Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 110/2019/0067/З |
Дугаар | 221/МА2020/0053 |
Огноо | 2020-01-22 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2020/0053
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Н-Е” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.3,27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй, гэрээ байгуулахгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийн дагуу “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Гуравдагч этгээд “Н-Е” ХХК, “М-Э” ХХК, “К ХХК-ийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил БСШУСЯ/201902176 дугаартай тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 в гэсэн хэсгийн 2 дахь заалт хууль бус байсан болох, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд барилга угсралт 2.1.3 буюу БА-3.1 гэсэн заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шаардаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож,
Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил БСШУСЯ/201902176 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулахыг аймгийн Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Н-Е” ХХК, “М-Э” ХХК, “К ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерүүдээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, уг 3 компаниас хамгийн сайн үнэлэгдэх тендер ирүүлсэн оролцогчийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Н-Е” ХХК давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх "Н-Е" ХХК, "М-Э" ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерүүдээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, энэ компаниудын аль нэгийг нь шалгаруулах талаар шаардлагыг татгалзсан нь хууль бус болсон бөгөөд хувийн хэвшлийн үйл ажиллагаанд маш их саад учруулсан, төрийн ажлыг хойшлуулах үндэс болсон явдал гэж үзэж байна.
"Н-Е" ХХК-ийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгч "Шувууны хайрга" ХХК нь ЗТ-З.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /БЗБТ, АГТ, ҮЗБТ/ гэсэн заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь тендерийн баримт бичгээр тогтоогдож байгаа.
Тус ажилд инженер техникийн ажилтнууд давхацсан тохиолдолд уг компаниас татгалзах үндэслэл болно гэж хууль бус шаардлага тавьсан. Үнэлгээний хороо ерөнхий инженер О.Бейсенбай, цахилгааны инженер Х.Ханат нар 4 дүгээр багт баригдаж байгаа 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгад давхацсан гэж манай тендерээс татгалзсан боловч манай компанийн инженерүүдэд давхацсан ажил байгаагүй. Манай инженерүүд адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өөр компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаагүй. 2019 онд барьж байгаа тус цэцэрлэг болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын конторын барилгыг энэхүү тендерт оролцохоос өмнө нь дуусгасан байсан.
Нөгөөтээгүүр нэг байгууллагад нэг ерөнхий инженертэй байдаг ба тухайн ерөнхий инженерийн ажил давхацна гэсэн ойлголт байхгүй. Шүүх нь хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хангахаас татгалзсанд гомдолтой байна. Техникийн чадавхыг үнэлэхэд хэдэн инженертэй, тэдний хэдний ажил үүрэг нь давхацсан гэдгийг тендерийг үнэлэхдээ харгалзан үзнэ гэсэн заалт байгаа болохоос биш тухайн тендерийг уг үндэслэлээр хасна гэсэн зүйл байхгүй.
“М-Э" ХХК нь Өлгий сумын 5 дугаар багт 640 сурагчтай сургуулийн барилгын 1 300 000 000 төгрөгийн ажлыг 2015 оноос эхлэн 2017 онд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгч байсан. Холбогдох бүх бичиг баримтуудыг тендерт тусгасан байхад шүүх нь энэ талаар буруу дүгнэлт хийж, гуравдагч этгээд "Монсторой-Эра" ХХК-ны эрх ашгийг зөрчсөн.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, "Н-Е" ХХК, "М-Э" ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерүүдээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ компаниудын аль нэгийг нь шалгаруулан гэрээ байгуулахыг захиалагчид даалгах тухай шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Н-Е” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд “Н-Е” ХХК, “М-Э” ХХК, “К ХХК-уудын бие даасан шаардлагуудаас “Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Н-Е” ХХК, “М-Э” ХХК, “К ХХК-уудын тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерүүдээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, уг 3 компаниас хамгийн сайн үнэлэгдэх тендер ирүүлсэн оролцогчийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах” гэсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Н-Е” ХХК-аас давж заалдах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ “...тус ажилд инженер техникийн ажилтнууд давхацсан тохиолдолд уг компаниас татгалзах үндэслэл болно гэж хууль бус шаардлага тавьсан, манай компанийн инженерүүдэд давхацсан ажил байгаагүй...” хэмээн тайлбарласан байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/168 дугаар Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, уг хороо 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тендер сонгон шалгаруулалт явуулж, “Г” ХХК-ийг техникийн болон бусад шаардлагыг хангасан үндэслэлээр шалгаруулж, “Н-Е” ХХК, “М-Э” ХХК, “К ХХК-уудын тендерээс татгалзжээ.
Гуравдагч этгээд “Н-Е” ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...“Н-Е” ХХК энэхүү барилгыг барих шаардлагыг бүгдийг нь хангаж байхад шаардлага хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй компаниар хүүхдийн цэцэрлэг бариулах гэж байгаа нь хууль бус...” гэж тайлбарлан маргасан байна.
Анхан шатны шүүх “гуравдагч этгээд “Н-Е” ХХК-ийн ... тендер нь захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй тул “Н-Е” ХХК ... тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн үнэлгээний хорооны дүгнэлт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.3, 27.4 дэх заалтад тус тус нийцсэн байна” гэж дүгнэж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3(в)-д “Ерөнхий инженер нь барилгын инженер байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 10-аас дээш жил ...байна. Түүнийг нотолсон баримт болох инженер, техникийн ажилчдын сургууль төгссөн диплом, бусад мэргэжилтэй ажилчдын мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, гэрчилгээний хуулбар ирүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан 1, 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх, ус хангамж, ариутгах татуургын инженер-1, халаалт, агаар сэлгэлтийн инженер-1, цахилгааны инженер-2, холбооны инженер -1 байх, эдгээр инженерүүд нь 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх” гэсэн шаардлагуудыг тавьснаас гадна Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2-ын 10-т “2018-2019 онуудад барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулах инженер, техникийн ажилтнуудыг танилцуулах бөгөөд тус ажилд инженер техникийн ажилтнууд давхацсан тохиолдолд уг компаниас татгалзах үндэслэл болох”-оор заажээ.
Гэтэл гуравдагч этгээд “Н-Е” ХХК-ийн тендерийн баримт бичигт тус компанийн сүүлийн жилд хийж гүйцэтгэж байгаа ажлын жагсаалтад “Өлгий сумын 4 дүгээр багийн 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил түлхүүр гардуулах нөхцөлтэй уг ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, барилга угсралт, сантехник, цахилгааны ажлууд дууссан, дотор засал, гадна тохижилтын ажлууд дуусах шатандаа байна, дуусах хугацаа 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга угсралтын ажил 61,4 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна, дуусах хугацаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, дээрх төслүүдэд манай компанийн үндсэн инженер, техникийн ажилчид болон гэрээт ажилчид ажиллаж байгаа болно” гэснээс үзэхэд дээр дурдсан Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2-ын 10-т заасныг хангаагүй, мөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан инженер, техникийн ажилчдын туршлагын шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч “Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болон гуравдагч этгээдүүдийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан заалттай холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдлын хүрээнд хянасан бөгөөд энэ хэргийн гуравдагч этгээдүүдийн хувьд тендер сонгон шалгаруулалтад оролцож, хэн аль нь шалгараагүй, уг тендер шалгаруулалт явагдаж дууссаны дараа тэдгээр нь уг тендерийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан заалттай маргах эрхтэй эсэх, уг хүснэгтэд заагдсан заалтууд захиргааны акт мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Н-Е” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Н-Е” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ