Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 4586

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/04586

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хадатын 1-30  тоотод оршин суух, регистр ЧБ69062704,   Шийшлүү овогт Бямбадоржийн Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 011-р байрны 1 тоотод оршин суух, регистр МА83111712,  Боржигон овогт Энхбатийн Оргилд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45 646 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /үнэмлэх 0795/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Оюунсүрэн “Фокус ресурс” ХХК-ны хооронд 2015 оны 2-р сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Бүлээний хөндий нэртэй MV-017665 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт ашигт малтмал явуулах үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, санхүүжилт олгох зориулалтаар 30 сая төгрөгийг “Фокус ресурс” ХХК-нд шилжүүлэх, зээлдэгч 2015 оны 5-р сарын 15-ны өдөр төлбөрийг зээлдүүлэгчид төлөхөөр гэрээ байгуулсан.  “Фокус ресурс” ХХК-ний захирал н.Энхбат нь 30 сая төгрөгийг зээлдэгчид бус, өөрийн төрсөн хүү Э.Оргилын ХААН банкин дахь 5043007759 тоот дансанд шилжүүлэх болсныг мэдэгдсэн, зээлдүүлэгч энэ дансаар шилжүүлсэн, Э.Оргил захиран зарцуулсан байдаг. Бид зээлийн хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан Э.Оргилыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс иргэн Э.Оргил нь зээлийн 30 сая төгрөгийг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу олж авсан, зээлийн хөрөнгийг Э.Оргилын нэр дээр шилжүүлэх үүргийг зээлдүүлэгч Б.Оюунсүрэн нь өөрөө хүлээсэн, ийнхүү зээлийн хөрөнгийг хүлээн авах эрх Э.Оргилд үүссэн тул 30 сая төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Харин дээрх үйл баримтад үндэслээд талуудын хооронд байгууллагдсан гэрээгээр олгогдсон зээлийн гэрээг хүлээн авах шаардах эрхийг зээлдэгч “Фокус ресурс” ХХК-аас иргэн Э.Оргилд шилжүүлсэн байна гэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3-р сарын 07-ны 452 дугаартай магадлалд дүгнэсэн. Иймд нэгэнд хүчин төгөлдөр болсон эрхийн актаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний шаардах эрх нь Э.Оргилд шилжсэн бөгөөд энэ шаардах эрхийн дагуу тухайн хөрөнгийг шилжүүлэн авсан Э.Оргилоос шаардах эрхтэй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна. Бид зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсантай холбоотойгоор зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 30 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн үүргийн гүйцэтгэлийн алданги 15 000 000 төгрөг, бусад төлбөр болох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн  этгээдээс нэхэмжлэлийн  улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө болох 616 000 төгрөг нийт 45 646 000 төгрөгийг Э.Оргилоос нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд  2015 оны 2-р сарын 16-ны өдөр зээлийн гэрээ гэж байгуулагдсан. Энэ зээлийн гэрээгээр иргэн Б.Оюунсүрэн нь Фокус ресурс ХХК-ний захирал асан Энхбатад 30 сая төгрөгийг зээлдүүлсэн. Э.Оргил гэрээнд оролцоогүй, 30 сая төгрөгийг Э.Оргилын данс руу шилжүүлэхийг Б.Оюунсүрэн маш сайн мэдэж байсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1-р сарын 12-ны 489 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 3-р сарын 7-ны өдрийн 459 тоот магадлалаар Б.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй Э.Оргилд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа магадлалын үндэслэх хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч Э.Оргилоос шаардах эрх нь нээлттэй юм аа” гэсэн дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулаад шинээр ямар нэгэн нотлох баримтыг гаргаагүй, нотлох баримтууд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримтууд авагдсан байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох  баримтыг цуглуулах, гаргаж өгөх бол үүрэгтэй. Магадлалыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна. ИХШХШТ-хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар магадлал нь нотлох баримтад тооцогдохгүй, шүүхийн шийдвэрийн баримт нь нотлох баримтад бас тооцогдохгүй байна. Энэ шаардлага нь өөрөө хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Иргэн Б.Оюунсүрэн “Фокус ресурс” ХХК-ны захирал асан н.Энхбат нарын хооронд зээлийн гэрээ бол байгуулагдсан. Харин зээлийн гэрээний зүйл болох мөнгийг Э.Оргилын дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 210-р зүйлийн 210.1, 210.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.  Талуудийн хооронд гуравдагч этгээд энэ мөнгийг төлнө гэж тохироогүй. Шүүхийн  магадлал, шийдвэр гарсан учраас нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Б.Оюунсүрэн нь Э.Оргилд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45 646 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Б.Оюунсүрэн нь 2015 оны 2-р сарын 16-ны өдөр “Фокус ресурс” ХХК-тай  зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 2017 оны 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаагаар зээлүүлэхээр /хх 7-8/ тохирчээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч  нь зээлдэгчийн өмчлөлд гэрээгээр тохирсон мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд талууд гэрээний 1.2.6 дахь хэсэгт зааснаар ХААН банкны 5043007759 тоот дансаар шилжүүлэхээр тохирсон байна.

 

Зээлдүүлэгч Б.Оюунсүрэн нь 2016 оны 2-р сарын 16-ны өдөр Энхбатын Оргилын эзэмшлийн дээрх дансанд 30 000 000 төгрөгийг шилжүүлж /хх 9/ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин “Фокус ресурс” ХХК-ний захирал Д.Энхбат нь 2015 оны 4-р сарын 17-ний өдөр нас барснаар зээлдүүлэгч нь Э.Оргилоос мөнгөө гаргуулахаар  маргасан байна.

 

Б.Оюунсүрэн нь Э.Оргилыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 30 000 000 төгрөг гаргуулахыг шаардсан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01-р сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/00489 тоот шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3-р сарын 07-ны 452 тоот магадлалаар /хх 10-14/ хэвээр үлдээжээ.

 

Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, шийдвэрийг хэвээр үлдээсэн талаар нэхэмжлэгч маргаагүй боловч дээрх магадлалыг “хариуцагч Э.Оргилоос шаардах эрхийг шилжүүлэн авсан үндэслэлээр 45 646 000 төгрөг гаргуулахаар шаардсан” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон байна. 

 

Харин талуудын байгуулсан гэрээ, мөнгөө шилжүүлэхээр тохирсон данс, мөнгө шилжүүлсэн баримтаас үзвэл Б.Оюунсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр 30 000 000 төгрөгийг Э.Оргилд шилжүүлсэн гэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, мөнгө шилжүүлэгч нь Б.Оюунсүрэн, данс эзэмшигч нь Энхбатын Оргил байсан, энэ нь Иргэний хуулийн 123-р зүйлд зааснаар “Фокус ресурс” ХХК нь шаардах эрхээ Э.Оргилд шилжүүлсэн гэж үзэхээргүй байна.  

 

Нөгөө талаас, гэрээний нэг тал нь “Фокус ресурс” ХХК  бөгөөд гүйцэтгэх захирал нас барсан нь компаниас үүргээ шаардахад саад болохгүй.

 

Түүнчлэн гэрээний талууд гуравдагч этгээдийн дансаар мөнгийг шилжүүлэхээр тохирсон нь зээлдэгчийн үүргийг гуравдагч этгээд гүйцэтгэхээр тохирсон гэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх бөгөөд улсын орлогот үлдээсэн 616 000 төгрөг, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангахад гаргасан зардлыг хариуцагч Э.Оргилд хариуцуулах үүрэггүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 123-р зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг баримтлан Энхбатын Оргилоос 45 646 000 /дөчин таван сая зургаан зуун дөчин зургаан мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Бямбадоржийн Оюунсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 000  төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.  

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

          

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА