| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05148/И |
| Дугаар | 00939 |
| Огноо | 2016-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 00939
| 2016 оны 1 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2016/00939 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаа 24-277 тоотод оршин суух, регистр ЗЗ79010914, Тодго овогт Шоотонгийн Өнөрбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 67-р байр, 94 тоотод оршин суух, Шинэ бичээч овогт Цогтоогийн Цогмандахад холбогдох 5 432 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Өнөрбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж, хариуцагч Ц.Цогмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Өнөрбат гаргасан нэхэмжлэлдээ: Миний танил Цогмандах анх 2014 оны 4 сард яаралтай мөнгийн хэрэг байна банкнаас зээл авна замын ажил хийх гэж байгаа мөнгө авахдаа чамд өгнө гэж хэлээд сарын хугацаатай 3 320 000 төгрөг авсан. Би тухайн үед түүнд итгээд ямар нэг гэрээ хийгээгүй юм. Түүнээс хойш мөнгөө нэхэж удаа дараа уулзсан боловч өнөө маргааш гэж байсаар 2015 он гарсан юм. 2015 оны 5 сарын 15-ны өдөр түүнтэй харилцан тохирч үндсэн төлбөрийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүү бодож өгөх. Энэ хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,3% алданги төлөхөөр харилцан тохирч бичгээр гэрээ хийж өөрөөр нь гарын үсэг зуруулж авсан боловч одоог хүртэл мөнгө өгөөгүй байна. Би одоо үндсэн төлбөр 3 320 000 төгрөг, нэг сарын хүү 320 000 төгрөг, мөн өөрийн нь хүлээн зөвшөөрч тохирсон дүнгээр өнөөдрийг хүртэл 180 хоногийн алданги 1 792 000 төгрөг нийт 5 432 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Өнөрбат шүүх хуралдаанд гаргасан : Ц.Цогмандахаас 5 432 800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Зохигч бид эвлэрэн хэлэлцэж үнийн дүнг 4 000 000 төгрөг болгон багасгаж, энэ өдрөөс нэг сарын хугацаанд буюу 2016 оны 02 сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож байна гэв.
Хариуцагч Ц.Цогмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4000 000 төгрөгийг 2016 оны 2-р сарын 27-ны дотор төлөхөөр эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Өнөрбат нь Ц.Цогмандахад холбогдох 5 432 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, Ш.Өнөрбат нэхэмжлэлийн шаардлага 5 432 800 төгрөгөөс 4 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч хариуцагч Ц.Цогмандах нь дээрх төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлөхөөр тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Өнөрбат, хариуцагч Ц.Цогмандах нар нь 5 432 800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Өнөрбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 880 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цогмандахаас 50 940 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Өнөрбатад олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА