| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/01810/И |
| Дугаар | 210/МА2025/00243 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00243
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/04546 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж, олгогдоогүй цалин хөлс, алдангид нийт 16,082,609 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* миний бие *******-д 2010-2023 оны хооронд нийт 7 жил 5 сар ажилласан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Б/250 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Тус тушаалд *******-ийн Коммерийн газар болон Хүний нөөцийн хэлтэст ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор заасан.
1.2. 2023 оны 08 сарын 02-ны өдөр Коммер эрхэлсэн захирал *******, Хүний нөөцийн менежер ******* нарын байлцуулан бүх ажлаа тус компанийн санхүүч *******д хүлээлгэн өгч 2 хувь акт үйлдэн нэг хувийг Хүний нөөцийн менежерт хүлээлгэн өгсөн. Ажил хүлээлцсэн актыг тус өдөр гүйцэтгэх захирал, дэд захирал нарт и-мэйлээр албан ёсоор хүргүүлэн мэдэгдсэн.
Улмаар *******-д Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах комисс байхгүй тул тус тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т заасны дагуу олгох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож өгнө үү хэмээн 2023 оны 08 сарын 11-ний өдөр *******-ийн Захиргаа хуний нөөцийн менежер ******* гараар өргөдөл бичиж өгсөн. Тус тэтгэмжийг олгоогүй тул 2023 оны 08 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргасан боловч гомдлыг 2023 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэл шийдэгдээгүй тул 2023 оны 09 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гомдол гаргасан.
1.3. Гэтэл Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гомдол гаргасны дараа ******* нь гэнэт дотооддоо хөдөлмөрийн маргаан зохицуулах комисстой байсан болж хувирсан тул 2023 оны 10 сарын 09-ний өдөр *******-ийн хөдөлмөрийн маргаан зохицуулах комисст гомдол гаргасан. Тус комисс 2023 оны 10 сарын 20-ны өдөр намайг дуудан хуралдаж, тэмдэглэл үйлдэн, 2023 оны 10 сарын 23-ны өдөр тэмдэглэлийг надад гардуулж өгсөн.
Тус хурлаар ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т заасны дагуу тэтгэмжийг олгох тухай Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 сарын 12-ны өдрийн 06 тоот акт гарсан тул тус асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцсон. Гэтэл тус актны дагуу ******* нь 2023 оны 10 сарын 25-ны өдрийн дотор тэтгэмжийг олгох ёстой байтал олгоогүй. Улмаар 2023 оны 10 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд дахин гомдол гаргахад Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тус асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа тул давхардуулан ажиллахгүй байхыг зөвлөсөн.
1.4. Гэвч ******* нь улсын байцаагчийн гаргасан актад заасан 2023 оны 10 сарын 25-ны өдрөөс хойш одоог болтол тэтгэмжийг олгож актыг биелүүлээгүй байна. Улмаар ******* миний бие 2024 оны 01 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагчаас тодруулахад ******* нь Хөдөлмөрийн тухай хуульд тэтгэмж олгох хугацаа заагаагүй, мөн улсын байцаагч хугацаа тогтоох эрхгүй хэмээн маргаж байцаагчийн эсрэг 2024 оны 01 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* нь 2024 оны 01 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд тус хороо гомдлыг хүлээн авч хэлэлцээд 2024 оны 03 сарын 04-ний өдөр надад шийдвэрийг гардуулж өгсөн.
Ийнхүү 2023 оны 07 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хагас жил гаруй хугацаа өнгөрсөн байхад хуулийн дагуу олгох тэтгэмжийг олгоогүй, хэзээ олгох нь тодорхойгүй, хуульд хугацаа заагаагүй хэмээн маргаж байгаа нь ******* миний эрхийг ноцтой зөрчиж байгаа тул олгогдоогүй тэтгэмж, ажил хүлээлцсэн өдрүүдийн цалин, алдангид нийт 16,082,609 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь *******-д 2017 оны 05 сарын 02-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн тус компанийн Коммерийн хэлтсийн Стратеги, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга албан тушаалд ажиллах болсон. ******* нь ажлаас чөлөөлөгдөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. ******* нь 2023 оны 09 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан хэдий ч Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.
2.2. Үүний дараагаар ******* нь *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комист гомдол гаргасан. Тус гомдлыг хүлээн авч компанийн ажилтны болон ажил олгогчийн төлөөлөл бүрдсэн комисс 2023 оны 10 сарын 20-ны өдөр хуралдаж тэмдэглэл үйлдсэн, уг хуралд ******* нь оролцсон бөгөөд хурлын тэмдэглэлийг 2023 оны 10 сарын 23-ны өдөр гардан авсан.
******* нь *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хурлын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах эрхтэй байсан боловч тухайн хугацааг хожимдуулж 92 хоногийн дараа гомдол гаргасан байна.
2.3. Гэвч Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны зүгээс хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байсан хэдий ч гомдлыг хүлээн авсан тул манай байгууллагын зүгээс тус хуралд оролцохгүй талаар мэдэгдсэн. Нөгөө талаар, *******ийн гомдолд дурдаж байгаачлан тус асуудлаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн байцаагч хяналт шалгалт явуулж, манай байгууллагад албан шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагыг эс зөвшөөрч *******-ийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, нэг иргэний нэг агуулга бүхий гомдлоор өөр өөр байгууллагууд давхардуулан шийдвэр гаргах боломжгүй болно.
Иймд, хуульд заасан хугацааг хожимдуулан гаргасан нэхэмжлэл болон шүүхээр хянан шийдвэрлэгдэж маргаантай холбогдох асуудлыг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-д зааснаар хариуцагч *******-аас тэтгэмж болох 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ажил хүлээлцсэн өдрийн цалин 652,174 төгрөг, алданги 430,435 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол гаргах хугацааг тодорхой заадаг бөгөөд анхан шатны шүүхийн зүгээс нэгэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий этгээд шийдвэр гаргасан тул шүүх тухайн асуудалд дүгнэлт өгөхгүй гэсэн байр суурь нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэхгүй, буруу тайлбарлан хэрэглэсэн.
Анхан шатны шүүхээс хэргийн материалд байхгүй баримтыг үнэлж, гомдлыг хугацааг тоолж буй нь үндэслэлгүй. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн 6.2 дахь хэсэгт 2023 оны 10 сарын 30-ны өдөр гаргасан гомдол гэсэн боловч ийм гомдол нь хэрэгт байхгүй, уг гомдлын дагуу ажиллагаа хийгдээгүй, хариуцагчид танилцуулаагүй, шийдвэрлээгүй болно.
4.2. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн.
Тухайлбал, 2024 оны 11 сарын 07-ны өдөр буюу шүүх хуралдааны өдөр хариуцагчийн төлөөлөгч хэргийн материалтай танилцсан бөгөөд тус өдөр Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гарсан, товлогдсон шүүх хуралдааныг захирамж нэгэнт гарсан тул хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд оролцохгүй, хойшлоно гэсэн ойлголттой байсан. Гэвч шүүх хуралдааны товлогдсон цагийн өмнөхөн шүүгчийн туслах холбогдож, шүүгч хүсэлттэй холбоотой тодруулах зүйл байна хэмээн дуудсан. Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгч хүсэлт гаргасныг, тухайн хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлэснийг мэдээгүй буюу сүүлд захирамж гарч, хурал хойшлуулсан гэдгийг мэдсэн. Нэгэнт хойшлогдсон хуралд бэлтгэлгүй очиход шүүгч захирамжаа хүчингүй болгон шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болохоос гадна хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Миний хувьд анхан шатны шүүхэд 10 хоногийг дотор нэхэмжлэл гаргах ёстой гэсний дагуу гаргасан. Хан-Уул дүүргийн маргаан таслах хороо нь хугацаа хэтэрсэн гомдол хүлээн авсан гэж хариуцагч тал маргадаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан 10 хоногийн тухайд уг хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд 10 хоногийн дотор гомдлоо гаргана гэж заасан. *******-ийн комиссын хурлын тэмдэглэлийг харахад харилцан тохиролцож чадсан бөгөөд 10 дугаар сарын 25-ны дотор тохиролцоог олгоно гэж заасан. Гэтэл 10 сарын 25-ны дотор олгоогүй тул уг хугацаанаас хойш тоолоход хариуцагчийн дурдсан хугацаа хамааралгүй. Маргаан таслах комисс миний гаргасан гомдлыг хөөн хэлэлцэх хугацаандаа багтаж байна гэж үзэн тэмдэглэлээ гардуулж өгсөн тул анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5.2. Мөн шүүгчийн захирамжтай танилцахад шүүх хуралдааныг хойшлоогүй гэх агуулгатай байсан. Хариуцагч талыг бүрэн танилцсан эсэхийг мэдэхгүй. Би нэмэлт нотлох баримт гаргуулах хүсэлт өгсний улмаас уг захирамж гарч шүүх хуралдаан хойшлохоор байна гэхэд нь хүсэлтээсээ татгалзсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж болох 15,000,000 төгрөг олгоогүй, мөн ажил хүлээлцсэн өдрүүдийн цалин 652,174 төгрөгийг өгөөгүй эрх зөрчиж байгаа тул хуульд зааснаар алданги 430,435 төгрөг, нийт 16,082,609 төгрөг гаргуулж, ажилласан хугацааны 2023 оны 01 сараас 07 сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсний улмаас тус шаардлагад холбогдох хэсгээс татгалзсан байна. Хариуцагч нь эс зөвшөөрч, үндэслэлээ ...ажлаа бүрэн хүлээлцээгүй, ...гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, мөн манай байгууллагаас тэтгэмж олгох талаар улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан тул иргэний шүүх давхардуулан шийдвэрлэх үндэслэлгүй гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.
3.1. Талуудын хооронд 2010 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. Ажил олгогч *******-ийн гүйцэтгэх захирал нь 2023 оны 07 сарын 31-ний өдөр Б/250 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримтлан Коммерийн хэлтсийн бүтэц зохион байгуулалтыг цомхотгон, шинэчилсэн гэсэн үндэслэлээр 2023 оны 07 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажилтан ******* үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсонтой холбогдуулан түүнд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох, ажилласан хугацааны цалин болон ээлжийн амралтын олговрыг тооцон холбогдох даатгал, татварыг суутган, олгохыг ахлах нягтлан бодогчид үүрэг болгожээ. /хх-78/
4. Дээрх үйл баримтад зохигч маргаангүй, харин ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4.1. ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж *******д олгоогүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон.
4.2. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын ахлах байцаагч нь *******ийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 09 сарын 28-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийж, 2023 оны 10 сарын 12-ны өдөр 06 тоот акт гаргаж, ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т заасны дагуу 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг холбогдох шимтгэл суутгаж, 2023 оны 10 сарын 25-ны дотор олгохыг ажил олгогчид үүрэг болгосон байна. /хх-62-63/
4.3. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 09 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргаж байсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-113-114/
4.4. Мөн хариуцагч *******-ийн хөдөлмөр эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг тус комисс 2023 оны 10 сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар 3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж буюу 15,000,000 төгрөгийг олгох талаар эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэсэн байх тул дахин хэлэлцэж шийдвэр гаргах боломжгүй. гэсэн шийдвэр гаргажээ. /хх-62-63/
4.5. Улмаар нэхэмжлэгч ******* нь дахин Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан, тус хорооны хуралдааны 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 24/11 дугаартай шийдвэрийг хүлээн аваад шүүхэд мөн сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. /хх-1-2, 36-40/
Дээрх 24/11 дугаартай шийдвэрт ...Гомдол гаргагч тал ... тушаал гарсны дараа тэтгэмж олгохгүй байсан тул Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст 2023 оны 08 сарын 18-ны өдөр өргөдөл гаргасан, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 10 сарын 03-ны өдөр, 10 сарын 30-ны өдөр, 2024 оны 01 сарын 23-ны өдөр тус тус 4 удаа гомдол гаргасан боловч ... тэтгэмж, ажилласан хугацааны цалин ... авч чадаагүй байгаа гэх. гэж тусгагджээ. /хх-39/
Анхан шатны шүүх дээрх бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээд нэхэмжлэгч ******* Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.8 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж зөв дүгнэсэн. Иймээс гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт ажил олгогч нь тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд ажилласан хугацаанаас нь хамаарч тэтгэмж олгохоор хуульчилсан. Иймд нэхэмжлэгч ******* ажлаа хүлээлгэж өгсөн эсэх нь хуулийн дээрх зохицуулалтыг хязгаарлах үндэслэл болохгүй тул ажлаа бүрэн хүлээлгэж өгсний дараа тэтгэмж олгоно ..., ажлаа ажил олгогчид хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй... гэх давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй байна.
6. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-д тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан.
6.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д 7 жил 5 сар ажилласан үйл баримтад зохигч маргаангүй тул гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж хариуцагчаас нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зохицуулалт нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
7. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлээс дутуу олгосон цалин хөлс 652,174 төгрөг, алданги 430,435 төгрөг, нийт 1,082,609 төгрөгт холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
8. Хариуцагч талын гаргасан ...хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
8.1. Хэргийн нотлох баримтаас үзвэл, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах, хэргийн материалтай танилцах зэрэг үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/23274 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ. /хх98-103/
8.2. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 11 сарын 07-ны өдөр нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, мөн өдрийн 183/ШЗ2024/23961 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан боловч нэхэмжлэгчээс дээрх хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн байна. Анхан шатны шүүх, уг хүсэлтийг үндэслэн, шүүгчийн захирамж гарган, нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг явуулан хэргийг хянан шийдвэрлэжээ. Тус шүүх хуралдаанд зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон байх тул хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/04546 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 82 дугаар зүйлийн 82.1.3 гэснийг 158 дугаар зүйлийн 158.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.ЦЭНД