Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00198

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04585 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-д 2016 оноос хойш 2023 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл 7 жил ажилласан.

1.2. Гэтэл ажил олгогч нь 2023 оны 09 сарын 20-ны өдөр Б/6846 дугаартай тушаалаар 2023 оны оны 08 сарын 28-ны толгойгоороо хүний цээжийг мөргөж бусдын биед халдсан, ил уурхайн оффист хүнийг цохихоор сандлаар далайсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр *******ыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Учир нь ******* нь 2023 оны 08 сарын 28-ны шөнө ажлаа хийж байхад ахлах ажилтан ******* ирж түүнийг дарамтлан, ёс зүйгүй хандахад нь тайлбар хэлж, бага зэрэг үл ойлголцох асуудал үүссэн ч бие, эрх чөлөөнд нь халдсан үйлдлийг огт гаргаагүй.

Үүний дараа ээлжийн ахлах *******тай ил уурхайн ажлын өрөөнд уулзахад чамайг хална, чи халагдах шалтгаанаа хийсэн байна гэж загнаж ... гараа далайгаад босоод ирсэн бөгөөд ******* нь дээрх 2 хүнтэй учраа олохгүй юм байна гэж бодоод гараад явсан асуудал болсон. Гэтэл энэ бүх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй ажилтан *******ыг зөрчил гаргасан мэтээр хариуцлага тооцсон нь ахлах ажилтны дургүйг хүргэсэн хэн ч зөрчил гаргасан эсэхээс үл хамааран халагддаг, дээд албан тушаалтан яаж ч хүнийг гүтгэж болдог, энэ нь үнэнд тооцогддог, харин доод албан тушаалтан доромжлуулсан ч дуугүй байх ёстой мэт ойлголтыг төрүүлж байх тул асуудлыг шударгаар шийдвэрлүүлж хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна.

1.3. Ажилтны гаргасан зөрчлийг нотлогдсон гэсэн боловч нэхэмжлэгч бусдын биед халдсан, заналхийлсэн үйл баримт хангалттай тогтоогдоогүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг баримтлан хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан. Кэймпийн дотоод журмыг сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарахаас нэг сарын өмнө баталсан бөгөөд ажилтанд танилцуулаагүй.

Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 20-ний өдрийн Б/6846 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ******* нь 2023 оны 08 сарын 28-ны шөнийн ээлжинд толгойгоороо (хамгаалалтын малгайтай байсан) хүний цээжийг мөргөж бусдын биед халдсан, ил уурхайн оффист хүнийг цохихоор сандлаар далайсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан болно. ******* нь дээрх үйл баримтыг болоогүй гэж маргасан.

Хянан шалгах ажиллагааны үр дүнд арга хэмжээ авдаг. Энэ зарчмын дагуу хянан шалгах ажиллагааг явуулсан. Ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бусад ажилчдын тайлбар, ярилцлагын тэмдэглэл, сандал аваад буцаагаад тавьсан гэсэн өөрийнх нь тайлбар зэргээр нотлогдож байна.

2.2. Хөдөлмөрийн гэрээ 2019 онд байгуулагдсан. Хөдөлмөрийн тухай шинэ хууль батлагдсан ба шинэчлэн батлагдсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар өмнөх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжлээд явуулахаар байх тул хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй.

2.3. Батлагдсан журмуудыг ил байршуулдаг, ажилчддаа мөн явуулдаг. Журамтай танилцах нь ажилтны үүрэг юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа мөн журам дүрмүүдтэй танилцсан гэсэн баталгаа гаргасан байдаг. Сүүлд шинэчлэгдсэн журмын заалтын хувьд 2019 онд танилцуулж, мөрдөгдөж байсан заалт байгаа. Шинээр оруулсан заалт биш юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-д холбогдох тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар *******ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Маргаан бүхий тушаалын үндэслэлд дурьдсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, г", 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.1.и зэрэг заалтуудыг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийн тохиолдол гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд заавал нэрлэн зааж буй гол шалтгаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 12 дугаар зүйлийн 12.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус заасан хуулийн зохицуулалттай харилцан уялдаатай бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээний агуулга, гэрээний нөхцөл, гэрээний заалт бүрийг мэдэж, түүнийгээ хүлээн зөвшөөрч тохиролцоо хийнэ гэсэн ойлголт. Гэтэл ажилтны хүлээн зөвшөөрсөн гэрээний нөхцөлд тодорхой тусгагдаагүй, ажил олгогчийн зүгээс баталж гаргадаг, хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй журмуудад заасан зөрчлийн тохиолдлыг ноцтой зөрчилд хамааруулан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Б/6846 дугаартай тушаалыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн нь хөдөлмөрийн харилцааны суурь зарчим болон талуудын хоорондын тэнцвэрт байдлыг хангах хуулийн зорилтод үл нийцэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.2.1-д зааснаас үзэхэд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1.и дэх заалт нь хуулийн дээрх агуулгад нийцэхгүй байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар гэрээний тус заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.4-т заасан ...хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил-ийн тохиолдол гэж үзэх боломжгүй байна.

4.2. Ажил олгогч нь тушаалын үндэслэл болгосон Кэймпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ыг ажилтан *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш буюу 2019 оны 07 сарын 02-ны өдрөөс хойш тус тус шинэчлэн баталсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд ажилтантай тохиролцож оруулаагүй ноцтой зөрчлийн тохиолдлуудаас ажил олгогч өөрийн санаачилгаар дээрх журмуудад тусгаж, үүнийгээ харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалттай адилтган үзэж хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх төдийгүй тус журмуудаа Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд танилцуулаагүй нь учир дутагдалтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үйл баримтаар зөрчил тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, мөн хянан шалгах ажиллагааны явцад тайлбарлахдаа өөрөөсөө холдуулахын тулд толгойгоороо мөргөсөн гэдэг. Шүүхэд гаргасан тайлбартаа миний толгойнд хүрсэн байж магадгүй гэдэг, мөн оффисст сандлаар далайсан үйлдлээ би сандлаа өргөөд тавьсан гэж хүлээн зөвшөөрдөг, өмнө нь цохих гээд далайсан гэж тайлбарласан байдаг. Тухайн үед байсан гэрчүүд сандлаар цохих гэж далайсан үйлдлүүд гаргасан гэдэг. Энэ нь холбогдох гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогддог бөгөөд нэхэмжлэгч үүнд маргаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй гэж маргасан. *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.1и-д зааснаар ноцтой зөрчлийг тооцохдоо компанийн дотоод дүрэм, журам, стандарт үүнд Кэймпийн дотоод журам, ёс зүйн журамд заасан ноцтой зөрчил гэж заасан үйлдлийг ноцтой зөрчилд тооцож ажлаас халах буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах арга хэмжээг авна гэдгийг тодорхой тусгасан.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Энэ агуулгаар хөдөлмөрийн журмын бүрэлдэхүүн хэсэг болсон Кэймпийн дотоод журмын 9.1.2 заасан бусдын биед хүч хэрэглэх, бие махбодид халдах гэж, мөн журмын 9.1.3-т заасан бусдын биед гэмтэл учруулахаар заналхийлэх гэдэг нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцохоор анхнаасаа хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахад нэхэмжлэгч буюу ажилтан нь эдгээртэй танилцан, зөвшөөрч Би хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ дотоод журамд заасан хэм хэмжээ, кэймпийн дүрэм журам болон бусад хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнтэй холбоотой шинэчлэлт болон холбогдох стандартад танилцах үүрэгтэй гэдгийг тусгасан.

5.3. Мөн хөдөлмөрийн гэрээнд заагдсан ноцтой зөрчил гэдэгт нь нэхэмжлэгчийг анх хөдөлмөрийн гэрээ байгуулахад гэрээнд тусгасан бөгөөд уг ноцтой зөрчлийг шинээр оруулаагүй. Үүнд ноцтой зөрчлийн талаар нэхэмжлэгчид дахин танилцуулсан гэх агуулга ярих шаардлагагүй. *******-ийн хөдөлмөрийн дотоод журамтай нээлттэй танилцах боломжтой. Өөрөөр хэлбэл ажлын оффисын хананд дүрэм журмуудыг байрлуулсан бөгөөд ажилтнуудын компьютерт байдаг. Иймд ажилтан зөрчлийн талаах мэдээгүй гэх агуулга яригдах боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгчтэй хийсэн хянан шалгах ажиллагааны явцад ажилтан нь өөрийн үйлдэл ямар дүрэм журмыг зөрчсөн, мөн буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагаа тайлбарласан. Нэхэмжлэгч мэдээгүй, түүний гаргасан үйлдлийг ноцтой зөрчилд тусгаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь хөдөлмөрийн гэрээ дотоод журамд хоёр хоорондоо уялдаа холбоотой зохицуулагддаг. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талуудын хооронд 2016 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ******* нь хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд ажиллаж байсан үйл баримтад зохигч маргаангүй.

 

4. Ажил олгогч *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн Б/6846 дугаартай тушаалаар ажилтан *******ыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн. /1хх-3/

 

5. Нэхэмжлэгч ******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, гомдлоо шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, дараа нь шүүхэд тус тус хандсан нь Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан журмыг зөрчөөгүй байна. /1хх-1-2, 4-7/

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.

6.1. Хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал нь *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/6846 дугаартай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 2019 оны 06 сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, г, 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.1.и, Кэймпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9.1, 9.1.2, 9.1.3, 19.3, 19.4, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 13.1.4, 17.1, 17.2, 17.2.8.2, 17.2.9.4, 17.2.10.10, 17.3 дахь заалтыг тус тус үндэслэлээ болгосон байна. /1хх-165/

6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

6.3. ******* болон ******* нар 2019 оны 06 сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний 10.1-д 10.2.1.и-д Компанийн аливаа бодлого, дүрэм, журам (үүнд: Компанийн дотоод журам, Кэймпийн дотоод журам, ёс зүйн дүрэм...)-д Ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар, эсхүл зөрчил гаргасан даруй ажлын талбай, төслийн талбар болон тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрээс явуулахаар заасан зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөлийг харилцан тохиролцжээ. /1хх159-164/

6.4. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээний 8.б, в, г-д тус тус зааснаар компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, компанийн дотоод бодлого журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх хэм хэмжээг ханган ажиллах, компани бодлого, журам, стандарт болон холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах үүрэг хүлээсэн байна.

Талууд хөдөлмөрийн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээнд тавигдах шаардлагыг хангаагүй, 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

7. Хариуцагч *******-ийн Кэймпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9.1, 9.1.2, 9.1.3-т бусдын биед хүч хэрэглэх, бие махбодод халдах, бусдын биед хүч хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзэхээр, мөн журмын 19.3-т журмын 9.1.1-9.1.15-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно. гэж, 19.4-т Журмын 9.1.1-9.1.15-д заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус журамлажээ.

Мөн Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 17.2-т ноцтой зөрчилд тооцох зөрчлүүдийг нэрлэн зааж, 17.2.8.2-т бусдын биед гэмтэл учруулсан эсэхээс үл хамааран бүхий л хэлбэрээр халдах (Үүнд: цохих, алгадах, шанаадах, тонших эсвэл багаж хэрэгслээр хүнийг цохих гэх мэт орно), 17.2.9.40-т хүч хэрэглэхээр заналхийлэх (айлган сүрдүүлэх зорилгоор үйл хөдлөх болон үгээр сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх), 17.2.10.10-т Компанийн бодлого, дүрэм, журам, стандарт заавар, зааварчилгаа, ... болон хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцсон бусад зөрчил-ийг ноцтой зөрчилд тооцно гэж тус тус заасан байна. /1хх82-105/

 

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох *******-ийн Аюулгүй байдлын газарт *******ын бичсэн тайлбар, магадлан шалгах ажиллагаанд тайлбар авах хуудас, 2023 оны 08 сарын 29-ний өдрийн ярилцлагын тэмдэглэл болон 2023 оны 08 сарын 28-ны өдрийн богино долгионы радио станцаар ярьсан бичлэгт шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ******* нь 2023 оны 08 сарын 28-ны шөнийн ээлжинд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа толгойгоороо багийн ахлагч *******ын цээжийг мөргөж бусдын биед халдсан, ил уурхайн оффист хүнийг цохихоор сандлаар далайсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үйлдэл тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна. /1хх174-175, 196-198, 190-194, 199-203/

Тодруулбал, *******-ийн ахлах ажилтан *******, хөдөлмөрийн харилцааны зөвлөх ******* болон нэхэмжлэгч ******* нарын хийсэн ярилцлагын тэмдэглэлд ... мөргөсөн юм байхгүй. Стресстээд өөд өөдөөсөө харж ярьж зогсож байсан... холдуулах санаатай л түлхсэн, тэгэхэд миний толгой тэр хүний цээж хавьцаа л хүрсэн байх. Тухайн үедээ хаана ч би хүрсэнийг мэдээгүй. Касктай хүрсэн байх. Хүчтэй мөргөх зорилготой байгаагүй. ... Эхлээд ******* бид хоёр уулзалтын өрөөнд орсон. Тэгээд надад тайлбараа бичиж өг. Хүний нөөцөд өгнө гэсэн. Чи *******ыг цохисон юм байна ш дээ гэсэн. Тэгээд гурвуулаа уулзья гэсэн. ******* орж ирсэн. Чи намайг мөргөө биз дээ гэж хэлсэн. Би мөргөөгүй гэсэн. .... Чи худлаа ... байна ш дээ гээд ******* босоод ирсэн. Тэгэхээр нь би сандал аваад далайсан ... гэсэн *******ын тайлбар тусгагджээ. /хх184-185/

Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан хянан шалгах ажлын тайлан, Ослын судалгааны ярилцлага авах хуудас, магадлан шалгах ажиллагаанд тайлбар авах хуудас, ярилцлагын тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтад тусгагдсан үйл баримт, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна.

 

9. Нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч ******* цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг тус тус зөрчөөгүй байх тул *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн Б/6846 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, түүний үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэгч ******* шаардах эрхгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04585 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД