Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 224/МА2025/00008

 

 

Б.Э-ийн хүсэлттэй,

Ж.А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох

иргэний хэргийн тухай

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2024/00576 дугаар шийдвэртэй,

    Б.Э-ийн хүсэлттэй, “Ж.А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Хүсэлт гаргагч Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлага: Ж.А-ийн 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

     2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ж.А 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд орсон. 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сар хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр туслах багшаар ажилласан. Одоо Ж.А өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болж тэтгэврийн баримтаа бүрдүүлэхэд Увс аймгийн Архиваас 1991 оны 1-12 сар, 1992 оны 1-5 дугаар сарыг дуустал авч байсан цалингийн тодорхойлолт гарсан. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд Ж.А-ийн Увс аймгийн Улаангом сумын  8 дугаар цэцэрлэгт 1987-1988 он, 1992-1997 оныг дуустал туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

     3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ж.А-ийн ажилласан байдлыг тогтоолгох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А миний бие тус шүүхэд дараах агуулгаар хүсэлт гаргаж байна. Ж.А-г тухайн үеийн 8 дугаар цэцэрлэг одоогийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгт үйлчлэгч, туслах хүмүүжүүлэгчээр 1984 оноос 1994 оныг дуустал ажилласан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

     4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2024/00576 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Ж-ийн А-ийн Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1988 оны 8 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1984 оны 1 дүгээр сараас 1988 оны 7 дугаар сарыг дуустал үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

     5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 1984 оноос 1994 он хүртэл хугацаанд Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт үйлчлэгч, туслах багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Учир нь Улаангом сумын 8 дугаар цэцэрлэг, одоогийн 5 дугаар цэцэрлэгийн 50 жилийн ойд хүсэлт гаргагч Ж.А Улаанбаатараас ирж оролцсон ба ойд зориулсан номонд түүний зураг болон Ж.А 1984-1995 он хүртэл ажилласан гэж бичсэн байдаг. Улмаар тус номонд үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, тухайн цэцэрлэгт олон жил ажиллаад 2012 онд тэтгэвэрт гарсан Ж.Б-ыг гэрчээр асуулгасан. Гэтэл анхан шатны шүүхээс 1988 оны 8 дугаар сараас 1994 оныг дуустал үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоосон.

       Ажиллаж байсан байдал тогтоох нь онцгой журмаар хянан шийдвэрлэх хэргийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож байгаа төрлийн нэг бөгөөд Иргэний хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-д “хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг уйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагчийн зүгээс сэргээх боломжгүй нотлох баримтуудыг өөрийн чадах хэмжээгээр гаргаж өгсөн.

       Гэтэл гэрч Ж.Б-оос эрх зүйн ач холбогдолтой цаг хугацаа буюу 1984 онд Ж.А 8 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан эсэхийг тодорхой асууж тодруулаагүй, зөвхөн 1995 он хүртэл хамт ажилласан гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан. Магадгүй тодруулсан боловч гэрчээс шүүх хуралдааны үеэр мэдүүлэг авсан учир сандарч мэгдсэний улмаас хэзээ ажилд томилогдсон, хэзээнээс өөртэй нь хамт ажиллаж эхэлснийг мартсан байх боломжтой.

     Ж.А 1989 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Ардын боловсролын хэлтсийн даргын тушаалаар томилогдсон боловч түүний хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр цэцэрлэгт үйлчлэгчээр авч ажиллуулсан, 1997 он хүртэл ажилласнаар дэвтрийг хаав гэсэн байдаг.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлд “Эрх зүйн ач холбогдолтой үйл явдлыг тогтоолгох” гээд энэ зүйлийн 136.3-д “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэж заасан.

      Энэхүү зохицуулалтаас харахад иргэн Ж.А-ийн ажилласан байдлыг тогтоохын тулд түүнийг заавал ажиллаж байсныг баттай тогтоох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхийг шаардахгүй, гагцхүү тухайн эрх зүйн ач холбогдол бүхий баримтуудыг тогтоох боломжтой баримтууд байхгүй болсныг нотлох баримтуудыг гаргаж өгсний дагуу шүүх өөрийн дотоод итгэл болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тогтоох ёстой байсан.

      Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5-р хуудасны эхний хэсэгт “Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтрийг эх хувиар нь гаргаж ирүүлээгүй ба Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гаргаж өгсөн зөвлөмжийн хуудаст “Ж.А нь Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1987-1995 он хүртэл ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас гараагүй, мөн нөхөн бичилттэй тул ажилласан жил тооцох боломжгүй” гэж тэмдэглэсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болно” гэсэн байдаг. Нийгмийн даатгалын газраас өгсөн зөвлөмжийн хувьд шүүхэд хүргүүлсэн зөвлөмж биш. Шүүх шийдвэр гаргахдаа ямар ч этгээдээс зөвлөмж авах нь хууль бус. Харин тухайн хүсэлт гаргагч этгээд болон түүний ажилласан жилийг анхан шатны үйл ажиллагаанд тооцож болох эсэхтэй холбоотойгоор гаргасан зөвлөмж. Тийм ч учраас бид шүүхээр ажилласан жилийг тогтоолгох гэж байгаа.

   Иймд шүүх дээрх зөвлөмжийг баримталж, Ж.А-ийн хөдөлмөрийн дэвтрийг үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн дээрх дэвтрийг эх хувиар нь гаргуулж, шинжээч томилох зэрэг ажиллагаа явуулах боломжтой байсан боловч дээрх ажиллагааг хийгээгүй.

     Ж.А 8 дугаар ангиа төгсөөд цэцэрлэгт анх үйлчлэгч, гал тогоонд бэлтгэгчээр ажиллаж байгаад 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс сайн ажилласан гэх агуулгаар хүмүүжүүлэгчийн туслахаар дэвшүүлсэн байдаг. 1984 оноос хойших онуудад албан ёсны тушаалгүй, цалингаа бэлнээр авдаг байсан бөгөөд тухайн үеийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тодорхойлох боломжгүй байгаа учраас дээрх гомдлыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

     1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ын давж заалдах гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2024/00576 дугаар шийдвэртэй иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

     2. Нэхэмжлэгч Б.Э нь Ж.А-ийн 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оныг дуустал хугацаанд тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгох шаардлага гаргасан байна.

    Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, Ж.А-ийн 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

      3. Анхан шатны шүүх Ж.А-ийн ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.

     3.1. Шүүхээс нэхэмжлэгч Ж.А-ийн Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1988 оны 8 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

      Тухайлбал, нэхэмжлэгч Ж.А нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт 1988 оны 8 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгч, хүмүүжүүлэгчийн туслахаар тус тус ажиллаж байсан нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны  өдрийн 364  дүгээр цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт /хх-ийн 102-107-р тал/, мөн тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 244 дүгээр цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт /хх-ийн 6-8-р тал/, Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар “Хүмүүжүүлэгчийн туслах ажиллуулах тухай” тушаал /хх-ийн 10-12-р тал/, гэрч Ж.Б-ын  мэдүүлэг болон 1989 оны хүн амын тооллогын Ц овогтой Ж-ийн өрхийн  тооллогын хуудас /хх-ийн 45-р тал/, Ж.А-ийн төрүүлсэн хүү Ө.Б-ийн төрснийг бүртгэх анкет /хх-ийн 48-р тал/, 1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Д.Ө, Ж.А нарын гэрлэснийг бүртгэх анкет  /хх-ийн 26-р тал/ зэрэг баримтуудад түүний ажилласан байдлын талаар тэмдэглэгдсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

    3.2. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу Ж.Агийн Увс аймгийн 8 дугаар цэцэрлэгт 1984 оны 1 дүгээр сараас 1988 оны 7 дугаар сарыг дуустал ажиллаж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол  болон тайлбартаа: “Улаангом сумын 8 дугаар цэцэрлэг, одоогийн 5 дугаар цэцэрлэгийн 50 жилийн ойд зориулсан номонд түүний зураг болон Ж.А 1984-1995 он хүртэл ажилласан гэж бичигдсэн байна. Мөн шүүх нэхэмжлэгчээс гаргасан өгсөн Ж.А-ийн хөдөлмөрийн дэвтрийг үнэлээгүй нь буруу байна” гэх боловч энэхүү тайлбарыг хүлээн авах бодит үндэслэл тогтоогдсонгүй.

       Хэрэгт, Ж.А нэртэй, 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдөр олгосон гэх бичилттэй, хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 13-р тал/-ийн хуулбар авагдсан байх ба хөдөлмөрийн дэвтрийг эхээр нь шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байх тул хуулбар баримтыг үнэлэх нь учир дутагдалтай байна. Давж заалдах шатны шүүхээс өмнө нь тус хэргийг хянахдаа хөдөлмөрийн дэвтрийг жинхэнэ эх хувиар нь шинжлэн судлах шаардлагатай талаар дурдсан боловч нэхэмжлэгч тал хөдөлмөрийн дэвтрийг эхээр нь шүүхэд гаргаж ирүүлээгүй буюу нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

    Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой боловч хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх нотлох баримт цуглуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв.

       Түүнчлэн, Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгийн 50 жилийн ойд зориулсан, “Багачуудын ертөнцийн бахдам түүх” номд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байх ба уг номын “Цэцэрлэгийн ахмадууд” хэсэгт, “Ж.А 1984-1995 он” гэх бичвэр, гэрэл зургийн хамт тавигдсан байх боловч зөвхөн тухайн номын бичвэрийг үндэслэн Ж.А-г 1984 оноос эхлэн уг цэцэрлэгт ажиллаж байсан гэж үзэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангалттай бус байх бөгөөд түүнийг 1984 оноос ажилласан болохыг нотолсон өөр бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

   4. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг олж цуглуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан баримтуудаар хүсэлт гаргагчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.             

      5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

        6. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

   7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээх үндэслэлтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2024/00576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                           ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АЛТАН

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ӨМИРБЕК

                                            ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ