Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар орлогч прокурор Ц.Сайнхүү,

Хохирогч С.Ж,

Хохирогч Ц.Ц,

Хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч Т.Т,

Хохирогч З.Д, Ц.Ц нарын өмгөөлөгч Д.Батмөнх

Шүүгдэгч Т.Т-д, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шинжээч Т.Алтайбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овогт Т-н Т-д  холбогдох 1816002660047 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Т-д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт 50-30 ГАҮ улсын дугаартай Ланд-80 маркын автомашин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Б, Л.А, Ц.Ц нарын биед хөнгөн, С.Ж, Ц.Ц нарын биед хүндэвтэр, Ц.Б, З.Д нарын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Т.Т-д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Миний бие  баг бүрэлдэхүүнээр Завхан аймагт сургалтаар явсан. 11 дүгээр сарын 09-ний өдөр гараад тэр орой Цагаанчулуут сумаар дайрсан. А-г Цагаанчулуутаас аваад сургалтад суух байсан учир Цагаанчулуут сумаар дайрсан байдаг. Сургалтдаа суугаад 11 дүгээр сарын 15-нд Дархан-Уул аймагт олон улсын эрдэм шинжилгээний хуралд миний бие  илтгэл тавих, мөн хамт явж байсан хоёр хүн тухайн сургалтад оролцохоор байсан учир бид хэд 11 дүгээр сарын 12-ны өдөр эртхэн орж илтгэлээ бэлдээд маргааш өглөө нь Дархан-Уул аймаг руу явна гэж тооцоолоод 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгаас хөдөлсөн. Завхан аймгаас хөдлөхөд Б дарга руу утсаар яриад манай ээжийн бие муудаад байна замаараа Цагаанчулуут сумаас хүн аваад ирээч гэж ярьсан. Тэр хүн нь Ц эгч байсан. Цагаанчулуут сумаас яваад Тайширын гүүрний ард талд ирээд машины шар гэрэл ассан. Тайшир сумаас шатахуун авах уу? гэхэд Б дарга дүү рүүгээ яриад клонкын хүн байна уу? гэж асуух гэтэл дүү нь утсаа авахгүй байхаар нь ямар ч гэсэн Алтай орох юм байна гэж хэлээд Тайшир сумаас шатахуун авалгүй явсан. Тайшир сумын “сайн байна уу” дээр гарч ирээд тэндээсээ урагшаа явж байхад салхитай бүрэнхий болж байсан. Цас ороогүй, бага зэрэг салхитай байсан. Осол гарахын өмнө манай урд талын суудал дээр сууж явсан дарга бүсээ зүүх гэтэл суудлын бүс гацсан байсан учир бүсээ зүүлгүй явж байсан. Бат-Эрдэнэ даргын ард талд С.Ж, дунд нь Ц, миний ард талд А нар сууж явсан. Тайшираас нааш явж байхад бүгд унтах байдалд орсон байсан. Б дарга унтсан байсан. Надад өмнөөс ирж байгаа машины гэрэл харагдаагүй. Гэтэл гэнэт өмнөөс гэрэл гараад ирсэн тормоз гишгэх боломжгүй ирээд мөргөсөн. Тухайн үед би бүс зүүсэн байсан учир гэмтэл гайгүй байсан. Осол болсны дараа хамгийн түрүүнд би машинаас буугаад харахад Б дарга урагшаа болсон, араас Ц эгч ирээд шил мөргөсөн байсан учир толгой нь хагарсан байж магадгүй гээд харахад толгой нь гайгүй байсан. Ямар ч байсан ухаантай байна гээд Б даргаа та яаж байна гэхэд гайгүй байна гэж хэлсэн. Машинаас буугаад стана машин дээр очиход хүүхэдтэй залуу хүүхдээ тэврээд буугаад ирсэн. Ерөнхийдөө айж сандарсан байдалтай, биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Тухайн үед станагийн шилнүүд хагарсан, сэрүүн салхитай байсан учир даарчих байх гээд хүүхэдтэй залууг өөрийнхөө машинд оруулж суулгасан. Дараа нь Б станагийн ард талаас гарч ирсэн. Гарч ирэхдээ хамраараа юм мөргөсөн байдалтай цус гарсан байсан. Хамарнаас цус гарсан тохиолдолд цус тогтоох арга хэмжээ авах ёстой. Гэтэл Ц.Б машинаас гарч ирээд чи ирээд мөргөсөн гэдэг хандлагатай байсан. Тэгэхээр нь би хамраа чимхээд сууж бай гэж хэлээд машин дээр очсон. Жолооч дээр нь очиход Ц.Ц сууж байсан. Жолоочийн эсрэг талд З.Д сууж байсан. З.Д-ийн ухаан санаа самуурсан байдалтай байсан. Тэгээд буцаад машин дээрээ очоод С.Ж-г сугадаж буулгаад Г.Б даргыг урд шилэн дээр очсон байсныг сандлыг нь хойшлуулж хэвтүүлсэн. Хамгийн хүнд байгаа хүн дээр очиж тусламж үзүүлье гэдэг байдлаар эхлээд З.Д дээр очиход “ёоёо” гэж дуугарч байсан. Тэгэхээр нь хамаагүй хөдөлгөж болохгүй юм байна гэж хэлээд хэвтүүлээд Ц.Ц дээр очсон. Ц.Ц дээр станагийн хамар чихэгдэж ороод хөлийг нь дарсан байсан учир гарах ямар ч боломжгүй байсан. З.Д-ийг хүзүүгээр нь эвтэйхэн тэврээд өөрийн машины ард талд суулгасан. Учир нь тэнд удаан суувал хүйтэн учир хүний биеийн байдал улам муудах учир өөрийн машинд оруулсан. Ланд-80 машины ард талд С.Ж, Ц нар сууж байсан. Тухайн үед Ц, Л.А хоёрын аль нэг нь сум руу дуудлага өгсөн байсан. Тайшир сумаас дуудлага ирнэ гэж хэлээд хүлээгээд сууж байх хооронд Завхан аймгаас Говь-Алтай аймаг руу явж байсан тендерийн стана зогссон. Тэрнээс өмнө хоёр машин зогсоох гэсэн боловч зогсоогүй. Тэгээд тэр машиныг зогсоогоод уулзсан. Тэгээд бүсээрээ оосорлоод станагийн жолоочид станагийн гүүзүү өргөгч гэдэг төмөр байсан. Тэр төмрөөр станагийн хаалгыг онгойлгох гэж 30 минут орчим оролдоод хаалгыг онгойлгож чадаагүй. Тэгж байхад Тайшир сумын эрүүл мэндийн төвийн машин ирсэн. Тэгээд бүсээ давхарлаж байгаад станагийн урд талын баганыг татаж наашлуулаад Ц.Ц-г гаргаж авсан. Тэр хооронд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж байсан. Ц.Ц-г гаргаж аваад түргэний машин хөдөлсөн. Тэгээд машинд байгаа эд зүйлийг харж би үлдсэн. Тэгэхэд Тайшир сумын цагдаа ирсэн. Тэгээд аймгаас цагдаа нар ирж шинжилгээ хийсэн. Тэнд байсан эд зүйлийг харж Тайшир сумын цагдаа үлдээд би аймгийн цагдаа нартай цагдаагийн газар ирж драгер үлээсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт ирээд буцаж явсан. Миний бие.... гэдэг оноштой байдаг. Гэмтэж бэртэж хагалгаа хийлгэх заалтгүй. Өмнөөс машины гэрэл ирж байхад манай жолооч гэрлээ шилжүүлээд зам тавьж өгсөн. Тэгээд нөгөө машин шууд ирээд мөргөсөн. Нөгөө машины жолооч бууж ирээд та яаваа гэхээр нь “ахын дүү чи ирээд мөргөчихлөө” гэж хэлэхэд харин миний буруу гэж хэлсэн. Таны хамарнаас цус гарч байна гэхэд тэр жолоочоос архи үнэртэж байсан. Тэгээд чамаас их архи үнэртэж байна гэж хэлж байсан гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: Миний өгсөн мэдүүлэг байгаа байх. Би Т.Т-ыг эмнэлэгт байхад ганц нэг удаа орж ирснийг мэднэ. Би энэ хүнийг яллаадах гэмээргүй байна. Би ийм үр хүүхэдтэй хүн. Гэхдээ би маш их гомдолтой байна. Янз бүрийн хохирол хор уршгийг энэ хүнээр барагдуулмаар байна. Манай эхнэр эмчилгээнд явсан. Мөнгө төгрөггүй байж байгаад хэдэн ямаа байсан тэрийгээ самнаад эмчилгээнд явсан. 1 сая төгрөг шилжүүлсэн талаар  хэлээгүй. Би бас эмчилгээнд явмаар байдаг мөнгө төгрөг байхгүй зовлон их байна. Би аваарт ороогүй байхдаа өөрийн тэргээр тээвэр хийдэг байсан. Нэг сард бага явлаа гэхэд 7 сая төгрөгийн ажил хийдэг байсан. Улаанбаатарт нэг оюутан, Завхан аймагт нэг хүүхэд оюутан мөнгөгүй боллоо гэж ярьдаг. Энэ хүн эмнэлгээс гарсны дараа ганц удаа утсаар яриагүй. Цагаан сарын үеэр 500.000 төгрөг шилжүүлсэн. Эхнэр Улаанбаатар хот явсан байхад 1 сая төгрөг шилжүүлсэн талаар мэдээгүй байж байгаад сүүлд мэдсэн. Энэ хүн утсаар ярьдаггүйд харамсалтай байна. Би өөрөө машин барих боломжгүй болсон тул нэг жолооч олоод машинаа бариулах гэтэл жолооч олдоогүй гэх мэдүүлэг,

Хохирогч С.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үдээс хойш сургалт дуусаад Завхан аймгаас Говь-Алтай аймаг руу хөдөлсөн. Завхан аймгаас гарахад 11 дүгээр сарын 15-нд Дарханд олон улсын эрдэм шинжилгээний хуралтай. Тухайн хуралд шүүгдэгч Т.Т илтгэгчээр, Г.Б дарга бид хоёр оролцохоор бэлдсэн байсан.  Маргааш өглөө нь Дархан явна гэсэн бодолтой байсан. Г.Б дарга Цагаанчулуут сумаар дайраад явъя ээжийнх бие муу зарим хүмүүс нь үлдсэн байсан учир Цагаанчулуут сумаар дайраад аваад явна гэж хэлээд Цагаанчулуут сумаар дайрсан. Л.А гээд багийн эмч нь бид нартай хамт сургалтад хамрагдаад хамт буцаж явсан хүн байгаа. Тэр хүний бэр эгчийг нь Завхан аймгийн Цагаанчулуут сумаас авна гээд Цагаанчулуут сум дээр ирсэн. Г.Б даргын ангийн охин болох А та Завханд явж байгаа бол буцахдаа дайраад яваарай гэж хэлсэн учир Цагаанчулуут сум руу орж ирээд утсаар ярихад эмнэлэгт байна гэсэн. Тухайн бэр эгчийг нь бас эмнэлэг дээр дуудаад бид хэд эмнэлэг явсан. Эмнэлэг ороход Алтантуул, хамт ажилладаг нэг эмэгтэй нь байсан. Бид хэдийг ороход адууны мах чанаад жижиглээд тавьсан байсан учир мах  идээд, нэг шил 0.5 литртэй Соёрхол архи задалсан байсан учир тэр архинаас Т.Т машин жолоодож явсан учир уугаагүй. Г.Б дарга бид хоёр, нөгөө хоёр эмэгтэй бид хэд 1-2 удаа татсан. Тэгээд Ц гэдэг эгч үүдэнд ирсэн байсан учир аваад явсан. Тайширын гүрний цаад талд уруудаад ирэхэд шар гэрэл ассан байна гэж хэлсэн. Г.Б дарга дүү рүүгээ залгахад утсаа аваагүй. Тэгээд 45 километр үлдсэн учир гайгүй байх гээд хоёр, гурав нугачаатай газар байсан. Минийхээр гэрэл мэлс гээд 2-3 секундийн хооронд тухайн зүйл болсон. Шинжээчийн дүгнэлтээр манай машины буруу байсан. Г.Б дарга шил рүү унасан байсан өндийх гэхэд өндийж чадахгүй байсан. Төрөө ирж хажуу талаас нь татаад гаргаж өгсөн. Тайширын түргэн тусламжийн машинтай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж зургийг нь авахуулсан. Машинд байсан эд зүйл эдвэрч хэмхэрсэн гэдэг зүйлийг яриад байна. Тэгэхэд Тайшир сумын цагдаа болон А мөн хүмүүс машинд байсан эд зүйлийг аймгаас очсон машинд шилжүүлж ачсан. Тэгэхэд янз бүрийн юм яригдаагүй. Би эмнэлэгт хамт хэвтэж байсан тул авахуулсан зургийг нь харсан. Тэгэхэд өмнө нь хугараад буруу эдгэсэн байсан. Эмч нар хэлэхдээ цусны бүлэгнэлтэй гэсэн оноштой. 2 хоногийн өмнө эмчид үзүүлээд явсан. Эмчийн хяналтад байдаг. Тухайн үед шүд унасан байсан талаар мэдээгүй. Ц.Б-ын хамар шалбарсан, толгойг маарлаар боосон байсан. Тухайн шүд унасан талаар хэлээгүй гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ. Хохирогч Ц.Б-г би өөрийн биеэр үзээгүй. 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаагч А-ийн тогтоолоор нэмэлт шинжилгээ хийсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн КТГ-ын зураг байсан. Өөр зүйл байгаагүй үүнийг үндэслээд дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн. Бичихдээ 2.3.1-ээр хүндэвтэр зэргийн гэмтэл гарахыг би өөрөө бичиж байхдаа андуураад хүнд гэмтэл гэж бичсэн байсан. Энэ нь хүндэвтэр зэргийн гэмтэл байгаа. Би хүнд гэж андуураад бичиглэлийн алдаа гаргасан. Үүн дээр ямар нэгэн санаа гаргаагүй. Андуурч бичсэн байсан гэв.

Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 18 цаг өнгөрч байхад Говь-Алтай аймгийн төвөөс Завхан аймгийн Цагаанчулуут сумд байх өөрийн гэррүү өөрийн 82-93 ГАҮ улсын дугаартай стана авто машинтай өөрийн эхнэр З.Дэлгэр нутгийн хүн болох Б мөн нэрийг нь мэдэхгүй нэг залуу хүүхэдтэй явж байсан. Тайшир сумын ойролцоо явж байтал алсаас машины гэрэл гараад байсан. Тухайн гэрэл манай машиныг чиглэж ирсээр ойртоод байхаар нь гэрэл шилжүүлж зам чөлөөлсөн. Тэгсэн нөгөө машин чигээрээ ирээд мөргөсөн. Мөргөлдөөд тас няс болоод би хавчуулагдсан. Нөгөө машинаас жолооч болон зорчигч нар нь бууж ирээд сандарч тэвдээд намайг салгах гэж хэсэг оролдоод салгаж чадахгүй манай эхнэрийг жолооч нь өргөөд машинаас гаргасан. Тайширын эмнэлгийн машин ирээд ланд-80 машиныг арагш татаж холдуулж байж машины хаалгыг татуулж байж намайг гаргасан. Тэгээд Тайшир сумын эмнэлгийн машин аймгийн эмнэлэгт хүргэж ирсэн... Би 4-р араагаараа явж байгаад ойртоод чиглээд ирэхээр нь араагаа салгаад хурдаа багасгасан. Би бүр зам тавьж өгөөд гэрэл шилжүүлсэн байсан. Машинаа би өнгөрдөг жилийн 1 сард Б гэдэг хүнээс 8 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Нэмж өөрөө кроп сэлбэг авч тавиад 10 сая гаран болсон. Тэр залуугаас их хэмжээний архи үнэртэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх 65-67-рт/,

Хохирогч З.Д-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой Говь-Алтай аймгаас гараад орой 19 цаг өнгөрч байхад Тайшир сумын ойролцоо явж байтал урдаас хурц гэрэлтэй машин чиглээд ирсэн манай нөхөр гэрэл шилжүүлээд ойртоод ирэхээр нь зам чөлөөлөөд баруун гар тийшээ дарсан боловч нөгөө машин чигээрээ ирээд тас няс буугаад мөргөсөн. Би ухаан балартсан. Нэг сэрэхэд нөгөө машины жолооч залуу гэсэн намайг өргөж гаргаад өөр машинд оруулж байсан. Тэгээд эмнэлэг дуудаад бид нарыг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 68-69-рт/,

Гэрч Л.А-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “... 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймагт болсон сувилахуйн шаталсан баклаврын сургалт дуусаад буцах болсон. Говь-Алтайд ээжийн бие муудаад байгааг сонсоод Говь-Алтай явах эмч нарын 50-30 ГАҮ авто машинд суугаад явсан. Тухайн эмч нар нь Говь-Алтай аймгийн анагаахын сургуульд багшилдаг бөгөөд сургалтаар ирсэн байсан. Би дайгдаад буцсан юм. Ингээд Завхан аймгаас өдөр 16 цагийн үед гарсан. Цагаанчулуут сумаар дайрч бэр эгч Ц-ыг аваад аймаг руу явж байсан. Орой 20 цагийн үед байсан байх гадаа ямарч байсан тас харанхуй болсон байсан. Тайшир сум дөнгөж өнгөрч яваад миний сууж явсан машин нэг машинтай мөргөлдсөн. Би Тайшир сумаас гарах үед хэсэг зүүрмэглэсэн байсан осол болох үеийн үйл явдлыг сайн санахгүй байгаа. Тас буугаад л явчихсан. Би жолоочын ар талын харалдаа арын суудалд сууж явсан. Урд суудал мөргөсөн хэсэг толгой эргээд нүд бүрэлзээд, амьсгал авч болохгүй байсан. Хэсэг тайвшраад гүнзгий амьсгал аваад арай дээрдсэн. Би машинаас буугаагүй. Манай машины жолооч буугаад хүмүүстэй уулзаад туслаад яваад байсан. Тэгээд нилээн хэсэг байж байгаад багцаалдвл 1 цаг гармын дараа Тайшир сумын эмнэлэгтэй холбоо барьж эмнэлгийн пургон автомашинтай эмч нар ирсэн. Тэгээд Тайшир сумаас ирсэн пургоноор ланд-80 машиныг татаж хойшлуулж байж истанагийн жолоочийг гаргаж аваад эмнэлгийн пургон автомашинтай бид нар бүгд аймаг руу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Миний сууж явсан машины жолооч ослын газарт үлдсэн. Тэгээд аймагт ирэхэд манай ээж өвчтэй байж байгаад нас барсан байсан. Би эмнэлэгт орж үзүүлчихээд тэндээсээ нас барсан ээжийнхээ гэрлүү ах дүүсрүүгээ явсан юм. Тэгээд хэд хоног талийгаачийн ажил явдал гэж явсаар байгаад л таарлаа. Нэг үүрэглээд сэрэхэд Тайшир дөнгөж өнгөрөөд явж байсан. Яг ойрхон ирж байгаа гэрэл харагдаагүй.... миний сууж явсан машины гэрэл тормоз гэх зэрэг зүйл нь хэвийн ажиллаж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-73-74-рт/,

Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймагт хийсэн сургалт өндөрлөөд үдээс хойш 16 цагийн орчимд Завханаас Говь-Алтайруу гарсан. Албаны автомашинтай тухайн үед Төрболд, хамт ажилладаг Ж сургалтанд суусан. Цагаанцулуут сумын бага эмч А Говь-Алтайруу орох ажилтай гээд хамт явсан. Ингээд явсаар Цагаанчулуут сумруу оройн 19 цагийн орчимд орсон. Цагаанчулуутаас А-ын бэр эгч гэх хүн сууж аймаг руу хамт явах байсан. Тэгээд 2017 онд манай бага эмчийн анги төгссөн А гэх охин манайхаар ирээд цай хоол, идээд яваарай гээд байхаар нь сум ороход А эмнэлэг дээр хүлээж авсан. Би ч хэлсэн яаруу ажилтай яваа болохоор гэр орноор чинь ороод яахав гээд эмнэлэг дээр өрөөгөөр нь ороход адууны мах чанасан байсныг идээд 0,5 литрийн соерхол архи задалсанаас жолооч уугаагүй, Ж бид 2 ганц нэг татаад тэгээд Ц-ыг авах гэхэд гадаа ирчихсэн хүлээж байсныг ачаа тээшийг нь авч суулгаад Говь-Алтай аймаг руу 19 цаг 30 минутын үед хөдлөөд 20 цаг 30 минутын үед тайшир сум өнгөрч яваад дээрх осол болсон...  Тайширын цаад талаар орж ирээд амаар өгсөж байтал хэсэг зүүрмэглэсэн, тэр хооронд энэ осол болсон. Би бараг юуч санахгүй мэдэхгүй байгаа юм. Цустай холилдоод сэрсэн. Стана машин бол зогссон чигтээ баруун гар тийшээ бага зэрэг дарсан байдалтай байсныг манай машин истанагийн жолооч талын урд хэсэгрүү голлоод миний сууж явсан тал буюу зүүн урд хэсгээр арай илүү мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-75-76-рт/,

Гэрч С.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймагт хийсэн сургалт дуусаад 16 цагийн орчимд Улиастай хотоос албаны автомашинтай хамт ажилладаг Б, яаралтай тусламжийн багш тухайн үед жолоочоор явсан Т, манай сургалтанд хамрагдсан Цагаанчулуут сумын бага эмч А манай машинд дайгдаж суугаад бид 4 гарсан. Явсаар 19 цагийн орчимд Цагаанчулуут сум орж ирсэн. А бэр эгч нь гэх Ц гэх эмэгтэй сумаас дайгдаж аймаг орох ажилтай гээд суусан... Цагаанчулуут сумын нутагт очоод Б даргын ангийн охин А-нд очиход 0,5 литрийн соёрхол архи задалсан. Жолооч Т огт архинаас уугаагүй...Ингээд явсаар 20 цагийн үед Тайшир дөнгөж өнгөрөөд явж байтал осолд орсон. Ослын дараа би дөнгөж ухаантай босч чадахгүй байсан. Т буугаад стана машинд байсан болон өөрийн машинд байсан хүмүүст анхны тусламж үзүүлж хөдөлгөж зөөвөрлөж нилээд явсан. Тэгээд Тайшир сумын эмнэлгээс түргэн тусламжийн машин дуудсан байсан нь удалгүй ирсэн. Аймгийн эмнэлэгрүү ч гэсэн дуудлага өгсөн байсан. Тайшир сумын их эмч Баяржаргал эх баригчтай ирсэн. пургон машинаар сууж явсан ланд машиныг татаж салгаад истана машины жолоочийг гаргасан. Ингээд Т хэргийн газар үлдээд бусад нь бүгд Тайшир сумын эмнэлгийн машинтай аймгийн төврүү эмнэлэгт хүргэгдэхээр явцгаасан... Миний урдаас ямар нэг гэрэл харагдаагүй. Алсын машины гэрэл энд тэнд харагдаж байсан. Гэхдээ ойрхон ирж байгаа машины гэрэл харагдаагүй. Миний сууж явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл ямар нэг зүйл мэдрэгдээгүй...” гэх мэдүүлэг /1-хх 79-80-рт/,  

Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой19 цагийн үед Цагаанчулуут сумаас Говь-Алтай аймаг руу явж байсан Ланд-80 машинд дайгдаж суусан юм. Тэр машинд манай хадам дүү Амаржаргал Завхан аймгийн төвөөс сургалтанд суучихаад Говь-Алтай аймагт ээжийнх нь бие муудаад явах ажилтай болоод бид 2 аймаг явсан. Цагаанчулуутаас 19 цагийн үед гараад 20 цагийн үед Тайшир сум өнгрөөд явж байтал гэнэт мэлтгэр цагаан орж ирээд осол болсон. Ослоос хойш юу болсныг мэдэхгүй. Ослын дараа би машинаас гаралгүй сууж байсан. Манай жолооч залуу буугаад тэр хүмүүст тусламж үзүүлээд яваад байсан. Истанад байсан эмэгтэй болон жоохон банди 2-ыг манай машинд оруулсан. Тэгээд эмнэлгийн пурган авто машин ирээд Ланд-80 машиныг хойш нь татаж салгаад станагийн жолоочийг дотроос нь гаргасан. Тэгээд бид нарыг аймгийн төврүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 79-80-рт/

 

Хохирогч Ц.Б-н мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг “...Тэр машин чигээрээ ирээд мөргөж осол болсон. Жолооч талын урд хэсэгрүү мөргөж осол болсон. Тэр ланд машины жолооч бууж ирээд манай машины жолооч Ц-ийг та яагаад мөргөчихөв гэхэд ахын дүү чи өөрөө ирээд мөргөчихлөө гэж хоорондоо ярилцаж байсан. Ландын жолооч тэгэж байснаа харин тийм байна. Миний буруу уучлаарай гэж байсан. Тэгээд ландын жолооч Д эгчийг гайгүй юу гэж үзэж хараад хойно сууж явсан М бид 2-ыг Мягмаргончигийн хүүхэд бид 3-ыг үзэж хараад яваад байсан. Ахиж эргэж орж ирээд намайг та тайван сууж бай хамраас чинь цус гараад байна гэж хэлсэн. Тэр жолооч надад ойртож ирэхэд архи үнэртэж байсан. Тэгэхээр нь чи согтуу байна штээ гэхэд харин оюутнууд гаргаж өгөөд архи уучихлаа гэж хэлсэн. Хойно нь сууж явсан Ц гэх хүн ландны араас цухуйгаад танай эхнэр чинь Цагаанчулуут сумын төв дээр архи өгсөн шдээ гэж хэлсэн. Тэгээд бид нар тэр хүмүүсийг анагаахын багш нар байна гэж мэдсэн юм. Манайхаар орох гэж байгаад болиод манай эхнэрийн ажлаар дайраад явсан юм байна лээ. Эхнэрийн ажлаар дайраад явахдаа нэг шил архи хувааж уугаад, хоол унд идээд явцгаасан юм байна лээ... гэх мэдүүлэг /1-р хх 85-86-рт/,

Гэрч Э.А-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг"...2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Б багш над руу ярьсан юм. Завхан аймагт сургалтаар ирсэн байна. Багш нь буцахдаа дайрч уулзаад явна гэж хэлсэн. 2018 оны 11 сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд Б багш, багш нь Завхан аймгаас гарч байна. Хоол хийж байгаарай гэж хэлсэн. Бид нар жоохон яаруу явж байна ажлаар нь ороод гаръя гэж хэлсэн. Тэгээд орой 19 цагийн орчимд манай сум руу орж ирээд над руу Б багш ярьсан. Би мах чаначихсан байсан. Хоолоо ажил дээрээ тавгалж өгөөд 1 шил 0,5 литрийн Соёрхол архи задалж өгсөн. Хоол идэж тэр архийг Б, Ж, Т 3 хувааж уучихаад удалгүй хөдөлсөн. Манай сумаас Ц, А нар дайгдаж явсан. Тэгээд л тухайн орой ийм осол болсон байсан. Завхан аймгаас ирэх үед оюутнууд гаргаж өгөөд гээд Төрболд , Б, Ж нараас архи үнэртэж байсан. Гэхдээ айхтар согтсон зүйл байгаагүй. Ямар машин тэрэгтэй явсныг нь сайн мэдэхгүй анзаарч хараагүй” гэх мэдүүлэг  /1-р хх 87-рт/,

Шинжээчийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн дүгнэлтэд: Нэг: 50-30 ГАҮ Улсын дугаартай ландкрузер-80 маркын автомашины жолооч Т замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осол гаргасан нь жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиодолд зогсоох арга хэмжээ аваагүй байх учир замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн байна.

Хоер: Жолооч Т.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн 12.3. " Жолооч хөдөлгөөнд оюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиодолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдэл байна.

Гурав: Жолооч Т.Т нь хөдөлгөөнд оюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн шалтгаан нөхцөлөөс зам тээврийн осол үйлдэгдсэн байна. гэх дүгнэлт/1 хх-98-рт/,

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт /2-р хх 171-173-рт/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх3-15-рт/, гэрэл зураг /2-р хх153-154-рт/, шүүх шинжилгээний албаны шинжээчийн хохирогч З.Д-н биед гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоосон 273, хохирогч З.Д-н биед нэмэлтээр гаргасан хүнд зэргийн гэмтэл тогтоосон 95, хохирогч Ц.Ц-ийн биед гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоосон 274, хохирогч Л.А-ын биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон 279, хохирогч Ц.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон 07, мөн Ц.Б-н биед хүнд гэмтэл тогтоосон 124, хохирогч С.Ж-ийн биед гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоосон 270, хохирогч Д.Ц-ын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон 272, хохирогч Т.Б-ний биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон 271 дугаартай дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглатын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь нотлогдож байна.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Т.Т-д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө Тайшир сумын нутагт 5030-ГАҮ улсын дугаартай Ланд-80 маркийн автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Бат-Эрдэнэ, Л.Амаржаргал, Цэрэндолгор нарын биед хөнгөн, Ц.Ц, Ц.Б нарын биед хүндэвтэр, З.Д-ийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмын дагуу цугларсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: гэрч Ц.Ц, З.Д, Л.А, Б, С.Ж, Ц, М Ц.Б, А нарын мэдүүлгүүд, хүний биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болоод шинжээч эмчийн ослын газарт үзлэг хийсэн дүгнэлт зэрэг баримтуудаар уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Т-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт тухайн өдөр осол үйлдэгдсэн талаар шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй байна. Хохиролтой холбоотой асуудал яригдаж байна. Хохирлын тухайд мөрдөн байцаалтын шатанд хохиролтой холбоотой ямар нэгэн баримтыг мөрдөгчөөс болон прокуророос нэхэхэд гаргаж өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохиролтой холбоотой баримтуудыг шинээр гаргаж өгөөд шинжлэн судлуулахад нотлох баримтын шаардлага хангахгүй эргэлзээ бүхий зүйлүүд харагдаж байна. Түүнчлэн зарим баримтууд нь давхардсан, осол гарахаас 1 жилийн өмнөх зэрэг баримтууд байна. Иймээс нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээтэй холбоотой баримтыг үндэслэж хохирлыг тооцоод тухайн хохирлыг иргэний хариуцагчаар тогтоосон Анагаахын шинжлэн ухааны үндэсний их сургуулиар төлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Осол гарахад стана машин дотор байсан бараа материалыг хохирогч хүлээж аваагүй, авсан гэдэг зүйл яригдаж байна. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байгаа учир тухайн материалтай холбоотой баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Мөн хохирогчийн зүгээс ажлын хөлс нэхэмжилж байгаа боловч үүн дээр баримт болон хөдөлмөрийн гэрээ байхгүй байгаа учир нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. Хохирогч талын өмгөөлөгч нарын зүгээс зарим нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй талаар ярьж байна. Иймээс эдгээр баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байх гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд улсын яллагчийн зүгээс гаргаж байна гэв.

Хохирогч Ц.Б-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ дүгнэлтдээ: Өнөөдрийн байдлаар баримттай 1.974.220 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Тухайн баримтаас шүүх дотоод итгэлээрээ үнэлээд шийдвэр гаргах байх. Мөрдөн байцаагч ямар эд зүйл байсан талаар мэдэж байсан учир шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх. 2 аккумлятороос бусад зүйлийг Ц.Б-ын тухайд аваагүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа учир Ц.Б-ын хохирол гэж үзэж байна. Иймээс үүнийг гаргах нь зүйтэй байх. 3805952 төгрөгийг баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Бусад асуудал дээр санал байхгүй гэв.

Хохирогч Ц.Ц, З.Д нарын өмгөөлөгч Д.Батмөнх дүгнэлтдээ: Өнөөдрийн тухайд З.Д эмчилгээтэй байгаа. Т.Т-с шилжүүлсэн 3 сая төгрөгийг мэдэлгүй байж байгаад өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдэж байна. Энэ хоёр хүн хамгийн их хохирсон хүмүүс байгаа. Иймээс хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.Т-ын өмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.12 дэх хэсэг, 2.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн. Харин Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж ирсэн. Хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар удаа дараа гэрч хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн С.Жамбалдоржийн мэдүүлэг, Г.Б-ийн мэдүүлэг, Д.Ц-ын мэдүүлгээс харахад тухайн машинд явж байсан эдгээр хүмүүс жолоочийг архи уугаагүй байсан гэдгийг нотолдог. Мөн дуудлагаар очсон эмч болох П, Б нар жолооч архи үнэртүүлээгүй байсан гэж мэдүүлдэг. Мөн хх95-рт гэрч замын цагдаа М-ийн мэдүүлгээр согтолтын зэрэг шалгаж драгер үлээлгэхэд 0 бүхэл гэж гарсан мэдүүлэг, мөн драгер үлээлгэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Эдгээр нотлох баримтуудыг улсын яллагчийн зүгээс болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс ямар нэгэн байдлаар нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтууд байгаа. Харин Ц.Б-ын эхнэр болон стана машинд сууж явсан хүмүүс архи үнэртэж байсан гэдэг зүйлийг ярьдаг. Үнэртэх асуудал архи уусан уугаагүй нотлох нотолгоо биш. Иймээс миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тухайн үйлдэл нь нотлогдохгүй эргэлзээ бүхий байвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байдаг. Иймд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх энэ хүндрүүлсэн нөхцөл байдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хохирлын тухай асуудал яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг иргэний хариуцагчаар тогтоосон. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх этгээдийг иргэний хариуцагч гэж нэрлэж байгаа. Иймд хохирогч Ц.Б-ын тухайд өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа ч хэдий осол аваар гаргаад хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Ц.Б-ын тухайд 809000 төгрөгийн машинд байсан эд зүйлийн үнэлгээтэй холбоотой хохирогч тухайн эд зүйлийг аваагүй гэж байна. Аваагүй гэдгийг нотолсон нотлох баримт байхгүй. Ц.Б-хавтаст хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө машинд байсан эд зүйлээс хэрэглэж ашиглахааргүй болсон зүйл байна уу? гэхэд 2 килограмм чихэр, 20 ширхэг гоймон гэж хариулдаг. 809000 төгрөгийн үнэлгээг сүүлд тогтоосон. Энэ үнэлгээг тогтоосон учир би энэ мөнгийг нэхэмжилж байна гэдэг зүйлийг хохирогч хэлээд байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан 11 дугаартай зургийн үзүүлэлтээр тухайн эд зүйлүүд тодорхой харагдаж байгаа. Өнөөдөр хууль сануулаад авч хохирогч С.Ж-н мэдүүлгээс харахад тухайн эд зүйлийг хүлээж авсан гэж мэдүүлдэг. Энэ нь нотлогдохгүй байгаа учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 3 сая гаруй төгрөгийн асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж байна. Гэтэл шүдний талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ нэхэмжлэл нь тухайн осолтой холбоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц.Ц хохирогчийн тухайд зарим хохирлын баримтууд давхардаж байгаа тул үүнийг хангах эсэхийг шүүх дотоод итгэлээрээ шийдвэрлэх байх. Ажиллаж байсан гэдэг тодорхойлолт гаргаж өгсөн байна. Энэ нь тухайн байгууллагад ажиллаж байсан гэдгийг нотлохгүй. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг гаргаж өгсөн. Үүнээс ямар ажилд яаж ажиллаж байсан гэдэг нь харагдахгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөөд төлсөн зүйл харагдаж байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд зааснаар нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг гаргаад нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт байгаа гэрч Э.Алтантуулын “...Хоолоо ажил дээрээ тавгалж өгөөд 1 шил 0,5 литрийн Соёрхол архи задалж өгсөн. Хоол идэж тэр архийг Б, Ж, Т 3 хувааж уучихаад удалгүй хөдөлсөн...”/1 хх 87-рт/гэх мэдүүлэг, хохирогч Ц.Б-н “...Тэр жолооч надад ойртож ирэхэд архи үнэртэж байсан. Тэгэхээр нь чи согтуу байна штээ гэхэд харин оюутнууд гаргаж өгөөд архи уучихлаа гэж хэлсэн. Хойно нь сууж явсан Ц гэх хүн ландны араас цухуйгаад танай эхнэр чинь Цагаанчулуут сумын төв дээр архи өгсөн шдээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 85-86-рт/,   хохирогч Ц.Ц-ын “...Тэр залуугаас их хэмжээний архи үнэртэж байсан...” /1-р хх 65-67-рт/ гэх мэдүүлэгүүдэд шүүгдэгч Т.Т-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архи үнэртэж байсан талаар мэдүүлжээ.

Харин хохирогч С.Ж-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг “...Тухайн осол болох үед Төрболд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 30-рт/, 

Хохирогч Т.Б-ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг “...осол болох үед жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 48-рт/,  

Хохирогч Л.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг “...Тухайн үед таны сууж явсан ланд-80 маркын машины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу гэсэн асуултанд: Намайг машинд орж суухад ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэртэхгүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 49-50-рт/, 

Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “...Т.Т-оос архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 90-рт/,

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 00 цагийн үед хэргийн газарт хэмжилт хийсэн тэгээд аймгийн төврүү 02 цагийн үед ирж жолооч Т.Т-ыг эрүүлжүүлэх саатуулах байранд 75,10 маркын драгераар согтолтын зэргийг шалгахад 0.00 хувьтай байсныг тэмдэглэл үйлдэж Т.Т-р гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх 95-рт/,

Драгер үлээсэн тэмдэглэл “...0.00 хувьтай” /2-р хх 145-рт/ зэрэг хавтаст хэрэгт бэхжигдсэн баримтуудаар шүүгдэгч Т.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдохгүй байх тул шүүх эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгаж үзээд  шүүгдэгч Т.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхэд эргэлзээ бүхий байдал бий болсон тул ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болон талуудын мэтгэлцээн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлээд шүүгдэгч  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зүйчлэлийг хэрэгсэхгүй үндэслэлтэй байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой  Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт 5030-ГАҮ улсын дугаартай ланд-80 маркийн автомашиныг шүүгдэгч Т.Т нь жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Б, Л.А, Ц.Ц нарын биед хөнгөн  гэмтэл, С.Ж, Ц.Ц. Ц.Б нарын биед хүндэвтэр, З.Д-н биед хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд тухайн гэмт хэргийг шүүгдэгч Т.Т үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.Ц нь нийт 62035670 төгрөг нэхэмжилжээ. Үүнээс цалин хөлс 56 сая төгрөг, машины эвдрэл 3974000 төгрөг бусад нь түүний эхнэр хохирогч З.Д-ийн эмчилгээний зардал бөгөөд хавтаст хэрэгт байгаа баримтууд болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудыг шүүх шинжлэн судлахад зарлагын баримт 1.622.210 төгрөг,  НӨАТ-ын баримт 1.300.160 төгрөг, шинээр ирсэн 955.000 төгрөг, нийт 3580370 төгрөгийн эмчилгээний зардалыг нэхэмжилсэн байна.

Үүнээс хохирогч Ц.Ц-ийн нэхэмжилсэн цалин хөлс 56 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Учир нь тухайн ажиллаж байгаа гэх компани нь улсын бүртгэлд бүртгэгдэж татвар төлдөг эсэх, хохирогч Ц.Ц нь тухайн компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг эсэх, ямар цалин хөлс авдаг болох талаархи баримт байхгүй байна.

Харин  машины эвдрэл гэмтэлд учирсан 3974000 төгрөгийн хохиролыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Т нь хохирогч Ц.Ц-д 500.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг нийт 4500000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд энэ мөнгөнөөс машины эвдрэлийг хасч тооцно гэсэн  тул үлдсэн 526.000 төгрөгийг хохирогч З.Д-ийн эмчилгээний зардлаас хасч тооцох нь зүйтэй байна.

Хохирогч З.Д-ийн эмчилгээний зардалд баримтаар гаргаж өгсөн 3.580.370 төгрөгийн баримт хавтаст хэрэгт бэхжигдсэнээс НӨАТ-ын баримтуудаас давхардаж нэхэмжилсэн 395700 төгрөгний нийт 4 баримт байх тул үүнийг хасч тооцох нь зүйтэй байна. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 955.000 төгрөгийн баримт,  зарлагын баримт 1.622.210 төгрөг,  НӨАТ-ын баримтаас зарлагын баримт дээр давхардсан 4 баримтыг хасаад 3.184.670 төгрөг болж байгаа ба үүнээс шүүгдэгчийн төлсөн 526.000 төгрөгийг хасаад нийт 2.658.670 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Хохирогч Ц.Б нь нийт 6.589.172 төгрөгийг нэхэмжилжээ. Үүнээс эмчилгээний 1.974.220 төгрөг, бараа материалын 809.000 төгрөг, шүд хийлгэх 3.805.952 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд  шүдний 3.805.952 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хавтаст хэрэгт байгаа  шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тухайн гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ын шүд хугарсан болох нь  тогтоогдохгүй байна.

Харин барааны үнэ болох 809.000 төгрөгийн нэхэмжлэлээс 46.600 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь  2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Б нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ.... лапша гоймон 20 ширхэг  тус бүр 1000 төгрөг, крокант чихэр 2 килограмм 20000 төгрөг, элсэн чихэр 7500 төгрөгийн эд зүйл задраад хэрэглэх боломжгүй... гэсэн тул 46.600 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Хохирогч Ц.Б-ын шүүх гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлахад баримтаар өгсөн үнийн дүнгүүд зөрүүтэй бөгөөд нийт 2.178.570 төгрөгийн баримт хэрэгт байна. Үүнээс Сонгодой эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 12-нд 63000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 35000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-нд 80.000 төгрөг буюу хэрэг учрал болохоос өмнөх цаг хугацааны баримтууд байх тул дээрхи баримтууд нь хэрэгт хамааралгүй баримт гэж үзэж нийт 298.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  нийт 1.880.570 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Т.Т нь хохирогч Ц.Б-д 500.000 төгрөг өгсөн нь баримтаар тогтоогдож байх үүнийг хасч тооцоод нийт 1.380.570 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Т-ын унаж явсан Ланд-80 маркын автомашины эзэмшигч нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль болох нь баримтаар тогтоогдож мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар тогтоосон байх тул  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар хохирогч З.Д-н нэхэмжилсэн 2.658.670 төгрөг, хохирогч Ц.Б-ын нэхэмжилсэн 1.380.570 төгрөгийг иргэний хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны сургуулиас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Ланд-80 машины эвдрэлд шинжээчийн дүгнэлтээр 6.575.000 төгрөг гарсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.Т нь шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэж мэдүүлсэн тул  шүүгдэгч Т.Т-с 6575000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Т-д олгох нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Т.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч  Т.Т-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ялаар шийтгүүлж байгаа, хохирогч нарт учруулсан 5.000.000 төгрөгийг төлсөн байдал болон хохиролоо төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид тусламж үзүүлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан бөгөөд шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдоогүй, хохиролд Ц.Ц-т 3.974.00 төгрөг, З.Д-т 526.000 төгрөг, Ц.Б-т 500.000 төгрөгийг төлсөн. Хохирогч З.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Ц.Б нь бараа материалын үнэ болон цаашид гарах эмчилгээний зардлаа,  хохирогч Ц.Ц нь ажлын хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Т-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар ялтан Т.Т-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, жинхэнэ эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, оршин суух газар, ажилаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны сургуулиас 2.658.670 төгрөг гаргуулж хохирогч З.Д-т, 1.380.570 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б нарт тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-оос 6.570.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Т-д олгож, хохирогч З.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Ц.Б нь бараа материалын үнэ болон цаашид гарах эмчилгээний зардлаа,  хохирогч Ц.Ц нь ажлын хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, 50-30 ГАҮ улсын дугаарын тээврийн хэрэгслийн АЯ 0242047 дугаартай гэрчилгээ, 0411464 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээ, 82-93 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01807071 дугаартай гэрчилгээ, ТА0929380 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээ, томографийн зураг 2 ширхэг шүүхэд ирсэнийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч Т.Т 758681 дугаартай жолооны үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 50-30 ГАҮ улсын дугаарын тээврийн хэрэгслийн АЯ 0242047 дугаартай гэрчилгээ, 0411464 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг иргэний нэхэмжлэгч Г.Т-д, 82-93 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01807071 дугаартай гэрчилгээ, ТА0929380 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээг хохирогч Ц.Ц-т, томографийн зураг 2 ширхэгийг хохирогч Ц.Б нарт буцаан олгосугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА