Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2024/0119/З |
Дугаар | 001/ХТ2024/0089 |
Огноо | 2024-10-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2024/0089
“Х х банк” ХК-ийн гомдолтой,
Хадгаламжийн даатгалын корпорацийн
хянан шалгагч, улсын байцаагч
Б.Э-д холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0281 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2024/0453 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ШХТ2024/0292 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага:
Гомдол гаргагч “Х х банк” ХК нь Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Э-д холбогдуулан “Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Э-гийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0056514 дүгээр шийтгэлийн хуудас, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хадгаламжийн даатгалын корпорацид мэдээлэл ирүүлээгүй тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Хадгаламжийн даатгалын корпорацийн Нөхөн төлбөр, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Э-ээс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гомдлын дагуу “Х х банк” ХК-д холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хариуцагч улсын байцаагч нь “Х х банк” ХК-ийг SCV загварын дагуу мэдээллийг 6 удаа ирүүлээгүй, 2023 оны 4 дүгээр сард 1 удаа ирүүлсэн мэдээлэл нь алдаатай болох нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон”, мэдээллийг ирүүлээгүй нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчсөн гэж үзэж 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/05 дугаар актаар Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8-д заасны дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж, “Х х банк” ХК-д SCV загварын дагуу мэдээллийг бэлтгэж корпорацид хүргүүлэх үүрэг ногдуулсан.
2.2.Мөн улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0056514 дүгээр шийтгэлийн хуудсаар “Тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх журам зөрчсөн нь гэрч, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон” гэж үзэж “Х х банк” ХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8-д зааснаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.Гомдол гаргагчаас дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасны дагуу Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид гаргаж өгөхөөр байна. Хадгаламжийн даатгалын корпорациас удаа дараа “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар тайлан мэдээлэл бэлтгэн ирүүлэхийг шаардсаар байгаа бөгөөд тухайн загвар нь хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан боловч захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд одоог хүртэл бүртгэгдээгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг зөрчсөн байх тул захиргааны хэм хэмжээний актын эрх зүйн үйлчлэл үйлчлэхгүй. Банк нь мэдээлэл хариуцагч бөгөөд харилцагчийн мэдээллийг хуулиар хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тул Хадгаламжийн даатгалын корпораци нь хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар тайлан авахыг банкнаас шаардаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч “... “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар мэдээллийг авдаг тул банк нь тус загвараар тайлан мэдээллийг ирүүлэхгүй байгаа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдаж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын дагуу зөрчлийн арга хэмжээ авах үндэслэл болно. Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар нь “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын хүрээнд гарсан зөвхөн мэдээлэл бэлтгэх загвар аргачлал бөгөөд ямар нэгэн харилцааг зохицуулахгүй тул тус загварыг захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлэх шаардлагагүй. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу дотоод мэдээллийн нууцыг хадгалах зохицуулалттай байдаг бөгөөд холбогдох журмын дагуу нууцлалыг ханган ажилладаг ...” гэсэн тайлбар өгсөн.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0281 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3 дахь хэсэг, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х х банк” ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Э-гийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0056514 дугаартай шийтгэлийн хуудас, улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хадгаламжийн даатгалын корпорацид мэдээлэл ирүүлээгүй тухай даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“... Корпорацийн банкнаас шаардаж буй “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-т тусгасан мэдээлэл нь хуульд заасан нэмэлт мэдээлэлд хамаарахгүй бөгөөд уг загвараар банкнаас мэдээлэл шаардсан, ирүүлээгүй тохиолдолд шийтгэл ногдуулах үр дагавар үүсгэсэн шинжээрээ захиргааны хэм хэмжээний акт байна.
5.2.Хэрэгт авагдсан баримтаар Хадгаламжийн даатгалын корпорацийн Үндэсний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон, иймд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3-т тус тус заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэлгүй “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар банкнаас мэдээлэл шаардаж, улмаар уг загварын дагуу мэдээлэл ирүүлээгүй үндэслэлээр гомдол гаргагч “Х х банк” ХК-д шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2024/0453 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3 дахь хэсэг, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.9, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
6.1.“... Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.9-т заасанчлан хянан шалгагчаас тухайн мэдээллийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан ямар тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардаж байгаа талаар гомдол гаргагчид мэдэгдэхтэй холбоотой ажиллагааг хийгээгүй атлаа Хадгаламжийн даатгалын корпорациас шаардсан мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан гэх үндэслэлээр “Х х банк” ХК-д маргаан бүхий улсын байцаагчийн актыг тавьж, шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8-д зааснаар торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна ...” гэжээ.
7.Хариуцагч Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.“... Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх маргааны зүйлийг буруу тодорхойлж хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд Хадгаламжийн даатгалын корпораци нь өөрийн чиг үүргийн хүрээнд банкнаас хадгаламж эзэмшигчийн холбогдох мэдээллийг гаргуулан авах эрхтэй байхаар, банк түүний хүрээнд холбогдох мэдээллийг өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан. Тодруулбал, дээрх хуулийн 29 дүгээр зүйлд корпорацийг тайлан мэдээ мэдээллээр хангах талаарх банкны үүргийг заасан ба 29 дүгээр зүйлийн 29.1-д “Корпорацийг энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь Корпорацид хүргүүлнэ”, 29.2-т “Корпорацийн хүсэлтээр банк Корпорацийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө”, 29.3-т “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмыг Үндэсний хороо батална” гэж тус тус заасан.
7.2.Мөн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны баталсан “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын 2.2-т “Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу банк нь нэмэлт мэдээллийг ХДК-ийн хүсэлтээр тогтоосон хугацаа, загварын дагуу бэлтгэн хүргүүлнэ”, 3.5-д “нэмэлт тайлан болон мэдээ, мэдээлэл нь түүнийг боловсруулах аргачлалтай байж болох ба нэг удаагийн эсвэл тогтмол хугацаагаар байж болно” гэж заасан бөгөөд Журмын 2.2-т дахь заалтыг задалж үзвэл, Хадгаламжийн даатгалын корпорацийн тодорхой нэмэлт мэдээлэл авахаар банканд хандах, ийнхүү хандахдаа тухайн авах мэдээллийг ямар загвараар авах, хэдий хугацаанд банк бэлтгэн ирүүлэх талаар заах ёстой. Үүний дагуу Хадгаламжийн даатгалын корпораци нь “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар мэдээллээ бэлтгэн тодорхой хугацаанд ирүүлэх талаар удаа дараа “Х х банк” ХК-д хандсан боловч заасан хугацаанд ирүүлэхгүй байсан тул зөрчлийн хэрэг нээж шийтгэл ногдуулсан.
7.3.Харин анхан шатны шүүх “... банкнаас шаардаж буй “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар авч байгаа мэдээлэл нь нэмэлт мэдээлэлд хамаарахгүй, тус загвараар банкнаас мэдээлэл шаардаж, уг загварын дагуу мэдээлэл ирүүлээгүй үндэслэлээр “Х х банк” ХК-д шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх зохицуулалтыг банк тогтоосон хэлбэр хугацаанд тогтмол тайлан мэдээгээ Корпорациас шалтгаалахгүй өөрөө хүргүүлэхээр, харин хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг Корпорациас хүсэлт гаргаж уг хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг банк тухай бүр ирүүлэхээр байгаа буюу Корпорациас шалтгаалан өгөх мэдээлэл гэж ойлгох ёстой. “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар” нь “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын 2.2 дахь заалтын хүрээнд уялдуулан гаргасан хүснэгтэн загвар бүхий нэмэлт мэдээлэл болохоос биш тусдаа бие даасан захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын хавсралт 1, 2-ын дагуу гарган ирүүлдэг тайлангаас тусдаа нэмэлт мэдээлэл болно.
7.4.Гэтэл нэмэлт мэдээлэл гэдгийг зөвхөн даатгалын хураамж тооцох тайлан болон харилцах хадгаламж эзэмшигчийн тайлантай холбоотой мэдээлэл байх ёстой юм шиг хэт явцуу, Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааг хязгаарласан байдлаар дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй. Захиргааны хэм хэмжээний акт мөн биш гэхээсээ илүү Корпорацийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл мөн үү, биш үү, Корпорацийн хэрэгжүүлдэг үйл ажиллагаатай холбоотой, хамааралтай мэдээлэл шаардсан байна уу, үгүй юу гэдэг нь маргааны зүйл байхад анхан болон давж заалдах шатны шүүх маргааны зүйлээ буруу тодорхойлон дүгнэлт хийж, тухайн маргааныг хуульд нийцээгүй байдлаар шийдсэн. “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-т заасан мэдээлэл нь Корпорацийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллийг агуулдаг бөгөөд Корпорацийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхэд чухал ач холбогдол бүхий мэдээлэл байдаг. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8.Гомдол гаргагч “Х х банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
10.Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “нэмэлт мэдээлэл” гэсэн хууль зүйн ойлголтын хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр хянан хэлэлцэв.
11.Маргаан бүхий актууд болох Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Э-гийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн даалгавар(акт)-аар гомдол гаргагч буюу нэхэмжлэгч “Х х банк” ХК-д SCV загварын дагуу холбогдох мэдээллийг 6 удаа ирүүлээгүй ... нь Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасан арга хэмжээ авах (үндэслэл болох)-ыг мэдэгдэж, SCV загварын дагуу мэдээ бэлтгэж ирүүлэх”-ийг үүрэг болгож, улмаар 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0056514 дүгээр шийтгэлийн хуудсаар тус банкийг 20,000,000 төгрөгөөр торгосон байна.
12.Хариуцагч маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлийг тайлбарлахдаа “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар “Корпорацийг энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь Корпорацид хүргүүлнэ.”, 29.2-т заасны дагуу “Корпорацийн хүсэлтээр банк Корпорацийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө.”, 29.3-т “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмыг Үндэсний хороо батална.” гэж тус тус заасан. Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаар тогтоолоор “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ыг баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн. Эдгээр хууль, журмын дагуу Корпораци нь “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар банкуудаас мэдээлэл авдаг. Гэтэл “Х х банк” ХК нь тус загвараар тайлан мэдээллийг (удаа дараа) ирүүлэхгүй зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн дагуу хариуцлага хүлээлгэсэн. “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар” нь “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын хүрээнд гарсан зөвхөн мэдээлэл бэлтгэх загвар аргачлал бөгөөд ямар нэгэн харилцааг зохицуулахгүй тул захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлэх шаардлагагүй …” гэжээ.
13.Харин гомдол гаргагч “Х х банк” ХК-ийн зүгээс “… Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-ыг баталсан боловч одоо хүртэл захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр болоогүй. Иймд эрх зүйн үйлчлэлгүй хэм хэмжээний актыг биелүүлэхийг шаардаж, улмаар биелүүлээгүй хэмээн шийтгэл хүлээлгэж байгаа нь хууль бус …” гэж маргасан байна.
14.Анхан болон давж заалдах шатны шүүхээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгосон нь зөв боловч зарим дүгнэлтийг тодруулж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
15.Тодруулбал, хоёр шатны шүүхээс “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар” нь захиргааны хэм хэмжээний акт байна, уг акт нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул эрх зүйн үйлчлэлгүй, гэтэл хариуцагч уг загвараар банкнаас мэдээлэл шаардаж, шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэсэн гол дүгнэлтээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
16.Гэтэл энэхүү маргааны гол зүйл нь “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар” нь захиргааны хэм хэмжээний акт мөн эсэх гэхээсээ илүүтэй тухайн загвараар шаардаж буй мэдээлэл нь хариуцагчийн тайлбарлаж байгаачлан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “нэмэлт мэдээлэл”-д хамаарах эсэх, мөн тухайн загвар нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ын 2.2-т “Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу банк нь нэмэлт мэдээллийг ХДК-ийн хүсэлтээр тогтоосон хугацаа, загварын дагуу бэлтгэн хүргүүлнэ”, 3.5-т “Нэмэлт тайлан болон мэдээ, мэдээлэл нь түүнийг боловсруулах аргачлалтай байж болох ба нэг удаагийн эсвэл тогтмол хугацаагаар байж болно” гэсний дагуу батлуулах шаардлагагүй аргачлал мөн эсэх тухай асуудал байна. Өөрөөр хэлбэл, хэрэв хариуцагчийн шаардаж буй мэдээлэл нь дээрх хуулийн заалтад хамаарах нэмэлт мэдээлэл буюу гомдол гаргагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргийн дагуу өгөх мэдээлэл бол тухайн мэдээллийг өгөх загвар нь захиргааны хэм хэмжээний акт мөн эсэх нь ач холбогдолтой биш юм.
17.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Корпорацийг энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь Корпорацид хүргүүлнэ”; 29.2-т “Корпорацийн хүсэлтээр банк Корпорацийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө” гэж тус тус заасан бөгөөд мөн зүйлийн 29.3-т заасны дагуу Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо нь 2019 оны 85 дугаар тогтоолоор “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ыг баталжээ. Уг журмын 2.1-д “Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу банк нь тайланг нэгдүгээр болон хоёрдугаар хавсралтын дагуу бэлтгэн, сар бүр энэхүү журамд заасан хугацаанд ХДК-д хүргүүлнэ” гэжээ.
18.Үүнээс үзвэл, банкууд нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу өгөх ёстой мэдээ, мэдээллийг “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын хавсралт 1 (Даатгалын хураамж тооцох тайлангийн хүснэгт) болон хавсралт 2-т (Харилцах, хадгаламж эзэмшигчдийн тайлан) заасан хүснэгт, аргачлалын дагуу өгөх үүрэгтэй. Харин хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан нэмэлт мэдээллийг Корпорацийн хүсэлтээр тухай бүр өгөх ба тухайн нэмэлт мэдээлэл нь тогтоосон загвар, аргачлалтай байж болох бөгөөд түүнийг заавал тусад нь батлуулах шаардлагагүй (Журмын 2.2, 3.5-ын агуулгыг тайлбарлавал), энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
19.Гагцхүү тухайн тохиолдолд хариуцагчаас “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар шаардаж буй мэдээлэл нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “нэмэлт мэдээлэл”-д хамаарахааргүй байна. Учир нь, Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар “хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хадгаламж болон хадгаламж эзэмшигчдийн талаарх сар, улирлын тайлан, бусад мэдээллийг банкнаас авах” бүрэн эрхтэй. Мөн уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар Корпораци нь даатгалын хураамжийг төвлөрүүлэх; даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр төлөх; сангийн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу удирдах; сангийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх зорилгоор банкны эрсдэлийг үнэлж, хянах гэсэн үндсэн дөрвөн үйл ажиллагаа буюу чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна. Иймд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан банкнаас шаардаж буй мэдээлэл нь тус байгууллагын хуульд заасан эдгээр чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай нэмэлт мэдээлэл байх учиртай.
20.Гэтэл хариуцагчийн шаардаж буй “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-ын дагуу өгөх мэдээлэлд хадгаламж эзэмшигчийн гэрийн хаяг, эцэг, эхийн нэр, ургийн овог, хүйс, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, иргэншил, бизнесийн нэр, утасны төрөл, хадгаламжийн дэлгэрэнгүй нэр (хүүхдийн хадгаламж, орон сууцны хадгаламж 36 сар гэх мэт), зээлийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй нэр (цалингийн зээл, тэтгэврийн зээл, мортэйж, зээлийн карт гэх мэт) зэрэг нийт 12 төрлийн багц, 144 хүснэгт бүхий харилцагч, хадгаламж эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл нь Хадгаламжийн даатгалын корпорацийн тухай хуульд заасан ямар чиг үүргийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай болохыг хариуцагч нотолж чадаагүй байна.
21.Түүнчлэн, “нэмэлт мэдээлэл” гэдэг нь үндсэн мэдээллээ нөхөх зорилготой, цар хүрээний хувьд үндсэн мэдээллийнхээ агуулгад хамаарах, хэмжээний хувьд бага, ихэнхдээ нэг удаагийн шинжтэй байх агуулгыг илэрхийлэх атал дээр дурдсан өргөн цар хүрээтэй дэлгэрэнгүй мэдээлэл нь ямар үндсэн мэдээллийг яаж нөхөж байгаа нь тодорхойгүй, энэ утгаараа нэмэлт мэдээлэлд хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
22.Нэгэнт “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар шаардаж буй мэдээлэл нь гомдол гаргагчаас хуулийн дагуу өгөх ёстой нэмэлт мэдээлэл гэдэг нь тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийг хууль, журам зөрчсөн гэж үзэхгүй. Иймд мэдээлэл ирүүлэхийг үүрэг болгосон даалгавар болон Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8-д заасныг үндэслэн гомдол гаргагчид торгох шийтгэл оногдуулсан маргаан бүхий актууд нь хууль бус тул “… “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар авах мэдээлэл нь гомдол гаргагчийн хуулийн дагуу өгөх “нэмэлт мэдээлэл” бөгөөд уг загварыг захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх шаардлагагүй байтал хоёр шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Хадгаламжийн даатгалын корпорацийн эрх хэмжээг хязгаарласан …” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
23.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалын шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0281 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2024/0453 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан хуулийн заалтыг “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 …” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ