Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2024/0091

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн

 газрын татварын улсын байцаагч нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      М.Батсуурь

Танхимын тэргүүн:   Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                          Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:            Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0940 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0429 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 291 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар актаар 25,617,677,792.54 төгрөгийн зөрчилд 678,518,113.34 төгрөгийн нөхөн татвар, 213,209,023.14 төгрөгийн торгууль, 144,440,738.55 төгрөгийн алданги, нийт 1,036,167,875.03 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч, үндэслэлээ “... татварын хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн байх бөгөөд хяналт шалгалт хийх журам зөрчсөн ... татварын байцаагч нар АМНАТ төлөгч мөн эсэхэд зөв дүгнэлт хийлгүй ... 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, 47.3.3, 47.5 дахь хэсгийг хэрэглэж манай компанийг ... АМНАТ төлөгч гэсэн нь үндэслэлгүй” зэргээр тайлбарлан маргаж байна.  

Анхан шатны шүүхийн шийдвэр:

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0940 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0429 дүгээр магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дараах үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргажээ.

6.1.Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан шийдвэр үндэслэлгүй болох тухайд: Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон маргаж буй асуудлаар дэлгэрэнгүй тодруулга хийж хавтаст хэрэгт хавсаргасан. Мөн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр “Талуудад хүсэлт байгаа эсэхийг тодруулах” үе шатанд нэхэмжлэгч “... дээрх тодруулсан шаардлагатай холбоотой тайлбарыг хариуцагч ирүүлээгүй байх тул түүнийг авах шаардлагатай байгаа” тухай хүсэхэд хариуцагч “... удирдамж, томилолттой холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа. Үүнтэй холбоотойгоор шүүх хуралдаанд тайлбар гаргаж өгөх боломжтой. ... Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой бөгөөд холбогдох тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргах боломжтой” гэж тайлбарласан. Иймээс нэхэмжлэгч “шинээр гаргаж өгөх нотлох баримт” байгаа эсэхийг тодруулах үе шатанд хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тодруулгатай холбоотой гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэдгийг ойлгосон тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Мөн шүүгч энэхүү нөхцөл байдлыг ойлгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт заасан “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” тухай зохицуулалтыг тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

6.2.Мөн хариуцагч нь “... Татварын хяналт шалгалт хийх удирдамжид 2 баримтыг ирүүлээгүй. Олон хүмүүс болон олон аж ахуйн нэгжүүдийн нэр жагсаалттай байгаа юм. Энэ нь тухай аж ахуйн мэдээллүүдийн нууцтай холбоотой юм” хэмээн тайлбарласан, 128/ТМ2023/4000 дугаартай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дэх тал. Ийнхүү хариуцагч нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасан “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй” тухай заалтыг өөрийн хүсэлтээр биелүүлээгүй буюу ийм баримтыг огт гаргах боломжгүй тухай тайлбарлаж байхад давж заалдах шатны шүүх энэхүү нотлох баримтыг заавал гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

6.3.Иймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

6.4.Хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн тухайд: Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... талуудын маргаагүй, маргаж буй асуудалтай хамааралгүй, нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар болон хэрэгт буцаах үндэслэл болсон нотлох баримтууд цугларсан байхад хэргийн гол маргаан үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн…” хэмээн гомдол гаргасан байна. Мөн хариуцагч тал нь татварын хяналт шалгалтыг тусгай удирдамж, томилолтоор хийсэн, хавтаст хэрэгт хавсаргасан, нэхэмжлэгчид танилцуулсан, уг асуудлаар маргаагүй болох нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас тодорхой харагдана гэх мэтээр гомдлын үндэслэлээ тайлбарлажээ.

6.5.Гэтэл нэхэмжлэгч “Татварын хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн” хэмээн маргасан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, хэрэгт хавсаргасан тухай дээр дурдсан. Учир нь хариуцагчийн хэрэгт хавсаргасан тусгай удирдамж гэх баримт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт төлөвлөгөөт бус, хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд тусгах зүйлийг нарийвчлан заасан заалтыг зөрчсөн байдаг. Тухайлбал, а) Удирдамжийг баталсан он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар байхгүй, б) Шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр байхгүй, в) Шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч гэсэн хэсэгт “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын /ахлах/ байцаагч нарын бүрэлдэхүүн /Хавсралт-1/-тэй хийж гүйцэтгэнэ” гэсэн байх боловч энэ байгууллагаас хэн гэдэг ахлах байцаагч оролцож, ямар хяналт шалгалт явуулсан нь тодорхойгүй байна, г) мөн шалгалт эхлэх болон дуусах хугацааг ч заагаагүй болно. Ийнхүү хэрэгт байх тусгай удирдамж гэх баримт нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг зөрчсөнөөс гадна түүний хавсралт 1, 2 гэх баримтууд хэрэгт огт авагдаагүй болно.

6.6.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалт хийх журам зөрчсөн тухайд: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ”, 5.7 дахь хэсэгт “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заажээ. 

6.7.Харин Том татвар төлөгчийн газар нь хуулийн дээрх заалтыг биелүүлээгүй буюу шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын /ахлах/ байцаагч нь хэн гэж хүн байсныг танилцуулаагүйгээс гадна удирдамж /ерөнхий ба тусгай/, түүний хавсралтууд ба хяналтын хуудасны 1 хувийг өгөөгүй юм. Мөн татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдээгүй буюу мэдэгдсэн тухай баримт хэрэгт байхгүй байна. Хэрэгт хавсаргасан удирдамжийн 6.2.2 дахь хэсэгт “... хяналт шалгалтын үр дүн, нэгтгэл тайланг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор гарган Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагад танилцуулна” гэсэн байх боловч танилцуулсан тухай баримт хэрэгт байхгүй болно.

6.8.Татварын хяналт шалгалтыг хүчингүй болсон журмаар гүйцэтгэж, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн тухайд: 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт бус, хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг “Э” ХХК-д хийх” тухай 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн томилолтын 7 дахь хэсэгт зааснаар Татварын хяналт, шалгалт эхлэх, зарцуулах хугацааг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 22 ажлын өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар байна. Иймээс хяналт, шалгалт хийх хугацаанд Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” /Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам/ А/39 дүгээр тушаал үйлчилж байжээ. Гэвч энэхүү А/39 дүгээр тушаал, түүний хавсралтууд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Журам, маягт батлах тухай” /Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам/ А/70 дугаар тушаалын 3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болсон. А/70 дугаар тушаалаар А/39 дүгээр тушаалыг хүчингүй болгохдоо хүчингүй болох өөр хугацаа заагаагүй, харин 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөө хүчингүй болсон байна. 2022 оны “Журам, маягт батлах тухай” /Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам/ А/70 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5904 дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаарт нийтлэгдсэн.

6.9.Иймээс А/39 дугаартай тушаал, түүний хавсралтууд хүчингүй болсон өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байх тул энэхүү акт нь хүчин төгөлдөр бус акт юм.

6.10.Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж, нийтээр дагаж мөрдөөгүй хууль, журмыг буцаан хэрэглэж татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тухайд: “Э” ХХК нь ашиг олох, борлуулах зорилгоор төмрийн хүдрийг худалдаж аваагүй бөгөөд гадаад улсын иргэн хуулийн этгээдэд худалдаагүй, худалдах зорилгоор гаалийн хилээр гаргаж экспортлоогүй юм. Харин “Э” ХХК нь төмрийн хүдэр худалдах, худалдах авах үйл ажиллагаанд зуучилж гэрээний талуудыг холбох, гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх мөн худалдан авагчтай “Төмрийн хүдэр тээвэрлэх гэрээ” байгуулсны үндсэн дээр түүний худалдан авсан төмрийн хүдрийг ачуулах үйл ажиллагааг эрхэлсэн ба энэхүү ажлын орлогыг хүлээн авч, зориулалтын дагуу зарцуулсан.

6.11.Мөн энэхүү ажил гүйцэтгэсний улмаас олсон орлогоо тайландаа тусгасан. Энэ нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга, гэрээнүүд, тайлан зэргээр бүхэлдээ нотлогддог. Компанийн хувьд татварын байцаагч нарын зөвлөснөөр дээрх үйл ажиллагаанд 2019, 2020 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолыг удирдлага болгон тусгай зөвшөөрөл эзэмшигч Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн тайлан гаргаж, төлбөр төлсөн.

6.12.Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нар нь манай үйл ажиллагаанд хүчин төгөлдөр дагаж мөрдөөгүй хууль, түүнчлэн нийтээр дагаж мөрдөөгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн тайлан гаргаж, төлбөр төлөх тухай журмыг 2019, 2020 онд буцаан хэрэглэж татвар төлөгч манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн НА-21220000021 дугаартай актаар нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

6.13.Учир нь 2019, 2020 оны 06 дугаар сар хүртэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн тайлан гаргахтай холбоотой Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд энэ журамд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн тайлан гаргаж, төлбөр төлнө гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх болон Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нар нь 2019 оны 06 дугаар сард Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд болон мөн 2020 оны 06 дугаар сараас нийтээр дагаж мөрдөж эхэлсэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 342, 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмыг манай компанийн худалдах, худалдан авах ажиллагаанд зуучилж, бусдын худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлүүлэх ажил гүйцэтгэхдээ 2019, 2020 онд нийт 945 ширхэг гаалийн бүрдүүлэлт хийсэн үйлдэлд Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж “экспортлогч” гэж дүгнэсэн.

6.14.Тодруулбал, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг хамарсан хяналт, шалгалт хийсэн бөгөөд шүүх татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцсонтой холбоотой маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцүүлээгүйн дээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд “Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй” байх суурь зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна.

6.15.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт буюу “Ашигт малтмал экспортолсон этгээд” гэсэн хуулийн заалт болон Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдан авахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд...нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” гэх заалтыг хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж манай компанийн үйл ажиллагааг ангилж ялгалгүйгээр экспортлогч, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан гэж 2019 оны үйл ажиллагаанд хуулийг буцаан хэрэглэж, мөн 2020 оны үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй журмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн тайлан гаргаж, төлбөр төлөх ёстой гэсэн нь үндэслэлгүй байна.

6.16.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47.6 дахь хэсэгт /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөгдсөн/ хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн тооцох тухай Засгийн газрын 2019 оны 342, 465 дугаар тогтоолоор батлагдсан журам нь гарсан өдөр болох 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хүчинтэй үйлчлэх ч 2020 оны 06 дугаар сард нийтлэгдсэнээс хойш буюу нийтээр дагаж мөрдөх ёстой тул “Э” ХХК-ийн 2019, 2020 оны 06 дугаар cap хүртэлх үйл ажиллагаанд буцаан хэрэглэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн төлбөр тогтоосон нь буруу юм.

6.17.Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын гаалийн экспортын мэдээ, Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтүүд, татварын албаны татварын удирдлагын нэгдсэн системд илгээсэн, тайлагнасан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн 2019, 2020, 2021 оны тайлан, ногдуулалт, төлөлтийн мэдээ зэрэг баримтын хүрээнд нөхөн ногдуулалтын акт тогтоосон тухайд: Татварын байцаагч нар “Танай компани ашигт малтмал экспортолсон гэдэг нь гаальд мэдүүлж бүрдүүлэлт хийснээр нотлогдоно” гэдэг. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.7, 3.1.8 дахь заалтуудаас харахад гаалийн бүрдүүлэлт хийсэн бол экспортлогч гэж үзэх агуулгагүй байх бөгөөд гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад аливаа этгээд мэдүүлж болохоор байна. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт “Татвар төлөгч гэж Монгол Улсын Гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээд” гэж заасан байх тул гаалийн байгууллагад бараа мэдүүлж байгаа аливаа этгээд гаалийн татвар төлөх үүрэгтэй байна. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөх үүрэгтэй этгээдийг Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан зохицуулсан тул ашигт малтмалыг гаалийн хилээр нэвтрүүлсэн этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөх үүрэгтэй гэж үзэхээргүй байна.

6.18.Татварын албаны татварын удирдлагын нэгдсэн системд илгээсэн, тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн 2019, 2020, 2021 оны тайлан, ногдуулалт зэргээр нотлогдох тухай тайлбарладаг. Гэтэл гаалийн хилээр нэвтрүүлсэн ашигт малтмал нь ачуулах ажил гүйцэтгэсэн компани болох “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэнийг хянаж шалгаагүй. Мөн татварын байцаагч нар татвар төлөгчийг шахаж, шаардаж гэрээний үнээр тайлан гаргуулсан боловч тайлагнасан л бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч гэж дүгнэсэн. Ийнхүү хяналт, шалгалтыг хуульд нийцүүлэн шударга, тодорхой, үр ашигтай, зайлшгүй байх зарчмыг зөрчиж хийсэн. Иймээс "Э" ХХК-д *** тоот актаар 678,518,113.34 төгрөгийн нөхөн татвар, 213,209,023.14 төгрөгийн торгууль, 144,440,738.55 төгрөгийн алданги, нийт 1,036,167,875.03 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй юм.

6.19.Иймд хариуцагчид байхгүй нотлох баримтыг гаргуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй бөгөөд харин түүний хууль зөрчсөн үйл ажиллагаа ба хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдал, түүнийг нотолсон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т дараах үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргажээ.

7.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.4 дэх заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэхдээ талуудын маргаагүй, хэрэгт буцаах үндэслэл болсон нотлох баримтууд цугларсан байхад хэргийн гол маргаан үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна.

7.2.Тодруулбал, давж заалдах шатны шүүх нь маргаж буй үндэслэлд хамааралтай нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь гол маргаж буй асуудалтай хамааралгүй, талуудын маргаагүй, нэхэмжлэлд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хууль ёсны шийдвэр болоогүй, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болжээ гэж үзэж байна.

7.3.Түүнчлэн татварын алба нь татварын хяналт шалгалтыг тусгай удирдамж, хяналт шалгалтын томилолтоор хийсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсаны зэрэгцээ, давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаах үндэслэлдээ тусгай удирдамжийн холбогдох заалтыг дурдсан нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзсэн үндэслэл няцаагдана.

7.4.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу тусгай удирдамжаар, хяналт шалгалт хийх томилолтоор татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б нарыг томилж шалгалтыг хийсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.

7.5.Хяналт шалгалтын тусгай удирдамж болон томилолтыг татвар төлөгчид танилцуулж хүргүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б нар нь манай компанийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамж, 2122501507 тоот томилолтоор /эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн/ шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэсэн” гэж тодорхойлсноос үзвэл хяналт шалгалтыг тусгай удирдамжаар хийсэн хяналт шалгалтын томилолтыг татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б нарт олгосон, түүнчлэн дээрх 2 баримттай танилцсан, уг асуудлаар маргаагүй, болох нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас тодорхой харагдана.

7.6.Түүнчлэн татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд татварын алба хяналт тавихаар Татварын ерөнхий хуульд хуульчилж өгсөн бөгөөд татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааг татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмаар нарийвчлан зохицуулсан бөгөөд хяналт шалгалтыг томилолтод заагдсан байцаагчид хийхээр зохицуулсан нь хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт хийгдсэн болох нь тодорхойлогдоно.

7.7.Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талууд мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас тайлбар гаргаж, нотлох баримтуудыг шүүхэд хүргүүлсэн, анхан шатны шүүхээс нэхэмжлэлд хамааралтай нотлох баримтуудыг, түүнчлэн давж заалдах шатны шүүхээс буцаах үндэслэл болсон тусгай удирдамж, хяналт шалгалтын томилолтыг бүрдүүлэн хавтаст хэрэгт нотлох баримтаар авсан байхад талуудын маргаагүй асуудлыг, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг үндэслэл болгож шийдвэрлэж байгаад гомдолтой байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 291 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9.Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, мөн хуулийн 121.3.1-121.3.7 дахь заалтад давж заалдах шатны шүүх ямар тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлүүдийг жагсаан хуульчилсан байна.

11.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

12.Ингэхдээ магадлалд “хяналт шалгалт хийх тусгай удирдамж гэх эрх зүйн баримт бичгийг хэзээ батлагдсан болох, огноо, дугаар нь юу болох асуудлыг тодруулаагүй”, “хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг баталсан 2 дугаар хавсралтыг шүүх хэрэгт нотлох баримтаар аваагүй”, “хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх байцаагч нарын бүрэлдэхүүнийг баталсан 1 дүгээр хавсралтыг шүүх хэрэгт нотлох баримтаар аваагүй” гэж дүгнэсэн байх боловч хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгийн агуулгаас үзэхэд хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

13.Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж, Татварын хяналт, шалгалтын үйл ажиллагааны журмын 3.4-т заасны дагуу “Хяналт шалгалтыг шаардлагатай тохиолдолд тусгай удирдамжаар хийж гүйцэтгэнэ ...” гэж заасны дагуу хяналт шалгалт хийх тусгай удирдамж баталсныг хэрэгт нотлох баримтаар авсан байх атал давж заалдах шатны шүүх хяналт шалгалтын тусгай удирдамжийг баталсан огноо, дугаар, хяналт шалгалт хийх байцаагчийн бүрэлдэхүүн, хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг баталсан хавсралтууд зэрэг хэргийн оролцогчдын байхгүй гэж тайлбарлаж буй баримтыг нэрлэн зааж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй.

14.Энэхүү хэргийн хувьд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ.

15.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, төрийн хяналт шалгалт хийх журам зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч Татварын ерөнхий хуульд татварын хяналт шалгалтын талаар тусгайлан зохицуулж, журамласан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

16.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” зэрэг гомдлыг гаргасан байх боловч давж заалдах шатны шүүх маргааны хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй байх тул хяналтын шатны шүүхээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын үндэслэл, агуулгын талаар нөхөн дүгнэж шийдвэрлэх боломжгүй байна.

17.Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0429 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.БАТСУУРЬ

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Д.МӨНХТУЯА

 ШҮҮГЧИД                                                                  Г.БАНЗРАГЧ

             Х.БАТСҮРЭН

             Ц.ЦОГТ