| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/00707/И |
| Дугаар | 3250 |
| Огноо | 2016-04-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 3250
| 2016 оны 4 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2016/03250
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 4-р байрны 19 тоотод оршин суух, Эко тогтол ХХК-д менежер ажилтай, регистр ЧК76092606, Цорос овогт Батсүхийн Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 6 дугаар гудамж, 1 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ОЙ71062211, Өнөр овогт Чингэсийн Амартүвшинд холбогдох түрээсийн гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол төлбөр 47 184 950 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Отгонсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Бямбадорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайжав, гэрч Э.Нармандах, Б.Сонор, С.Сайханбат, Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтан дэлхийн гайхамшиг ХХК нь 2014 оны 8-р сарын 17-ны өдөр миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 40-50 мянгат 43 байр 2 давхарт 397.53 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэн ажиллаж байсан. Түрээсийн төлбөрөө төлж байгаад 2015 оны 2-р сарын байдлаар 22 000 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Энэ үед Ч.Амартүвшин нь 22 000 000 төгрөгийн өрийг төлж барагдуулах тухай баталгаа гаргаад өөрөө 2015 оны 02-р сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай, сард 6 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Мөн цахилгааны төлбөрийг Амартүвшин, ус дулааны мөнгийг би төлөхөөр тохирсон. Гэтэл 2015 оны 6-р сараас түрээсийн төлбөрөө төлөхгүй шаардуулах болсон. Гэрээний дагуу 3 сар төлбөрөө төлөөгүй бол учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй. Ч.Амартүвшин нь 2015 оны 12-р сарын 24-ний өдөр нүүж байрыг чөлөөлж өгсөн тул энэ хүртэл түрээсийн төлбөрийг шаардаж байна. Үүнд 2015 оны 6-р сараас 12-р сарын 24-ний өдрийг хүртэл 44 850 000 төгрөг, цахилгааны мөнгө 2 334 950 төгрөг нийт 47 184 950 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч Б.Манлайжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Түрээсийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Ч.Амартүвшин нь 2015 оны 04-р сарын 09-ний өдөр 4-р сарын түрээсийн төлбөрт 7 500 000 төгрөг төлсөн. 2015 оны 05-р сарын 08-ны өдөр төлөх ёстой байсан түрээсийн төлбөрөөс 3 000 000 төгрөг төлсөн ба 4 сарын төлбөрт илүү төлсөн 1 000 000 төгрөгийг нэмж 4 000 000 төгрөг болсон. Ингээд 2015 оны 05-р сарын 14-ний өдөр 9 000 000 төгрөг төлсөн. 4-5 сарын төлбөрийн үлдэгдэл нийт 13 000 000 төгрөгөөс 6 500 000 төгрөг нь 5-р сарын төлбөр, үлдэгдэл 6 500 000 төгрөг нь 6-р сарын төлбөр болж байгаа юм. Нэхэмжлэгч 6-р сар хүртэлх хугацааны төлбөртэй маргаагүй юм. 2015 оны 05-р сарын 28-ны өдөр түрээсийн төлбөрт дахин 4 000 000 төгрөг төлсөн. Тус төлбөр нь 7-р сарын төлбөрийг үлдэгдэл юм. 2015 оны 07-р сарын үлдэгдэл 2 500 000 төгрөгийг төлөх боломжгүй байсан. Ингээд 2015 оны 08-р сараас түрээсийн байрны 2-р давхарт нэвтрүүлэхгүй байхыг түрээслүүлэгч үүрэг өгч, 8-р сарын 01-ний өдрөөс Ч.Амартүвшингийн үйл ажиллагаа зогссон. 2015 оны 08-р сараас эхэлсэн цахилгааны төлбөрийг хариуцахгүй. Түрээсэлж байсан байрны түлхүүрийг нэхэмжлэгчид өгсөн. Тэгэхээр 2015 оны 07-р сарын төлбөрийн үлдэгдэл 2 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алтан дэлхийн гайхамшиг ХХК-ний төлбөрийг Ч.Амартүвшин хариуцахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугласан бусад бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонсүрэн нь Ч.Амартүвшинд холбогдох түрээсийн гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 47 184 950 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 21 834 950 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Б.Отгонсүрэн нь 2015 оны 2-р сарын 27-ны өдөр Ч.Амартүвшинтэй “Түрээсийн гэрээ” байгуулж, улсын бүртгэлийн Ү-2202019657 дугаарт бүртгэгдсэн өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Жуулчны гудамж, 43 дугаар байрны, 2 дугаар давхарт байрлах 397.53 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн хугацаатай, сард 6 500 000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318-р зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг 318-р зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ /хх 4-6/ байна.
Түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үүргээ 2015 оны 6-р сараас биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөнөөс талуудын хооронд маргаан гарч хугацаанаас өмнө гэрээ цуцалсан, улмаар түрээслүүлэгч учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрт 47 184 950 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгийг төлнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Түрээслүүлэгч Б.Отгонсүрэн нь Ч.Амартүвшинтэй түрээсийн гэрээ байгуулахаас өмнө 2014 оны 08-р сарын 14-ний өдөр “Ворлд алтан дэлхийн гайхамшиг” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2 жилийн хугацаатай түрээслүүлсэн бөгөөд түрээслэгч нь түрээсийн төлбөрт 22 000 000 төгрөгийг төлөөгүй /хх 16-18/ байжээ.
Ч.Амартүвшин нь “Ворлд алтан дэлхийн гайхамшиг” ХХК-ний төлбөр 22 000 000 төгрөг, цахилгааны төлбөрийг төлж барагдуулахаар 2015 оны 02-р сарын 27-ны өдөр “Баталгаа” /хх 16/ гаргаж, Иргэний хуулийн 124-р зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар “Ворлд алтан дэлхийн гайхамшиг” ХХК-ний өрийг өөртөө шилжүүлж авсан байна.
Гэрээ байгуулснаас хойш Ч.Амартүвшин нь 2015 оны 3-р сарын 25-наас 2015 оны 6-р сарын 24-ний хооронд бэлэн мөнгөний орлогын баримт, мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар /хх 22, 23, 66-68/ нийт 41 500 000 төгрөг төлсөн байх ба үүнээс “Ворлд алтан дэлхийн гайхамшиг” ХХК-ний төлбөрт 22 000 000 төгрөгийг тооцож, үлдэх 19 500 000 төгрөгийг түрээслэгч Ч.Амартүвшингийн 2015 оны 02-р сарын 27-ноос 2015 оны 05-р сарын 27-ныг хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр төлөгдсөн гэж үзнэ.
Эдгээрээс дүгнэвэл, хариуцагч нь 2015 оны 5-р сарын 27-ноос хойшх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй байна.
Нэхэмжлэгч нь түрээслэгчийг 2015 оны 12-р сарын 24-нд байр чөлөөлсөн талаар маргаж энэ хугацаа хүртэл түрээсийн төлбөр гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагчийн “2015 оны 8-р сарын 1-нээс түрээсийн байр луу оруулаагүй, үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлбар, гэрч Э.Нармандахын “Амартүвшинтэй хамт ажиллаж байсан, 2015 оны 8-р сараас биднийг дотогш нь оруулаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сонорын “...би Ворлд алтан дэлхийн гайхамшиг компанид төслийн багийн нарийн бичгийн даргаар 2015 оны 4-р сард ажилд орсон. 7-р сард нь байрыг битүүмжилсэн гээд 3 өдөр, 8-р сараас бас ажлын байр луу оруулахгүй болсон” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Нармандахын “би Эко тогтол ХХК-д харуулаар ажилладаг, Амартүвшинд 2015 оны 8-р сарын 24-ний үед мөнгөө өг гэж хэлээрэй гэснийг хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч С.Сайханбатын “Амартүвшинд 2015 оны 8-р сарын 25-нд мөнгөө төлөөч гэдэг тайлбарыг тавьсан, 2015 оны 12-р сарын 24-нд бүх юмаа аваад явсан” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч нь Ч.Амартүвшингээс 2015 оны 9-р сарын 1-нийг хүртэлх хугацааны цахилгааны төлбөр шаардсан зэргээс дүгнэвэл түрээслэгч түрээсийн төлбөр төлөх 2015 оны 8-р сарын 27-ныг хүртэл түрээсийн байрыг зориулалтын дагуу ашигласан гэх үндэстэй. Түрээслэгч Ч.Амартүвшин нь 2015 оны 5-р сарын 27-ноос 2015 оны 8-р сарын 27-ныг хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр 19 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Харин түрээслэгч 2015 оны 12-р сарын 24-ний өдөр эд зүйлээ авсан нь энэ хүртэл хугацаанд байрыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл болохгүй.
Гэрээний 5-р зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар түрээслэгч цахилгааны төлбөрийг хариуцан төлөхөөр тохирсон байх ба Ч.Амартүвшин нь 2015 оны 02-р сарын 27-ны өдрийн баталгаагаар өмнөх түрээслэгчийн 2014 оны 08-р сарын 01-ний өдрөөс 2015 оны 02-р сарын 27-ны өдрийг хүртэлх хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хариуцан төлөхөөр шилжүүлэн авсан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр 2014 оны 12-р сарын 1-нээс 2015 оны 09-р сарын 01-нийг хүртэл хэрэглэсэн цахилгааны төлбөрийг “Би энд Кэй” ХХК-ний тоолуурын заалтаар гарсан тооцоо буюу 2 334 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь /хх 65, 72, 73/ зүйтэй.
Хэргийн 30, 31 дэх хуудсан авагдсан Ч.Өлзийтүвшинд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 565 тоот тогтоол нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай хамааралгүй, харуул хүлээлцсэн талаарх 2 дэвтэр нь түрээслэгч үйл ажиллагаа явуулсан хугацаатай холбоотой, өөрөөр хэлбэл, 2015 оны 8-р сарын 24, 25, 26-ны өдрийн тэмдэглэлд “түрээслэгч мөнгөө төлөөгүй тул оруулахгүй харсан, эзэн нь ирж юмаа үзээд явсан” зэргээр тэмдэглэгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1, 326-р зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэсийн Амартүвшингээс 21 834 950 /хорин нэгэн сая найман зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж Батсүхийн Отгонсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 25 350 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 551 825 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ч.Амартүвшингээс 267 124 төгрөг гаргуулж Б.Отгонсүрэнд олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА