| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2015/09315/И |
| Дугаар | 3454 |
| Огноо | 2016-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 3454
| 2016 оны 4 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2016/03454
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянго, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 45-р байрны 19 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧМ81102219, Намхайхан овогт Цэдэндамбын Отгонбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХВ73123075, Боржигон овогт Хөхийн Эрдэнэбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, гэрч Ц.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Отгонбаяр нь 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Х.Эрдэнэбаатартай зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2,8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Х.Эрдэнэбаатарыг нэхэмжлэгчийн ах Ц.Болдбаяр танилцуулсан байдаг. Хариуцагчаас 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сүүлийн хүүгээ авсан. Үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй, мөнгөө авахаар шаардаж өнөөдрийг хүрсэн. Иймд Х.Эрдэнэбаатараас үндсэн зээл 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр авсан зээлийг бүрэн барагдуулсан. 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хийж барьцаанд байсан миний өмчлөлийн 1-р байрны 68 тоот сууцыг чөлөөлж, гэрчилгээг өгсөн. Зээлийг бүрэн төлсөн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр нь Х.Эрдэнэбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Ц.Отгонбаяр нь Х.Эрдэнэбаатартай 2011 оны 09-р сарын 15-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2.8 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281, 286-р зүйлд заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх 5-9/
Талууд тохиролцон гэрээний хугацааг 2011 оны 11-р сарын 15-ны өдрийг хүртэл дээрх нөхцөлөөр /хх 11/ сунгасан байх ба зээлдэгч Х.Эрдэнэбаатар нь зээлийн гэрээний хугацаа дуусахад 21 120 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байжээ.
Зээлдэгч гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш 2012 оны 07-р сарын 20-ныг хүртэл зээлийн хүүг төлж байсан талаар нэхэмжлэгч маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь үндсэн зээл 20 000 000 төгрөгийг төлөөгүй гэж маргасан бол хариуцагч зээлийг бүрэн төлж үүргийг дуусгавар болгосон гэж татгалзжээ.
Талууд 2012 оны 05-р сарын 12-ны өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцэл хийж, 2011 оны 9-р сарын 15-ны өдрийн зээл, зээлийн барьцааны гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж дуусгавар болсонд тооцсон, улмаар улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг барьцааны зүйлээс чөлөөлүүлсэн /хх 18, 19/ байна.
Үүнээс дүгнэвэл, зээлдэгч Х.Эрдэнэбаатар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр үүргийг дуусгавар болгосон гэж үзнэ.
Гэрч Ц.Болдбаяр нь “...энэ зээлийг зуучилж өгсөн, хүүгээ төлж байсан, байраа чөлөөлөөд өгөөч зарах гэж байгаа..” талаар мэдүүлсэн боловч маргааны зүйл болох 20 000 000 төгрөгийг төлж, үүргийг дуусгавар болгосон талаарх ач холбогдол бүхий үйл баримтын талаар мэдүүлээгүй байна.
Хариуцагч Х.Эрдэнэбаатарт мессеж бичиж байсан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөхийн Эрдэнэбаатараас 20 000 000 /хорин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Цэдэндамбын Отгонбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА