Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 3246

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/03246

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 3-р байр 41 тоотод оршин суух, Люкс мед эмнэлэгт кассын нярав ажилтай, регистр УУ90021047, Алаг Адуун овогт Төмөрбатын Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 1-р байр 27 тоотод оршин суух, регистр УУ91072355, Их Мянган овогт Гансүхийн Батмөнхөд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Оюун-Эрдэнэ, хариуцагч Г.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурч байхдаа Батмөнхтэй танилцсан. Бидний хамт амьдрах хугацаанд 2011 оны 6-р сарын 6-ны өдөр хүү Билэгт төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 оны 8-р сард хүүхдээ 2 сартай байхаас салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү миний асрамжид амьдарч өсч торниж, бид тусдаа 4 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа тул хүү Билэгтэд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 6-р сарын 6-н өдөр хүү Билэгт төрсөн. Бид 2 сар хамт амьдарсан нь үнэн. Энэ хугацаанд Оюун-Эрдэнэ нь жижиг асуудлаар шалтаглан хүүг минь авч явсан. Би 3-лаа хамтдаа амьдаръя гэж учирлаж гуйсан боловч тэр ирээгүй. Тусдаа амьдрах хугацаанд хүү Билэгтдээ боломжоороо мөнгө, бусад зүйлийг өгч, зарим амралтын өдрөөр уулздаг байсан. Харин сүүлийн 5-6 сар ямар нэг шалтгаангүйгээр хүүтэй минь уулзуулаагүй, утсаар ч яриулаагүй, энэ нь хүү бид хоёрын харилцааг холдуулахад хүргэж байна. Хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна. Эмээ, өвөө нь байнга надаас асуудаг. Хүүдээ тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Т.Оюун-Эрдэнэ нь Г.Батмөнхөд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

 

            Т.Оюун-Эрдэнэ, Г.Батмөнх нар нь гэр бүл болох зорилгоор 2010 оноос амьдарч байгаад 2011 оны 06-р сарын 06-нд хүү Б.Билэгтийг төрүүлж өсгөжээ.

 

            Харин талууд хамт амьдарч байхдаа зан харьцааны хувьд таарамжгүй байсан, улмаар 2011 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Хэдийгээр Б.Билэгтийн эцэг, эх гэрлэлтээ батлуулаагүй, тусдаа амьдарч байгаа боловч хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс эцэг, эх нь чөлөөлөгдөхгүй. Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож, эцэг Г.Батмөнхөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон     

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 06-р сарын 06-ны өдөр төрсөн хүү Батмөнхийн Билэгтийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Батмөнхөөр тэжээн тэтгүүлсүгэй.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Батмөнхөөс  70 200  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Оюун-Эрдэнэд олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Р.АЛТАНТУЯА