г тоот байрыг 00 дугаар анги болон уг байгууллагын ажилтан Л.О нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгчийн дээрх шаардах эрх үндэслэлтэй эсэхийг тодорхойлохын тулд шүүхээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэмших, өмчлөх эрх хэнд, хэзээ, хэрхэн үүссэн гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнэн тогтоох ёстой. Гэтэл энэ үйл баримтуудын талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч Г.Г нь дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхтэй адил агуулга бүхий шаардлагатай нэхэмжлэлийг өмнө нь буюу 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сум дундын 24 дүгээр шүүхэд гаргаснаар уг нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцэж, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 229 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын журмаар хянаад хэвээр үлдээсэн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэр /3 дугаар хавтаст хэргийн 21-34 дүгээр тал/-үүд тус тус хэрэгт авагдсан байх ба уг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.
Дээрх Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 229 шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 489 дүгээр тогтоолд: Г.Г нь М аймгийн У сумын Х дүгээр баг,, 1/1 дугаар орон сууцны Г тоот байраа худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу өр төлбөр үүссэн шалтгаанаар албандаа шилжүүлэн өгч, зөрүү мөнгөнд 300,000 төгрөг авсан нь тогтоогдсон байна. Байрыг өөрийн мэдэлд шилжүүлснээс хойш буюу 1999 оноос хойш орон сууц хариуцагч 00 дугаар ангийн үндсэн хөрөнгөд тоологдож Үндсэн хөрөнгө-н бүртгэлд авагдсан, Албаны орон сууц-ны зориулалтаар ашиглагдаж буй нь нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн байна.
5.3. Хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Г.Г-ын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан, М аймгийн У сумын Х дүгээр баг,, 1/1 дугаар орон сууцны Г тоот байрыг 700,000 төгрөгийн барьцаанд авсныг 00 дугаар ангиас чөлөөлүүлэх тухай шаардлага нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөн шүүхэд гаргасан М аймгийн У сумын Х дүгээр баг,, 1/1 дугаар орон сууцны Г тоот байрыг 00 дугаар анги болон тухайн ангийн алба хаагч Л.Огийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагатай адил агуулгатай, нэг үйл баримтын талаар маргасан гэж үзэхээр байх бөгөөд талуудын одоо маргаж байгаа үйл баримт, маргааны талаар өмнө нь дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
6. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Г.Г нь М аймгийн У сумын Х дүгээр баг,, 1/1 дугаар орон сууцны Г тоот байрны өмчлөгч мөн болох нь Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр тогтоогдсон гэх агуулгаар тайлбарласан байх боловч хэрэгт авагдсан энэхүү захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр орон сууцны бүртгэлийн асуудлыг шийдвэрлэсэн байх тул энэ шийдвэрээр маргаан бүхий байрны өмчлөгчийг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй болно.
Мөн нэхэмжлэгч тал тухайн маргаан бүхий байр нь Г.Г-ын өмч болох нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байгаа гэж тайлбарласан маргаж байгаа боловч уг нотлох баримтыг шүүхэд өмнө нь гаргаж өгч байгаагүй шинэ нотлох баримт гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Учир нь, Г.Г 2014 оны 3 сарын 11-ний өдөр маргаан бүхий, М аймгийн У сумын Х дүгээр баг,, 1/1 дугаар орон сууцны Г тоот байрны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч, улмаар 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан, М аймгийн У сумын Х дүгээр баг,, 1/1 дугаар орон сууцны Г тоот байрыг 00 дугаар ангийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагынхаа үндэслэл болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгч байсан байх тул шүүхийн шийдвэр үндэслэл болоогүй шинэ нотлох баримтыг гаргасан гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т: нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т ...энэ хуулийн ...65.1.3-65.1.8, 65.1.10-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус хуульчилсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь тогтоогдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан үндэслэлээр, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан Г.Г-ын нэхэмжлэлтэй, 00 дугаар анги, Л.О нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т: Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан ба хариуцагч нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хангахгүй орхих үндэслэлтэй байна.
10. Нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,650 (гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун тавь) төгрөг болон хариуцагч 00 дугаар ангийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулж, буцаан олгох үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,150 (гурван зуун гучин долоон мянга нэг зуун тавь) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1.Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т тус тус заасныг баримтлан Г.Г-ын нэхэмжлэлтэй, 00 дугаар анги, Л.О нарт холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 00 дугаар ангийн орон сууц өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг Г.Г-од даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,650 (гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун тавь) төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж, Г.Г-од 351.650 төгрөг, 00 дугаар ангид 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 337,150 (гурван зуун гучин долоон мянга нэг зуун тавь) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ