| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0150/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/154 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/154
2019 06 12 2019/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Янзган овогт М.Гт холбогдох 1921001970117 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 4-03 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Янзган овогт М.Г. /РД: ................/
Шүүгдэгч М.Г нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний 4-3 тоотод байх гэртээ эхнэр Д.Х- рүү сандал шидэж, баруун шуунд нь цус хуралт, зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр ажлаасаа оройтож ирсэн. Тэр шалтгаанаас болж би эхнэртээ уурлаж, биед нь хөнгөн хохирол учруулсан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.Хонгорцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд хоолоо хийгээд байж байтал гаднаас манай нөхөр М.Г нэлээн согтуу архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд нөхөр маань хоолоо идэх гээд зүв зүгээр сууж байснаа гэнэт “Чи ер нь амралтын өдөр хаагуур явж байгаад ирж байгаа гичий вэ” гээд над руу зандарсан. Тэгэхээр нь би ажил дээрээ ажлаа л хийж байгаад л ирлээ шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь “Чи миний өөдөөс үг хэлдэг хэн бэ, давраад байгаарай, чамайг алчихна шүү” гээд над руу модон сандал аваад чулуудсан. Тэр үед би өөрийгөө хамгаалаад баруун гараа урдаа авч хаахад тэр сандал тохойг маань онож гэмтээсэн. Тэр үед миний тохой маань их өвдөж янгинаад хөдөлж болохгүй байсан. Тэгэхээр нь би “чи яаж байна аа” гээд бахирсан чинь “чамайг ер нь яасан ч яадаг юм” гээд нөхөр маань над руу хүрч ирээд миний зүүн хацарт маань 2 удаа алгадсан. Дараа нь баруун чамархайн дээд хэсэгт 2 удаа зангидсан гараараа цохисон. Тэр үед би М.Гын өөдөөс чангаар бахирсан. Тэгээд нөхөр маань намайг зодохоо болиод цаашаа явсан. ...Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нөхөртөө зодуулж авсан гэмтэлдээ ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, өөрөө аяндаа л эдгэсэн. Нөхөр бид хоёр дундаа нэг санхүүтэй учраас би нөхрөөсөө илүү дутуу мөнгө нэхэмжлэхгүй ээ...” гэжээ /хх-ийн 21-23 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 170 тоот актын дүгнэлтэд
1. Д.Хонгорцэцэгийн биед баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. /хх-ийн 36 тал/
- М.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Янзган овогт М.Г нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний 4-3 тоотод байх гэртээ эхнэр Д.Хонгорцэцэг рүү сандал шидэж, баруун шуунд нь цус хуралт, зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Тэгэхээр нь би амралтын өдөр юуных нь ажил байдаг юм гэж хэлээд ширээний хажууд байсан шаргал өнгийн модон сандлыг аваад эхнэр Хонгорцэцэг рүү чулуудсан. Тэр сандал эхнэрийн гар дээр нь оносон...“ гэх мэдүүлэг, хохирогч Д.Хонгорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 170 тоот актын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Гт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч М.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Гийн цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 135 /Нэг зуун гучин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 135.000 /Нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг хасаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 365 /Гурван зуун жаран тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 365.000 /Гурван зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч М.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Шүүгдэгч М.Г нь хохирогч Д.Хонгорцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь “Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нөхөртөө зодуулж авсан гэмтэлдээ ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, өөрөө аяндаа л эдгэсэн. Нөхөр бид хоёр дундаа нэг санхүүтэй учраас би нөхрөөсөө илүү дутуу мөнгө нэхэмжлэхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч М.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Гын ЖД 77121075 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.