Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2018/0548/З |
Дугаар | 221/МА2020/0065 |
Огноо | 2020-01-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2020/0065
Э С П С Ж А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 782 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Э С П С Ж А”-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яаманд хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 782 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 52 дугаар зүйлийн 52.2.3, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э С П С Ж А”-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 2016, 2017 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлыг төлөхгүй хугацаа алдуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2016, 2017 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлыг тооцоог нийлж олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан гомдолдоо: “...2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр гэрээ болон 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаартай нэмэлт гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шинэчилсэн байгуулсан 147 дугаартай гэрээнд гэрээний хугацааг “замын барилгын ажлыг дуусах хүртэл” гэж тодорхой заасан байна" гэж гэрээний хугацааг дүгнэсэн боловч уг гэрээнүүдийн “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын хяналтын зөвлөх үйлчилгээний 41 дугаартай гэрээний 3 дахь заалт “... 827 192 0477 /найман зуун хорин долоон сая нэг зуун ерэн хоёр мянга дөчин долоон/ төгрөг /цаашид “гэрээний үнэ” гэх /-өөр гүйцэтгэхээр ирүүлсэн Зөвлөхийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв” гэх заалт, мөн гэрээний “А. Төлбөрийн дээд хэмжээ: Захиалагч нь Зөвлөхийн саналд заасан үйлчилгээний төлбөрийг 827 192 047 төгрөгөөс үл хэтрүүлэн Зөвлөхөд төлнө” гэсэн гэрээний төлбөртэй холбоотой заалтад дүгнэлт хийгээгүй зөвхөн гэрээний хугацаанд дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарч чадаагүйг нотолж байна.
Талуудын байгуулсан “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г он дарааллаар нь дурдсан боловч тухайн гэрээний үнэ, гэрээний хугацаатай холбоотой заалтад дүн шинжилгээ хийгээгүй, шүүхийн шийдвэрт үндэслээгүй зэрэг нь тухайн шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүйг нотолж байна.
2015 оны 147 дугаар гэрээний 3.1-д “Санхүүжилтийн зориулалт: Засгийн газрын 2013 оны 96 болон 142 дугаар тогтоолоор батлагдсан авто замын барилгын хяналтын зөвлөх үйлчилгээний төслүүдийг санхүүжүүлэх" гэх заалт, мөн гэрээний 3.2-т “Захиалагч нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын хяналтын зөвлөх үйлчилгээг Таван зуун сая төгрөгөөр /500.000.000/ /цаашид гэрээний үнэ” гэх/ гүйцэтгэхээр Зөвлөхийн ирүүлсэн саналыг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно" гэх заалтууд нь гэрээний нийт үнэ, гүйцэтгэлийн талаар тохирсон байгааг нотолж байхад шүүх “зардлыг төлөөгүй хугацаа алдуулж байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
“Хариу тайлбарт төлөх үндэслэлгүй гэж маргаж буй нь ойлгомжгүй байна” гэсэн нь шүүх шийдвэрээ гаргахын тулд хэргийн нотлох баримтад дүн шинжилгээ хийгээгүйтэй холбоотой байна. Уг хэргийн материалд байгаа гэрээнүүдэд “гэрээний үнэ, гэрээний үргэлжлэх хугацааг” тохирсон байтал шүүгч дахин төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтад нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэстэй байна
Мөн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үндсэн дээр талууд тохиролцож гэрээ байгуулсан байх тул зөвлөхөөр оролцохоор ”Э С П С Ж А” ХХК-ийн ирүүлсэн "үнийн санал”-ыг нь үндэслэж сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан байгаад шүүх дүгнэлт хийлгүй “ хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэн мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.3-д “шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох” гэж заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Э С П С Ж А”-аас гурван шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа нэхэмжлэлийн шаардлагаа “2016, 2017 онуудад Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын барилгын ажилд тавигдсан техник технологийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал болох нийт 1,325,000,013 төгрөгийг төлөхгүй хугацаа алдуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, уг ажлын зардал болох 1,325,000,013 төгрөгийг олгохыг даалгах” гэж тодруулж, уг шаардлагыг анхан шатны шүүхээс захиргааны гэрээтэй холбоотой захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй байгаа эсэхтэй холбогдуулан гаргасан маргаан гэж үзэж хүлээн авч шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээдээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016-2017 онуудад хийгдсэн техник, технологийн хяналтын ажилд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, яамны албан ёсны хүсэлтээр бид 143 км замын хяналтын ажлыг саадгүй хэрэгжүүлсэн. Өндөрхаан-Чойболсон чиглэлийн 143 км автозамд 2016, 2017 онуудад техник, технологийн хяналт хийсэн ажлын зардал болох нийт 1,325,000,013 төгрөгийг авч чадахгүй байна” гэж, хариуцагчаас “...захиалагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулалгүй шууд 1,325,000,013 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн. Гэрээнд заасан санхүүжилтээ бүрэн авсан...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э С П С Ж А нь “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх захиалагч, зөвлөхийн хооронд байгуулсан 41 тоот гэрээ”-г 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, тус гэрээний “А” Төлбөрийн дээд хэмжээ: Захиалагч нь зөвлөхийн саналд заасан үйлчилгээний төлбөрийг бүх зардал, татвар ороод 827,192,047 төгрөгөөр тогтоож, гэрээний тусгай нөхцөлд барилгын ажил дуустал үргэлжилэх бөгөөд баталгаат засварын хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болохоор зааж, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41 тоот гэрээний нэмэлт гэрээ болох 03 тоот гэрээг байгуулж, замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хугацааг ажил дуусах хүртэл сунгахаар, зөвлөх үйлчилгээний зардалд 418,000,000 төгрөг байхаар тусгаж, мөн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын барилгын хяналтын зөвлөх үйлчилгээний ажлын 147 дугаар гэрээг байгуулж, ажлыг дуусахаар төлөвлөсөн өдөр нь автозамын барилгын хугацаатай адил байхаар, гэрээний төлбөрийн хэмжээг 500,000,000 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцож, уг гэрээ болон нэмэлт гэрээний дагуу санхүүжилт олгогдсон болох нь тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хуулийн этгээдэд хохирол учирсан тохиолдолд тухайн хуулийн этгээд захиргааны байгууллагаас хохирлоо нэхэмжлэх шаардах эрх үүснэ.
Энэ тохиолдолд шүүхээс захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай.
Хэрэгт авагдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр гэрээ[1], уг гэрээний нэмэлт гэрээ болох 3 дугаар гэрээ[2], мөн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаар гэрээ[3]-нүүдээс үзэхэд гэрээний хугацаа нь тухайн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын барилгын ажил дуусах хүртэл хугацаагаар байгуулагдаж, мөн уг хугацаагаар сунгагдсан нь тогтоогдож байх тул 2016, 2017 онуудад өмнө байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй байсан гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх захиргааны гэрээнүүдийн дагуу нийт 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээ бүрэн авсан атлаа тухайн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын барилгын ажилд 2016, 2017 онуудад техник, технологийн хяналт хийсэн ажлын зардалд дахин 1,325,000,013 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн “...гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэсэн заалтууд нь гэрээний нийт үнэ, гүйцэтгэлийн талаар тохирсон байгааг нотолж байхад “зардлыг төлөөгүй хугацаа алдуулж байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус... гэсэн нь үндэслэлгүй...” гэсэн гомдол үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгчээс ажлын зардал болох 1.325.000.013 төгрөгийг хариуцагчаас тооцоо нийлж зөвшөөрсөн албан бичиг байгаа гэх боловч хариуцагчийн төлөөлөгчөөс уг албан бичиг нь эрх бүхий биш этгээдээс нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд зөвлөх үйлчилгээнд 2011-2015 онд 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан, энэ нь өмнө хийгдсэн гэрээний дагуу олгогдсон, гэрээнд уг зардлыг ажил дуустал хүртэл гэж оруулсан зэргээс дүгнэхэд ямар нэгэн гэрээ байгуулаагүй нөхцөлд хариуцагчийг гэрээнд тусгагдаагүй зардлыг төлөхгүй байна гэж буруутгах үндэслэлгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс үл шалтгаалах асуудлаар замын гүйцэтгэлийн ажил удааширсан боловч өмнөх гэрээний үйлчлэл ажил хийгдэж дууссанаар дуусгавар болсон, хариуцагчтай дахин гэрээ байгуулаагүй, мөн ажил гүйцэтгэх объект болох Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын уртын хэмжээ болон бусад нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад дахин санхүүжилт гэж 1,325,00,013 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг хүлээн авах боломжгүй, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдэд хохирол учруулсан гэж үзэхээргүй байна.
Гэтэл анхан шатны шүүх “...авто замын барилгын ажилд 2016, 2017 онд техникийн хяналт хийлгэсэн байх тул зөвлөх үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй, хяналтын зөвлөх үйлчилгээний зардлыг төлөөгүй хугацаа алдуулж байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна. ...уг замын барилгын ажлыг улсын комисс хүлээж авсан байх тул гүйцэтгэсэн ажлын зардлыг төлөөгүй хариуцагчийн эс үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй...” хэмээн хуулийг буруу тайлбарлан, буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мөн зөвлөх үйлчилгээний зардлыг тооцоо нийлж олгохыг даалгаж шийдвэрлэсэн атлаа зардлын хэмжээг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан нь ойлгомжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э С П С Ж А-аас Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан “...2016, 2017 онуудад Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын барилгын ажилд тавигдсан техник технологийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал болох нийт 1,325,000,013 төгрөгийг төлөхгүй хугацаа алдуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, уг ажлын зардал болох 1,325,000,013 төгрөгийг олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр тал,
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал,
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар тал,