| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 2218001100171 |
| Дугаар | 32 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 32
Б.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч П.Батжаргал, хохирогч Ж.Д-, түүний өмгөөлөгч М.Гансүх, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр магадлалтай, Б.Ц-д холбогдох 2218001100171 дугаартай хэргийг хохирогч Ж.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой нийгмийн ухааны багш, улс төр судлаач мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн *** хэлтсийн дарга ажилтай, ам бүл 4, *** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Б-н Ц /РД:**/.
Б.Ц- нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Оргил” худалдааны төвийн урд талын авто зам дээр *** ДАА улсын дугаартай “Toyota Fielder” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ж.Д-гийн 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ц- нь хохиролд 5,773,000 төгрөг төлсөн болохыг дурдаж,
хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Хохирогч Ж.Д- нь бусдаар асруулсан асаргаа сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Б.Ц- нь хохиролд 5,773,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Д-гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Ж.Д- гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Ж овогтой Д миний бие 2022 оны 2-р сарын 1-ны өдөр авто машинд дайруулан осолд орсон. Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтэд гэмтлийн зэргийг “Хүнд” гэж тогтоосон боловч яллагдагч тал прокурорт хүсэлт гарган “Хүндэвтэр” болгон өөрчилсөнд гомдолтой байна.
2022 оны 7 сарын 26-нд анхан шатны шүүх хуралд прокурор Доржханд, давж заалдах шатны шүүх хуралд прокурор Батсүх нар ажилласан ч хохирогч талд дүгнэлт гаргах ёстой байхад яллагдагч талд дүгнэлт гаргаж хэтэрхий нэг талыг баримтлан ажиллаж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд шүүхийн шийдвэрийг эргэн шалгаж хянаж өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Б.Ц-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ процессын хувьд 2 зүйл дээр алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 193 тоот шүүх шинжилгээний дүгнэлтийг ямар байдлаар үгүйсгэж, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 230 тоот дүгнэлтийг хэрхэн хүлээн авсан талаар тогтоол, магадлалдаа огт дурдаагүй.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоол гарахтай зэрэгцээд Ж.Д- нь 07 дугаар сарын 16-ны хавьцаа аарцаг ясны хагалгаанд орсон байдаг бөгөөд энэ хагалгааны гэмтлийн талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй. Өөрөөр хэлбэл, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 193 тоот дүгнэлтийг нотолсон байж болзошгүй хагалгаанд орсон үйл баримт тогтоогдсон.
Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхэд танилцуулсан хэдий ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр шинээр илэрснээр хянуулах хуульд байхгүй тайлбар хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Анхан шатны шүүх хохирол, хор уршигтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэхгүй орхисныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь зөв. Гэхдээ шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх асуудал яригдах учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Өнөөдрийг хүртэл Ж.Д- гуайн эрүүл мэндийн байдал хүнд байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Мөрдөн шалгах ажиллагааны явцад анхны шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтлийн зэрэг тогтоогдсон. Миний хүсэлтээр хоёр дахь удаагийн шинжилгээ хийж хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар аарцаг ясанд учирсан гэмтэл бүр хүнд биш.
Зөвхөн үе мөчтэй холбогдох хэсэг нь хүнд, бусад нь хүндэвтэр зэрэгт хамаардаг учир өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилох хүсэлт гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй учир хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин давж заалдах шатны шүүхэд дээрх байдлаар хүсэлт гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх дахин шинжээч томилох, хэргийг анхан шатны шүүхэд буцаах эрх хэмжээгүй учир гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц- нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ж.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, дүгнэлт хийхэд хохирогчийн хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх, томографын зураг, түүнд тэмдэглэгдсэн онош нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3 дугаар зүйл, гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуурын 3.1.15-д зааснаар аарцаг ясны хугарал буюу хоёр талын умдаг болон суудал ясны хугарал нь хүнд зэргийн гэмтэлд хамаарч болзошгүй нөхцөл байдал харагдаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хүндэвтэр зэргийн гэмтэл ямар баримтаар тогтоогдсон, хүндэвтэр зэргийн гэмтлийг ямар баримтаар үгүйсгэж буй нь тогтоол, магадлалд тодорхой дурдагдаагүй байна.
Иймд хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хохирогч Ж.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2. Прокуророос Б.Ц-ийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн урд талын авто зам дээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй, давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.
4. Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтлийн зэргийг тогтоохтой холбогдуулан 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд анхан шатны шүүх хоорондоо агуулгын хувьд харилцан зөрүүтэй дээрх дүгнэлтүүдийг шинжлэн судалсан мэтээр бүгдийг нь дурдаад аль нэгийг нь үндэслэл болгохдоо бусдыг нь хэрхэн үгүйсгэсэн тухай огт заалгүйгээр сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцох талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх үүрэгтэй болно.
7. Хэргийн материалыг хянан үзэхэд хохирогч Ж.Д-гийн хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх, томографын зураг, түүнд тэмдэглэгдсэн онош, мөн дахин хагалгаанд орсон зэрэг нь автотээврийн ослын улмаас үүссэн хохирол, хор уршиг эсэхийг тогтоохын тулд дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй.
8. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хохирогч Ж.Д-гийн гаргасан “...гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэргийг дахин хянаж өгнө үү...” гэсэн агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хохирогч Ж.Д-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН