Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 521

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Ундаарга овогт Сарангэрэлийн С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811033970113 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 02-ны Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Авто терминал ХХК-ийн автобусны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эх гудамж 41-2037 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ундаарга овогт Сарангэрэлийн С.М /РД: УМ90060292/,

 

Шүүгдэгч С.М нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.М нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Далайхүү төвийн орчимд Б.Лувсанбямбатай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Лувсанбямбын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр манай ажил дээр сургалт болоод автобусны жолооч нар бүгд цуглаад сургалтаа тараад ажлын ойролцоо голын эрэг дээр Уламбаяр, Мөнхжаргал, Манлайбаатар, С.М, Нарангэрэл, Баттөгс, Галмандах, Тайванбаяр, Ууганбаяр бид нар 2 шил 0.75 литрийн архи 4 том пиво хувааж уусан. Тэгээд бид нар юм уугаад барилдсан бөгөөд би С.Мтэй барилдаад унагаачихсан чинь С.М босч ирээд намайг 3 удаа зүүн хацар луу алгадсан. Тэгээд би тоглож байгаа байлгүй гэж бодсон чинь дахиад уруул руу цохиод уруулын дотор тал хэгзэлчихээр нь би чи одоо тоглоод байна уу шоглоод байна уу гэсэн чинь С.М уучлаарай андаа гээд бид хоёр зүгээр болсон. Иигээд 15 цагийн орчимд бид нар голын эргээс хөдөлсөн бөгөөд замаараа Батбаяр гээд механик инженер залуугийн хашааны гадаа очиж нэг пиво хувааж уусан. Тэгээд манай эхнэр хүүхдүүдтэйгээ намайг тосож аваад би тэд нараас салаад гэртээ ирсэн чинь манай хашааны үүдэнд Энхболд Мөнхжаргал Уламбаяр Ууганбаяр Анхбаяр нар надаас түрүүлээд манай гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд би эхнэр хүүхдээ оруулчихаад буцаад жолооч нар дээр очтол нэмэгдээд С.М Гантулга хоёр хүрээд ирсэн. Тэгээд бид нар дахиад нэг пиво уухуу гээд байж байтал С.Мийг хүрээд ирэхээр нь Мөнхжаргал, Энхболд, Анхбаяр гурав яваад Тайванбаяр, Уламбаяр, Ууганбаяр нар үлдсэн. Тэгээд С.М хүмүүсийг жоохон доош хийх байдалтай байгаад байхаар нь би С.Мийг чи архи ууж чадахгүй далдаганаад байх юм гэсэн чинь С.М чи тэгээд яах гээд байгаа юм үзчихье гээд С.М, Гантулга бид гурав Далайхүү төвийн орчим руу алхаад явж байсан манай нөгөө жопооч нар болохоор хашааны үүдэн дээр үлдсэн. Тэгээд алхаад явж байтал С.М ард явж байсан бөгөөд араас тас буугаад л явсан. Тэгээд С.Мийг Гантулга чирээд хойш нь аваад явсан бөгөөд би ингэж зодолддоггүй юм гээд буцаад хашааныхаа үүдэн дээр хүрээд ирсэн. Тэгээд манай ажлынхан яваад өгсөн С.Мийг Гантулга аваад явсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/

Гэрч О.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед С.Мтэй уулзах гээд гурвалжингийн гүүр даваад Монгол тамхи со компанийн урд далан дээр С.М болон зүс таньдаг жолооч нар машинаа тавьчихсан сууцгааж байсан. Тэгээд би хуучин уг байгууллагад ажиллаж байсан учраас мэнд ус мэдэлцээд бид жолооч нар бүгдээрээ дэнжийн 1000 руу хөдөлхөөр болсон Тэгээд би С.Мийн машиныг барьж явахаар болоод С.Мийн машинд Манлай, С.М, Нараа гээд жолооч ах байсан. Тэгээд Нараа ахыг Алтай хотхонд хүргэж өгөөд шууд дэнжийн 1000-д очсон. Дэнжийн 1000-д Батбаяр гээд механикч ахынд очоод жолооч нар 2 бил үү 3 пиво хувааж уугаад Лууяа /Лувсанбямба/, Анхаа, Тайвнаа, Мөнхжаргал, Лууяагийн эхнэр Ууганаа нар түрүүлээд Лууяагийн гэр лүү яваад өгсөн. Батбаяр ахын гэрийнх нь гадаа С.М, Уламбаяр бид гурав үлдсэн. Тэгээд тэндээ С.М Уламбаяр хоёр Батбаяр ахтай дахиад нэг пиво ууя гэж ярьж байтал туруүлж хөдөлсөн хүмүүс залгаад тэгээд Далайхүү төвийн орчимд Лууяагийн гэрт орж цай уугаад би Уламбаяр бид хоёр тамхи татах гээд гарсан. Тэгээд гадаа 10-20 минут орчим байж байтал С.М, Лууяа хоёр нэг нэгэндээ уурласан байдалтай гарч ирсэн. Тэгээд Лууяа тэр хоёр хашаан дотор маргалдаж байгаад Лууяа гаръя гээд хашаанаас гарсан. Миний ойлгосноор Лууяа, С.М хоёр намайг очихоос өмнө Монгол тамхи со компаний урд далангийн орчимд байхдаа барилдсан юм уу яасан юм тэр асуудлаа яриад маргалдаад байсан. Тэгээд Лууяа би чамайг ална тална ийшээ явъя гээд 2 байр байрлаж байсан гудамж руу явсан уг нь би болиулах гэж үзсэн боловч хоёулаа л болихгүй байсан. Тэгээд тэр байрны орчимд ирээд С.М Лууяа хоёр хэрэлдэж байгаад Лууяа С.Мийг нэг түлхсэн, С.М Лууяагийн нүүр лүү нь нэг удаа цохьсон. Тэгээд би тэр хоёрыг хоёр тийш нь түлхээд С.Мийг араас нь тэвэрч түлхсээр байгаад машин дээр нь аваачсан Тэгээд Лууяа араас ирж дахиж хэрүүл хийгээд байхаар нь С.Мийг машинд суулгаад би аваад явсан. Ийм л асуудал болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/

Яллагдагч С.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Авто терминал ХХК дээр хурал болж жолооч нар ажлын байран дээр цугларч, хуралдсан Ингээд хурлаа тараад хэдэн холооч нар дунд голын эрэг орж архи ууцгаасан. Энэ үед хохирогч Лувсанбямба “чамайг амлаж байна, барилдъя" гэхэд нь би "өнгөрсөн жил гарынхаа бугуйг гэмтээж, хугалчихсан тийм болохоор барилдахгүй" гэж хэлсэн чинь барилдъя гээд байхаар нь би Лувсанбямбатай барилдаад уначихсан. Тэгээд би тухайн үедээ Тулгаа гэдэг найзыгаа дуудаад машин бариад өгөөч гэж дуудсан. Ингээд манай ажилчдын жолооч нар өөр өөрсдийнхөө машинд хуваагдаад суучихсан байсан би машиныхаа урд талын хамрыг налаад зогсож байтал явган хүний зам дээр Лувсанбямба суучихаад намайг үгээр идээд байсан Тэр үед би карманд байсан гар утсаа гаргаад үзтэл дэлгэц нь хагарсан байхаар нь уурандаа Лувсанбямбын зүүн талын хацарлуу 1 удаа алгадсан. Тэгээд би Лувсанбямбаас уучлалт гуйсан чинь намайг уучлахгүй гээд байхаар нь би гарыг нь атгаад явлаа гэж хэлээд машиныг манай найз Тулгаа бариад ажлын газрын жолооч Уламбаяр надтай хамт Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо Дэнжийн 1000-д байрлах манай ажлын газрын ах Батбаярын гэрт орж цай уучихаад буцаад гарсан. Тэгсэн Уламбаяр 17 оръё гэхэд нь би 17 ороход Тайванбаяр, Лувсанбямба. түүний эхнэр. хүүхдүүд нь байсан ба гэрийнхээ үүдэнд Лувсанбямба зогсож байсан ба намайг хараад Лувсанбямба намайг өдөөд байна уу, хоёулаа ийшээ яваад үзчихье" гээд надруу дайрахад манай найз Тулгаа дундуур орж, Лувсанбямбын араас тэвэрч авсан. Энэ үеэр Лувсанбямбын эхнэр бага хүүхдээ тэвэрсэн хашааны гадаа гарч ирэхэд нь би "эхнэр хүүхэд чинь гараад ирсэн байна, яагаад тэнэгтээд байгаа юм бэ" гэж хэлэхэд Лувсанбямба намайг энд тэнд зулгаагаад татаад байхаар нь би Лувсанбямбын гарыг нь цааш түлхэж байгаад эрүү рүү нь гараараа 1 удаа цохичихсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5572 дугаартай дүгнэлт: "...Б.Лувсанбямбын биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..." /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч С.Мийг бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.