| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0692/Э |
| Дугаар | 693 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч П.Бямбасүрэн, шүүгдэгч Б.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Баярсайханы Энхмаад холдбогдох эрүүгийн “1909022310754” дугаартай, 186/2019/692/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 2, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 1 дүгээр гудамжны 2-2А тоотод оршин суух бүртгэлтэй,
-урьд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1472 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б. Э /РД:ТЯ93063040/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Энхмаа нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” нэртэй зочид буудалд орхиж явах гэлээ гэх шалгааны улмаас Н.Шинэцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи хамар, хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.Энхмаа нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.Шинэцэцэгийн:..2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Энхмаа эгч түүний хоёр найз залуугийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Од" нэртэй зочид буудалд 13 цагийн үед ороод тэр гурав нэг шил 0.75 граммтай архи хувааж уусан, орой 20 цагийн үед харьлаа гэсэн чинь Б.Энхмаа нь надтай хэд хоног цуг явчхаад явах гэлээ гэж уурлаад над руу агсраад миний үснээс зулгааж, дээр сууж байгаад миний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж, гараараа олон удаа цохиж зодсон, миний зүүн нүд хөхөрч хавдсан, нүүрэн хэсэг болон гарын хэсгүүдэд хумсны сорвитой, үснээс үс унасан, хуйх хөндүүртэй байна. Б.Энхмаа зодоон эхлүүлсэн, би бие хамгаалах зорилгоор үснээс нь зулгаасан, надад учирсан энэ гэмтлийг Б.Энхмаа учруулсан, нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-н10-11/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Оюун-Эрдэнийн:..Б.Энхмаа нь айлын 2 дахь охин, 10 жилдээ онц сурдаг байсан, Б.Энхмаа цагаан сараар ирж уулзаад дахин ирээгүй, 2 хүүхэд нь манай гэрт байдаг гэх мэдүүлэг. /хх-н 18/,
2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6585 тоот актын:
1. Н.Шинэцэцэгийн биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, хамар, хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо,
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадаврын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт./хх-19/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч: Хавтаст хэргээс 10-11, 15-16 дугаар хуудасны хохирогч Н.Шинэцэцэгийн мэдүүлэг, 19 дүгээр хуудасны шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6585 дугаартай дүгнэлт, 19 дүгээр хуудасны гэрч Д.Оюун-Эрдэний мэдүүлэг, 4 дүгээр хуудасны яллагдагч Б.Энхмаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч: Надад судлах баримт байхгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Энхмаа нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” нэртэй зочид буудалд орхиж явах гэлээ гэх шалгааны улмаас Н.Шинэцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи хамар, хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.Шинэцэцэг, гэрч Д.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6585 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Н.Шинэцэцэг нь Б.Энхмаад санал
гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Энхмаа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Энхмааг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд
мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Энхмааг 450/дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Энхмаад оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Энхмаа нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Энхмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхмаад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ