| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0539/Э |
| Дугаар | 556 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 556
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Ц.Б,
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Алдар овогт Цэрэндоржийн Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014090619 тоот хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-517 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Алдар овогт Цэрэндоржийн Ц.Б /РД- ХН88012555/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ц.Б нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,
мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайлаастын” 24-517 тоот хашаанаас хохирогч Т.Батчимэгийн өмчлөлийн “Норд бенз” загварын 100-тонны даацтай тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.600,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайлаастын” 24-517 тоотод байрлах гэртээ хохирогч Т.Болормааг хоол хийх хүнсний материал авч ирсэнгүй гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь "тархи доргилт.баруун нүдний зовхи, доод уруу, зүүн гарын сарвуунд шарх, шалбаралт, цус хуралт бүхий" хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Би хэрэг болсон өдрийг санахгүй байна. Ямарч байсан манай эхнэр хамгийн сүүлд цагдаагийн байгууллагын 102 дугаар утсанд дуудлага өгч эрүүлжүүлж, саатуулсан юм. Тэрнээс өмнө 2 хоногийн өмнө гэхээр 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байх гэж бодож байна. Тухайн үед би өөрийн эхнэр Болормаа, хүүхдүүдийн хамт амьдарч байсан. Би ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүү Төгөлдөрийг хичээлд нь зөөдөг байсан юм. Тэгээд би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай эхнэр бид хоёр хамт амьдарч байх хугацаанд хашаанд Т.Болормаагийн дүү Батчимэгийн эд зүйлс хадгалдаг чингэлэг байдаг юм. Тэр чингэлгийн хажуу талд намайг гэртээ байхгүй хойгуур байрлуулсан байсан том оворын тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг буюу хропыг авчирж тавьсан байсан. Урд өмнө нь би эхнэр Болормаагаас асууж байхад Цогтсайхан, Батчимэг хоёр авч ирж тавьж байсан гэж хэлсэн. Тэгээд би сольсон хуучин хроп гэж мэдээд, хэрэггуй болсон юм байна гэж бодоод тухайн өдөр уг хропыг зам дээрээс Аксент маркийн машиныг гар өргөөд барьж байгаад хашаанаасаа ачаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түүхий эд худалдаж авах цэгт очиж өгөхөд авдаг хүн нь үзээд 35.000 төгрөг болж байна гэж хэлээд надад 35.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-37х/,
шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би хүүхдээ сургууль дээр нь хүргэж өгөөд орой тарахаар нь аваад гэртээ ирсэн. Би өглөө эхнэрээ гарахад нь хоолны материалаа авчхаарай гэж хэлсэн. Орой ирэхдээ аваагүй байсан. Тэгээд хоолны материалаас болоод маргалдсан ба би эхнэрээ хацар луу нэг удаа алгадсан, дараа нүүр рүү нь гараа атгаж байгаа нэг удаа цохиод, түлхээд газар унагаачихсан. Унасны дараа би дээрээс нь түүхий өндөг 2 ширхэгийг шидсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 90-91х/,
хохирогч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-517 тоот хашаанаасаа 2019 он 4 дүгээр сарын 24-ний өдөр Шаланз маркийн автомашиныхаа хурдны хайрцгийг алдсан талаар төрсөн эгч Болормаагаас сонссон. Учирсан хохирлоо барагдуулмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,
хохирогч Т.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө ажилдаа явчхаад орой 21 цагт гэртээ очтол манай хамтран амьдрагч Ц.Б хэвтэж байсан ба би хоолоо хийгээд хүүхдийнхээ хичээлийг давтуулаад байж байсан. Өдөр нь надад хоолны материал аваад ир гээд байсан ба би орой ирэхдээ захисан зүйлийг нь авч ирсэн юм. Тэгээд будаагаа агшаагаад гаргах гээд байж байтал захисан зүйлийг дутуу авч ирсэн байна гээд уурлаад байсан. Би будаагаа гаргах гэтэл миний хувцаснаас татаад газарт унагаад миний нүүр рүү 2 удаа өшиглөхөд миний баруун нүд хөхрөөд, уруул язарсан. Мөн дахиад өшиглөөд байхаар нь би гараараа хамгаалтал миний гар шалбарч урагдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 71-72х/,
гэрч Т.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Намайг 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үзэхэд уг хурдны хайрцаг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр надад агсам тавиад байхаар нь цагдаад дуудлага өгөөд эрүүлжүүлэх байр луу аваад явсан. Тэгээд маргааш өглөө нь үзэхэд уг хурдны хайрцаг байхгүй байсан. Тэгээд Ц.Бийг авсан талаар мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,
гэрч П.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 2019 оны 4-5 дугаар сарын хооронд ажил дээрээ байж байхад ... залуу надад миний өөрийн тээврийн хэрэгслийн сольж байсан хуучин эвдэрсэн ашиглах боломжгүй болсон хурдны хайрцаг байгаа юм гэж хэлээд надад том оврын машины хурдны хайрцаг авч ирж тушаасан. Уг хурдны хайрцаг нь 35000 төгрөг болсон. Уг хурдны хайрцаг одоо байхгүй. Яагаад гэвэл 7 хоног 1+2 удаа худалдаж авсан түүхий эдээ ангилаад дараагийн цэгт тушаадаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
Дамно ХХК-ны 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ЧД2-19-273 дугаартай "...Норд бенз маркийн хятад улсад 2008 онд үйлдвэрлэсэн 100-тонны даацтай тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг 1.600.000 төгрөг..." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 27-28х/,
Хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 10х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Одончимэгийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Бийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хохирогч Б.Батчимэгийн өмчлөлийн эд зүйлийг нууц далд аргаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Өөрийн хамтран амьдрагч Т.Болормаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Батчимэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүгдэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мөнгөөр бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хохирогч Т.Болормаа нь өөрт учирсан хохиролд нэхэмжлэл гаргаагүй байх тул Ц.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг нь харгалзан шүүх тохирох ял шийтгэлийг оногдуулав.