Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00094

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа, даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/04847 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Гэрээний стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, алданги 61,616,544 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие зээ хүүгийнхээ сурдаг сургуулийн ойролцоо орон сууц авахаар төлөвлөн хайж байх хугацаандаа *******-ийн хэрэгжүүлж буй 2023 оны 3-р улиралд ашиглалтад орох******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* орон сууцны хотхоны төсөлтэй танилцсан. Тухайн орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд 20 хувийн хөнгөлөлт эдлүүлэх нөхцлийг гүйцэтгэгч тал тавьсан учир миний бие нэн ялангуяа орон сууцны байршлыг харгалзан тухайн нөхцлийг хүлээн авч, гэрээ байгуулсан.

1.2. Тухайн барилгаас ******* /*******/ хотхоны ******* тоот 49.8 м.кв тайлбай бүхий орон сууцыг сонгон захиалсан. *******-тай гэрээ байгуулахдаа гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах талаар санал хэлэхэд манай компани бүх захиалагч нартай нэг стандарт гэрээгээр гэрээлдэг, таны саналыг тусгах боломжгүй, таалагдахгүй бол та зурахгүй байж болно шүү, хугацаандаа ашиглалтад орохгүй бол танд алданги төлнө, заалт нь 4.3-т байгаа гэж хэлсэн.

Ингээд бидний хооронд 2022 оны 01 сарын 31-ний өдрийн L2022/31 дугаартай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай гэрээ байгуулагдсан. Захиалагч болон гүйцэтгэгч талын тохирсон төлбөрийг 100 хувь төлвөл нийт үнийн дүнгээс 20 хувь хөнгөлнө гэх тохиролцоо нь тус гэрээгээр зохицуулагдаагүй болоод гэрээний 1.3.4-ийн аль ч нөхцөлд хамаарахгүй тохиролцоо юм. Миний бие төлбөрийг 2022 оны 02 сарын 07-ны өдөр гүйцэтгэсэн болно.

1.3. Миний бие гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийн хөнгөлөлт эдлэж нэмэлт гэрээ байгуулаагүй. Гэрээний 4.3-т зааснаар удаа дараа алдангийг асуудлыг шийдвэрлэхийг гүйцэтгэгч талаас шаардсан болно. Миний төлбөрийн нөхцлийг гэрээний 1.3.4-т хамааруулж гэрээний 4.4 заалтын дагуу алданги эдлэх эрхгүй гэсэн учир миний бие гэрээний 4.4 заалтыг хүчингүйд тооцуулах, мөн тус заалтын суурь нөхцлийг агуулсан гэрээний 1.3.4 дүгээр заалтыг шударга ёс болоод хууль дээдлэх, тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэдгийг шүүхээр нотлуулах нь зүйтэй гэж үзэж байна.

1.4. ******* нь анхнаасаа алданги төлөхгүй байх зорилгоор иргэдийг мэхлэн, төөрөгдүүлсэн заалт бүхий гэрээний төсөл бэлтгэн, нэгэнт орон сууц, м.кв, давхар зэргээ сонгон, төлбөрийн нөхцлөө тохирч захиалагч тал шийдвэрээ гаргасны дараа гэрээний заалт өөрчлөхгүй гэж тулган шаардаж гэрээг байгуулдаг. Гүйцэтгэгч тал нь захиалагч бүртэй нэг стандартаар, байнга хэрэглэх шинжтэй, гүйцэтгэгч талд бүхий л талаар ашигтай, гэрээний хариуцлагаас зайлсхийх, өөр байдлаар тайлбарлан хэрэглэх боломжтой нэг ижил гэрээний төслөөр гэрээ байгуулж байгаа учраас хуулийн заалтыг тодотгосон буюу Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцлөөр гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Иймд Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай 2022 оны 01 сарын 31-ний өдрийн L2022/31 дугаар гэрээний 4.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

1.5. Миний бие 2022 оны 01 сарын 31-ний өдөр *******-тай байгуулсан Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай гэрээний 1.3.3-т зааснаар орон сууцны 1 м.кв-ыг 3,700,000 төгрөгөөр тооцож нийт гэрээний үнийн дүн болох 184,260,000 төгрөгийн төлбөрийг 100 хувь хийсний төлөө 20 хувийн хөнгөлөлт эдэлж, 147,408,000 төгрөг төлөхөөр, гүйцэтгэгч тал нь гэрээний 4.2-т зааснаар 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтанд хүлээн өгөхөөр тохиролцсон.

1.6. Дээрх гэрээний үүргээ захиалагч хугацаанд нь шударгаар бүрэн биелүүлж, 2022 оны 02 сарын 07-ны өдөр 147,408,000 төгрөгийг *******-ийн Төрийн банкин дахь ******* тоот дансанд төлсөн. Гүйцэтгэгч ******* нь ******* хотхоны ******* байрны барилга угсралтын ажлыг гэрээний 4.2-т заасан хугацаанд буюу 2023 оны 3 дугаар улиралд дуусган ашиглалтанд оруулах үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл захиалагч ******* надад захиалсан ажлын үр дүн болох үл хөдлөх эд хөрөнгө хүлээлгэн өгөөгүй байна.

1.7. Иймээс гүйцэтгэгч *******-д амаар болон бичгээр удаа дараа хандаж гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэх, алданги тооцуулах тухай хүсэлт, шаардлагыг хүргүүлсэн боловч хүлээн аваагүй өдий хүрсэн. Гэрээний 4.3-т Барилга ашиглалтанд орох хугацаанаас 90 хоног хэтэрсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд барилгын болон орон сууцны гүйцэтгэгдээгүй хувь хэмжээний үнийн дүнгээс тооцон 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу барилга угсралтын ажлын үнийн дүн болох 147,408,000 төгрөгөөс алданги тооцно.

1.8. Учир нь, гүйцэтгэгч барилгын ажлыг бүрэн гүйцэтгэн дуусгаж, улсын комисс ашиглалтанд хүлээн авч ******* тоот байрны түлхүүр гардуулж өгснөөр гүйцэтгэгчийн гэрээний үүрэг дуусгавар болно. Иймээс гүйцэтгэгч тал нь гэрээний 4.2-д зааснаар орон сууцыг ******* нь 2023 оны 09 сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх ёстой байсан тул 2023 оны 12 сарын 31-ний өдрөөс алданги тооцохоор байна.

2023 оны 12 сарын 31-ний өдрөөс гүйцэтгээгүй үүргийн буюу гэрээний үнийн дүн болох 147,408,000 төгрөгийн 0.2 хувь нь хоногт 294,816 төгрөг, 2023 оны 12 сарын 31-2024 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл 209 хоног (209 хоног*294,816 төгрөг=61,616,544) алдангид 61,616,544 төгрөгийг төлүүлэхээр шаардлага гаргаж байна.

Иймд хариуцагч *******, ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 01 сарын 31-ний өдрийн L2022/31 дугаартай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан заалтыг гэрээний стандарт нөхцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, *******-аас алданги 61,616,544 төгрөггаргуулж, өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байгаа. ******* нь******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* барилгын А 1, А 2 блокын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан.

2.2. Талуудын хооронд 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 2022/31 тоот Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд иргэн ******* нь******* дүүргийн ******* хороонд баригдаж буй ******* хотхоны ******* давхрын 49.8 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан. Орон сууцны м.кв 3,700,000 төгрөг бөгөөд нийт 184,260,000 төгрөг үүнээс захиалагч ******* нь гэрээний 1.3.4.1-т заасны дагуу 20 хувийн хөнгөлөлт эдлэн 147,408,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан байдаг.

2.3. ******* төслийн ажлын явцын талаарх мэдээллийг бид захиалагч иргэдэд өгч байсан ба уулзалт товлох хүсэлтийг хүлээн авч, барилгын ажлын явцыг өгч явсаар ирсэн. Барилгын ажлыг дан ганц компани гүйцэтгэх боломжгүй буюу бид бусад туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилласан. Ажлын явцад туслан гүйцэтгэгч *******-ийн зүгээс барилга угсралтын ажил удаашрах нөхцөл байдлыг үүсгэсний улмаас барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оролгүй хугацаа алдсан.

2.4. ******* төслийн барилгыг хүлээн авах улсын комисс 2024 оны 08 сарын 12-ны өдөр ажилласан. Улсын комиссын бүрэлдэхүүний зүгээс 21 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэг даалгаврыг өгсөн тул үүрэг даалгаврыг тогтсон хугацаанаас өмнө биелүүлэхээр ажиллаж байгаа болно.

2.5. Харин нэхэмжлэгч *******гийн хувьд орон сууцны 20 хувийн хөнгөлөлт эдэлсэн тул талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т зааснаар барилга ашиглалт орох хугацаа хэтэрсэн алдангийг төлбөрөө төлөөгүй болон төлбөрийг бартераар төлсөн, 1.3.4 дэх заалтад тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд гүйцэтгэгч төлөхгүй байх тухай заасан ба нэхэмжлэгч нь 1.3.4 дэх заалтад тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн тул энэхүү заалт үйлчлэх юм. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр, гэрээний заалттай уншиж танилцан гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бүхий гэрээ юм.

Иймд талуудын харилцан тохиролцсон гэрээний 4.4 дэх заалтын нэхэмжлэгчийн алданги шаардах эрх хязгаарлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай L2022/31 дугаартай гэрээний 4.4 дэх заалт буюу гэрээний стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алдангид 61,616,544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* /*******/-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601,536 төгрөгөөс 536,233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65,303 төгрөгийг******* дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэл 6.1 хэсэгт Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т барилга ашиглалтанд орох хугацаанаас 90 хоног хэтэрсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн тутамд барилгын болон орон сууцны гүйцэтгээгдээгүй хувь хэмжээний үнийн дүнгээс тооцон 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж зааснаар шаардах эрхтэй боловч дээр дурдсан 20 хувийн хөнгөлөлт эдэлсэн тул гэрээний 4.4 захиалагч хавсралт-02-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй болон төлбөрийг бартераар төлсөн, 1.3.4 дэх заалтанд тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд гүйцэтгэгч алданги төлөхгүй... гэж зааснаар алданги шаардах эрхгүй болжээ. гэж дүгнэснийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хуулиар зохицуулсан харилцааг тус гэрээний 4.4-д захиалагч хавсралт-02-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй болон төлбөрийг бартараар төлсөн, 1.3.4 дэх заалтанд тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд гүйцэтгэгч алданги төлөхгүй гэж хуульд зааснаас өөрөөр зохицуулахдаа гүйцэтгэгч тал өөрийгөө алданги төлөх үүргээс чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Орон сууц захиалгын гэрээний 4.4 дэх заалт нь үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй болох хуулийн дээрх зохицуулалтаас өөр агуулгатай байх бөгөөд хуульд заасан шаардах эрхээ алдах нөхцөл үүсээгүй. Дээрх зохицуулалтад хамаарахгүй болохыг шүүх зөв дүгнэж хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх байсан ч энэ талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, хэрэглээгүй байна.

4.2. Иргэний хуүлийн 189 дүгээр зүйлийн 189.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгч талаас гэрээний төлбөрөө хугацаанд нь 100 хувь төлж гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн. Харин захиалагч гэрээний үр дүнгээ хугацаандаа хүлээлгэн өгөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. Талууд гэрээний 1.3.4-т төлбөрийн нөхцөлтэй хамааралтай хөнгөлөлт эдлэх талаар зохицуулалт оруулсан нь захиалагчид гэрээний үүргээ биелүүлснээр хөнгөлөлт эдлэх боломжийг олгож, гүйцэтгэгчид захиалагчийн төлбөрийг аль болох урьдчилан авах, төлбөр төлөх хугацааны хэтрэлт үүсгэхгүй байх, төслийн санхүүжилтийг таслахгүй байх боломжийг олгосон талуудад харилцан ашигтай нөхцөл юм. Энэ нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хамаарахаар байна. Энэ зохицуулалтын агуулгыг илт гуйвуулж, хоёр талд ашигтай төлбөрийн хөнгөлөлт эдэлснийг захиалагч шаардах эрхээ алдах, гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн ч алдангийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх хуульд үл нийцэх агуулгатай байхаар тайлбарлан шийдвэр гаргасан нь гэрээг хуульд нийцүүлэн тайлбарлаагүй хуулийг буруу тайлбарласан. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээний 4.4 заалтыг зөвтгөсөн байх бөгөөд гэрээний чөлөөт байдал нь зөвхөн хуулиар зөвшөөрсөн хэмжээ хязгаарын дотор байх ёстойгоос нэг талд хуулиас давсан эрх олгож, нөгөө талын хуулиар олгосон эрхийг хязгаарласан шинжтэй байгааг анхаараагүй, хуулийг буруу тайлбарлажээ.

Дээр дурдсан үндэслэлээр орон тус гэрээний 4.4-д заасан заалтаас бусад зохицуулалтыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул орон сууц захиалгын гэрээний хугацаа хэтрүүлсний алданги төлбөрт 61,616,544 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд үүссэн орон сууцны харилцаа нь барилгын компани буюу худалдагч бусдад орон сууцаа худалдан борлуулах, худалдан авагч орон байртай болох чөлөөт сайн дурын үндсэнд энэ гэрээ байгуулагдсан учраас Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн харилцаа юм.

Шүүх энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэж, тайлбарласан нь хэрэглэх ёстой хуулийн зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, алданги 61,616,544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* орон сууцны үнээс 20 хувийн хөнгөлөлт эдэлсэн тул гүйцэтгэгч алданги төлөх үүрэг хүлээхгүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд чөлөөт хүсэлт зоригийн үндсэн дээр харилцан тохиролцож гэрээ байгуулж, гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр гэсэн үндэслэл заан татгалзсан байна.

 

3. *******, ******* нар 2022 оны 01 сарын 31-ний өдөр L2022/31 дугаартай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь******* дүүргийн ******* хороонд баригдаж буй ******* /*******/ хотхоны ******* 49,9 м.кв талбайтай, ******* тоот барилгын ажлыг гүйцэтгэгч өөрийн материалаар гүйцэтгэж орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан *******д хүлээлгэн өгөх, ******* нь уг орон сууцыг захиалан хөрөнгө оруулалт хийж орон сууцны 1 м.кв талбайн үнийг 3,700,000 төгрөгөөр тооцож, 49,8 м.кв талбайн үнийг 184,260,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх 11-14/

 

4. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ******* нь ажил гүйцэтгэх гэрээний 1.3.4.1-т заасны дагуу төлбөрийн нийт дүнгээс 20 хувийн хөнгөлөлт эдлэж гэрээний үнэд 147,408,000 /184,260,000х20%/ төгрөг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Тодруулбал, талууд гэрээний 1.3.4-т төлбөр төлөхтэй холбоотой хөнгөлөлт эдлэх нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. ******* нь гэрээний дагуу сууцны үнэ 184,260,000 төгрөгөөс 147,408,000 төгрөг төлсөн байх тул түүнийг гэрээний 1.3.4-т зааснаар орон сууцны төлбөрөөс 20 хувийн хөнгөлөлт эдэлсэн гэж үзнэ. /хх-16/ Дээрх үйл баримтад талууд маргаангүй, харин гэрээний 4.4 дэх заалт нөхцөл стандарт нөхцөл мөн эсэх, уг стандарт нөхцөл хүчин төгөлдөр эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Зохигч талууд гэрээний 4.3-т барилга ашиглалтад орох хугацаанаас 90 хоног хэтэрсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд барилгын болон орон сууцны гүйцэтгэгдээгүй хувь хэмжээний үнийн дүнгээс тооцон 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт нийцсэн.

Харин гэрээний 4.4 дэх заалтаар Захиалагч хавсралт 02-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй болон төлбөрийг бартераар төлсөн, 1.3.4 дэх заалтад тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд гүйцэтгэгч алданги төлөхгүй байх нөхцөлийг урьдчилан тогтоосон нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөлд хамаарч байна. Стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2 дахь хэсэгт заасан.

Нэхэмжлэгч ******* нь орон сууцны төлбөр төлөхдөө 20 хувийн хөнгөлөлт эдэлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-16/

Мөн хэргийн 65-73 дахь талд авагдсан бичмэл нотлох баримт буюу захиалагч, гүйцэтгэгч нарын уулзалтын тэмдэглэлд тусгагдсан агуулгаар, талууд харилцан тохиролцон ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг 2024 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл сунгасан гэж үзэхээр байна.

Дээрхээс дүгнэхэд, гэрээний 4.4 дэх заалт нь талуудын харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой, хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар уг заалтыг хүчин төгөлдөр бус байх нөхцөл гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч ******* нь гэрээний 4.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцон хариуцагчаас шаардах эрхгүй тул анхан шатны шүүх, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Харин, шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д баримталсан хууль хэрэглээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/04847 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2 гэснийг 202 дугаар зүйлийн 202.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516,233 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД