| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02811/И |
| Дугаар | 00940 |
| Огноо | 2016-01-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 00940
| 2016 оны 1 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2016/00940 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 1-р хороолол, 14-р байрны 6-р орц, Өнөр-14 сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 14-р байрны 296 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХН88010468, Оодой овогт Санждоржийн Ичинхорлоод холбогдох засвар үйлчилгээний зардал 316 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Бадамгэрэл, хариуцагч С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Бадамгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сууц өмчлөгчдийн холбоо нь 1998 онд байгуулагдсан, 14-р байрны 328 өрхийн 1200 гаруй сууц өмчлөгчийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл 296 тоотын сууц өмчлөгч С.Ичинхорлоо нь 2012 оны 11-р сараас эхлэн сар бүр төлөх 12 620 төгрөгөө төлөхгүй бусад оршин суугчдын эрх ашгийг хохироож байна. СӨХ-ийн мөнгийг өмнө нь Голомт банкинд төлдөг байсан. 2015 оноос Төрийн банкинд шилжсэн. Ичинхорлоо нь Төрийн банкинд шилжсэнээс хойш 2015 оноос төлбөрөө төлж байгаа. Харин Голомт банкинд төлж байх үеийн 2012 оны 11-р сараас 2015 оны 1-р сарын 1-нийг хүртэл 316 500 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Ичинхорлоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11-р сард манай гал тогооны агааржуулалтын хоолойгоор утаа гарчя, гал команд дуудсан. Тухайн үед гал гарсан нь биднээс болоогүй, СӨХ ямар ч арга хэмжээ аваагүй. Тэгээд асуудлыг тоpдруулсны дараа СӨХ-ны мөнгийг өгнө гэж бодож байсан боловч ямар ч хариу өгөөгүй. 2015 оноос эхлэн мөнгөө өгсөн байгаа. Ийм учраас нэхэмжилсэн 316 500 төгрөгийг төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Өнөр-14” сууц өмчлөгчдийн холбоо нь С.Ичинхорлоод холбогдох засвар үйлчилгээний зардал 316 500 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 290 500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 26 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 1-р хороолол, 14-р байрны 296 тоот сууц өмчлөгч С.Ичинхорлоо нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2012 оны 11-р сараас 2015 оны 01-р сар хүртэлх хугацааны засвар үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, Голомт банкны дансны хуулга зэрэг баримтаар /хх-2/ тогтоогдсон байна.
Харин СӨХ нь засвар үйлчилгээний зардалд “даатгал” хэлбэрээр сууц өмчлөгчөөс сар бүр 1000 төгрөг хураахаар тооцсон нь буруу байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 26 000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “... 2012 оны 11-р сард гал гарсан, СӨХ арга хэмжээ аваагүй” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Энэ нь хуульд заасан засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Санждоржийн Ичинхорлоогоос 290 500 /хоёр зуун ерэн мянга таван зуу/ төгрөг гаргуулж “Өнөр-14” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 26 000 /хорин зургаан мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэхь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 145 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Ичинхорлоогоос 9 365 /есөн мянга гурван зуун жаран тав/ төгрөг гаргуулж “Өнөр-14” СӨХ-нд олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА