Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00097

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04265 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-тай 2022 оны 01 сарын 01-ний өдрийн н/652 дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр тус банкны Үйл ажиллагааны ахлах менежер албан тушаалд томилогдож, 2024 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан.

2024 оны 06 сарын 04-ний өдөр *******-ийн Хүний нөөц удирдлагын газраас 2023 оны 06 сарын 05-ны өдрийн огноотой Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Н/652-1 дугаар гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан ба уг нэмэлт гэрээгээр 2022 оны 01 сарын 01-ний өдрийн н/652 дугаар Хөдөлмөрийн гэрээний 1.2-т Үйл ажиллагааны ахлах менежер гэж заасан ажлын байрны нэршлийг Харилцагчийн үйлчилгээний ахлах гэж өөрчилсөн байсан.

1.2. Миний бие уг гэрээнд гарын үсэг зурахдаа тухайн өдрийн огноог гараар бичиж баталгаажуулсан. Үүнээс 1 сарын дараа буюу 2024 оны 07 сарын 08-ны өдөр уг албан тушаалыг орон тооны цомхотголд оруулсан гэх нэрийдлээр ******* намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь урьдаас төлөвлөж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан.

1.3. Банкны зүгээс *******ийг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 454 дугаартай Зарим нэгжийн орон тоог хасах тухай тушаалаар Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлийг удирдлага болгосон. Үүнээс үзвэл, *******ийг нэгэнт хасагдсан орон тоонд ажиллуулахаар түүний хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж, уг хасагдсан орон тоонд нэг сарын хугацаанд ажиллуулаад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна.

1.4. *******ийн 2022 оны 01 сарын 01-ний өдрийн н/652 дугаартай гэрээний дагуу эрхэлж байсан албан тушаал нь Үйл ажиллагааны ахлах менежер байсан, 2024 оны 06 сарын 04-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр Харилцагчийн үйлчилгээний ахлах менежер болгон өөрчилсөн. Гэтэл Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 564 дүгээр тушаалд зөвхөн Ахлах менежерийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлийг дурдсан нь аль ахлах менежерийн ажлын байр хасагдсан нь тодорхойгүй байна.

1.5. ******* нь Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2024 оны 08 сарын 05-ны өдөр хандан, 2024 оны 08 сарын 09-ний өдөр хуралдсан. Гурван талт хороонд тэмдэглэлийг аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагч *******-ийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 564 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2022 оны 01 сард үйл ажиллагааны ахлах менежер гэх албан тушаалд ажиллаж байсан. Үүнээс хойш 2023 оны 06 сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, тухайн үед нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. Хөдөлмөрийн гэрээнд хугацаа хожуу буюу 2024 оны 06 сарын 04-ний өдөр гарын үсэг зурсан нь өмнө өдөр хэрэгжиж байсан харилцаагаа зөвшөөрч гарын үсэг зурсан. Талуудын байгуулсан 2023 оны 06 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж цалинг нь 3,000,000 төгрөг болгосон. Мэдэгдлүүдийг тухай бүрд өгч байсан боловч хэлбэржиж гарын үсэг зурсан байгаа нь 2024 оны 06 сар юм.

2.2. *******ны Хүний нөөцийн удирдлагын газрын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 476 дугаар Зарим нэгжийн орон тоог хасах тухай тушаалаар Нөөцийн удирдлагын газрын захирлын харьяа Кастодиан банкны хэлтсийн зарим орон тоог хассан. Тус орон тоон дээр ажиллаж буй *******т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар 2024 оны 06 сарын 07-ны өдөр 15/16 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

2.3. Ийнхүү мэдэгдсэний дагуу *******ны Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024 оны 07 сарын 08-ны өдөр 564 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 07 сарын 08-ны өдрөөр дуусгавар болгож, 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байна.

2.4. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын тэмдэглэл нь 2024 оны 08 сарын 12-ны өдөр хэлбэржиж гарсан. Банкны зүгээс тэмдэглэлийг 2024 оны 08 сарын 13-ны өдөр гардан авсан. Нэхэмжлэгч хорооны хуралдаан болсноос хойш 10 хоногийн дотор тэмдэглэлийг гардаж авах үүргээ гүйцэтгээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийг *******-ийн Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10,207,872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан 10,207,872 төгрөгийн олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч *******ийн нийгмийн болон болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч *******-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 178,276 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд шаардлагатай хангалттай баримт цуглараагүй, хэргийн талаар ач холбогдол бүхий мэдээлэл бүрэн авагдаагүй, талуудын хооронд үүссэн харилцааны нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнээгүй.

Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотойгоор талуудын хооронд үүссэн харилцаа, нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан чиг үүрэг, ажлын байрны талаарх мэдээлэл, бүтэц удаа дараа өөрчлөгдөж байсан асуудал, мөн өөр бусад ажил санал болгосон, санал ирүүлсэн талаарх мэдээлэл зэргийг тодруулах зорилгоор ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу *******ийг гэрчээр асуух хүсэлт гаргасан хэдий ч, анхан шатны шүүхээс Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож байгаа хэмээн хангахаас татгалзсан.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалын үндэслэлийн техник алдаа байсан эсэхийг тодруулах, энэ талаар холбогдох баримт гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй.

4.2. Хуульд заасан үндэслэлээр ажил олгогч *******-ийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон буюу нэхэмжлэгч *******ийн ажиллаж байсан орон тоо хасагдсан тухай хуульд заасан хугацаанд мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, хуульд заасан тэтгэмжийг олгосон, нэхэмжлэгч ******* нь Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг гардаж авснаас хойш заасан хугацаанд шүүхэд хандаагүй. Тус байдлууд нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий чухал баримт байх хэдий ч энэ талаар тодруулаагүй, зохих баримт хэрэгт авагдаагүй байгаа нь анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 181/Ш32024/15970 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжид ...нэхэмжлэлийг 2024 оны 07 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,.. гэж дурьдсан буюу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг авснаас хойш нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй юм. Иймд, 2024 оны 09 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагч нь ахлах менежерийн чиг үүрэг нь хэлтсийн захирлын чиг үүрэгтэй давхцаж байсан учраас ажлын байр хасагдсан гэж тайлбарлах боловч энэ талаар баримт өгөөгүй, одоо энэ ажлын байр хасагдсан, чиг үүрэг нь хэлтсийн захиралд шилжсэн эсэх, орон тоог шинэчлэн баталсан тухай үйл баримтыг нотлоогүй байна. гэх дүгнэлтийг хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тайлбарлах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үүргээ биелүүлэх боломжит хугацааг олгох тухай дурьдаж, холбогдох нэгжээс шаардсан баримт хараахан ирж амжаагүй талаарх тайлбарыг удаа дараа хийсэн. Гэтэл дээрх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу гэрч асуух байдлаар тодорхойлох боломжтой талаар тайлбарлаж, хүсэлт гаргасан боловч гомдлын 1 дэх хэсэгт дурьдсаны дагуу хангахаас татгалзсан.

4.3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч, шүүхийн хэн алинд энэ үйл баримт тодорхойгүй байсан. Уг нөхцөл байдал нь талуудын маргааны гол зүйл болох Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д нийцсэн эсэх асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийх нөхцөлийг бүрдүүлээгүй, шаардлагатай нотлох баримт цуглараагүй буюу үндэслэл бүхий дүгнэлт хийх боломж бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талд нотлох баримт гаргаж өгөх хангалттай хугацаа байсан. Гэтэл хариуцагч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, үүргээ хэрэгжүүлээгүй учраас нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, хэргийн нөхцөл байдлыг торуулах шаардлагагүй. Хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шүүгч зохигч этгээдээс өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр гэрчээр татаж, шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй учраас нэхэмжлэгчийг гэрчээр оролцуулаагүй. Мөн хариуцагч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, техникийн алдаа байсан эсэхийг тодруулах энэ талаар холбогдох баримт гаргаж өгөх зайшгүй нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй талаар техникийн алдаатай холбоотой асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны явцад асуулт хариултаар тодруулж, тайлбар гаргасан. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дугаар хуудсанд шүүгч 454 дугаартай тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна энэ тушаал хаана байна гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 454 гэх тушаал байхгүй, 476 гэх тушаал байгаа гэж техникийн шинжтэй алдааг тодруулсан.

5.2. Манайх 12-нд тэмдэглэлийг гардаж аваад 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамжийг хүлээж аваад тухайн өдөр шүүхэд хандсан тул хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал байхгүй.

5.3. Анхан шатны шүүх хуралдаанд баримт гаргаж өгөх хүсэлт тавьсан ч шүүх уг хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хариуцагч баримт гаргуулах хүсэлт гаргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргаж өгөн үү гэх хүсэлт гаргадаг ч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаад шүүх хуралдаанд үргэлжилсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор орон тоо хасагдсан гэдэгт Тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтэц, тодорхой ажил, албан тушаалын байр үгүй болсныг ойлговол зохино гэх Улсын Дээд шүүхийн тайлбарыг иш татаж хэргийг шийдвэрлэсэн.

5.4. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дугаар хуудсанд тухайн албан тушаал хасагдаагүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэмдэглэлийн 8 дугаар хуудасны доод мөрөнд шүүгчээс халсан орон тооны ажлыг хэн хийж байгаа вэ гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захирал хийж байгаа гэдэг. Тэгэхээр тухайн орон тоог хасна гэж байгаа ч тухайн ажлын чиг үүрэг нь хасагдаагүй, захирал нь давхар гүйцэтгэж байгаа нь тодорхой. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* нь үйл ажиллагааны ахлах менежер гэж заасан ажлын байрны нэршлийг харилцагчийн үйлчилгээний ахлах гэж өөрчилж, улмаар уг албан тушаалыг шууд орон тооны цомхотголд оруулсан нэрийдлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь урьдаас төлөвлөсөн, хуульд нийцээгүй шийдвэр ... гэж тайлбарласан байна.

Хариуцагч эс зөвшөөрч, ... *******ны Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн Зарим нэгжийн орон тоог хасах тухай 476 дугаартай тушаалаар Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн орон тоог хассан бөгөөд тус орон тоон дээр ажиллаж буй *******т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар мэдэгдсэн, ахлах менежерийн ажлын байр хасагдсан тул ажлаас чөлөөлж, хуульд заасан тэтгэмжийг олгосон ... тушаал дээр огноо, дугаарыг буруу бичсэн байсан ... гэсэн үндэслэл заан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. *******-ийн Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн албан тушаалын орон тоо бодитоор хасагдсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Хэргийн 44 дэх талд авагдсан Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн Зарим нэгжийн орон тоо хасах тухай 476 дугаартай тушаал гаргахдаа Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 01-ний өдрийн 1658 тоот тушаал, нэгжийн удирдлагын саналыг тус тус үндэслэн *******ны гүйцэтгэх захирлын 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 28 дугаартай Нөөцийн удирдлагын газрын бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан орон тооноос Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн орон тоог хасчээ. /хх44/

6. Хариуцагчийн зүгээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн, орон тоог хассан гэж маргаж байгаа боловч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Тэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нотлох баримт бүрэн ирж чадаагүй, ... хэлтэс 7 хүнтэй байсан, ... анх дэд захирал, үйл ажиллагааны ахлах, харилцагчийн үйлчилгээний ахлах, харилцааны менежер, бизнес үйл ажиллагааны менежер гэх бүтэцтэй байсан. Одоо 6 болж өөрчлөгдсөн ... гэсэн тайлбар шүүх хуралдаанд гаргажээ.

 

7. Дээрхээс дүгнэхэд, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэгт заасан эрхээ анхан шатны шүүх хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,494 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Ч.ЦЭНД