| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02811/И |
| Дугаар | 3684 |
| Огноо | 2016-05-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 3684
| 2016 оны 5 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2016/03684
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 3-р байрны 20 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ПЮ76062561, Хайрхан овогт Догсомын Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1-р хороо, 59-р байрны 31 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр УЗ68071417, Шарав овогт Дамдинсүрэнгийн Дүгэрсүрэнд холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, сургалтын төлбөрт 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Долгион нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2015 оны 3-р сарын 17-ны өдрийн 102/Ш2015/01760 дугаар шийдвэрээр Дүгэрсүрэнгээс хүүхдийн тэтгэлэг тогтоож, сургалтын төлбөр гаргуулж шийдвэрлэсэн. Эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч маргаагүй гээд шийдвэрлээгүй орхисон. Отгонцэцэг нь одоо хүүхдээ өөрөө асрамжилдаг. Хүүхдийнхээ ирээдүйг бодоод Англид байхдаа ажиллаж байсан айлынхаа хүнийг гуйгаад хүүхдээ овоглосон байдаг. Хүү Очир нь одоо Орчлон сургуулийн 2-р ангид сурдаг. Сургалтын төлбөрт 15 сая төгрөгийг Отгонцэцэг төлсөн. Иймд Дүгэрсүрэнг хүүхдийн эцгээр тогтоож, 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүгэрсүрэн хүүхдийн эцэг нь мөн, энэ талаар маргахгүй. Хүүхэддээ боломжоороо тусламж үзүүлж байсан. 70 сая төгрөгөөр байр авч өгсөн. Орчлон цэцэрлэгийн төлбөрийг мөн төлж байсан. Одоо сургалтын төлбөрийн 50 хувийг нь төлье. Өмнөх шүүхийн шийдвэрийг эдийн засгийн хувьд боломжгүй байсан учраас биелүүлж чадаагүй, одоо төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг нь Д.Дүгэрсүрэнд холбогдох хүүхдийн эцгээр тогтоолгож, сургалтын төлбөрт 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэлээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3-р сарын 17-ны өдрийн 102/Ш2015/01760 дугаар шийдвэрээр 2008 оны 6-р сарын 23-ны өдөр төрсөн Г.Очирыг эх Д.Отгонцэцэгийн асрамжинд үлдээж, эцэг Д.Дүгэрсүрэнгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ хэргийг шийдвэрлэхэд хүүхдийн эцгээр тогтоолгох шаардлагыг гаргасан боловч хариуцагч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн талаар шийдвэрт дурьдаж, эцэг тогтоох нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байна.
Хариуцагч Д.Дүгэрсүрэн нь 2008 оны 06-р сарын 23-ны өдөр төрсөн хүү Очирын эцэг болохоо зөвшөөрсөн боловч Очирын овог Гриффин, эцгийн нэр Гари Марк гэж бүртгэгдэж төрсний гэрчилгээ олгогдсон байна. Д.Дүгэрсүрэнг хүүхдийн эцгээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэстэй.
Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 7-д “Төрөөс бүх нийтийн боловсролыг төлбөргүй олгоно”, Боловсролын тухай хуулийн 6-р зүйлийн 6.2 дахь хэсэгт “Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заажээ.
Хэдийгээр ерөнхий боловсролыг төлбөргүй олгохоор хуульчилсан боловч хүү Г.Очирыг “Орчлон” сургуульд төлбөртэйгээр суралцуулж байгаа талаар хариуцагч маргаагүй байна. Иймд 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 7 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2008 оны 06-р сарын 23-ны өдөр төрсөн хүү Гриффин овогтой Гари Маркийн Очирын эцэг Дамдинсүрэнгийн Дүгэрсүрэн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 48-р зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Дүгэрсүрэнгээс 7 500 000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Д.Отгонцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 7 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Дүгэрсүрэнгээс 116 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонцэцэгт олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА