Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00190

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 103/ШШ2024/00682 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс өөрийн 2 үхрийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 11 сарын 8-9-нд шилжих шөнө гэрийн хашааны гаднаас өөрийн үхэр болох хар халзан үнээ, хар халзан гунж зэрэг хоёр үхрээ хулгайд алдсан. Ингээд цагдаад тэмдэглүүлж эрж хайсан боловч олдоогүй байж байгаад 2024 оны 04 сард үхэр маань гэрийнхээ хашааны гадна ирсэн байсан, үхэр хээлтэй байсан.

1.2. Ингээд цагдаад хандахад мөрдөгч дэслэгч ******* шалгаад миний үхэр мөн болохыг тогтоогоод нэг үхрийг надад авч өгсөн боловч эргээд 2 сарын дараа ******* надад хэлэлгүй буцаагаад аваад явсан. Одоо хоёр үхрээ бодитоор буюу үхрээр нь гагуулна. Эднийд байгаа үхэр 4 настай, нөгөөх нь 6 настай. Эх, төл хоёр үхэр маань нэг нь духан дээрээ гурвалжин сартай хар халзан үхэр байсан. Нэг үхрийг маань эднийх авсан юм чинь нөгөөхийг нь бас авсан гэж бодож байгаа гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би ******* гэх хүнийг танихгүй, түүнд өгсөн үхэр байхгүй. Энэ хар халзан үхрийн эхийг надад хадам ээж ******* нь гэр бүл болоход нийт 108 тооны малыг манай өмчлөлд шилжүүлж өгсөн. Хавар 4 сард тугалах гэж байсан, тэгээд бэлчээрт гаргаад оруулах гэтэл байхгүй болсон байсан.

2.2. Сураг гаргахад Хараа гэдэг хүн манай хулгайд алдсан үхэр мөн байна гээд аваад явсан боловч өгөхгүй байсан. *******ыг хүмүүс Хараа гэж дууддаг. Үхрээ очиж авч чадахгүй байж байгаад 2 сарын дараа очиж авсан.

2.3. ******* байцаагч бол бидэнд ямар ч асуудал шийдэж өгөөгүй, иргэний шүүхэд ханд гэсэн. Энэ үхэр манай хадам ээжийн өгсөн үхрийн үр төл, энэ хүний авах гээд байгаа хар халзан үхэр 6 настай үхэр. Энэ хүн болохоор 4 настай үхэр гэж зөрүүтэй хэлээд байна. Энэ үхрийг ******* Арвай тамгаар тамгалж байсан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өөрийн 2 үхрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* миний 2 үхэр алга болж цагдаад хандахад мөрдөгч дэслэгч ******* хариуцаж эргүүлэн ******* надад шилжүүлсэн. Гэвч 2 үхэр бэлчээрээс алга болж ******* авч явсан байсан. 2 үхэр цагдаагийн шийдвэрээр хашаанд ирэхэд тамгагүй байсан. Манай үхрүүд анхнаасаа тамгагүй.

2020 онд Багануур дүүргийн хоёрдугаар хорооны иргэн *******, ******* энэ айлын малтай Хулаагийн аманд 2 жил малтай нь цуг байсан. Энэ гэр бүлийн охин ******* 21 настай. Энэ охин танай үхрүүд манайд 2 жил болсон огт тамгагүй одоо би танина гэж хэлсэн. Иймд би шүүхээс гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Тэр 2 үхэр манай хадамын үхэр. Тухайн 2 үхрийг тамгалах үед хамт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс өөрийн 2 үхрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2022 оны 11 сарын 8-9-нд шилжих шөнө гэрийн хашааны гаднаас өөрийн үхэр болох хар халзан үнээ, хар халзан гунж зэрэг хоёр үхрээ хулгайд алдсан, цагдаад тэмдэглүүлж эрж хайсан боловч олдоогүй, 2024 оны 04 сард үхэр маань гэрийнхээ хашааны гадна ирсэн, үхэр хээлтэй байсан, цагдаад хандахад мөрдөгч дэслэгч ******* шалгаад миний үхэр мөн болохыг тогтоогоод нэг үхрийг надад авч өгсөн боловч эргээд 2 сарын дараа ******* надад хэлэлгүй буцаагаад аваад явсан, одоо болтол өгөхгүй байгаа тул 2 үхрийг гаргуулна гэж тайлбарласан байна.

 

3. Хариуцагч эс зөвшөөрч, Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, би ******* гэх хүнийг танихгүй, түүнд өгсөн үхэр байхгүй, энэ хар халзан үхрийн эхийг надад хадам ээж ******* нь гэр бүл болоход нийт 108 тооны малыг манай өмчлөлд шилжүүлж өгсөн, сураг гаргахад Хараа гэдэг хүн манай хулгайд алдсан үхэр мөн байна гээд аваад явсан боловч өгөхгүй байсан, ******* байцаагч бол бидэнд ямар ч асуудал шийдэж өгөөгүй, иргэний шүүхэд ханд гэсэн... гэсэн үндэслэл заан, маргажээ.

 

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

4.1. Учир нь талуудын хэн аль нь ...хоёр үхэр алдсан асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгуулсан, иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн гэж тайлбарлан, маргажээ. Анхан шатны шүүх, уг маргаж буй асуудлыг талуудаас тодруулж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. Тухайлбал, маргаантай холбоотой эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа үүсгэсэн эсэх, хэрэв эрүүгийн хэрэг үүсгэсэн бол хэрхэн шийдвэрлэсэн, эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа үүсээгүй бол түүний үндэслэл зэргийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

5. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 103/ШШ2024/00682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД