| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2024/00589/И |
| Дугаар | 224/МА2025/00007 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 224/МА2025/00007
Б.М-ий нэхэмжлэлтэй,
У ТӨХК-д
холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00554 дүгээр шийдвэртэй,
Б.М-ий нэхэмжлэлтэй, хариуцагч У ТӨХК-д холбогдох, өндөр насны тэтгэвэр тогтоолгосонтой холбоотойгоор олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүү 24,360,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М-ий нэхэмжлэлийн шаардлага: өндөр насны тэтгэвэр тогтоолгосонтой холбоотойгоор олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүү 24,360,800 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие дулааны үйлдвэрлэлийн салбарт 34 жил ажиллаж одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. Өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан эдэлбэл зохих эрхийг минь эдлүүлэхгүй байгаад гомдолтой байна. Би У ТӨХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байтал 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр миний 60 насны төрсөн өдрөөр тухайн үеийн захирал Б.А нь надад мэдэгдэлгүй өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байсан. Энэ тушаалаар над 47,040,000 тэтгэмжийн олговор олгохоор шийдвэрлэсэн байсан бөгөөд би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад миний дансанд тэтгэмжийн олговор болох 47,040,000 төгрөгийг шилжүүлсэн. Хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр У ТӨХК-ийн ТУЗ хуралдаж, 01, 03 тоот тогтоолууд гаргаж, 01 тоот тогтоолоор намайг ерөнхий инженерээр, 03 тоот тогтоолоор захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэ шийдвэр гарсны дараа би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан. Миний бие үүнээс хойш өөрөөр хэлбэл, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ерөнхий инженерээр тасралтгүй ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан.
Эрчим хүчний яам, Монголын эрчим хүч геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциацийн хамтран баталсан, Эрчим хүчний салбарын 2023-2024 оны Хамтын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт: Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад тухайн салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно гэж заасны дагуу миний энэ салбарт ажилласан 34 жилд ноогдох мөнгөн тэтгэмжийг бодож олгох ёстой. Миний өндөр насны тэтгэвэрт гарсан тушаалын 2 дахь заалтаар зохих журмын дагуу тэтгэмжийн олговор олгохыг тушаасан боловч одоог хүртэл энэ олговор олгогдоогүй байх тул над олговол зохих 71,400,000 төгрөгийн тэтгэмжээс өмнө авсан 47,040,000 төгрөгийг хасаж, зөрүү 24,360,800 төгрөгийг У ТӨХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.М нь 2022 онд тэтгэвэртээ гарна гээд 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгуулсан байдаг. 47,040,000 төгрөгийг авсан. 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа уг тэтгэмжийг нийгмийн даатгалын санд буцааж олгох байсан. Уг тэтгэмжийг буцааж өгөөгүй учир нэмэгдэл тэтгэмжийг өгөх боломжгүй. Б.М-ий байгаль хамгаалах чиглэлээр ажилласан хугацааг хасаж, эрчим хүчний салбарт 28 жил ажилласан гэж үзэж байна гэв.
4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00554 дүгээр шийдвэрээр:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч У ТӨХК-аас 24,360,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,
- нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч У ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 279,754 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Б.М нь тэтгэвэртээ гарна гэж хэлээд 2022 оны бизнес төлөвлөгөөнд 47,040,000 (дөчин долоон сая дөчин мянга) төгрөгийн тэтгэмж батлуулсныг нийгмийн даатгалын санд буцаан төлөх ёстой байсан. Мөн Б.М-ий Т ХХК-д ажилласан 2 жил 8 сарын хугацаа нь эрчим хүчний салбарт ажилласан хугацаанд тооцогдохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
7. Хариуцагч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.М-ийн эхэмжлэлийн шаардлага 24,360,800 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч У ТӨХК-д холбогдуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгосонтой холбоотойгоор олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүү 24,360,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч У ТӨХК бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.
2. Анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 554 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч У ТӨХК-аас 24,360,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгохоор шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн эхэнд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэгч Б.М-ий тэтгэмжийн зөрүү 24,360,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У ТӨХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т: Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэж буй шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00554 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-ий тэтгэмжийн зөрүү 24,360,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч У ТӨХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,754 (хоёр зуун далан есөн мянга долоон зуун тавин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00554 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч У ТӨХК нь нэхэмжлэгч Б.М-ий нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүү 24,360,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, Б.М-ийн эхэмжлэлтэй, хариуцагч У ТӨХК-д холбогдох, нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүү 24,360,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч У ТӨХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,754 (хоёр зуун далан есөн мянга долоон зуун тавин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү магадлалд зохигчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН