Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 317

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Н.Э,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга, Сангийн сайд, Засгийн газар, 

Гуравдагч этгээд: Ё.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах санал хүргүүлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Н.Эыг томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал бууруулахгүйгээр дүйцэхүйц өөр ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга болон гуравдагч этгээд Ё.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Э миний бие Гаалийн ерөнхий газрын даргын 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газарт хяналт бүрдүүлэлт хариуцсан орлогч даргаар, 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 104 дүгээр тушаалаар гаалийн хяналт шалгалт хариуцсан орлогч даргаар, Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр тогтоолын дагуу Гаалийн ерөнхий газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 135 дугаар тогтоолоор Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаар тогтоолын дагуу Гаалийн ерөнхий газрын гаалийн хяналт хариуцсан орлогч даргаар, Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг 2012-2016 онд гүйцэтгэж байгаад Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 501 дүгээр тогтоолыг үндэслэн Сангийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалын дагуу шинэчлэгдэн байгуулагдсан Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд шилжин ажиллаж байсан.

Сангийн сайд 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 315 дугаар тушаал гаргаж, Н.Э намайг Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн. Түүнчлэн миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 2016 оны ээлжийн амралтыг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн биеэр эдлэхээр Гааль, татварын ерөнхий газрын даргад хүсэлт гарган, зөвшөөрөл авсан байсан боловч Сангийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 275 дугаар тушаалын дагуу Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсэгт шинэчлэгдэн байгуулагдсан Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилогдох хүртэл хугацаанд амралтаа биеэр эдлээгүй ажилласан болно. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дэд дарга томилогдож, миний бие эрхэлж байсан ажлаа хүлээлгэн өгч Гаалийн ерөнхий газрын даргатай ээлжийн амралтаа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс биеэр эдлэх талаар ярилцаж ээлжийн амралтаа эдэлж байсан болно. Н.Э миний бие төрд нийт 34 жил ажиллах хугацаандаа захиргааны зөрчил гарган сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 

2016 онд Улсын Их Хурлаас Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгаж, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг 2016 оны 7 дугаар сард хүчингүй болгосон. Засгийн газрын тогтоолоор татан буугдаж байгаа байгууллагын албан хаагчдыг орон тоогоор нь шинээр байгуулагдаж байгаа байгууллагад шилжүүлэхийг Сангийн сайдад даалгасан. Энэ үед би ажлаа хийж байсан. Ээлжийн амралттай байх хугацаанд татан буулгах ажлын хэсэгт Сангийн сайдын тушаалаар орж ажиллаж байсан. Засгийн газраас Ё.Бийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилсон. Тухайн үед би Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэж ажлаа өгөөд, ээлжийн амралтаа авъя гэдгээ албан ёсоор тохиролцоод ээлжийн амралтаа эдэлж байсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сангийн сайдын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ шийдвэрийг би хүлээн зөвшөөрөөгүй учраас Сангийн сайдтай биечлэн уулзсан. Сангийн яаманд хүсэлтээ өгсөн. Хүчингүй болсон хуулиар шийдвэр гаргасан нь Сангийн сайдын буруу юм. Тийм учраас энэ гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, Засгийн газраар нь шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад Сангийн сайд хүсэлтийг үл тоож, хүлээж аваагүй. Гаалийн ерөнхий газрын даргатай уулзаад нэгэнт чөлөөлөгдсөн учраас би тэтгэвэрт гарахад 6, 7 сар дутуу байгаа учраас намайг нөөцөд бүртгээд ав, надад өөр заргалдах зүйл байхгүй гэсэн. Энэ 2 хүнд тавьсан асуудлыг хоёулаа үл тоосон. Хүлээж аваагүй учраас Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс хуулийн байгууллагаар шийдүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу Захиргааны хэрэг шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүхэд би 4 гол асуудлаар хандсан. 

Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлд зааснаар “...Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Жишээлбэл шинээр томилогдсон Ё.Б даргыг Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр шууд томилсон.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар татан буугдсан байгууллагын орон тоо болон эрхлэх чиг үүргийнх нь ажил хэвээрээ байгаа тохиолдолд уг албан тушаалтныг эгүүлэн томилж ажиллуулна гэсэн заалт зөрчигдсөн. 

Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах санал хүргүүлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож,  Засгийн газарт намайг томилуулах санал хүргүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал бууруулахгүйгээр дүйцэхүйц өөр ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэв. 

Хариуцагч Сангийн сайд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Гааль, татварын ерөнхий газар нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалаар тухайн үеийн Сангийн сайд нь нэхэмжлэгч Н.Эыг томилсон байна. 

Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль болж, Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэ хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.3-т “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дарга, дэд даргатай байна”, 2671.4-т “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Засгийн газар томилно” гэж заасны дагуу Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох этгээдийг томилсон байна.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг зохицуулах хууль нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль боловч хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Н.Э нарыг ажлаас чөлөөлөх тухай 315 дугаар тушаалыг Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоолыг үндэслэсэн байна. Хариуцагч буюу Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхиилөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолт эдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбарлахад дээр дурдагдсан Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.4-т “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилно” гэж заасан нь Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүү орлогч даргатай байна. Агентлагын орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэж заасантай зөрчилдөж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т зааснаар “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасныг харгалзан үзэх хэрэгтэй” гэжээ.

Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль /хүчингүй болсон/-ийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Гааль, татварын ерөнхий газрын даргыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар, дэд даргыг Гааль, татварын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус томилж чөлөөлнө” гэж заасны дагуу Н.Эыг Сангийн сайд 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын дэд даргаар томилон ажиллуулсан байна. Улсын Их Хурлаас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Гаалийн тухай хууль батлагдсанаар Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болж Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгаж Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэж тус тус шинээр байгуулсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гаалийн тухай хуулийн 2671.4-т заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргаас Ё.Бийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулахаар санал ирүүлсний дагуу томилсон. Өөрөөр хэлбэл Гаалийн тухай хуульд зааснаар Гаалийн ерөнхий газрын даргаас дэд даргаар томилуулахаар санал ирүүлсний дагуу Засгийн газраас дэд даргыг томилох эрхтэй. 

Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар Н.Эыг Сангийн сайд нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын дэд даргаар томилон ажиллуулж байсан. 

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Гаалийн тухай хуулийг шинэчлэн баталсанаар Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болж, Гааль, татварын ерөнхий газрыг татан буугдсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гаалийн тухай хуулийн 2671.4.-д Гаалийн ерөнхий газрын даргаас Ё.Бийг дэд даргаар томилуулах саналыг ирүүлсэн. Үүний дагуу Засгийн газар шийдвэр гаргаж дэд даргыг томилсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Сангийн сайдын 2016 оны 315 дугаар тушаал нь хуульд нийцсэн эсэх талаар маргаан байгаа. Засгийн газартай холбоотой зүйл нь Ё.Бийг томилсон асуудал, мөн Н.Эыг дэд даргаар томилуулахыг Засгийг газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага байгаа. Хуульд заасан үндэслэлийн дагуу Гаалийн ерөнхий газрын даргын саналыг үндэслэж, Ё.Бийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилсон. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээс үзвэл маргааны гол зүйл нь Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаал байх бөгөөд тухайн тушаал хуульд нийцсэн эсэх талаар маргаан байна. Нэгэнт Засгийн газар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг үндэслэн Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилсон байгаа тул нэхэмжлэгчийн Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4-т заасны дагуу Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилохыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Гааль, татварын ерөнхий газар татан буугдаж, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэсэн 2 агентлаг шинээр зохион байгуулагдсан. Засгийн газар нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд өөрийн харьяаны агентлаг болох Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгаснаар тус агентлагын дарга болон дэд дарга нарт хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх үүрэг нь мөн адил дуусгавар болж байгаа хууль зүйн үр дагавар бүхий үйлдэл юм. 

           Мөн Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болж, эрх зүйн үйлчлэл нь бүрэн зогссон бөгөөд тухайн өдрөөс эхлэн татан буугдсан Гааль, татварын ерөнхий газрын дэд дарга Н.Эын эрх зүйн чадамж дуусгавар болсон болно. Дээр дурдсан нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомж хүчингүй болсонтой холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын дарга би Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4-т заасны дагуу гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрхийн хүрээнд Засгийн газарт хандсан. Гаалийн тухай хуульд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэмсэн 2671.4-т заасны дагуу Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилно гэсэн эрх зүйн үндэслэл бүрдсэн юм. 

           Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болж, эрх зүйн үйлчлэл нь бүрэн зогссон тул өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилуулах санал гаргасан нь нэхэмжлэгч Н.Эын эрх, хууль ёсны ашгийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд хамаарахгүй юм. 

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Гааль, татварын ерөнхий газрын  эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болохтой зэрэгцээд, Гааль, татварын ерөнхий газар татан буугдсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь байхгүй болсон. Харин энэ өдрөөс эхлээд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэсэн 2 тусдаа статус бүхий гүйцэтгэх чиг үүрэгтэй байгууллага бий болсон. 

Нэгэнт Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болж, энэ байгууллага татан буугдсантай холбоотойгоор тухайн үед ажиллаж байсан Гааль, татварын ерөнхий газрын дарга, дэд дарга нарын гүйцэтгэх үүрэг нь дуусгавар болж байгаа. Нэгэнт байгууллага байхгүй учраас түүнийг удирдах албан тушаалтнууд нь байхгүй болсон гэж ойлгож болно. Үүнийг үндэслээд Гаалийн ерөнхий газрын дарга нь өөрийнхөө багийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтын хүрээнд дурдагдах хуулийн заалт нь Гаалийн тухай хуулийн 2671.4 дэх заалт буюу гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх байгаа. Энэ хуульд Гаалийн ерөнхий газрын дарга нь дэд даргын саналыг Засгийн газарт хүргүүлэхээр заасан байгаа. Баг болж ажиллах эрх зүйн зохицуулалтын хүрээнд Ё.Бийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналаа Засгийн газарт хүргүүлж, энэ саналыг Засгийн газрын тогтоолоор Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Б томилогдон ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагаа нь Гаалийн тухай хуулийн 2671.4-т заасны дагуу хийгдсэн учраас нэхэмжлэгч Н.Эын гаргаж байгаа Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Энэ тайлбарыг Гаалийн ерөнхий газрын дарга Гаалийн ерөнхий газрын хууль, эрх зүйн эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарч гаргасан байгаа. Энэ тайлбараа дэмжиж оролцож байна. Иймд Н.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ё.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолыг үндэслэн Сангийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалын дагуу Гааль, татварын ерөнхий газар байгуулагдсан. Гааль, татварын ерөнхий газар шинээр байгуулагдсан.

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгож 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгаж, Гаалийн ерөнхий газрыг бие даан ажиллах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгож шинээр зохион байгуулсан болно.

Дээрх шийдвэрүүдээр Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгаж Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтэц болон Засгийн газрын агентлагад дээрх байгууллага хамаарахгүй болсон тул тухайн үед үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан газрын дарга, дэд дарга нарыг ажлаас чөлөөлсөн эрх бүхий удирдах албан тушаалтнуудын шийдвэр гарсан байна. Тодорхой хугацаанд шинээр зохион байгуулсан агентлагын дэд даргаар ажиллах хүнийг тухайн үед нь буюу 2016 оны 1 дүгээр сард Сангийн сайд томилсон шийдвэр гаргасан бөгөөд уг агентлаг нь татан буугдаж байгаа үед томилсон удирдах албан тушаалтанаа эргээд албан тушаалаас чөлөөлөх нь төрийн албаны зарчимд нийцэх бөгөөд энэхүү зарчмын мөн чанарыг нэхэмжлэгч Н.Э хүндэтгэн ойлгож хандана гэж бодож байна.

Нэгэнт Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль бүхэлдээ хүчингүй болж, энэ байгууллага нь төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцэд байхгүй болсон тул эрх бүхий сайд тушаал шийдвэр гаргасныг хуульд нийцсэн гэж үзэж байна. 

Гаалийн ерөнхий газрыг шинээр зохион байгуулж, бие даан ажиллуулах болсонтой холбоотойгоор 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар Засгийн газрын тогтоол гарч Ё.Б намайг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилсон ба тогтоолын хууль зүйн үндэслэл нь Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4-т заасан Засгийн газрын хуульд заасан бүрэн эрхэд хамаарч байна. Иймд Н.Эын гаргасан нэхэмжлэл нь хуулийн дагуу албан үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж буй Ё.Б миний хууль ёсны эрх ашигт нөлөөлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Н.Эын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Э “Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах санал хүргүүлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Н.Эыг томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэх ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Н.Э Сангийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалаар  Гааль, татварын ерөнхий газрын Гаалийн асуудал хариуцсан дэд даргаар томилогдож, мөн Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар  тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Сангийн сайд Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг үндэслэн Н.Эыг Гааль, татварын ерөнхий газрын Гаалийн асуудал хариуцсан дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.

Тодруулбал, Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болж, Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, уг хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4-т “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилно” гэж заажээ.

2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Гааль, татварын ерөнхий газрын даргыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар, дэд даргыг Гааль, татварын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус томилж чөлөөлнө”  гэж заасны дагуу 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалаар тухайн үеийн Сангийн сайд нь нэхэмжлэгч Н.Эыг томилсон боловч Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, уг хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4-т “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Засгийн газар томилно” гэж заасны дагуу Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилж, чөлөөлөх зохицуулалттай болжээ.

Хариуцагч Сангийн сайдаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Н.Э нарыг ажлаас чөлөөлөх тухай 315 дугаар тушаалыг Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоолыг үндэслэсэн. Уг тогтоолын 3-т  “Төрийн захиргааны байгуулагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гааль, татварын ерөнхий газар, ...ыг тус тус татан буулгаж”, 4-т “Татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, ...холбогдох бусад сайд нарт даалгасан”-ыг хэрэгжүүлсэн” гэжээ. 

Гэтэл Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгаж, татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасан агуулгатай бөгөөд өөрийн эрх хэмжээний асуудал буюу албан тушаалтныг чөлөөлөх эрхийг Сангийн сайдад шилжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газар Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4-т заасан чиг үүргээ Сангийн сайдад шилжүүлээгүй байхад Сангийн сайд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хүчингүй болсон Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Н.Эыг Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд 315 дугаар тушаалаар  Н.Эыг ажлаас чөлөөлөхдөө  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.3, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна. 

Иймд Сангийн сайд Н.Эыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу хэрэглэж, өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан нь хууль бус байх тул Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах санал хүргүүлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Н.Эыг томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга “...Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болж, эрх зүйн үйлчлэл нь бүрэн зогссон бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоолоор Гааль, татварын ерөнхий газар татан буугдаж, Гааль, татварын ерөнхий газрын дэд дарга Н.Эын эрх зүйн чадамж дуусгавар болсон болно. Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилуулах санал Засгийн газарт гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Н.Эын эрхэлж байсан Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалын чиг үүрэг Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газарт шилжиж, хэвээр хадгалагдан үлдсэн бөгөөд, Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалаар Н.Эыг ажлаас чөлөөлөхөөс өмнө буюу уг албан тушаалд Н.Э ажиллаж байх хугацаанд Гаалийн ерөнхий газрын дарга 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Ё.Бийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулахаар Засгийн газарт санал хүргүүлсэн нь Н.Эын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаар Гааль татварын ерөнхий газрын гаалийн асуудал хариуцсан дэд даргын албан тушаалын чиг үүрэг Гаалийн ерөнхий газарт хэвээр хадгалагдан үлдсэн байхад нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэх чиг үүргээ хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга хэрэгжүүлээгүй буруутай гэж үзлээ.

Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилох, чөлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлсон зохицуулалт нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн батлагдан гарсан Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4-дэх заалт бөгөөд Гаалийн ерөнхий газрын дарга тухайн байгууллагад чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд Н.Эыг томилуулахаар Засгийн газарт санал болгоогүйгээс Н.Эын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан ”энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, 27.2.2-т заасан ”Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” баталгаагаар хангагдах эрх зөрчигджээ.

Иймээс Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, нэхэмжлэгч Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ. 

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдөр хүргүүлсэн гэх саналаар  Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар  тогтоолоор Ё.Бийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилсныг буруутгах боломжгүй байна.

Учир нь Засгийн газар нь Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4-т “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Засгийн газар томилно” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын санал болгосны дагуу Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилсон байна.

Харин Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар  тогтоолоор Ё.Бийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилоход Н.Э тухайн чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалд хэвээр ажиллаж, тухайн албан тушаалд томилогдсон шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд ажил албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байсан. 

Өөрөөр хэлбэл Н.Э Сангийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын Гаалийн асуудал хариуцсан дэд даргаар томилогдож, мөн Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Сангийн сайдын Н.Эыг ажлаас чөлөөлсөн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалыг шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон, Гаалийн ерөнхий газрын даргын Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Н.Эыг томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Ё.Бийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилсон Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар  тогтоолыг Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналыг Засгийн газарт хүргүүлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц  ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хуульд нийцээгүй бөгөөд Н.Эын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь дээр дурдсан нөхцөл байдлуудаар тогтоогдож байна. 

Иймээс нэхэмжлэгч Н.Эын урьд эрхэлж байсан Гаалийн асуудал хариуцсан дэд даргын ажил албан тушаалтай дүйцэх албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 7 сар, 18 хоногийн дундаж цалин хөлс болох 10.067,848 төгрөгийг Сангийн сайдаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хураамжийг нөхөн төлүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгахаар шийдвэрлэв.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаал санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгох хүртэл 3 сарын хугацаанд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлж, Н.Эын ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртлэх нийт 7 сар, 18 хоногийн цалин 10.067,848 төгрөгийг хариуцагч Сангийн сайдаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сангийн сайдад даалгаж шийдвэрлэлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,1, 106.3.1, 106.3.4, 106.3.11, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2, 27.2.3-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Н.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Эод холбогдох хэсгийг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаал санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Эыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгох хүртэл 3 сарын хугацаанд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлж, Н.Эын ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртлэх нийт 7 сар, 18 хоногийн цалин 10.067,848 төгрөгийг хариуцагч Сангийн сайдаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сангийн сайдад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны  хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН