Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00244

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/05254 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 106,614,955 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. *******, ******* нар нь *******-тай 2013 оны 10 сарын 04-ний өдөр ЗГ-13/2304 тоот орон сууцны зээлийн гэрээ-1, БГ-13/2304 тоот барьцааны гэрээ тус тус байгуулж 49,600,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй /хувьсах хүүтэй/, 180 сарын хугацаатай зээлж авсан.

1.2. Зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, бараа материал, *******ийн эзэмшилд бүртгэлтэй, ******* улсын дугаартай, ******* автомашин, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, 1******* хороолол, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц зэрэг эд хөрөнгийг барьцаалуулсан.

Дээрх зээл нь хувьсах хүүтэй зээл учир хүүгийн хувь жил болгон буурч 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 18.6 хувь, 2021 оны 06 сарын 30-ны өдрөөс 18 хувь болсон.

1.3. Зээлдэгч нар 2023 оны 09 сарын 12-ны өдрийн байдлаар зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 4,343,444 төгрөг, хүүгийн төлбөрт 30,683,769 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,258 төгрөг, нийт 35,029,472 төгрөгийг төлж барагдуулсан.

1.4. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хариуцагч *******, ******* нараас 2013 оны 10 сарын 04-ний өдрийн ЗГ-13/2304 тоот орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 09 сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 45,256,556 төгрөг, зээлийн хүү 56,892,550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,428,849 төгрөг төлөхөөр байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 106,577,955 төгрөг, нотариатын зардал 37,000 төгрөг, нийт 106,614,955 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Зээлийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд 2013 оны 10 сарын 04-ний өдрийн БГ-13/2304 тоот барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох *******ийн эзэмшилд бүртгэлтэй, ******* ******* автомашин, хариуцагч *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот хаягт байршилтэй, 15 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, мөн гэрээний үүрэгт 2023 оны 09 сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4,343,444 төгрөг, хүүд 30,683,769 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,258 төгрөг, нийт 35,029,472 төгрөг төлсөн гэдэгтэй маргах зүйлгүй, зөвшөөрч байна.

2.2. Нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөр 56,892,550 төгрөг шаардсаныг зөвшөөрөхгүй байна. Учир нь хүүгийн төлбөрт 30,000,000 гаруй төгрөгийг төлсөн байгаа бөгөөд нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 45,256,556 төгрөг, хүүд 20,000,000 төгрөгийг нэмээд, нийт 60,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

2.3. Намайг хавдрын эмчилгээ хийлгэж байх хугацаанд банкнаас манай эхнэр *******ийг дуудаж уулзаад 45,000,000 төгрөгийг төлчихвөл зээлийг хаана гэсэн хариу өгсөн байсан. Гэвч тухайн үед миний бие хавдрын үнэтэй эмчилгээ хийлгэж байсны улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан, мөн манай том хүү унаж татдаг, бие султай учраас байнгын асаргаа шаардлагатай учир эхнэр маань ажил хийх боломжгүй байсан тул төлж чадаагүй. Миний бие одоо харьцангуй сайжирсан учраас ажлаа хийгээд эхэлчихвэл банкны зээлийг төлөх боломжтой боловч байнгын хавдрын эмчилгээ хийлгэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага 106,614,955 төгрөгөөс 60,00,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй.

2.4. Автомашин байхгүй болсон учир үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдгийг зөвшөөрөхгүй, харин орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас нараас зээлийн гэрээний үүрэгт 75,931,186 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,683,769 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 17******* зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар *******ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн ******* хороо, 1******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

*******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 607,806 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 761,224.78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

4.1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн хүүгийн төлбөр нь зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хугацаанд хуримтлагдан тооцогдсон 56,892,550 төгрөг юм. Гэтэл анхан шатны шүүхээс зээлдэгч нарын хугацаа хэтрүүлж хуримтлагдсан хүүнээс зээлийн гэрээний дагуу төлсөн хүүг хасч тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй боловч хариуцагч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийг 2020 оны 12 сарын 31-ний өдрөөс зөрчсөн. Уг хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хуримтлагдсан зээлийн хүү нь 56,892,550 төгрөг, үүнээс гэрээний дагуу төлсөн хүүг хасч шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга болон бүртгэлийн картыг шүүх буруу дүгнэсэн гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.4, 3.3.5-д заасан заалтуудад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээгээр хувьсах хүүтэй байх ба жилийн 19.2 хувь байхаар, зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 365 хоногоор тооцохоор харилцан тохиролцсон. Мөн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д тус тус заасан шаардлагыг хангасан гэрээ юм.

Талууд хүчин төгөлдөр гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг тохиролцсон, уг гэрээний тохиролцоо нь хуульд нийцсэн байтал анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүү хасаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу тооцогдсон хүүг хасах эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2017 оны 03 дугаар сард хагалгаанд орж химийн эмчилгээнд орсон учраас 5 жилийн группт орсон. Уг оноос гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн тул удаа дараа эрх бүхий этгээдтэй уулзсан. Гэтэл 45,000,000 төгрөг бэлэн өгвөл гэрээг хаах санал тавьсан. Манай зүгээс уг мөнгийг өгөх боломж байхгүй байсан. Мөн сүүлд *******тэй уулзсан хүн 60,000,000 төгрөгийг бэлэн өгвөл гэрээг цуцлах санал тавьсан бөгөөд сард 5,000,000 төгрөгөөр хувааж төлөхөө илэрхийлэхэд татгалзсан. Манай гэр бүлийн хүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ байнга хардаг, миний хувьд одоо ажил хийгээд төлбөрөө төлөх чадамжтай болсон. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 106,614,955 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар 60,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг зөвшөөрч, ... хүнд өвчний улмаас зээл төлөх боломжгүй болсон тул зээлийн хүүгийн зарим хэсэг болон нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг зөвшөөрөхгүй, барьцаа хөрөнгө болох автомашин байхгүй, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. *******, *******, ******* нар 2013 оны 10 сарын 04-ний өдөр ЗГ-13/2304 дугаартай орон сууцны зээлийн гэрээ-1, БГ-13/2304 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, зээлдэгч ******* нь 49,600,000 төгрөгийг орон сууц худалдан авах, засварлах, барих зориулалтаар нэг жилийн 19.2 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******, *******  нар гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, хүү төлөх, гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлээс зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон. Дээрх гэрээний дагуу зээлдүүлэгч *******-аас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******, ******* нар хүлээн авсан үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон, зохигч маргаангүй. /хх 10-17/

 

 4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал болон шаардах эрхийн талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

5. Мөн шүүх хэрэгт авагдсан *******-ийн 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 61/2310 дугаартай, 10 сарын 18-ны өдрийн 61/31******* дугаартай, 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 61/1553 дугаартай тус тус зээл төлөх тухай мэдэгдлүүд, мөн оны 05 сарын 02-ны өдрийн болон 27-ны өдрийн зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт төлөх үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэгч *******-аас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. /хх35-39, 86-91/

5.1. Тодруулбал, хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээгээр сар бүрийн 05-ны өдөр зээл, хүүд нийт 843,000 төгрөг төлөх үүргээ 20******* оны 10 сарын 04-ний өдрөөс зөрчсөн байна. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ гүйцэтгэхийг сануулж нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүйн улмаас гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2023 оны 09 сарын 12-ны өдөр цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх-37-39/

5.2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заасан.

5.3. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээл 45,256,556 төгрөг, зээлийн хүүг гэрээ цуцалсан өдрийг хүртэл хугацаагаар тооцон 56,892,550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,428,849 төгрөг, нийт 106,577,955 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад тус тус заасантай мөн нийцсэн байна. Иймээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй.

 

6. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч тооцооллын алдаа гаргасны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

6.1. Хэргийн 31-32 дахь талд авагдсан Зээлийн бүртгэлийн карт гэх бичмэл нотлох баримтаас үзвэл, хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний үүрэгт 2013 оны 11 сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 35,329,222 төгрөг төлжээ. Нэхэмжлэгч нь уг төлбөрөөс үндсэн зээлд 4,343,444 төгрөг, зээлийн хүүд 30,683,769 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,258 төгрөгийг тус тус суутган тооцсон байна. Хариуцагч тал энэ тооцоололд маргаангүй.

6.2. Нэхэмжлэгч нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу 2013 оны 11 сарын 05-ны өдрөөс гэрээ цуцалсан 2023 оны 09 сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүг тооцож, үүнээс зээлийн хүүд төлсөн 30,683,769 төгрөгийг хасч, 56,892,550 төгрөгийн хүү хариуцагч нараас шаардсан байна. Гэтэл шүүх, дээрх хугацааны нийт хуримтлагдсан хүүг 56,892,550 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 45,256,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,428,849 төгрөг, нийт 106,577,955 төгрөг гэж үзээд, үүнээс төлсөн 30,683,769 төгрөгийг хасч, 75,931,186 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,256,556 төгрөг, зээлийн хүү 56,892,550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,428,849 төгрөг, нийт 106,577,955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэж, энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

7. *******, *******, ******* нар 2013 оны 10 сарын 04-ний өдөр БГ-13/2304 дугаартай барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр  *******ийн өмчлөлийн ******* /*******/, сувдан цагаан өнгөтэй улсын дугаар *******, /*******/,

Үл хөдлөх эд хөрөнгө болох *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 15 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцсон, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-*******-17/

 

8. Зохигч талууд дээрх үйл баримтад маргаангүй. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн, энэ шийдэлд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

  9. Анхан шатны шүүх нотариатын зардалд 37,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа холбогдох хуулийг хэрэглээгүй байгааг залруулна. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль хэрэглээ болон найруулгын, нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад холбогдох өөрчлөлт тус тус оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/05254 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 106,614,955 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 17******* зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн ******* хороо, 1******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн эзэмшилд бүртгэлтэй, ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 607,806 гэснийг 691,025 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,368 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД