| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 152/2024/00446/И |
| Дугаар | 224/МА2025/00006 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 224/МА2025/00006
ТАЗ-ийн нэхэмжлэлтэй,
Ц.А-д холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 152/ШШ2024/00514 дүгээр шийдвэртэй,
ТАЗ-ийн нэхэмжлэлтэй, Ц.А-д холбогдох, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 73,915,581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТАЗ-ийн нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 73,915,581 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ...Монгол Улсын ТАЗ-ийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг У аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар У аймгийн Э-ийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Б-г тус газрын Х, хариуцсан мэргэжилтнээр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Ц.Ц-ыг тус газрын Хэлтсийн дарга, хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоож, ТАЗ-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Улмаар дээрх хугацаатай үүрэг даалгаврыг У аймгийн Э-ийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А биелүүлээгүй тул Зөвлөл 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай 112, 115 дугаар тогтоолуудыг гаргаж, У аймгийн Э-ийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/02, Б/10 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон байхад нэр бүхий иргэдийг хууль зөрчиж ажиллуулсаар байна. Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсноос үүдэн төрд учирсан хохирол болох 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд иргэн Ц.Ц-т нийт 29,329,738 төгрөг, иргэн Б.Б-д нийт 44,585,843 төгрөгийг тус тус тооцож олгосон байна. Иймд Ц.А-гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 73,915,581 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Төрд учирсан хохирлыг Монгол Улсын ТАЗ-ийннэр дээрх төрийн сангийн 0 тоот дансанд буруутай албан тушаалтан Ц.А-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ц.А-гийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие У аймгийн Э-ийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Б-г тус газрын Х хариуцсан мэргэжилтнээр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Ц.Ц-ыг тус газрын хэлтсийн дарга, хариуцсан мэргэжилтнээр тус тус томилон ажиллуулсан. Б.Б болон Ц.Ц нар нь томилогдсон ажлын байранд буюу төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлэн хөдөлмөрлөснийхөө төлөө төрөөс цалин хөлс авсан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн. Үүнийг төрд учруулсан хохирол гэж үзэх боломжгүй юм.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон... гэх заалтыг үндэслэж хохирол учруулсан гэж үзэн мөн хуулийн 50.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргажээ. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж нэхэмжлэл гаргахаар хуульчлагдсан байна. Хуулийн энэхүү агуулгаас харвал хохирол учруулсан гэх үйлдэл нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхаар, тухайн шийдвэрийн улмаас төлөгдөх хохирлын нөхөн төлөлтийг хянаж, төлүүлэх асуудлаар нэхэмжлэл гаргах тухай ойлголт байна.
Нэхэмжлэлд хавсаргагдсан баримтаар миний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төрд хохирол учруулсан гэдгийг тогтоосон ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй болно. Түүнчлэн Б.Б, Ц.Ц нар нь 2021 оны 1 сард дээрх ажлын байранд томилогдон ажилласан байх ба Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д төрийн албанд хууль бусаар томилсон гэх зохицуулалт нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж нэмэгдсэн зохицуулалтыг үндэслэж хууль батлагдахаас өмнө үүссэн харилцааг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд ТАЗ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 152/ШШ2024/00514 дүгээр шийдвэрээр:
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ТАЗ-ийн хариуцагч Ц.А-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 73,915,581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий болоогүй учир эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх ... Хариуцагч Ц.А нь У аймгийн Э-ийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хууль зөрчиж, иргэн Б.Б, Ц.Ц нарыг сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албан тушаалд томилсон, улмаар иргэнийг сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албан тушаалд томилон ажиллуулсан нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн талаар ТАЗ-өөс мэдэгдсээр байхад Б.Б, Ц.Ц нарыг төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулсаар байсан нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Ц.А-г гэм буруугийн санаатай хэлбэрээр төрд хохирол учруулсан гэж үзнэ гэж зөв дүгнэсэн.
Харин анхан шатны шүүх ... Хариуцагч Ц.А нь иргэнийг төрийн жинхэнэ албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилон ажиллуулах тухай хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай боловч түүний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд ТАЗ-ийн эс үйлдэхүй нөлөөлсөн, Ц.А нь ТАЗ-өөс түүний шийдвэр хууль бус болохыг тогтоох хүртэл хугацааны гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй ба ТАЗ-ийн 2022 оны 112, 115 дугаар тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон боловч нэхэмжлэгч байгууллага өөрийн шийдвэрийн биелэлтийг хангаагүйн улмаас нэмэгдсэн гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй. ТАЗ нь захиргааны байгууллага болохын хувьд өөрийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ аваагүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны актад гомдол гаргах хугацаа өнгөрсөн бол шийдвэр гүйцэтгэнэ... гэж тус тус дүгнэсэн нь буруу бөгөөд үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт ...Төрийн албаны төв байгууллага өөрөө, ...томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ гэж, 30.2 дахь хэсэгт ...хууль тогтоомж зөрчиж ... томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна гэж, 30.3 дахь хэсэгт Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ тус тус заасан.
Дээрх хуулийн дагуу ТАЗ нь У аймгийн Э-ийн газарт хяналт, шалгалт хийж иргэн Б.Б, Ц.Ц нарыг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон болохыг тогтоож, ТАЗ-ийн 2021 оны 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Дээрх хугацаатай үүрэг даалгаврыг Ц.А биелүүлээгүй тул Зөвлөл 2022 оны Тушаал хүчингүй болгох тухай 112, 115 дугаар тогтоолуудыг гаргаж, У аймгийн Э-ийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/02, Б/10 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон. Улмаар ТАЗ бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол хүргүүлсээр байхад хариуцагч Ц.А нь Зөвлөлийн тогтоолыг эс биелүүлж, нэр бүхий иргэдийг хууль зөрчиж, хууль бусаар ажиллуулсан бөгөөд Зөвлөлийн 2022 оны 112, 115 дугаар тогтоолыг хүргүүлснээр тухайн албан тушаалд хууль бусаар нэр бүхий иргэдийг томилсон тушаал хүчингүй болж, иргэн Б.Б, Ц.Ц нар ямар нэгэн тушаал шийдвэргүй ажилласанд цалин хөлс олгосон гэж үзэхээр байна.
Мөн ТАЗ-ийн 2022 оны Тушаал хүчингүй болгох тухай 112, 115 дугаар тогтоолуудыг хүргүүлэхэд У аймгийн Э-ийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А болон эрх ашиг нь хөндөгдсөн иргэн Б Б, Ц.Ц нар нь уг тогтоолыг хууль бус гэж үзэн тус Зөвлөлд гомдол гаргах, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан ч гомдол болон нэхэмжлэлийг гаргаагүй болно.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 498-р зүйлийн 498.5 дах хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуульд 497-р зүйлийн 479.1 гэх заалт байхгүй ба хэрэв нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа бол тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох болсон үндэслэл бүхий хуулийн зүйл, заалтыг баримтлах ёстой байсан.
ТАЗ нь захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй нь хариуцагчийн төрд учруулсан хохирлыг төлүүлэхгүй байх, мөн хариуцлагаас чөлөөлөх хуулийн үндэслэл болохгүй юм. Энэ талаар буюу захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүйгээс төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхгүй байх зохицуулалт ямар ч хуульд байхгүй бөгөөд үүгээрээ анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй, хуулийн үндэслэлгүй байна.
ТАЗ нь тогтоол гарган Ц.А-гийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгон өөрт нь мэдэгдсээр байхад биелүүлээгүй, тушаалгүйгээр хүн ажиллуулж цалин хөлс олгосон нь хариуцагч Ц.А дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрийг биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс төрд санаатай хэлбэрээр хохирол учруулсан гэж үзэх хангалттай үндэслэл юм. Түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирлын хэмжээ нэмэгдэхэд ТАЗ нөлөөлсөн гэх ямар ч үндэслэл байхгүй болно.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2-т тус тус зааснаар хариуцагчийн төрд учруулсан хохирлыг заавал төлөх үүрэгтэй болохыг хуульчилсан байна.
Мөн хариуцагчийн үйлдэл нь өөрөө огт мэдээгүй зүйл биш бөгөөд мэдсээр байж, гэм буруугийн санаатай хэлбэрээр төрд бодит хохирол учруулсан байхад гэм буруугийн санаатай хэлбэрийг шүүх харгалзаж үзэлгүй, харин хохирлоо нэхэмжилсэн Төрийн байгууллагыг үндэслэлгүй буруутгаж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. ТАЗ бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тогтоолыг эрх бүхий албан тушаалтан болох Ц.А-д хүргүүлсэн бөгөөд харин хууль бус томилгоо хийж, тушаал шийдвэр гаргасан хариуцагч нь ТАЗ-ийн тогтоолыг биелүүлэх үүрэгтэй этгээд юм.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд иргэний улс төрийн албан тушаалаас бусад албан тушаал буюу төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль бусаар томилсныг Төрийн албаны төв байгууллага болон шүүх тогтоосон бол тухайн албан тушаалд иргэнийг хууль бусаар томилсонтой холбоотой ажил олгогчийн зүгээс олгосон цалин хөлсийг төрд учирсан хохирол гэж үзэж нэхэмжилнэ гэдэг өөрчлөлт орсон. ТАЗ-ийн зүгээс хүргүүлсэн тогтоолыг Ц.А, Ц.Ц, Б.Б нар эс зөвшөөрч ТАЗ-д гомдол гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Эрх бүхий албан тушаалтан болон ТАЗ-ийн тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу заавал биелэгдэх шинжтэй бөгөөд үүнийг Ц.А биелүүлээгүй.
Цалин хөлсийг 2022 оны 5 дугаар сараас биш хуульд нэмэлт өөрчлөлт орсон 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд олгосон нийт 73,915,581 төгрөгийг ТАЗ-өөс нэхэмжилж байгаа. Тэгэхээр Б.Б, Ц.Ц нарыг 2022 оны 5 дугаар сараас хойш төрийн албанд тушаал шийдвэргүй ажиллуулаад байхад төрөөс цалин хөлс олгосон гэж үзэж байгаа.
ТАЗ нь захиргааны байгууллага болохын хувьд өөрийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ аваагүй гэдэг нь ойлгомжгүй. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад гомдол гаргах хугацаа өнгөрсөн бол тухайн актыг гүйцэтгэнэ гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
ТАЗ У аймгийн Э-ийн газарт хяналт шалгалт хийгээд Б.Б, Ц.Ц нарыг хууль тогтоомж зөрчиж томилох эрх бүхий албан тушаалтанд 240 дугаартай тогтоолоор хүчингүй болгох хугацаатай үүрэг даалгавар өгөөд байхад биелүүлээгүй учраас 112, 115 дугаартай тогтоолуудыг хүргүүлж, томилсон тушаалуудыг хүчингүй болгосон. Гэтэл Б.Б, Ц.Ц нарыг тухайн байгууллага ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр ажиллуулж, цалин хөлсийг олгосон.
Б.Б, Ц.Ц нар ТАЗ-д гомдол гаргаагүй, ТАЗ-ийн тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Энэ нь тухайн албан хаагч нар хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа юм. Түүнчлэн техникийн алдаа гэж үзэх юм уу, санаатай үйлдэл гэж үзэх юм уу анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 479.1 гэж бичсэн боловч Иргэний хуульд тийм заалт байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ТАЗ захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулаагүй гэж дүгнэсэн. ТАЗ өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд бүх ажиллагааг хийж, тогтоолоо гаргаад эрх бүхий этгээдэд хүргүүлсэн. Эрх бүхий этгээд буюу албан тушаалтан тухайн шийдвэр, тогтоолыг биелүүлэхгүй яваад байхад ТАЗ захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломж байхгүй.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зөвхөн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр явагддаг. ТАЗ захиргааны актыг биелүүлээгүй гэж анхан шатны шүүх үзээд байгаа нь хариуцагчаас төрд учирсан хохирлыг гаргуулахгүй байх, Ц.А-г хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Анхан шатны шүүх цаг хугацааны хувьд зөв тооцоолоогүй гэж үзэж байгаа. ТАЗ-ийн тогтоолыг Ц.А 2022 оны 5 дугаар сард биелүүлсэн бол төрд учирсан хохирлыг Ц.А-гаас нэхэмжлэхгүй байсан. ТАЗ-ийн тогтоолыг биелүүлэхгүй явсаар 2023 он хүрч байгаа. Энэ хооронд Төрийн албаны тухай хуульд 2022 оны оны 7 дугаар сарын 05-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсонтой холбоотой асуудал орж ирсэн. ТАЗ 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тушаал шийдвэргүй ажилласан 2 иргэнд олгосон цалин хөлсийг төрд учирсан хохирол гэж үзэж нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй, цаг хугацааг тооцоогүй, нэхэмжлэлийн утгыг ойлгоогүй шийдвэрийг гаргасан гэж үзэхээр харагдаж байгаа. ТАЗ хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийсэн. Бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллагаагаа явуулсан.
Ц.А-гийн хувьд ТАЗ-ийн тогтоолыг 2022 оны 5 дугаар сард биелүүлсэн бол хохирлын асуудал яригдахгүй байсан. ТАЗ-ийн 112, 115 дугаартай тогтоолууд 2022 оны 5 дугаар сарын эхээр очсон байгаа. Энэ тогтоолыг нэр бүхий 2 иргэн эс зөвшөөрч гомдол гаргаагүй байдаг. Тухайн цаг хугацаанаас эхлээд нэр бүхий 2 иргэн төрд ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр ажилласны улмаас учирсан мөнгийг хуулийн нэмэлт өөрчлөлт орсон хугацаанаас хойш нэхэмжилсэн гэдгийг дурдахыг хүсэж, гомдлоо бүхэлд нь дэмжиж оролцож байна Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн. ТАЗ-ийн зүгээс тухайн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах гомдлыг гаргасан. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг тухайн гомдолдоо тодорхой зааж, дурдаагүй байдаг.
Хууль бус актын улмаас Б.Б, Ц.Ц нарт олгосон цалинг хохирол гэж үзээд байгаа. Тэгвэл гэм хорын хохирол учирсан үйл баримт нотлогдон тогтоогдоогүй байна гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд харж байгаа. Учир нь Б.Б, Ц.Ц нарыг төрийн албанд томилсон захиргааны акт хүчингүй болсон. Нэхэмжлэгч нарын зүгээс хууль бусаар томилсны улмаас авсан цалинг хохирол гэж үзээд байгаа юм. Цалингийн картаас харахад Б.Б, Ц.Ц нар заасан цаг хугацаанд төрд ажил хөдөлмөр хийгээд, цалин авч байгаа. Томилсон акт хүчингүй болсноор төрөөс олгосон цалинг хохирол гэж хандаад байгаа нь үндэслэлгүй. Ажилд томилогдсоноос хойших цаг хугацаанд Б.Б, Ц.Ц нарын биеэрээ хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг юу гэж үзэх вэ. Хохирол учруулсан үйл баримт бодитой байх ёстой.
Нөгөө талаас ажил хөдөлмөрийг нь үнэлж дүгнээд, үр дүнгийн урамшуулал төр бодож олгосон. Өөрөөр хэлбэл ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн гэж үр дүнгийн урамшуулал, цалин хөлсийг бодож олгоод, цалин хөлсөндөө таарсан хөдөлмөрийг Б.Б, Ц.Ц нар гүйцэтгэсэн бөгөөд төрийг хохироогоогүй юм байна. Зарцуулагдах ёстой байсан зардал эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай. Тухайн ажлын байран дээр Засгийн газрын тогтоолоор баталсан цалин урамшууллыг шатлалаар авч байсан. Хууль бус актын улмаас төрд хохирол учирсан гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад 497.1 гэдгийг 479.1 гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан учраас үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 152/ШШ2024/00514 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Монгол Улсын ТАЗ нь хариуцагч Ц.А-д холбогдуулан, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 73,915,581 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ: ...У аймгийн Э-ийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хууль бус шийдвэр гаргаж, уг шийдвэрийн улмаас төрд 73,915,581 төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч Ц.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ: ..миний бие У аймгийн Э-ийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Б-г тус газрын Х хариуцсан мэргэжилтнээр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Ц.Ц-ыг тус газрын хэлтсийн дарга, хариуцсан мэргэжилтнээр тус тус томилон ажиллуулсан, тэдгээр нь томилогдсон ажлын байранд буюу төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлэн хөдөлмөрлөснийхөө төлөө төрөөс цалин хөлс авсан. Миний бие Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байхад намайг төрд хохирол учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Б.Б, Ц.Ц нар нь 2021 оны 01 дүгээр сард дээрх ажлын байранд томилогдон ажилласан байх ба Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т төрийн албанд хууль бусаар томилсон гэх зохицуулалт нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлтөөр нэмэгдсэн ба уг зохицуулалтыг үндэслэж хууль батлагдахаас өмнө үүссэн харилцааг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна гэж тайлбарласан маргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ТАЗ-ийн хариуцагч Ц.А-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 73,915,581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ТАЗ-ийн хариуцагч Ц.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл нь зөв боловч маргаанд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж шийдвэрлэлээ.
6. Хэргийн баримтаас үзэхэд, хариуцагч Ц.А нь У аймгийн Э-ийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б/02 дугаар тушаалаар иргэн Б.Б-г тус газрын хэлтсийн дарга, хариуцсан мэргэжилтнээр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар иргэн Ц.Ц-ыг тус газрын хэлтсийн дарга, хариуцсан мэргэжилтнээр тус тус сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албан тушаалд томилсон,
- Монгол Улсын ТАЗ-ийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг У аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар У аймгийн Э-ийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Б-г, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Ц.Ц-ыг тус тус мэргэжилтнээр томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж, ТАЗ-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг хариуцагч Ц.А-д өгсөн,
- дээрх хугацаатай үүрэг даалгаврыг У аймгийн Э-ийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А биелүүлээгүй тул ТАЗ 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112, 115 дугаар тогтоолуудаар У аймгийн Э-ийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/02, Б/10 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон,
- ТАЗ-өөс иргэн Б.Б, Ц.Ц нарыг төрийн жинхэнэ албанд томилсон тушаалуудыг хүчингүй болгосон байхад тухайн иргэдийг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулж, 2024 оны 8, 10 дугаар сард тэд өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт тус тус тогтоогдсон, уг үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
7. Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Ц.А-г У аймгийн Э-ийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа иргэн Б.Б, Ц.Ц нарыг Төрийн албаны тухай хууль зөрчиж томилсноос үүдэн төрд хохирол учирсан гэж үзэж, 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тэдгээрт олгосон нийт цалин хөлс 73,915,581 төгрөгийг Ц.А-гаар нөхөн төлүүлэхээр шаардсан байна.
Нэхэмжлэгч ТАЗ нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба энэхүү хуулийн зохицуулалтыг баримтлан хариуцагч Ц.А-гаас гэм хорын хохирол шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.
7.1. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан: Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэх заалтад, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж өөрчилсөн байна. Тодруулбал, тухайн заалтад төрийн албанд хууль бусаар томилсон гэсэн хэм хэмжээг нэмсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч Ц.А-гийн сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албан тушаалд иргэн Б.Б, Ц.Ц нарыг томилсон үйлдэл нь 2021 оны 01 дүгээр сард болсон байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар, зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд хууль бусаар чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан нь тогтоогдсон тохиолдолд төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр хуульчилсан байсан бөгөөд тухайн зохицуулалтаар төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон буруутай шийдвэрийн үр дагавар буюу төрд учирсан хохирлыг буцаан шаардах эрх зүйн үндэслэлийг хуульчлаагүй байжээ.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлт буюу Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон... гэх нэмэлт өөрчлөлт нь тухайн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон үйл баримтад үйлчилнэ.
Иймд нэхэмжлэгч ТАЗ-ийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шинээр батлагдсан хуулийн зохицуулалтыг баримтлан тухайн хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх буюу 2021 оны 1 дүгээр сард болсон үйл баримтын үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7.2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулийг буцаан хэрэглэх үндэслэл журмыг анхаараагүй байна.
Хууль буцаан хэрэглэх асуудал нь шинээр батлагдсан хуулийг түүнийг дагаж мөрдөхөөс өмнө бий болсон харилцаа буюу болж өнгөрсөн үйл баримтад хэрэглэх ойлголт бөгөөд энэ нь маргалдагч нэг буюу 2 талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөлд хэрэглэх үндэслэл болно.
Шүүх талуудын хооронд үүссэн маргаанд шинээр баталсан хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл бий болоогүй байхад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар шинээр нэмсэн хэм хэмжээг хэрэглэн, нэхэмжлэгч ТАЗ-ийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу болжээ.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
9. Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг баримтлахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэхийг 479.1 гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1 гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ