| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2023/05599/И |
| Дугаар | 210/МА2025/00189 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00189
*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/04540 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 21,891,780.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. *******ий ээж ******* нь 2023 оны 03 сарын 06-ны өдөр Чингис хаан зочид буудал цогцолборт буюу ажлын байран дээрээ ажлаа хийж байх үедээ гэнэт нас барсан бөгөөд 2023 оны 03 сарын 28-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарч, 2023 оны 04 сарын 19-ний өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол гарсан.
1.2. ******* нь *******-тай 2014 оны 09 сарын 05-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2014 оны 10 сарын 20-ны өдөр Голомт банктай ******* дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Ковид-19 коронавирусын халдвар цар тахлаас шалтгаалан гэрээний хугацааг 2030 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.
1.3. Мөн ******* нь *******-тай 2020 оны 05 сарын 14-ний өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан. Даатгуулагч даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд нас барсан бөгөөд 2023 оны 03 сарын 06-ны өдөр даатгалын тохиолдол үүссэнийг мөн сарын 13-ны өдөр *******-д мэдэгдсэн.Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний дагуу 2023 оны 05 сарын 19-ний өдөр нөхөн төлбөр гаргуулахаар *******-д хандахад татгалзаж шийдвэрлэсэн талаар мөн оны 06 сарын 12-ны өдөр 29/761 дугаартай албан бичгээр хариу өгсөн.
1.4. *******-ийн зүгээс 2020 оны 05 сарын 14-ний өдрийн ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний загварыг урьдчилан хэвлэж, бэлэн болгосон, гэрээний нөхцөлийг даатгуулагч талтай нэг бүрчлэн харилцан тохиролцоогүй, даатгуулагчаас санал сонсоогүй, жишиг болгон ашигладаг гэрээний загвар дээр гарын үсэг зуруулсан.
1.5. *******-ийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзахад баримталж буй гэрээний 7.3.1-д аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан ... гэх тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамааруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
1.6. Иймд даатгуулагч *******ы нас барсан 2024 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаар орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 21,891,780.58 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн ******* тоот даатгалын гэрээний даатгуулагч ******* нь 2023 оны 03 сарын 06-ны өдөр нас барснаас даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлт, баримтуудыг хавсарган түүний төлөөлөгчөөс ирүүлсэн.
2.2. Даатгуулагч ******* нь 2023 оны 03 сарын 06-ны өдөр ажлын байран дээрээ нас барсан гэх тохиолдол түүнийг нотолж буй баримтуудыг шалган үзэхэд шинжээчийн дүгнэлтэд талийгаач ******* нь цусны даралт ихсэх өвчний улмаас тархины аалзан хальсан доор тархмал цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэж тодорхойлсон байна.
2.3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын тогтоолд талийгаач ******* нь цусны даралт ихсэх өвчний улмаас тархины аалзан хальсан доор тархмал цус харваж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь тогтоогдсон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв гэсэн байна.
2.4. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана гэсэн байх бөгөөд үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж заасан.
2.5. Даатгуулагч ******* нь өвчний улмаас нас барсан болох нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримтуудаар нотлогдсон тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй юм. Иймд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Мөн Санхүүгийн Зохицуулах хорооноос 2023 оны 08 сарын 17-ны өдрийн 9/3229 дугаартай шийдвэрээр даатгуулагчийн төлөөлөгчөөс ирүүлсэн гомдлыг хянан үзээд даатгагч *******-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй шийдвэрлэсэн.
2.6. Иймд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1. ******* нь банктай 2014 оны 10 сарын 20-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 26,900,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, *******-тай 2020 оны 05 сарын 14-ний өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан.
3.2. Банк нь *******-тай байгуулсан Банкны даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээний дагуу 2019 оны 02 сарын 12-ны өдрөөс 2021 оны 02 сарын 11-ний өдөр хүртэл даатгалын зуучлалын үйлчилгээг үзүүлж байсан учир уг нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******-иас 21,891,780.58 төгрөг гаргуулахыг хүссэн *******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,435.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний 7.3, 7.3.1-т аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нь даатгалын зүйл болохгүй, улмаар даатгалын нөхөн төлбөр олгохгүй байхаар заасан. Харин гэрээний 2.1-д даатгалын хамгаалалт хэсэгт дараах эрсдэлийг буюу үйлдвэрийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол хамаарна гэдгийг тодорхой заасан, үүнд өвчин, эрүүл мэндийн эрсдэлийн талаар дурдаагүй байна.
5.2. Даатгалын байгууллага нь энэ журмын дагуу гэрээг байгуулсан байх боловч даатгагч нь журамд зааснаас өөр эрсдэлийг даатгуулагчтай тохиролцох эрх нь нээлттэй. Санхүүгийн зохицуулах хороо нь ипотекийн даатгалын үйл ажиллагаанд эрсдэлийн төрлийг тогтоохдоо "гэнэтийн өвчин, өвчин"-г хамааруулаагүй боловч энэ нь эрсдэлийн зүйл байж болно.
5.3. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" мөн даатгалын зуучлагч нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.4.2-т Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох үүрэгтэй байна.
5.4. Гэтэл ******* болон *******-ийн зүгээс Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний загварыг урьдчилан хэвлэж, бэлэн болгосон, гэрээний нөхцөлийг даатгуулагчтай нэг бүрчлэн харилцан тохиролцоогүй, даатгуулагчаас санал сонсоогүй, жишиг болгон ашигладаг гэрээний загвар дээр гарын үсэг зуруулж, даатгуулагчийг даатгалын компани болон даатгалын нөхцөлөө чөлөөтэй сонгох эрхийг эдлүүлээгүй болно.
5.5. Түүнчлэн ******* болон гуравдагч этгээд *******-иудаас даатгалын тохиолдлыг сонгох боломжтой гэж танилцуулсан гэх боловч танилцуулсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
5.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Даатгалын компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан компаниуд байдаг. Нэхэмжлэгч талаас даатгалын гэрээг хууль зөрчиж байгуулсан гэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг баталсан. Тус журмаар ердийн даатгагч ямар эрсдэлийг үүрч гэрээ байгуулах үүрэгтэй гэх хэм хэмжээг зохицуулсан. Даатгалын компани ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заасан эрсдэлийг үүрч, тухайн эрсдэлд тохирсон даатгалын гэрээг даатгуулагчтай байгуулсан.
6.2. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ бусад баримтуудыг үндэслэн үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргасан. Даатгалын үндсэн 5 эрсдэлийг гэрээнд тусгасан. Ингэснээр даатгуулагчийг ямар нэгэн өвчний улмаас амь насаа алдах эрсдэлийг хамгаалах боломжгүй талаар талууд журам болон гэрээгээр тохиролцсон. Гэрээнд заагдаагүй эрсдэлд нөхөн төлбөр олгохгүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэжээ.
7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
7.1. Хамтран ажиллах гэрээний хүрээнд ******* зуучлагчийн үүрэг хүлээж байгаа. Зээлдэгчид зуучлагчийн үүрэг болон гэрээний дагуу гэрээний нөхцөл, бүтээгдэхүүний талаар танилцуулж гэрээ байгуулсан тул ******* нь даатгалын гэрээг танилцуулах үүргээ биелүүлсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 21,891,780.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, ...даатгуулагч нь өвчний улмаас нас барсан бөгөөд энэ нь гэрээний 7.3.1-т заасан нөхөн төлбөр олгохгүй тохиолдолд хамаарч байна ... гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. ******* болон ******* нар 2014 оны 10 сарын 20-ны өдөр ******* дугаартай Ипотекийн гэрээг 180 сарын хугацаатай байгуулсан, 2020 оны 12 сарын 27-ны өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээл эргэн төлөлтийн хуваарь гаргаж, гэрээний хугацааг 2030 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл сунгасан, *******, ******* нарын хооронд 2020 оны 05 сарын 14-ний өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулагдсан, даатгуулагч нь амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжид 20,393 төгрөг төгрөг төлсөн, 2023 оны 03 сарын 06-ны өдөр даатгуулагч нас барсан зэрэг үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон, зохигч маргаангүй. Харин даатгалын тохиолдол бий болсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
5. Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, мөн зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн.
6. Нэхэмжлэгч ******* нь *******ы төрсөн хүү, хууль ёсны өвлөгчийн хувьд хариуцагч *******-аас нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус зөв хэрэглэсэн байна. Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх бөгөөд ******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгч байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.
7. Даатгалын гэрээний 1.1-д даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байхаар, даатгалын хамгаалалт гэсэн хэсэгт үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол зэрэг эрсдэлүүдийн улмаас даатгуулагч амь насаа болон хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгах, Гэрээний 7.3 дахь заалтаар 7.3.3-д заасан аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлыг амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийг тус тус талууд харилцан тохиролцжээ. /хх-16/
8. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 783 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ******* нь цусны даралт ихсэх өвчний улмаас тархины аалзан хальсан доор тархмал цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь тогтоогдсон байна. /хх-17-18/
9. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан *******-ийн 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 29/761 дугаартай шийдвэрийг хянаад ... даатгагчийн зүгээс даатгуулагчийг гэнэтийн ослын улмаас бус өвчний учир нас барсан гэж үзэн, даатгалын гэрээний 7.3.1-д ... заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзжээ.
10. Дээрх нотлох баримтуудаас үзвэл, даатгуулагч ******* цусны даралт ихсэх өвчний улмаас нас барсан тохиолдол нь талуудын гэрээгээр тохиролцсон даатгалын эрсдэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
11. ******* нь *******-тай 2019 оны 02 сарын 12-ны өдөр 19/037 дугаартай Банкны даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлж байсан талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан байна.
12. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.1-т Ипотекийн даатгал нь сайн дурын даатгалын тусгайлсан бүтээгдэхүүн бөгөөд ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал болон ипотекийн зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээж зээлийн дүнг хүлээж авсан этгээдийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн 2 тусдаа даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэнэ хэмээн заасны дагуу ******* нь *******-тай Ипотекийн гэрээ, *******-тай амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг тус тус байгуулсан нь тус журамд нийцжээ.
13. Түүнчлэн Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-т Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасны дагуу даатгуулагч өөрөө мэдүүлэг гаргаснаар гэрээний нөхцөл, гэрээний зорилгыг ойлгох бүрэн боломж бүрдэх бөгөөд ******* нь *******-ийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймээс даатгагч нь даатгуулагчид даатгалын эрсдэлийг чөлөөтэй сонгох хуулиар олгосон эрхийг олгоогүй, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцээгүй гэж дүгнэх боломжгүй тул ... ******* болон *******-ийн зүгээс даатгалын гэрээний загварыг урьдчилан хэвлэж бэлэн болгосон, гэрээний нөхцөлийг даатгуулагчтай нэг бүрчлэн харилцан тохиролцоогүй, даатгуулагчаас санал сонсоогүй, жишиг болгон ашигладаг гэрээний загвар дээр гарын үсэг зуруулж, даатгуулагчийг даатгалын компани болон даатгалын нөхцөлөө чөлөөтэй сонгох эрхийг эдлүүлээгүй ... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/04540 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.ЦЭНД