| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2024/00243/и |
| Дугаар | 224/МА2025/00009 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 224/МА2025/00009
Д.Д-ийн нэхэмжлэлтэй,
Увс аймгийн Э төвд холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152/ШШ2024/00573 дугаар шийдвэртэй,
Д.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Э төвд холбогдох, 2024 оны 01 дүгээр сараас хойш хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д /цахимаар/, хариуцагч Увс аймгийн Э төвийн дарга П.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 01 дүгээр сараас хойш хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь х сумын Э төвд 15 дахь жилдээ ажиллаж байгаа ба одоогоор амаржсаны амралттай байгаа. Би 2023 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод өөрийгөө эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлага гарсан тул хүндэтгэн үзэх шалтгаанаа бичиж хувийн чөлөө аваад Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод байх хугацаандаа 9 сараас эхлэн мэргэжлээ дээшлүүлэхээр шүдний сувилагчийн 3 сарын сургалтад суралцсан. Учир нь манай эрүүл мэндийн төвд шүдний эмч, сувилагч дутагдалтай байдаг. Уг сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төгсөж, сумандаа ирж ажилдаа орох гэтэл Э төвийн дарга П.Н нь намайг ажиллуулахгүй гэсэн. Тэгээд би дахин 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр П.Н-тэй уулзахаар очиход өөдөөс “чиний жирэмсний листийг илгээсэн байгаа, цаашдаа бусад зүйл хуулийн дагуу явна” гэж хэлээд намайг гаргасан. Ингээд би жирэмсний амралтаа авсан. Улмаар 10 хоногийн дараа Э төвийн нягтлан бодогчоос миний нийгмийн даатгал төлөгдөж байгаа эсэхийг асуухад төлөгдөхгүй байгаа, дарга төлөхгүй гэж хэлсэн гэх хариу өгсөн. Би П.Н-тэй утсаар ярьж, миний эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал яагаад төлөхгүй байгааг тодруулж удаа дараа асуухад төлөх боломжгүй гэдэг тодорхойгүй хариу өгдөг. Эрүүл мэндийн төвийн дарга П.Н нь намайг жирэмсний амралттай байх хугацаанд миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхгүй намайг хохироож байгаад би маш их гомдолтой байна. Иймд миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 2024 оны 01 дүгээр сараас хойш төлөгдөөгүй байгаа тул х сумын Э төвөөр нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч х сумын Э төвийн дарга П.Н-ийн татгалзал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.
4. Хариуцагчийн тайлбар, татгалзлын үндэслэл: Нэхэмжлэгч анх 2023 оны 8 дугаар сард Улаанбаатар хот руу явахдаа Э төвд албан ёсоор хүсэлт гаргаж чөлөө аваагүй. Д.Д-д чөлөө олгосон тушаал огт гараагүй, ажилдаа ирэхгүй алга болчихоор нь яасан талаар хамт олноосоо асуутал, Улаанбаатар хот руу шилжин амьдрахаар явсан гэх сураг дам хүмүүсийн ярианаас сонссон. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хувийн чөлөө авсан, мэргэжил дээшлүүлэхээр шүдний сувилагчийн 3 сарын сургалтад хамрагдсан талаар бичсэн байна. Албан ёсоор мэдэгдэж байгууллагын дотоод журамд зааснаар чөлөө олгосон шийдвэр гараагүй, явахаасаа өмнө чөлөө авах тухай хүсэлт гаргаагүй. Мөн манай байгууллагатай гэрээ байгуулан сувилагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаагүй болно. Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сараас хойш манай байгууллагад ажиллаж байгаагүй бөгөөд Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт ажиллаж байгаад листээ авсан. Лист нь манай байгууллагаас биш тухайн байгууллагаас нь олгогдсон тул амаржсаны амралттай байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг манай байгууллага биш тухайн ажил олгогч байгууллага төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152/ШШ2024/00573 дугаар шийдвэрээр:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 21.14-д зааснаар нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Увс аймгийн х сумын Э төвөөр нөхөн төлүүлж, нэхэмжлэлээс үлдэх 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн өмгөөлөгч миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, тус шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой зүйл, заалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хангалттай дүгнээгүй гэж үзэж байна.
6.2. Шүүх шийдвэртээ: “Хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй байх тул жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй гэж” үзсэн.
Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлахдаа, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байгаа талаар тайлбарлан маргасан. Мөн тус татгалзалтай холбоотой нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтуудыг яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон талаарх татгалзалтай холбоотой дүгнэлт хийхгүй орхигдуулсан атлаа хөдөлмөрийн харилцааг цуцлаагүй гэж үзэж байгаа нь анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч П.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сувилагч Д.Д 2023 оны 3 дугаар сараас 6 дугаар сарын хооронд хадам аавындаа золгохоор, мөн ээжтэйгээ золгоно гэх хувийн шалтгаануудаар Улаанбаатар хот руу явсан байдаг. Тухайн үед чөлөө авахгүйгээр явахдаа “намайг Улаанбаатар хот руу явсан гэж битгий хэлээрэй” гэж ээлжийн сувилагч н.Н-д хэлсэн байдаг. 2023 оны 8 сард мөн ажлаа таслаад явсныг надаас бусад нь мэдсэн байсан. Учир нь гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжихээр ах дүү нарыгаа цайлуулаад явсан байсан.
Эмнэлэг онцгой объект учраас ээлжийн сувилагч ажлын байраа орхих ёсгүй, тухайн өдөр хагас сайн өдөр байсан. Дараагийн ээлжийн сувилагч нь өөрийнх нь аавын төрсөн дүүгийн эхнэр болох н.О байсан. Миний зүгээс албан ёсоор чөлөө өгөөгүй, манай сувилагч нар ээлжийн амралтаа авсан байсан. Ээлжийн 4 сувилагч байдаг бөгөөд нөхөн гарах боломжгүй байсан. Нэхэмжлэгч нь Б гэх хувийн эмнэлэгтээ удаа дараа ажиллаж, тухайн байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөж цалин орсон байдаг.
Нэхэмжлэгчийн хувьд заавал удирдлагадаа мэдэгдэж албан ёсоор чөлөө авах ёстой. 2025 оны 1 сарын эхээр нэхэмжлэгч нь жирэмсний 8 сартайдаа манай эмнэлэг дээр ирсэн. Эрүүл мэндийн байгууллага жирэмсний 8 сартайд нь бүх эхчүүдэд лист олгодог, тэр журмаараа олгосон. Нэхэмжлэгч Д.Д-ийн хувьд тухайн ажиллаж буй байгууллага буюу Б эмнэлэг рүү лист нь илгээгдсэн. Нэхэмжлэгч Б эмнэлэгтэй хөдөлмөрийн харилцаанд орсон тул манай байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т: “ нэг болон түүнээс дээш сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байгаа энэ хуулийн 7.2.1, 2.2, 2.3-т ажилтан” гэх агуулгаар хуульчилсан. Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-т мөн хуулийн 7.2.4-т заасан даатгуулагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч байгууллагаас төлнө гэсэн зохицуулалттай байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т: “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл ажилтан гэх статустай байх ёстой буюу тухайн хүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийн тулд х сумын Э төв болон нэхэмжлэгч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байх ёстой. Нэхэмжлэгч нь Б гэх үүдэн эмнэлэгт 2023 оны 8 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл ажилтнаар ажиллаж, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс Б үүдэн эмнэлгийн захирлаар томилогдон ажилласан болох нь тухайн байгууллагын худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэн авсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 71.1.8-т: өөр ажил, албан тушаалд томилогдсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэсэн зохицуулалттай. Хэдий Хөдөлмөрийн тухай хуулиар зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болохоор хуульчилсан боловч тухайн ажлын бус цагаар ажиллахаар заасан. Хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар заавал ажил олгогчоос зөвшөөрөл авах, 57.2.2-т үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажиллахаар бол заавал үндсэн ажил олгогч зөвшөөрөл авна гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын хооронд 2 удаа ажлын байраа орхиж, Б үүдэн эмнэлэгт ажилласан байдаг. Мөн 2023 оны 8 дугаар сард хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос зөвшөөрөл авахгүйгээр ажлын байраа орхиж явсан.
2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сарын хооронд мэргэжил дээшлүүлж шүдний сувилагчаар суралцсан талаар ярьдаг боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй ба тухайн байгууллагын албан ёсны гэрээгээр суралцаж байгаа тохиолдолд х сумын Э төв болон Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, нэхэмжлэгч Д.Д нарын хооронд гуравласан гэрээ байгуулагдаад гэрээг үндэслэж мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах ёстой.
Нэхэмжлэгч Б үүдэн эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа хувиараа сургалтад сууж сертификат авчхаад би албан ёсоор мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалж Б үүдэн эмнэлэгт тасралтгүй ажиллаж, хөдөлмөрийн харилцаанд орсон нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар нотлогдсон байгаа. Нэхэмжлэгч тухайн эмнэлэгт томилогдон ажилласнаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8-т заасан өөр ажилд томилогдсон учраас хөдөлмөрийн харилцааг тушаал гарсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох боломжтой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйл болон 80 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцааг дуусгах болон цуцлах зохицуулалтыг анхан шатны шүүх тодорхой гаргаж тайлбарлаж чадаагүй гэж үзэж байгаа.
Анхан шатны шүүхээс, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд тушаал гаргах ёстой, тушаал гаргаагүй учраас нэхэмжлэгчийн х сумын Э төвтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болоогүй учраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн.
Хариуцагч тал, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8-т зааснаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх үндэслэлээр татгалзлынхаа үндэслэлийг гаргасан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн тушаал гарсан буюу шийдвэр гарсан өдрөөс хөдөлмөрийн харилцаа дуусгавар болдоггүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан 8 үндэслэл бий болсон цаг хугацаанаас эхлээд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болдог зохицуулалттай. Хэдийгээр зэрэгцэн хөдөлмөрийн харилцаанд оролцож болох ч ажил олгогчоосоо зөвшөөрөл авах ёстой. Нэхэмжлэгчийн хувьд, зэрэгцэн ажиллаж болох ажил биш гэж харж байна. Газар зүйн байршлын хувьд нэг ажлын байр нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, нөгөө нь Увс аймгийн х суманд үйл ажиллагаа явуулдаг, хоорондоо 1000 гаруй километрийн зайтай учир нэхэмжлэгч 2 ажлын байранд зэрэг ажиллаад хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ гүйцэтгэх боломжгүй.
Нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа тохиолдолд авч байгаа цалин хөлснөөс тооцож төлдөг зохицуулалттай. Ажиллахгүй байгаа хүнд тухайн байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй.
Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сард Б үүдэн эмнэлэгт ажилласан хугацаанаас эхлээд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байхад нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
9. Нэхэмжлэгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие х сумын Э төвд ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Би тухайн үед чөлөө авах хүсэлтээ амаар болон бичгээр өгөхөд тодорхой хариу өгөөгүй. Б эмнэлэгт 2 дугаар сарын 16-ны өдрөөс орсон бөгөөд жирэмсэн болон амаржсаны хугацаанд нийгмийн даатгалаа шимтгэлээ тасалдуулж, тэтгэмж авахгүй нөхцөл байдалд орохгүйн тулд хувийн компаниар төлүүлсэн. Тухайн үед жирэмсэн болон амаржсаны листээ эмчлэгч эмч н.М-р бичүүлж илгээсэн. Намайг ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэр гаргаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, миний өргөдлийн хариу өгөөгүй учраас би хохирсон. Б эмнэлэг Улаанбаатар хотод зөвхөн эмэгтэйчүүдийн үзлэгээр дагнан үйл ажиллагаа явуулдаг, х сумын Э төв нь орон нутагт хүн амд тусламж үйлчилгээ үзүүлдэг, 25-30 ажилтантай байгууллага юм. Миний зүгээс нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэв.
ХЯНАВАЛ:
10. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152/ШШ2024/00573 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.
11. Нэхэмжлэгч Д.Д нь Увс аймгийн х сумын Э төвд холбогдуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “2024 оны 1 дүгээр сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” гэж тодруулжээ.
12. Хариуцагч Увс аймгийн х сумын Э төвийн дарга П.Н нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “Ээлжийн сувилагчаар ажиллаж байсан Д.Д нь 2023 оны 8 дугаар сард Улаанбаатар хот уруу явахдаа чөлөө хүссэн өргөдөл, хүсэлт гаргаагүй тул чөлөө олгосон тушаал шийдвэр гараагүй. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн гэж хэлээд байгаа ч энэ талаарх нотлох баримтаа огт ирүүлээгүй, мөн хувийн чөлөө аваад шүдний сувилагчийн 3 сарын сургалтад хамрагдсан гэж байгаа ч энэ талаар байгууллагадаа мэдэгдээгүй, зөвшилцсөн, тохиролцсон асуудал байхгүй, манай байгууллагын дотоод журамд заасны дагуу чөлөө олгосон асуудал байхгүй, өөрөө дураараа ажлаа орхиод явсан. Энэ хугацаандаа УБ хотод Б гэх хувийн эмнэлэгтээ ажиллаж, тухайн байгууллагаас шимтгэлийг нь төлсөн байгаа тул манай байгууллагаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.
13. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалт, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 21.14 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч х сумын Э төвөөр нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.
14. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэв.
14.1. Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Д.Д нь Увс аймгийн х сумын Э төвд ээлжийн сувилагчаар ажиллаж байгаад 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын байраа орхиж явснаас хойш тухайн байгууллагад ажил, хөдөлмөр эрхлээгүй болох нь нотлогдсон байна.
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд: “би 2023 оны 8 сарын 11-ний өдөр ээлжид 16 цаг хүртэл ажилласан ба тухайн өдөр ажлаас чөлөө авах шаардлага гарсан тул эмчтэй уулзах гээд хүлээсэн боловч ирээгүй учир дарга П.Н-тэй утсаар ярьж, чөлөө олгох талаар хэлэхэд “чиний оронд ажиллах хүн байхгүй шүү дээ” гэж хэлээд утсаа салгасан. Би тухайн өдөр дараагийн ээлжийн ажилтанд чөлөө хүссэн өргөдлөө үлдээгээд явсан. Маргааш нь эрүүл мэндийн шалтгааны улмаас оношилгоо, эмчилгээ хийлгэхээр УБ хот уруу явсан. Тухайн үед би 2 сартай жирэмсэн байсан. УБ хотод 2023 оны 8 сарын 21-31-ний хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Манай эмнэлэгт шүдний лаборатори, тоног төхөөрөмж шинээр ирсэн тул шүдний эмч, сувилагч нар цаашид суралцах шаардлагатай байсан тул би шүдний сувилагчаар мэргэшил дээшлүүлэх сургалтад бүртгүүлж, улмаар 2023 оны 9 сарын 28-ны өдөр ажлын мэйл хаягаар өргөдөл явуулж, сувилагчтай утсаар ярьсан, даргад хэлсэн байх. Уг сургалтад 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл суралцсан. 2024 оны 01 сарын 12-ны өдөр ажилдаа орохоор очиход, П.Н дарга “ажилд авахгүй гэж хэлсэн” гэж тайлбарласан ба тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар болон суралцахаар ажлаас чөлөө авсан гэх энэхүү тайлбарын үндэслэлээ шүүхэд нотлох баримтаар нотлоогүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас болон мэргэшил дээшлүүлэх чиглэлээр суралцах зорилгоор хувийн чөлөө хүссэн, түүнчлэн ажил олгогчоос түүнд Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд зааснаар хувийн чөлөө олгосон, сувилагчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдах талаар ажил олгогчтой зөвшилцөж тохиролцсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
14.2. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт: нийгмийн даатгал нь албан журмаар болон сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байхаар, мөн зүйлийн 7.2.1 дэх заалтад: “өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан албан журмаар даатгуулна” гэж, 7.2.4 дэх заалтад “...жирэмсний болон амаржсаны амралттай байгаа энэ хуулийн 7.2.1-т заасан ажилтан албан журмаар даатгуулна” гэж, мөн зүйлийн 7.4 дэх хэсэгт: “тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд дараах хүн албан журмаар даатгуулна. Үүнд:
- ажил олгогчийн захиалгаар суралцаж байгаа ажилтан, төрийн албан хаагч /7.4.4/,
- гурав хүртэлх насны хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хөдөлмөрийн гэрээтэй ажилтан эх, эсхүл эцэг, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч эх, эсхүл эцэг /7.4.5/ гэж тус тус заасан байна.
14.3. Хуулийн дээрх зохицуулалтаар, аливаа байгууллага нь хүнтэй хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүсгэн, хөдөлмөрийн харилцаа нь хэвийн үргэлжилж байгаа болон хуульд заасан үндэслэлээр ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч хариуцан төлөхөөр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад: “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, мөн зүйлийн 4.1.3 дэх заалтад: “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно” гэж тус тус заасан ба энэ агуулгын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа талууд буюу ажил олгогч, ажилтан гэж үзэх үндэслэлгүй байна.
14.4. Нэхэмжлэгч Д.Д-ийн хувьд, 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тус эрүүл мэндийн төвд хөдөлмөр эрхлээгүй байх ба энэ нь ажил олгогчийн буруутай үйлдэл, эсхүл хуульд заасан бусад үндэслэл, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, түүнчлэн түүний ажлын байр хэвээр хадгалагдах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.
14.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт, ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлуудыг нэрлэн заасан ба мөн зүйлийн 60.1.11, 60.1.12 дэх заалтад тус тус зааснаар ажил олгогчийн зөвшөөрснөөр сургалтад хамрагдаж байгаа болон хувийн чөлөөтэй байх хугацаанд ажлын байр хэвээр хадгалагдах боловч нэхэмжлэгч Д.Д хувийн чөлөөтэй байсан, мөн ажил олгогчийн зөвшөөрснөөр сургалтад хамрагдсан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй болно.
14.6. Иймээс, ажилтан Д.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос зохих журмын дагуу хувийн чөлөө хүсэх өргөдөл гаргасан, ажил олгогч нь хууль болон тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд зааснаар ажилтанд хувийн чөлөө олгосон, түүнчлэн ажилтан нь ажил олгогчтой зөвшилцөж, түүний зөвшөөрснөөр мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах зорилгоор ажлаас түр чөлөөлөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин нэхэмжлэгч нь ажлын байраа ажил олгогчид мэдэгдэлгүйгээр, зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сайн дураараа орхиж явснаар тэдний хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтад зааснаар ажилтны санаачилгаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
15. Ажилтны ажлын байраа сайн дураараа орхиж явсан буюу түүний өөрийн санаачилгаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйлдлийг баримтжуулж, эрх зүйн акт гаргаагүй ажил олгогчийн буруутай эс үйлдэхүй нь ажилтны ажилдаа ирээгүй буюу ажил хөдөлмөр эрхлээгүй бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төсвийн байгууллагаар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.4 дэх заалтын холбогдох хэсэгт нийцээгүй байна.
16. Дээрх үндэслэлүүдээр, хариуцагч Увс аймгийн х сумын Э төв нь нэхэмжлэгч Д.Д-ийн 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны буюу 2024 оны 1 дүгээр сараас хойш хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Д-ийн “2024 оны 1 дүгээр сараас хойш хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тус тус хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152/ШШ2024/00573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалт, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Увс аймгийн х сумын Э төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Д-ийн “2024 оны 1 дүгээр сараас хойш хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэл, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН