Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00199

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр, даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/03804 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие найз *******д 2021 оны 07 сарын 30-ны өдөр 19,500,000 төгрөгийг зээлүүлсэн. Тэрээр ашиглалтад ороогүй орон сууцыг худалдан авах гэрээ байгуулж, ашиглалтад оруулсны дараа орон сууцаа худалдан борлуулдаг бөгөөд зээлсэн 19,500,000 төгрөгийг орон сууц худалдан авч борлуулж дээр нь ашиг нэмж өгнө гэж хэлж зээлсэн.

1.2. ******* нь надаас зээлсэн 19,900,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2021 онд буцаан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 14,900,000 төгрөгийг түүнээс шилжүүлэхийг удаа дараа 2022, 2023 онуудад шаардахад мөнгөө буцаан төлнөө, хүмүүсээс мөнгөө аваад төлнө, шүүх цагдаагаар маргаантай явж байна гэж хэлж өнөөдрийг хүрсэн. Талууд хамтран ажиллаагүй бөгөөд хариуцагчийн газрын төлбөрийн 8,750,000 төгрөгийг миний бие буцаан шилжүүлээгүй тул тус дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасган үлдэгдэл төлбөр болох 5,800,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талууд найз нөхдийн харилцаатай бөгөөд тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Ашиглалтанд орох шинэ байрыг худалдан авахаар зохигчдыг оролцуулаад нийт 4 хүн нийлж, хөрөнгө оруулалт хийх маягаар худалдан авсан. Мөн цагдаагийн асуудал үүссэнийг мэддэг, энэ талаар юу болж байгаа талаар асууж хоорондоо харилцсан байдаг зэргээр анхнаасаа нэг нь зээл авч, нөгөө нь зээл олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 14,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 232,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Зээлсэн 19,900,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2021 онд буцаан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 14,900,000 төгрөгийг *******гаас шилжүүлэхийг удаа дараа 2022, 2023 онуудад шаардахад мөнгөө буцаан төлнөө, хүмүүсээс мөнгөө аваад төлнө, шүүх цагдаагаар маргаантай явж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Нэхэмжлэгч ******* 2021 оны 07 сарын 30-ны өдөр 19,500,000 төгрөгийг хариуцагч *******гийн данс руу шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа бодитоор байгуулагдсан. Харин хариуцагч ******* өөрийн дансанд зээлийн мөнгийг хүлээн авснаас хойш өөрөө гуравдагч этгээд рүү шилжүүлэх захиран зарцуулах асуудал нь хариуцагчийн эрх бөгөөд нэхэмжлэгчид хамааралгүй атал хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Хариуцагч нэхэмжлэлийн татгалзлыг нотлох, үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн татгалзлаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хэлтэст гомдол гаргасан, уг гомдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөний асуудал шалгагдаж байгаа гэж үндэслэсэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс ирсэн баримтуудад талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсныг нотлох нэг ч баримт ирээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрч, хохирогчид худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхээр урьдчилан мэдэгдэж сануулж мэдүүлэгч авдаг бөгөөд дээрх мэдүүлэгтээ *******тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж нөхцөл байдлыг мэдүүлээгүй тул хариуцагчийн татгалзал үгүйсгэгдсэн.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* хэдэн найзуудтайгаа нийлж орон сууц худалдан авч борлуулдаг. Нэхэмжлэгч талын ярьсан шиг зүйл болоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга нь орон сууцанд хөрөнгө оруулах гэх утгаар хариуцагчид шилжүүлсэн. Мөн талуудын хоорондын харилцаа нь мөнгө зээсэн талаарх асуудлыг дурдсан зүйл огт байдаггүй.

Хариуцагчийг 3, 4 хүн нийлээд чи энэ асуудлыг зохицуулаад шийдчих гэдэг байдлаар хоорондоо тохиролцож хохирогчоор тооцуулсан ба давхар хохирогчоор оролцох бүрэн боломжтой. Одоо бол хэрэг бүртгэлийн ажиллагаа дууссан ба прокурор яллах дүгнэлт үйлдэж байгаа. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас огт харагддаггүй. Харин эсрэгээрээ хамтран ажиллах гэрээний харилцаа харагддаг. *******тай нэхэмжлэгч нь өмнө ч гэсэн орон сууц худалдаж аваад ашгаа хуваасан нөхцөл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог ба талууд үүнийг хүлээн зөвшөөрдөг.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаагүй, хамтран ажиллах гэрээ өмнө нь байгуулж ажиллаж ашиг хүртдэг байсан гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талууд хоорондын маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт 14,900,000 төгрөг гаргуулна гэсэн үндэслэл заасан. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчээс ... явцын дунд нэхэмжлэгч нь *******тай яриад зуслангийн зэргэлдээ газар авахаар ярилцаж тохиролцсон. 2021 оны 06 сарын 17-нд буюу зээлийн гэрээнээс өмнө нь 2,000,000 төгрөг ******* надаас зээлсэн байсан. 2021 оны 06 сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг 2 айлын газрын үнэ гэж гүйлгээний утга дээр бичээд шилжүүлсэн. Ингээд нийт 8,000,000 төгрөг ******* руу шилжүүлсэн. Газар авахтай холбоотой процесс 2 жил гаруй үргэлжилсэн, ингээд 2023 оны 05 сарын 18-ны өдөр газар шилжүүлэхээр мөнгө авсан хүн буцааж 8,000,000 төгрөг, дээр нь хүүнд 750,000 төгрөг, нийт 8,750,000 төгрөгийг ******* руу шилжүүлсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 14,900,000 төгрөгөөс 8,750,000 төгрөг, мөн 4,000,000 төгрөг, 300,000 төгрөг, 150,000 төгрөг, 90,000 төгрөг тус тус хасахаар 5,800,000 төгрөгийн зөрүү гарч байна гэж үзэж байна. Иймд, харилцан үүрэг тооцуулаад 5,800,000 төгрөг хариуцагчаас гаргуулна. гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөнөөс харилцан тооцож ... 6 сая төгрөг гаргах хууль зүйн үндэслэлтэй ... гэж тус тус тайлбарлажээ.

3.2. Хариуцагч эс зөвшөөрч, ... өмнө нь энэ хүмүүс байр худалдаж аваад ашиг олж байсан, ... зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, ашиглалтанд орох шинэ орон сууцыг худалдан авахаар нийт 4 хүн нийлж, хөрөнгө оруулалт хийж, дараа нь ашгаа хуваахаар худалдан авсан, цагдаагийн асуудал үүссэнийг мэддэг, ******* эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоод явж байгаа ..., ... хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, ...Иргэний 476 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдах ёстой ... гэсэн үндэслэлээр татгалзаж, маргасан байна.

 

Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг өөр, өөрөөр тодорхойлж байхад анхан шатны шүүх тодруулаагүй байна. Түүнчлэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар маргасан байхад шүүх хамтран ажиллаж ашиг олж байсан талаар талууд маргаагүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Улмаар маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсгийг тус тус тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж тодорхойлж, талууд хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас олсон ашгийг хамтран хүртэхээс гадна алдагдал, эрсдлийг мөн хамтран хариуцах тул нэхэмжлэгч нь хамтран ажиллаж ашиг олох зорилгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны алдагдлыг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Учир нь, талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12 дахь хэсэгт тус тус заасны дагуу ашиг болон талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах, хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцана. Мөн хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар гэрээний тал хамтын үйл ажиллагаанаас гарсан тохиолдолд биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасан.

 

4. Хэрэгт талуудын хамтын ажиллагаанаас олсон ашиг, алдагдлын хувь хэмжээ, хүлээх хариуцлагын талаар нотлох баримт авагдаагүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, ямар нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй талаар шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/03804 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Ч.ЦЭНД