Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 10

 

 ****ад холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, Танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 700 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1041 дүгээр магадлалтай,  ****ад холбогдох 2111015000963 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ****, 1989 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3,

урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтуудад тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. 

2. Шүүгдэгч ****нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд хөрөнгө хууль бусаар хулгайлахыг завдсан болон хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ. 

3. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхшүүгдэгч ****ыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан болон хулгайлан авч нийт 4,792,060 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****ад 2 жил 11 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан ****ын урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 2 хоногийн хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 7 жил 6 сар 02 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус журамлан ****ын цагдан хоригдсон нийт 108 хоногийг түүний биечлэн эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч ****аас нийт 2,769,610 төгрөгийг гаргуулж, хохирогч ****од 490,000 төгрөг, ****д 360,000 төгрөг, ****д 408,000 төгрөг, ****д 1,223,610 төгрөг, ****ид 270,000 төгрөг, ****ад 18,000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна. 

4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ****ад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 4 жил 7 сар 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 11 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 6 сар 2 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... цагдан хоригдсон нийт 108 хоногийг...” гэснийг “...цагдан хоригдсон нийт 115 хоногийг...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын 2022.09.05-ны өдрөөс 2022.11.01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ. 

5. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч **** гаргасан гомдолдоо:“Анхан шатны шүүх 7 жил 6 сар 2 хоногийн хорих ялаар шийтгэсэн. Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр арын 22-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 2 хоног нь 5 жилээс дотогш орсон буюу 2021 оны Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан боловч анхан шатны шүүх тус ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг маш их дордуулсан. Давж заалдах шатны шүүхэд урьд авсан ялыг эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 2 хоногийг өршөөлд хамруулж өгөх талаар гомдол гаргасан боловч мөн эрх зүйн байдлыг доройтуулсан буюу дээрх ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольсон боловч шүүх хурал завсарлаж ороод буцаан хорих ял болгон шийдвэрлэсэн. Миний бие тус зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй, тухайн үед хоригдож байсан байтал хэт яллах талыг баримталсан. Өмнө нь өршөөлд хамрагдаж байгаагүй байхад нэг удаа өршөөл үзэх эрхийг минь хангаагүйд маш их гомдолтой байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж урьд авсан ялын эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 2 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэжээ.

6. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **** нь 2021.11.13-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн ****** хорооны нутаг ****** гэх газарт ****, ****, ****, ****, **** нарын зуслангийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан, мөн ****ийн байшинд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгч ****ад 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 670 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэхдээ 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй. Учир нь шүүгдэгч ****ын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан тул түүнд 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь уг өршөөлд хамрах боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Харин шүүгдэгчийн хувьд уг ялаас 1 сарын хорих ялыг эдэлж дууссанаар хорих ангиас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.5-д зааснаар “Энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заасны дагуу хамрагдах байтал 2022.05.20-ны өдөр энэ гэмт хэрэгт шалгах шаардлагатай болж, хорих ангиас ялын тооцоо бодуулан, яллагдагчаар үргэлжлүүлэн хорьсон байна.

6.1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ өмнөх эдлээгүй үлдсэн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 11 сарын хорих ялыг нэмж нийт 7 жил 6 сар 2 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг өөрчлөн ****ад өмнөх 670 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 2 хоногийн хорих ялыг Өршөөлийн хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон боловч магадлалын 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан хорих ял болгон өөрчилж, шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 11 сарын хорих ялыг нэмж нийт 7 жил 6 сар 2 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг 6 удаагийн үйлдэл нь өмнөх шийтгэх тогтоолоос өмнө буюу 2021.11.13-ны өдрөөс 22-ны өдрийн өмнөх 6 удаагийн үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хорих ялаар солих үндэслэлд хамаарахгүй. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан атал Өршөөл үзүүлэх тухай хуулийг харилцан адилгүй хэрэглэж болохгүй юм. Тийм учраас шүүгдэгч ****ад холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны магадлалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан шүүгдэгч ****ын гомдлыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 812 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. 

8. Шүүгдэгч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч **** нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг 5 удаагийн төгссөн, 1 удаагийн завдсан байдлаар үйлдсэн болохыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

9. Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог учиртай.

Хоёр шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхээс ****ад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоосон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж ****ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлаж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

9.1. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа болон мөн хуулийн 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдоогүй тохиолдолд хууль сахиулагч, прокурорын хувьд хязгаарлагдмал байдаг.

Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаардаг болно. 

Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэгтгэж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.

9.2. Шүүгдэгч **** нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 22-ны өдрийн хооронд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь уг шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3-т заасан үндэслэл, журмын дагуу ****ын үйлдсэн энэ гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтоосон нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх ****ын цагдан хоригдсон хоногийг зөвтгөсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

10. Харин давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ****ад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах”-аар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал:

10.1. Өршөөл үзүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн этгээдийг эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлдөг, мөн хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольдог онцгой ажиллагаа юм.

Тиймээс нэг удаагийн үйлчлэлтэй Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт, үйлчлэх цаг хугацаа, хүрээ, өршөөл үзүүлэх хэлбэр, хэмжээ, өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал, хууль хэрэглэх журам зэргийг хууль тогтоогч тусгайлан зохицуулдаг.

10.2. Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна” гэж заасан буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүгдэгч ****ын гэмт үйлдэл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон байх шаардлагагүй болно.

Шүүгдэгч **** энэ гэмт хэргийг үйлдэхээс өмнө буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр арын 22-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг илтэд зөрчиж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул магадлалын 1, 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

11. Шүүгдэгч ****ын хяналтын журмаар гаргасан гомдолд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар дурьдаагүй боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйл, 40.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн хянах эрх хэмжээнд хамаарна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ****ын үйлдсэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг 5 удаагийн төгссөн, 1 удаагийн завдсан байдлаар үйлдсэн хэргүүдийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хэргийн зүйлчлэлд багтаан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүх ****ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэх ёсгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим түүний эх сурвалжийг тодруулан хуульчилсан байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл”, мөн хуулийн 28.1.3-т “зүйлийн доторх хэсэг”, 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх”, 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт “Нэр томьёо нь тодорхой утга агуулгаар зөвхөн нэг бүлэг, зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолт, тайлбарыг холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтын дотор байрлуулж болно” гэж тус тус зааснаас үзвэл аливаа хуулийн зүйл, хэсэг хоорондоо уялдаа холбоо, дэс дараалал бүхий бие даасан утга санааг илэрхийлэхгүй, хуулийн зүйл нь үндсэн ойлголтыг бүрдүүлэх бөгөөд хэсэг, заалт нь түүнийг тодотгосон байхаас гадна нарийвчилсан байхаар зохицуулан хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрдүүлэг “Байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх шаардлага нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол тусгай давталт гэж үзэж, гэмт этгээдийн үйлдэл эдгээр зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх шинжүүдийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх ёстой. 

Энэ тохиолдолд нэг төрлийн хоёр үйлдлийг тус бүрд нь зүйлчлэх шаардлагагүй бөгөөд тухайн гэмт төгссөн, завдсанаас үл хамаарч аль хүнд ялтай зүйл, хэсэг, заалтад багтаан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэхээс гадна хууль зүйн ойлголт, түүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үздэг болно.

Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй” , Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй...” гэсэнтэй нийцэх юм.

12.1. Шүүгдэгч ****ын үйлдсэн 6 удаагийн хулгайлах гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.  

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул **** нь нэр бүхий 6 хохирогчийн хулгайлсан, завдсан гэмт хэргүүдэд тус хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлах шаардлагагүй болно.

12.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ нь ихэнхдээ тухайн хуульд заасан ойлголтуудын агуулгыг тодорхойлох, зохицуулах, заах шинжтэй байдаг бол зарим тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг шууд хэрэглэх нөхцөл, үндэслэл, журмыг тодорхойлж сонголтгүйгээр шууд хэрэглэгдэх, заавал биелэгдэх шинжтэй байдаг.

Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд төгсөөгүй гэмт хэргийн хууль зүйн ойлголт, түүндэрүүгийн хариуцлага оногдуулах хэмжээ болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй нөхцөл байдлыг нарийвчлан хуульчилжээ.

Хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн этгээд аль нэг үйлдлийг завдсанаас үл хамаарч төгссөн үйлдэлд нь нэгтгэн зүйлчилж, нэг л удаа эрүүгийн хариуцлага оногдуулдаг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Шүүгдэгч ****ын үйлдсэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн 5 удаагийн төгссөн, 1 удаагийн завдсан хэргүүдийг анхан шатны шүүх зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх ойлголтыг төрүүлэхүйцээр болжээ.

Түүнчлэн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан тохиолдолд шүүгдэгч ****ын 2021.11.22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэр ****** зуслангийн задгайд байрлах хохирогч ****ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалж дотогш нэвтрэн хулгайлах гэмт үйлдэл хийхийг завдсан үйлдэлд хуульд заасан хэмжээнд эрүүгийн хариуцлага тусад нь оногдуулж, төгссөн гэмт хэрэгт оногдуулсан ялд нэмж нэгтгэх тул түүний эрх зүйн байдал дордох юм.

Шүүгдэгч ****ын үйлдсэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн 5 удаагийн төгссөн, 1 удаагийн завдсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан зүйлчлэлд багтаан шүүх шийдвэрлэсэн нь оновчтой болсон байх тул  уг хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах шаардлагагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах журмаар дээрх алдаануудыг залруулах боломжтой тул зөвтгөж шийдвэрлэв.

13. Шүүгдэгч ****ын “...өршөөлд хамрагдаж байгаагүй байхад нэг удаа өршөөл үзэх эрхийг минь хангаагүйд маш их гомдолтой байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж урьд авсан ялын эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 2 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдол энэ тогтоолын 10 дугаарт дурдсан үндэслэлээр хангагдахгүй болно.

14. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан...” гэсэн хэсгийг хасаж, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч ****ын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан...” гэснийг хасаж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1041 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ****ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

                                    

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАТДЭЛГЭР 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Ч.ХОСБАЯР 

                  ШҮҮГЧИД                                               Б.БАТЦЭРЭН 

                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ           

                                                                                              Б.ЦОГТ